Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллахаар болсныг Сангийн яамнаас мэдэгдлээ.
Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийжээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болно гэж Сангийн яамнаас мэдээлж байна.
Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөжээ.
Тодотгоход, ОУВС-гийн төлөөлөгч манай улсад валютын ханшаа уян хатан болгох нь зөв гэсэн зөвлөмж, чиглэл өгсөн талаар өнгөрсөн сарын сүүлээр мэдээлж байсан билээ.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байсан.
Тухайн үед, Мөнгөний болон ханшийн бодлогын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийг шинэчлэн баталж, Монголбанкны эрх үүргийг тодотгон, засаглал, бие даасан байдлыг бэхжүүлэх үүрэг хүлээсэн. Мөн Мөнгөний бодлого ойрын үед хатуу хэвээр хадгалагдаж, ханш уян хатан байх шаардлагатай талаар тус хөтөлбөрт тусгаж байсан юм.
Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Харин ханш уян хатан байх шаардлагын тухайд эсрэг тэсрэг байр сууриуд бий.
Түүнчлэн ковидын эрсдэлтэй үед тогтвортой байсан төгрөгийн ханш 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш тогтмол суларч буй энэ үед тус байгууллагаас манай эрх баригчдад өмнөх зөвлөмжөө дахин сануулсан юм.
Улмаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ажлын хэсэг нь ийнхүү Монгол Улсад 7 хоногийн хугацаатай ажиллахаар ирээд байна.
ОУВС-гаас 2017-2020 онд манай улсад хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд, үр дүнтэй хэрэгжсэн гэж Төв банкнаас дүгнэж байсан билээ.
Монгол Улс 2017 онд ОУВС-гийн 6 дахь хөтөлбөрт хамрагдахдаа "Стэнд бай" биш Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон нь үндсэн гурван шалтгаантай байсан. Тодруулбал:
Түүнчлэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дууссаны дараа Монгол Улс ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт орж, энэ хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 99 сая ам.доллар манай улсад шилжин орж ирж байв.
Тодруулбал, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгож байсан юм.
Тэгвэл Монгол Улсын эдийн засаг амаргүй сорилтуудтай тулаад буй энэ үед эрх баригчид ОУВС-гаас ээлжит дэмжлэгээ хүсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 0 )