Нийгэм, эдийн засагт гавьяа байгуулдаггүй ч түүнд нь гай болох биш, хүлээлт үүсгээд байгаа энэ хэдэн бөхчүүдийнхээ цолыг өгчихөд яана. Монголын уламжлалт өв соёлын нэгээхэн хэсгийг баттай хадгалж яваа үндэсний бөхчүүдийн талцал, байшин барилга, сэргээшийн хэрүүл аяндаа намдаж байгаа энэ үед төрөөс олгох цол хэргэмийг харамлаад яахав дээ. Бөхдөө хайртай монголчуудын чин хүсэл ч бий.
Өнөө маргаашгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүний дагалдах хуульд ганц өгүүлбэр шургуулчих л ажил байх. Гэхдээ үүнд заавал УИХ, хууль гээд байх шаардлага ч байхгүй. Засгийн газраас ганц тогтоол гаргах ч юм уу, Ерөнхийлөгч зарлиг гаргахад л болох асуудал. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нар үүнд дургүйцэхгүй биз. Юундаа ч дургүйцэх билээ.
Бидэнд газрын доорхи баялаг, эд агуурсаа харийнханд зүгээр шахам өгчихсөн олон жишээ бий. Үүнийг дурдах гэвэл уртаас урт цуваа гарна. Заримыг нь ухуулж ухуулж эргүүлэн авах гэж хэрхэн зүдэрдэг билээ. Үндэстний үнэт зүйлээ өгөх хэмжээний хууль санаачилж байсан түүх ч мартагдаагүй байна. Даяаршлын хөлд уламжлалт өв соёлын өчнөөн зүйл үрэгдэж үгүй болж байхад чимээгүй сууж байж өв тээгчиддээ цолыг нь өгчих байх гэсэн найдлага хаа хаанаа бий.
Өнгөрөгч онд олон тэгш тохиосон өргөн дэлгэр зун болсон ч цар тахлын улмаас хөл хорионы хатуу чанга дэглэмтэй байсаар өнгөрсөн. Хэдийгээр цаг үеийн нөхцөл байдал хүнд байсан ч Монгол Улсад Залуучуудын байгууллага бууриа зассаны 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гинесст бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Тус барилдаанд зодоглосон хүчтнүүд бүгд л олон тэгш ой таширлуулан, зохион байгуулж байгаа наадамд сайн барилдана, цолонд хүрэх юуны магад гэсэн хүслээр барилдсан байж таарна.
Энэ ч хэрээр төрөөс цол олгоно гэсэн горьдлого бөхчүүдийн сэтгэлд нэгэн жилийг үдээд байна. Сүүлийн үед өнгөрөгч зуны Хүйн долоон худагт болсон бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд цол олгохыг бөхийн ертөнц, ард түмэн нийтээрээ хүсэж байгаа бололтой. Тэгээд ч өнгөрөгч жил болсон Хүйн долоон худагт болсон наадамд эр чадлаа гайхуулж байгаа энэ цагийн шилдэг хүчтнүүд зодоглосон, Төрийн баяр наадмын хэмжээнд хүрсэн чансаа өндөр барилдаан болсон доо.
Тухайлбал, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нарын дөрвөн аварга, Ц.Содномдорж тэргүүтэй гурван арслан, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба нарын таван гарьд, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр нарын есөн заан, А.Цацабшир, О.Хангай, Б.Бат-Өлзий нарын 18 харцага, Ч.Батчулуун нарын 64 начин гээд нийт 103 улсын цолтон тэргүүтэй аймаг, цэргийн шилдэг 512 бөх зодоглосон наадам юм. Улсын аварга С.Мөнхбат, Ц.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нар Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн учраас аварга цолтой барилдахыг эсэргүүцэж, барилдаан наадам түр саатсаныг эс тооцвол үзүүштэй сайхан барилдаан болсон.
Тэр тусмаа аймгийн цолтой залуус дээшээ гарч барилдсан сайхан наадам болсон гэдгийг бөхийн хорхойтнууд өдгөө ч ярьдаг. Төр цолоо өгөхөөр тус наадамд ес даван түрүүлсэн Б.Бат-Өлзий харцага арслан болно, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр гарьд цол, Улсын начин Ч.Батчулуун заан цол, аймгийн арслан Т.Довчинсэмбээ заан цол тус тус хүртэх юм. Мөн дунд шөвөгт шалгарсан аймгийн арслан Н.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, Э.Энх-Амгалан нар харцага цол, тав давж шөвгөрсөн аймгийн арслан Э.Нямаа нарын бөхчүүд начин цол хүртэх учиртай. Наадмын үеэр бол цол олгоогүй.
