Хүн гэдэг сониуч бас хүний мууд дуртай амьтан ч юм шиг. Өчигдөр тэврэлдээд уулзсан найзаа өнөөдөр “тэр тэгсэн гэнэ ээ” гээд муулаад сууж байдаг хүнтэй бишгүй л тааралдав. Өнөөдөр найзыгаа муулж байгаа юм чинь маргааш намайг ярих нь гарцаагүй гэдэг ухагдахуунаар үг хэлээ залгиад өнгөрөх.
Манай өвөг дээдэс тэнүүн уудам талдаа нүүдэллэн амьдарч асан үедээ жалга довны иймэрхүү хов живээр хөөцөлдөх биш жаран жарныг дамнасан үүх түүхийг хуучилж, үлгэр домог хүүрнэж ирдэг байсан биз ээ.
Суурин амьдралын хэв маяг биднийг улам л давчуу сэтгэдэг болгож, нүүрэнд тулсан өндөр өндөр барилгуудын цаадахыг харах мэлмийг минь ч бүрэн хаажээ.
Алсын алс дахь цэнхэрлэн дүнхийх уулсын оройг ширтэж ухаанаа тэлж өссөн монгол хүнд хэзээ ч хэн нэгэнд атаархах бодол төрөхгүй. Аав ээж минь ч хов зөөхөд тун тааламжгүй ханддаг байв. Өөгшүүлэн өмөөрөхгүй, зэмлээд л гаргана. Ер нь тэгээд амнаас гарч буй үг бүхэн идтэй шидтэй болохоор эргээд өөр дээр нь буудаг жамтай. Тиймээс дандаа бусдад сайн сайхныг хүсэж явах хэрэгтэй.
Ул шагайж явахаар уул ширтэж яв гэж өвөг дээдэс минь сургадаг нь ч цаанаа гүн гүнзгий учиртай. Хүний бодол санаа тал шиг уудам сэтгэж, олон нүүдлийн холыг харж, зөв шийдвэр гаргаж, зөв явах ухааныг авдаг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )