Улсын бүртгэлийн ерөнхий газар 57 үйлчилгээг "E-Mongolia” системд байршуулсан талаараа өнгөрсөн сард мэдэгдсан билээ. Үүнд, 22 төрлийн лавлагаа, 37 төрлийн үйлчилгээг оруулсан. Ингэснээр энэ салбарт илүү зардал, цаас, хүнд суртал, авлига үгүй болно хэмээж байлаа. Харин үүнтэй зэрэгцэн бусдын овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан гадаад паспорт авч, гаднын оронд ажилласан тохиолдол олонтоо бүртгэгдсэн тухай олон нийт ярьж байна. Тиймээс олны дунд маргаан үүсгэж буй тус асуудлын талаар сурвалжиллаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэг биш, нэлээд олон асуудлын дагуу шалгалт хийж буйг албаны баттай эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар очиход тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дарга Т.Төгөлдөр “Энэ бол ташаа мэдээлэл. Манай байгууллагад хууль, хүчний байгууллагаас хяналт шалгалт хийсэн зүйл одоогоор алга” гэв.
НЭГЭН ӨРХИЙН ГЭР БҮЛИЙН МАРГААН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДОГОЛДЛЫГ ИЛЧЛЭВ
Нэр бүхий иргэний гэр бүлийн маргааны асуудал олны анхаарлын төвд орж хүмүүсийг багагүй талцуулсан. Гэрлэлтээ дуусгавар болгож буй тус эрхмийн салсан эхнэр өөрийн цахим хуудастаа “Иргэн Г надад мэдэгдэлгүйгээр гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан байсан” хэмээн бичсэний дараачаас Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой гомдол, саналаа бичих хүмүүс олширсон. Тэдний зарим нь нас барсан ар гэрийнх нь хэн нэгнийг амьд болгосон, амьд сэрүүн нэгнийг нас барсан болгож бүртгэсэн гэх мэтээр өөрт тохиолдсон бодит кейсүүдээ хуваалцсаар байгаа юм.
Тиймээс дээрх хоёр иргэний гэрлэлтээ цуцлуулах тухай асуудал эцэстээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны доголдол болон авилга хээл, хахуультай холбоотой сүлжээг илчлэх хэмжээнд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагад хяналт, шалгалтын ажил хийж буй эсэхийг тодруулахаар очих үед холбогдох албан тушаалтнууд нь олон нийтэд мэдээлэл хийж таарлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах “Олны дунд гэр бүлийн маргаан нь сөхөгдөөд буй иргэн Г 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Улмаар Иргэн Г 2021 онд “Би хэзээ ч гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй” хэмээн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол мэдээллийг манай байгууллагад өгсөн. Үүний дагуу холбогдох байцаагчийн шийдвэр, дүгнэлт гарч гэрлэлтийг хүчингүй болгосон. Мөн улсын бүртгэгч л мэдээллийн санд нэвтрэх эрхтэй. Тиймээс тухайн иргэнтэй холбоотой албаны чиг үүргийн дагуу л нэвтэрнэ” гэлээ.
Түүнчлэн гэрлэлтийн баталгааг хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш, ердөө тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл гэдгийг Т.Нармандах онцолж байв. Бүртгэлийн системд хэн ямар бүртгэл рүү орсон нь хадгалагдан үлддэг. Тиймээс аюулгүй байдлыг ханган ажилладаг тул санаа зовох зүйл үгүй гэв.
Түүнчлэн энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гэрлэсэн хосыг хэзээ ч гэрлэж байгаагүй болгоод бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээллийг нь, архивын баримтыг нь устгачихсан байсан тухай 10 жилийн өмнө сонсож байсан. Тийм учраас цахим архивыг хоёр газар тусгаарлаж хадгалдаг байх чиглэлийн өөрчлөлтийг Бүртгэлийн хуулиар хийж байлаа” гэв.
Харин холбогдох албаныхан мэдээлэл хийх үеэрээ “Улсын бүртгэлийн цахим сан бүрдсэнээр хүний нэр дээр бичиг баримт бүрдүүлэх боломжгүй болсон. Ийм асуудал байхгүй. Улсын бүртгэгч гэрлэлтийн бүртгэлийг өөрчлөх боломжгүй. Баримт бичиг зөрүүтэй, зөрчилтэй, хуулийн шаардлагыг хангаагүй гээд сонсох ажиллагаа явуулсны дагуу холбогдох шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.
Энэ бол олны танил эрхмийн гэр бүлийн маргаанаас үүдсэн асуудал. Харин үүнийг дагаад олон иргэн энэ мэт асуудлаа цахим орчинд нийтлэх болсноор Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой асуудал улам л зузаарсаар байна.
ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН АЛБАН ТУШААЛТНЫ ТОГТООХ ЁСТОЙ ГЭВ
Хуурамчаар бичиг баримт үйлдэх, иргэний бүртгэлийн төлөвийг өөрчлөх, хүний нэр болон овгийг буруу бичиж системд бүртгэх гэх мэт асуудлыг хөндөх хүмүүс цуварсаар.
Бидэнтэй уулзаж товч мэдээлэл өгсөн иргэнийг Д.Цэен Тэрбээр "Үеэл дүүг маань авааль эхнэр нь амьд байхад нас барсан хэмээн улсын бүртгэлийг нь өөрчилсөн. Манай дүү одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө БНСУ-д ажиллахаар явсан. Дүүг маань тус улсад байх үеэр Монголд үлдсэн эхнэр нь УБЕГ-т байх танил талаа ашиглаж, хахууль өгсөн байсан. Ингэхдээ эрүүл, амьд байгаа миний дүүг хүний нутагт ажиллаж байх хооронд нь УБЕГ-т бүртгэгдсэн мэдээллийг нь нас барсан болгож бүртгүүлсэн байдаг. Улмаар дүү маань эх орондоо ирээд үүнийг мэдмэгцээ удаа дараа хууль, шүүхийн байгууллагад хандаж жил гаруй хөөцөлдсөний эцэст иргэний бүртгэлээ сэргээсэн юм. Энэ үйл явдлаас хойш дүү маань удалгүй бурхан болсон. Гэвч гадаадад байх хугацаанд нь түүний эхнэр яагаад ийм зүйл далдуур хийсэн нь одоо ч тодорхойгүй хэвээр байгаа” хэмээсэн юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын алдаанаас болж хохирсон иргэд өөрсдийн асуудлыг олон нийтэд дэлгэх болсон энэ үед тухайн асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УБЕГ-т хариуцлага тооцох хэрэгтэй. Хэн гэгч ажилтан, албан тушаалтны үүрэг даалгавраар ийм хууль бус үйлдэл хийснийг, мөн тэд авлига авсан эсэхийг шалгах хэрэгтэй байна. Энэ хэргийн ард, үүнээс ч том асуудал бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгуулийг хэрхэн луйварддаг, иргэдийн бүртгэл дээр яаж ажилладгийн тод жишээ энэ болов” хэмээсэн юм.
НОЦТОЙ АЛДАА ГАРГАСАН АЖИЛТНУУДАД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВААД Л ӨНГӨРЧ БАЙНА
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.С иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаяг дээрээ амьдрахаа болиод 10-аад жил болж байгаа аж. Энэ хооронд хамаатныдаа амьдарч байсан ба тухайн хаяг дээр ганцаараа оршин суух бүртгэлтэй гэнэ. Гэвч сонгуулийн үеэр саналаа өгөхөөр санал авах хэсгийн хороонд очиход 30 орчим насны үл таних этгээд гэрийнх нь хаяг дээр давхар бүртгэгдсэн байжээ. Тиймээс тухайн иргэн Хууль зүй дотоод хэргийн сайд болон бусад хүмүүсийн хэлсэнчлэн сонгуулийн үеэр гэрийн хаяг дээр танихгүй, гаднын хүн нэмж бүртгэдэг асуудал хурцадсан байж болзошгүйг хэлж байсан юм. УБЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал ид маналзаж байна.
Тиймээс гэрлэлт цуцлах болон эд хөрөнгийн маргаан, иргэний бүртгэлийг санаатайгаар өөрчлөх зэрэг асуудлаар хуульч Т.Хонгор, “Гэр бүл цуцлах асуудал нь гэр бүлийн тухай хуулийн дагуу захиргаа болон шүүхийн журмаар цуцалж байгаа. Тухайн хосууд дундаасаа 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаан зөрчилгүй тохиолдолд захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулдаг. Улмаар иргэний бүртгэлийн газарт хоёул биеэр очиж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ өгнө. Шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах нь бүр тусдаа асуудал.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний ямар нэгэн мэдээллийг устгах эрх байхгүй шүү дээ. Тиймээс энэ бол хээл хахууль, авилгатай холбоотой ноцтой асуудал байж мэднэ.
Мөн ижил нэртэй хүн тухайн иргэний өмнөөс гадаад паспорт гаргуулаад гадаад руу ажиллахаар явсан, улмаар тэр улсдаа “харласан” гэх мэт тохиолдол их гардаг. Эд хөрөнгийн асуудал дээр бүртгэлийг нь хуурамчаар үйлдсэн, нэрийг нь сольж залилсан гэх мэт гомдол ирдэг. Нас барсан, сураггүй алга болсон болон гэр бүлийн бүртгэл зэрэг байж болох бүхий л асуудалд энэ мэт маргаан гарч байгаа. Тиймээс энэ бол ерөнхийдөө иргэний болон хуулийн этгээдийг бүртгэж буй ажилчдад тавих хяналт сул байгааг илтгэж байна.
Хэрэв иргэний бүртгэлийн газрын ажилтан иргэдийн мэдээллийг өөрчилж, устгасан бол нэн түрүүнд Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлаас нь чөлөөлнө. Тухайн үйлдэл нь шалгагдаад гэмт хэргийн шинжтэй байвал тусдаа өөр асуудал болж хувирна. Гэвч дийлэнхи тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь тун бага байгаа. Гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй ажлын хариуцлага алдсан төдий тохиолдолд цалингийн хувь хэмжээг нь бууруулах сахилгын арга хэмжээ өгдөг” гэлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
УЛСТӨРИЙН НЭГ НАМЫГ НӨГӨӨ НАМ НЬ НАМНАДАГ ХЭРЭГСЭЛ НЬ УБЕГ ШҮҮ ДЭЭ .ДЭЭРХИ БАРИМТУУД ЗАХЫН НЭГ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ШҮҮ ДЭЭ.