Энэ талаар тухайн үед зохион байгуулагчдаас тодруулахад “Цол олгох тухайд Улсын онцгой комисс, Баяр наадмын комиссын шийдвэрийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Ямар ч байсан допингийн шинжилгээ, зохион байгуулалтын бусад асуудалд дүгнэлт хийгээд, түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина” гэж байснаараа өргөн барьсан. Одоо өгч таарна.
Энэ жил 100, 101 жилийн ойг хамтад нь хийнэ гэж байгаа боловч хоёр наадам хийж, 2000 бөх барилдахгүй нь тодорхой. Хоёр цол өгөхгүй нь бас тодорхой. Нөгөө талаар спорт бол залуу насны зүйл хийгээд тэр өдрийнхөө од хийморь, тэр жилийнхээ бэлтгэлийн үр дүн, биеийн байдал гээд олон зүйл бүрдэж байж амжилт гаргадаг зүйл. Тиймээс амжилттай барилдсан бөхчүүдийнхээ энэ бүх байдлыг бодолцож цол олгох байх гэж найдна.
УЯАЧДЫН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИХИЙГ ДЭМЖДЭГ
Сүүлийн жилүүдэд үндэсний өв соёлоороо бахархан бахдаж баярлах бус наадам бүрээр маргаан гарах болсон. Тэр тусмаа морины уралдаан нь эрлийз, монгол гэх маргаан дэгдэж, наадаж чадахаа больсон. Нэгэн жишээ дурдахад 2020 оны наадмаар нас насны 1400 орчим морь уралдахаар ирж, 60 хувь хасагдаж байв. Ингэж наадна гэж юу байна. Энэ нь Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг. Зарим талаараа Төрийн баяр наадмыг үймүүлж байгаа нь цаанаа захиалгатай гэмээр харагдаж байгааг ч нуух аргагүй. Энэхүү маргаанаас үүдэж, сүүлийн жилүүдэд морио уралдуулах гэж авлига өгдөг, танил тал хардаг болчихсон.
Тэгэхээр энэ байдлыг таслан зогсоож, төр нь хуулиа гаргаад өгчихвөл уяачид хүссэн хүсээгүй хуулиа л дагана. Нөгөө талаар уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгийг үрэхээс эхлээд олон асуудал байгааг цэгцлэх цаг нь иржээ. Цар тахлын улмаас баяр наадмаа ч өрнүүхэн тэмдэглэж чадаагүй ард түмэн маргаангүй сайхан наадах цаг айсуй хэмээн найдаж суугаа.
Өдгөө УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахаар зэхэж буй Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт үүнийг цэцглэх юм. Гэхдээ уяачид, өв тээгчид маань хоёр талцаж байгаа. Нэг хэсэг нь үүлдэрлэг байдлаар нь ялгаж уралдуулна гэж байгаа бол нөгөө хэсэг нь сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах нь хамгийн шударга, маргаангүй зүйл гэж үзсэн. Үүлдэрлэг байдлаар нь ялгаж уралдуулна гэдэг нь бодит байдлаас ихэд хөндий зүйл. Адууг гаднаас нь хараад үүлдэрлэг байдлаар нь ялгах ямар ч боломжгүй. Харин сэрвээний өндрийг хэмжээд уралдуулах нь зөв гэдгийг дийлэнх уяачад үзэж буй.
Тэгээд ч сэрвээний өндрийг техник технологийн давуу байдлыг ашиглаж хэмжинэ үү гэхээс хүний гар оролцохгүй, бүх зүйл наадамчдын нүдэн дээр шударга өрнөхөөс эхлээд давуу талууд байгаа. Энэ нь хамгийн шударга шийдвэр болж таарна. Тэгээд ч уяачдын 90 гаруй хувь нь сэрвээний өндрөөр хэмжихийг дэмжиж байгааг УИХ-ын гишүүд маань ч санахад илүүдэхгүй. Аливаа асуудал олонхийн санал дээр тулгуурдаг учраас хурдан морьдоо сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулахад болохгүй зүйл үгүй. Өв тээгчдийн олонхийн шийдвэр шүү дээ.
Тиймээс тус хуулийн 8.10-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно” гэж заасан байгаа юм. Зөвхөн энэ өгүүлбэр хуульд орсноор баяр наадмыг маргаангүй сайхан болгоно.
Нөгөө талаар тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Алдарт, Манлай гэх мэт төрөөс олгодог цолны журамд өөрчлөлт орж байна. Тухайлбал, аймаг, бүсийн хэмжээнд айраг түрүү авсан амжилт орж ирдэг байсан бол өөрчлөлтөөр зөвхөн улсын баяр наадам, шилмэл хурд буюу “Их хурд”-аас айраг түрүү авсан уяачийн амжилтыг харгалзан олгох юм. Үүнээс гадна дээд насанд соёолон насыг оруулжээ. Соёолон адуу бол азарганд ч уралддаг, моринд ч уралддаг нас учраас дээд насанд оруулж өгсөн. Үүнийг Уяачдын холбооны их хурлаар шийдвэрлэсэн.
Баяр наадмаа маргаангүй болгож, сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя гэхээр зарим уяачид болон огт хамаагүй УИХ-ын гишүүд ч эсэргүүцдэг. Урьд өмнө Сүхбаатар аймгаас сонгогдсон, сонгогдож байсан, өдгөө ажиллаж байгаа гишүүд үүнийг эсэргүүцдэг. Учир нь Сүхбаатар аймгийнхан нэг хэсэг адуугаар бизнес хийсэн учраас үүлдэрлэг байдал гэх зүйлийг хатуу барьжээ. Ингэхдээ монгол адууг үгүй хийх гэлээ гэсэн санаа хэлж довтолдог байна. Өдгөө зуны эхэн сар гарчихлаа, баяр наадмын уухай өдрөөс өдөрт чихэнд хадах болно. Тиймээс УИХ-аас баяр наадмын хурдан мориныхоо маргааныг хуулиар зохицуулж, хэдэн бөхчүүддээ цол гуншинг нь өгчихөөд наадах нь зүйн хэрэг буй заа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
наадам хийхээ больчих ёслоод өнгөрхөд болно
Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85
Дураараа яаанууд вэ
duurgiin temtseen ulsyn awargyn temtseenii khemjeend bolloo , ulsyn awarga tsol ug ,
Мөнгөөр өгдөг юм мэдвүү
Амйагууд наадам хийгээгүй тэгэхээр цол өгсөн дарга нар хууль зөрчсөн байна Магалжав уг нь гайгшй залуу Тэгэхдээ одоо бол бас л суудлын төлөөх хүн болоод байна Юунд нь цол өгөх гээд долигноод гүйгээд Сайн хүн болох гэж Ясны дарга тодорхой хуулиа тайдбарлаад л гүйцээ
хуулиа сахиач наадмаар л өгөх
хууль бол хууль үхсэн хатсны цол вэ зүгээрл ойн барилдаан байсан Уйдсан улсуудын уйдаа ч гаргаж чадаагүйт байхгүй юу
Ерөнхийлөгчийг харцгаая хуулийг хэрхэн сахих хүнэдэлдэг юм бол Хуулмар зөвхөн улсын наадмын бөхчүүдэд цол олгохоор заасан байгаа Энэ мах бөсбөгнүүд юундаа гавьяа байгуулсан гэж цол нэхээд байнаа Цаана чинь насаараа Монголынхоо нэрийг цуурайтуулж явсан ахмадууд гавьяа шагнал нэхэхгүйгээр тэнгэрт одож байна Эд нар төлсөн мөнгөө олоэ авах гэж үхэлдээд байх шиг байна
Дураараа хулгайчууд их болжээ.
МЗХ-ны нэрэмжит бөхийн барилдаанд улсын цол олгоод байвал цолны нэр хүнд, чанар, чансаа унаад зогсохгүй, цол олгодог дүрэм, журам байх шаардлагагүй болно шүү дээ. Бөхчүүд, бөхийн байгууллагууд аливаа асуудалд 7 хэмжиж 1 огтол гэдэг зарчмаар хандаж сурах хэрэгтэй.\n
Бөхөд хайртай ард түмэн энэ тэр гэж шизорохоо одоо больсон нь дээр байх аа, яг өнөөдөр бөх гэхээр энэ ард түмний чинь ой гутдаг болчихсон байна шүү, харалган сэтгүүлч ээ