Ц.Билгүүн: Зохиолоо бичиж суухад шилэн хүзүүнээс амьсгал сэрвэгнээд цочих, айх үе гардаг

2022 оны 05 сарын 01

Утга зохиолын ай савд өөрийн гэсэн онцлог, өвөрмөц өнгө аястай зохиолч гарч ирж байгаа нь олны нэрлэж заншсанаар Хард Билгүүн юм. Тэрбээр аймшгийн төрлийн зохиол бичдэг бөгөөд түүний “Амьд бус амьдрагсад” зохиол нь кино болж кино урлагийн ертөнцөд нуруу зарсхийлгэсэн бүтээлээрээ олны анхаарлыг татаад байгаа билээ. “Зэрэгцээ ертөнцийн нууцлаг, таашгүй, хий үзэгдэл, сүнс сүүдрийг өөрийн биеэр мэдэрч, харж, сонсож байдаг” хэмээн өөрийн эрхгүй эвгүйцэн хэлсэн түүнтэй ярилцлаа.


-Өөрийгөө манай сонины уншичдад танилцуулна уу?

-Намайг Цогтжаргалын Билгүүн гэдэг. Компьютер график дизайны мэргэжлээр 2014 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Хүмүүс Хард Билгүүн гэдгээр маань таних байх. Хард гэдэг нь манай овгийн нэр байгаа юм. Уншигчид овгийг  маань англи үг гэж ойлгоод байдаг юм билээ. Би Булган аймгийн Рашаант суманд төрсөн. Өвөө маань Булган аймгийн Орхон сумын Ямаа майлдагийн Хонд гэдэг газар төрсөн хүн. Хард гэдэг нь Орхон сумын нутгийн нэр л дээ.

Миний хувьд Агуу хайр бэсрэг роман, Салхи ундаалсан намар шүлгийн бяцхан номоо 2019 оны намар гаргаж байсан. Түүнээс хойш дахин ном гаргаагүй. Одоо бүтээл дээрээ л өдөр, шөнөгүй сууж байна даа. Ер нь ном бүтээл гаргана гэдэг цаг хугацаа, амьдрал ахуйгаас үл хамаарахын нэр л дээ. Яг одоо би Дашинчилэн сумандаа “даяан” сууж байна даа. Энэ суманд манайх намайг долоон настай байхад ирж суурьшсан. Хараал цуврал, Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл, Агуу хайр зохиолууд кино болохоор болсон. Өөр кино зохиолын хоёр санал ирчихсэн.  Яг одоо ажиллаж байна даа. 

-Та хэзээнээс бичиж эхэлсэн бэ. Хамгийн анхны шүлгээ дурсвал?

-Зургаадугаар ангидаа анхны шүлгээ бичиж байсан. Тухайн үедээ ичнэ, нууна. Миний аав уран зохиол, монгол хэлний багш хүн шүү дээ. Гэвч ааваасаа ичээд үзүүлэхгүй, тэмдэглэлийн дэвтэр дээрээ хааяа л бичнэ. Тэгээд байн, байн өнөөхөө уншина. Өөртөө их л гоё санагдаж байсан юм уу, мэдэхгүй. Хамгийн анхны шүлгээ би мартдаггүй юм.

Зоргоор мөртлөө                                               зөнгөөрөө ирдэг

Залуу насыг залхтал нь                                                  захирдаг

Хүн бүхний зүрхний өвчин

Хүссэн хүнд олддоггүй                                                      эрдэнэ

Хайр заримдаа там байдаг

Халуун мөртлөө хүйтэн                                                       байдаг

Хайр заримдаа агуу байдаг

Хүмүүн бидэнд жаргал                                                        авчирдаг

/”Хайр” шүлгээс/

Тэр үед хайр майрыг сүрхий агуу гэдгийг гадарлаад байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд долоодугаар ангиас хойш шүлэг бичээгүй. Миний сонирхол ч өөрчлөгдөөд, хааяа бичмээр үе гарч ирдэг байсан ч өөрөө өөрөөсөө зугтаасан даа. Шүлэг бичих хэцүү, тарчлантай эд. Дотроос нэг юм зулгаагаад хамаг цусыг минь юүлчих шиг л болдог. Тэгээд нэг сэхэл авахад ядарч гүйцсэн, тамирдаж эцсэн байдаг даа. Яруу найрагчдыг ууж байгаад л, наргиж байгаад л шүлэг бичдэг гэж хүмүүс боддог юм шиг ээ. Үгүй шүү, тэдний ажил хамгийн үйлтэй, тамтай, басхүү хачин их таашаалтай ажил. Тиймдээ л тэд тэсэж үлддэг байх. Хэзээ нэг өдөр би дахин шүлэг бичнэ гэдгээ зөнгөөрөө мэдэж л байсан. 2016 оноос хар аяндаа шүлэг бичээд эхэллээ шүү. Ингээд бодохоор өөрийгөө хожуу үзэг, цаас нийлүүлсэн ч гэж хэлж болохоор. Хөгжилтэйгөөр хэлбэл өөрөөсөө зугтаж яваад баригдсан гэх юм уу.

 

-Яагаад заавал аймшгийн зохиол бичих болсон бэ, өөрөө хий юм, сүнс сүүдэр хардаг юм биш биз?

-Аймшгийн зохиол Монголд ховор. Ер нь би өөрөө их аймхай хүн. Аймхай хүн, зэрэгцээ ертөнцийн хий үзэгдэл, сүнс сүүдрийг мэдэрдэг, сонсдог, бүр хэтрүүлж хэлбэл хардаг юм. Магадгүй зүүд, бодит байдал хоёроо ялгахгүй үе гарна л даа. Би маш эмзэг, мэдрэмтгий хүн л дээ. Энэ сэдэв өөрөө их сонирхолтой. Айн дагжих тусам илүү сонирхол татаж, айлгаад байгаа хэр нь улам шунан донтуулдаг гэх юм уу. Хайр, айдас хоёр цуг явдаг юм шиг санагддаг. Хоёулаа мөнхийн сэдэв. Хайрыг нь бичсэн юм чинь айдсыг нь яагаад бичиж болохгүй гэж. Хайр гэдэг сайн, муу бүх зүйлийн шалтгаан, үйлийн үр ч юм шиг. Эхлээд бичиж байхдаа их эвгүй байсан. Зохиолоосоо өөрөө айна шүү дээ. Гэнэт шилэн хүзүүнээс амьсгал сэрвэгнээд ирэх шиг цочно, нуруу хэн нэгэн илээд өнгөрөх шиг агзасхийнэ. Тэгээд л тэр айдсаа бичнэ дээ. Айх мэдрэмж хайраас нэг их дутахгүй чилээдэг. Бодоод суухаасаа илүү зохиолынхоо дүрүүдэд орчихдог. Дүртэйгээ хамт үйл явдлын оньсыг тайлж, дүртэйгээ хамт зохиол дотроо бүхнийг даван туулдаг болохоор зохиол дотроо л их амьдардаг даа.

-Та зүүд, бодит байдал хоё­рыг ялгахгүй үе гардаг гэ­лээ. Хар дарсан зүүднээсээ зохиолын санаагаа олж байсан уу?

-Зохиолын санаа янз бүрээр л орж ирнэ. Зүүдэнд санаа орж ирэх нь элбэг. Харин санаж тэмдэглэж авах нь ховор. Зүүд гэдэг бидний мэдэрч чадахгүй байгаа бүхнийг дамжуулж харуулдаг далд ертөнцийн нууцлаг амьдрал шүү дээ. Сэргэг, соргог үедээ тэмдэглэж авдаг бол ихэнхдээ л мартчихдаг. Хүмүүс нам унтлаа, сайхан амарлаа гэдэг бол би унтаж байхдаа ч тэнэсээр байдаг. Заримдаа маш их ядарчихсан сэрэх нь ч бий. Сүүлийн үед хажуудаа жижигхэн дэвтэр, бал, гар утсаа ойрхон байлгадаг болсон. Хааяа нэг сархад хүртээд согтоод өглөө нь сапирчихсан босож ирдэг дээ. Тэр үед яагаад ч юм маш хүчтэй урсгал хүрхрэн орж ирдэг. Ер бусын санаанууд ар араасаа давлагаалж бушуухан зөөврийн компютероо дэлгэнэ шүү дээ. Энэ үедээ хүн хамгийн мэдрэг, эмзэг, гэрлэн бүрхүүл нь нимгэн, сөрөх хүч нь ч хэврэг болчихдог байх. Тэгээд л муу ёрын, адын амьтад чинь намайг эзлэн авч, бүслэн хүлж байгаад л бичүүлдэг байлгүй дээ. /инээв/

-Та зохиолоо хаана, хэзээ, ямар орчинд бичдэг вэ. Өөрийгөө хурцлах гэж аймшгийн кино үзэх үе байдаг уу?

-Зохиолоо чимээгүй орчин бүдүүлж л бичдэг. Аймшгийн төрлийн зохиолуудыг шөнө голдуу бичдэг. Айдсаа бүрэн мэдэрч бичих дуртай. Одоо дадал болж байна даа. Одооны аймшгийн кино ч дээ, нэг их айлгахаа байсан /инээв/. Гэхдээ хааяа үзнэ ээ. Хуучны кинонуудыг харах дуртай. Аймшгийн төрлөөр солонгосууд кино хийх гэж их оролдож байна,  дажгүй санагддаг. Өөрөө бичдэг болохоор өөг нь хайгаад, утга санаа, уран сайхан, зохиолын бүтэц гээд бүгдийг нь харж л үздэг дээ.

-Таны олон бүтээл хүмүүст хүрчээ. Уншигчид юуг хамгийн их мэдэхийг хүсдэг вэ, танаас чатаар, утсаар юу асуудаг вэ?

-Амьд бус амьдрагсад, Хараал,  Сүүдэргүй хүмүүс, Үхлийн хот, Агуу хайр, Зүрх сэтгэл гээд хүмүүст хүрч яваа зохиолууд бий. Номгүй мөртлөө олон зохиол биччихсэн юм байна гэж сүүлийн үед бодох болсон. Ном бол босго өндөртэй, миний хувьд бичсэн бүгдийг гаргасан бол 10 гаруй ном болчих байх шүү. Уншигчид маань дандаа урам хайрладаг. Урмын үг их явуулдаг. Хааяа хувийн амьдрал сонирхох нь бий. Би өөрөө цахим орчинд Зүрхний гүнд гээд группийн админ хийдэг. Хүмүүс намайг аймшгийн зохиол бичдэг юм чинь сүрхий рок, бөөн шивээстэй, эвгүй нөхөр байгаа л гэж боддог юм шиг байгаа юм. Ачир дээрээ би чинь багш хүмүүсийн дундаас төрсөн жирийн нэг хүүхэд. Надад гаж хэв маяг, этгээд загвар гээд байх юм байхгүй ээ.

-Таны бүтээлүүд сонсдог хэлбэрээр цацагддаг юм билээ. Энэ нь эргээд танд зохиогчийн эрхийн асуудал үүсдэг үү. Орлогын эх үүсвэрээ яаж хангадаг вэ?

-Сонсдог хэлбэрээр зохиолууд маань гарснаас хойш ер нь би энэ онд бүтээлээ аудио зохиол болгож яагаад болохгүй гэж гээд зорьж ажиллаж байна. Mplus-т зохиолоо зардаг. Esan.mn, Monnom зэрэг цахим номын дэлгүүрүүд надтай хамтарч ажиллах санал ирүүлсэн. Тун удахгүй тэнд бүтээлүүд маань байрших байх. Аудио хийх тал дээр олон залуустай хамтарч байгаа. S audio,  DND,  Room10  юүтүб сувгууд байна. Энэ жил Хард Билгүүн гээд өөрийн гэсэн сувгаа идэвхжүүлж эхэлсэн. Энэ сувагт Хулан, Бумбаяр гээд залуучууд хоолой хийдэг. Зохиогчийн эрхийн асуудал нэг их гараад байдаггүй. Юүтүб сувагт зохиол маань үнэгүй ордог бол Mplus гэх мэт платформуудаас зохиогчид орлого орно, түүнийгээ зохиол уншсан хүмүүстэйгээ хуваагаад авчихдаг. Уншигч, сонсогч, дэмжигчдийнхээ сэтгэлээр энэ хэцүү цагт хоосон хоночихгүй болж л байна /инээв/.

-Амьд бус амьдрагсад зохиолоороо юу илэрхийлэхийг зорьсон бэ. Кино бүтээл болоход жүжигчдийн дүр сонголт, киноны найруулга өөрт чинь хэр таалагдсан бэ, үзэгчдийн сэтгэгдэл ямар байв?

-Амьд бус амьдрагсад кино маань сайхан кино болж үзэгчид ам сайтай байгаад баяртай байна.Уг зохиолоор шөнийн харанхуйд сүнснүүд амьдарч, өдөр нь хүмүүс бид амьдардаг гэсэн санааг илэрхийлсэн. Тэр санаагаа баяжуулаад монгол хөрсөнд буулгасан. Монгол аймшгийн зохиол ховор байдаг шүү дээ. Барууныхныг дуурайхгүйгээр монгол сэтгэхүйгээр зохиол хийхийг л их зорьсон доо. Дүр сонсолт бол ёстой янзтай байсан. Т.Борхүү гавьяат жүжигчин ямар чадварлаг тоглоо вэ. Ц.Төмөрхуяг гавьяат, Б.Базаррагчаа гавьяат болон залуу жүжигчид киног амилуулсан байна лээ. Найруулгын тал дээр би 100 хувь сэтгэл ханамжтай гэж худлаа хэлээд яахав. Дэлгэцийн бүтээл болгоно гэдэг тийм ч амар зүйл биш байх. Зохиолчийн зүгээс жаахан чамласан зүйл байгаа ч дуу, дүрс, өнгө будаг, нүүр хувиргалт гэдэг чинь яг л миний мэдрэмж шиг  амилаад ирэх нь гайхалтай санагдсан шүү. 

-Хувь хүнийхээ зүгээс өөрийгөө ямар ааш зантай хүн гэж боддог вэ. Өөрт тохиолдсон хамгийн мартагдашгүй явдлаас хуваалцана уу?

-Илэн далангүй, шударга, алиа хошин зантай.  Гэр бүлийн хүмүүжил болоод ч тэр үү их тайван хүн. Одоо үед шударга шулуухан байх ч бас хэцүү болж дээ. Санавал их олон паян байгаа.

-Паян гэснээс оршуул­гын газар ганцаараа хонож байсан гэлүү?

-Аан тэр их паянтай. Нэг удаа согтуудаа шарилын газар тууж явсан удаа бий. Хонож моноогүй ээ. Харин Христийн сүмд явж байхдаа сайн үйлсийн шугамаар Их наран оршуулгын газарт очиж хонож байсан удаа бий. Айдас гэдгийг тултал нь мэдэрсэн. Сүнс гэдэг зүйлийг бодитоор харсан. Тэр тухай ярихаар одоо ч нүдэнд харагдаад их эвгүй байдаг юм аа. Ярих дургүй.

-Таны зохиолд автсан “шүтэн бишрэгч” охидоос нь уулзах санал ирдэг үү. Эмэгтэй хүний тухай таны бодол. Найз охинтой юу?

-Охидоос гэхээр би өөрийгөө залуухан хөвгүүн шиг төсөөллөө /инээв/. Бүсгүйчүүдээс гэх юм уу. Уулзах гэхээсээ илүү ярилцах кофе уух, хоолонд орох санал мэр сэр ирнэ. Гол нь бүсгүй хүн өөрөө түрүүлж санал тавих онцгүй шүү дээ. Эхлээд тэд шал ондоо юм асууж байгаад л алгуурхан тойруу маягаар л санаагаа ойлгуулдаг. Би бас өөрөө тэднийг урина аа. Харин уулзсан нь цөөхөн дөө. Кино хамт үзнэ гээд жил орчим хүлээлгээд үзээгүй байх жишээний. Хот орохоороо уулзаж ярилцаж сууя гэчихээд уулзахгүй буцах үе бий. Яахав нөгөө хэдтэйгээ /яруу найрагч найзуудтайгаа/ нийлээд дарвиад явчихгүй юу.

Эмэгтэй хүмүүсийг зохиол дээрээ их төсөөлж бичдэг. Миний зохиол дахь эмэгтэйчүүдээс Зүрх сэтгэл романы Энхриймаагийн дүр их таалагддаг. Шуудхан хэлэхэд тайрмал үстэй эмэгтэй надад таалагддаггүй. Хүн өөрийнхөө ижлийг хайдаг юм шиг. Надтай адилхан шударга, тоглоом даадаг хошин мэдрэмжтэй хүн зүгээр санагддаг. Ер нь бол би хүн танихдаа гаргууд шүү. Уулзаад л нүдийг нь хардаг. Нүд хэзээ ч худал хэлдэггүй. Миний найз охин одоо миний зохиол л болчихсон юм уу даа /инээв/. Найз бүсгүйтэй болох бодол байгаа. Хэзээг харин нөгөө зураг төөрөг нь л мэдэх байх даа. Ээж үглэж л байдаг юм. Сүүлдээ ч арга нь тасарсан байх, чимээгүй болсон /инээв/.

-Сүнс гээд л хүмүүс их ярьдаг. Үүнийг шашинтай холбож дорныхон тайлбарладаг. Та хэр шашинлаг хүн бэ?

-Сүнс бол хүний биед оршдог. Хүн үхэхээр биеэс нь гараад явчихдаг. Зөв сайн явсан хүмүүс дээд тэнгэрт очоод эргээд хүн болж төрдөг байх. Би бол сүнс харагдахгүй ч гэсэн бидний хажууд, яг одоо таны хажууд байгаа гэдэгт итгэдэг. Харагдах үедээ харагддаг,  харагдах хүндээ харагддаг. Сайн талаараа ч, муу талаараа ч ялгаагүй. Ер нь зохиол бол эргэцүүлэмж бодол, магадлал, төсөөллөөс их төрж ургадаг л даа.

Би шашинг тухайлан шүтдэггүй. Шашин гэдэг бүгд нэг уулын оргил руу өөр, өөр талаас л мацаж байгаа хүмүүстэй ижил. Христийн сүмд таван жил явж байсан. Библийг их уншсан. Буддизмын гүн ухаан хийгээд сургаал номлол шүтлэгийг ухаад миний чадал ч арай л хүрэхгүй байгаа юм. Бөөгийн тухай бол их сонирхож уншиж судалдаг. Улааны шашин маш сонирхолтой. Болдог бол бүгдийг нь л ойлгож авахыг хүсдэг. Цаг хугацаа л харуулах байх даа. Түүхийг хараад байхад тангуд үндэстэнг монголчууд эхэлж хядаад хятадууд дараа нь мөхөөж, тангуд хэл бүрэн мөхсөн. Манж үндэстэнг хятадууд хядаж цэвэр манж хүн одоо үлдээгүй. Еврэй үндэстэнг Гитлер хядсан. Түүхэнд энэ мэт үндэстэнг устгаж ор мөргүй болгосон аймшигт хядлагууд надад гүн сэтгэгдэл, айдас, гуниг, харуусал төрүүлдэг. Түүх ярьсных хэрэв Хубилай хааныг нийслэл Хархорумд сууж байсан бол түүх өөрөөр бичигдэх байсан гэж боддог. Даанч түүхэнд хэрвээ гэсэн ойлголт байдаггүй. Энэ бүхэн явж явж шашингүйн үзэл байх. Эсвэл бүр шашиндаа гүн автсаны хар гай. Аливаа зүйлийг хэт үл тоох, хэт шүтэж, автаж болохгүй гэж боддог.

-Таны зохиолын хамгийн эхний уншигч, хамгийн сайн зөвлөгч хэн бэ?

-Ер нь миний аав даа. Багш хүн учир гол зүйлүүдийг нь хэлчихдэг, алдаа мадгийг нь ч харчихдаг. Нэг их урт нуршуу юм ярихгүй, цөөхөн хэдэн юм хэлнэ. Гэхдээ багш, зохиолч хоёр хүний мэдрэмж тэс өөр юм шиг санагддаг. Аав минь их алсын хараатай, тулхтай, олонтой байх дуртай нийтэч сайхан хүн.

-Аавыг нь ярьсных таны өвөөг дурсахгүй байхын аргагүй. Та бол Дэлтэй шувуу, Хаврын найраг дууны эзэн Жан.Шагдарын ач хүү. Хүмүүс үүнийг тэр бүрийд мэддэггүй байх. Өвөөгийнхөө шийрийг хатааж, бийрийг дэвтээж яваа­гийнх монголчуудынхаа үндэс­ний дархлааг хадгалсан ямар бүтээл үлдээх гэж байна даа?

-Тийм ээ, өвөө минь мөн Тэмээн дээрээс наран ойрхон, Эх орон танаа гээд  олон сайхан дуутай хүн. Би ер нь тэр бүр яриад байдаггүй, энд тэндхийн ярилцлагын урилгаас зайлсхийж явдаг хүн л дээ. Өвөөг маань мэддэг хүмүүс нь их сайхан хүлээж авдаг. Жан.Шагдарын ач гэхээр нүд нь том болж ирээд л,  хараад л, тэврээд үнсдэг юм. Өвөөгөө би сайн мэдэхгүй, намайг тав, зургаан настай байхад эрт өнгөрсөн. Манайх тухайн үед  Булганы Гурванбулаг суманд аж төрдөг байсан. Хаа нэг хот орж өвөөгийндөө очдог байснаа бүдэг бадаг санадаг юм. Манай өвөөгийнхөөр С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав, Б.Явуухулан гээд домог болсон том зохиолчид орж гарч хүн хөл тасардаггүй л айл байсан гэдэг. Өвөө маань намайг зохиолч болно л гэж хэлж байсан юм гэнэ лээ. Тэр тушаалаар нь л явж байгаа юм болов уу даа би /инээв/. Өвөөгийнхөө шийрийг хатаах эсэхээ мэдэхгүй байна. Бийрийг нь хатаахгүй  явж байгаад үр удмаас минь төрөх тэр хүнд нь л өвлүүлээд өгчих юм сан гэж л их хүсдэг. Манай хоёр өвөө зохиолч улс байсан. Ээжийн тал бас зохиолчид шүү дээ. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог манай ээжийн авга ах, өвөө Б.Найдандорж гэж хүн байлаа

 Олон сайхан өгүүллэгтэй хэдэн сайхан номтой. Хэд хэдэн дуутай хүн дээ. Миний ээж  Н.Оюунчимэг их сонин түүхтэй хүн. Хар багаасаа айлд өргөгдөж жаахан байхад нь өргөж авсан ижий нь өөд болоод өргөмөл аавтайгаа амьдралыг туулсан даа. Нэг өдөр бичгийн их хүмүүн С.Удвал ахайтан хөдөө бригадын төвүүдээр явж байгаад одоо Гурванбулагт Ням /ээжийн өргөж авсан аав/-ынд ороод ижийг харсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ охиныг багш болгоно гээд авч яваад багшийн дээдэд хөтөлж аваачиж оруулаад, гэртээ суулгачихсан гэдэг юм. С.Удвал гуайнд ээж минь оюутны дөрвөн жилээ өнгөрөөсөн азтай хүн. Манай ээж Дашинчилэн сумандаа бага ангийн багш хийсэн дээ. С.Удвал гуайн амьдралын сүүлийн жилүүдэд хамт байж, жаргал зовлонг нь нэвт мэдэх хүний нэг бол ээж минь. Одоо ч С.Удвал гуайн үр хүүхдүүд Дашинчилэнд ирэхээрээ манайхаар хамаатан садан шиг л орж гарцгаадаг даа.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top