"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-35 ДУГААР БҮЛЭГ
СЮАНЬДӨ НАНЬ ЯНГИЙН ГАЗАР НУУСАН ЭРДЭМТЭНД УУЛЗСАН ШАНЬФУ СИНЬ ЕГИЙН ГАЗАР ГЭГЭЭН ЭЗЭНД УЧИРСАН
Өгүүлэх нь: Цаймао сая хотдоо эгсүгэй хэмээтэл Жао Юнь цэрэг авч хотоос нэхэмжлэн гарч ирэв. Үзвээс Жао Юнь хараахан архи ууж байтал хүн морь хөдөлж амуй. Яаран дотогш орж үзвээс хуримын ширээнд Сюаньдө үзэгдэхгүй болжээ. Жао Юнь ихэд цочиж гарч ирэн бууцын гэрт хүрээд хүний хэлэлцэхийг сонсвол “Цаймао цэрэг авч баруун зүг нэхэмжлэн одов” хэмээжээ. Жао Юнь санд мэнд жадыг шүүрэн мориндоо мордож уг дагуулан ирсэн гурван зуун цэргийг авч баруун хаалгыг зүглэн гарч иртэл чив хэмээн Цаймаод уулзав. Яаран асууруун: ,“Миний эзэн хаана баймуй?” . Цаймао өгүүлрүүн: “Мужийн захирагч хуримын ширээнээс дутаан одоод хаана очсоныг мэдэхгүй” хэмээхэд Жао Юнъ хэмээгч нэгэн хичээнгүй болгоомжтой хүн тул түргэн түүхий аашлахгүйгээр даруй морийг тавин урагш явж анхааран үзвээс их голоос бус очих замгүй тул даруй дахин морийг эргүүлж Цаймаогаас зандран асууруун: “Та миний эзнийг залж хуримд барьсугай хэмээсэн бөгөөд ямар учирт бас цэрэг морийг авч нэхмүй?”. Цаймао өгүүлрүүн: “Есөн хошууны, дөчин хоёр сумын ноёд түшмэл цөм энд баймуй. Би дээд жанжин болсон бөгөөтөл хэрхэн сэргийлэн хамгаалахгүй хэмээн болмуй?”. Жао Юнь өгүүлрүүн: “Чи миний эзнийг гачигдуулан хааш явуулав?”. Цаймао өгүүлрүүн: “Сонсохул мужийн захирагч гагц мориор баруун хаалгаар гарав хэмээмүй. Энд хүрч ирвээс харин ч үзэгдэхгүй болов”. Жао Юнь цочин сэжиглэх нь тогтош үгүй болж шууд голын дэргэд ирж үзвэл гагц ховөөний алсад усны мөр үзэгдмүй. Жао Юнь дотроо сэтгэрүүн “Эсвэл морьтойгоо голыг үсрэн гарсан болов уу” хэмээгээд гурван зуун цэргийг дөрвөн зүгт таруулан шинжин ирүүлбээс огт мөр сүүдэрч үзэгдэхгүй. Жао Юнь дахин морийг буцаан иртэл Цаймао нэгэнтээ хотдоо орж ирэв. Жао Юнь даруй хаалга сахигч цэргийн ардыг барин авч нэхэмжлэн асууваас цөмөөр “Лю мужийн захирагч морийг нисгэн баруун хаалгаар гарч очив” хэмээмүй. Жао Юнь дахин хотод орсугай хэмээхүл бас цэрэг бүгж байхаас болгоомжлон даруй цэргээ авч Синь Ед очив. Тэндээс Сюаньдө морийг харайлган голыг гарч ирээд мангуу мэт согтсон адил болж бодвоос “Энэ мэт өргөн голыг нэгэнтээ үсэрхийлэн гарч ирснийг үзвэл тэнгэрийн санаанаас бус юун буй?” хэмээн муруй саруй зөрөг замаар Нань Янгийн газрыг зүглэн морийг тавин явсаар байтал наран баруунтаа хэлбийжээ. Хараахан явж байтал үзвээс нэгэн үхэрчин хөвгүүн үхрийн нуруунд унаж амандаа охор хөндлөн бишгүүрийг үлээсээр ирмүй. Сюаньдө гайхан өгүүлрүүн: “Би үүнд бас хүрэхгүй” хэмээгээд даруй морийг зогсоон шинжин үзэхэд тэр үхэрчин хөвгүүн мөн бас үхрээ зогсоон бишгүүрийг байж Сюаньдөг нягтлан үзэж өгүүлрүүн: “Жанжин чи шар алчуурт хулгайг эвдсэн Лю Сюаньдө бусуу?”. Лю Сюаньдө цочин асууруун: “Чи нэгэн гацаа хөдөөний бага хүүхэд бөгөөд яахан миний овог нэрийг мэдмүй?”. Үхэрчин хөвгүүн өгүүлрүүн: “Би огт мэдэхгүй бөлгөө. Үргэлжид багшийн жигүүрт байхын тул зочин байж ирэх бүр цөмөөр хэлэлцэх нь нэгэн Лю Сюаньдө хэмээх нь баймуй биеийн өндөр долоон тохой таван ямх бөгөөд хоёр гар нь өвдөг давж, нүд нь өөрийн чихийг үзэж чадмуй. Тэр болбоос даруй эдүгээх үеийн аруухан баатар болой хэмээдэг болой. Эдүгээ жанжны энэ мэт байдлыг үзээд лав мөн буй за хэмээнэм”. Сюаньдө асууруун: “Чиний багш ямар хүн болой?”. Үхэрчин хөвгүүн өгүүлрүүн: “Миний багш давхар овог Сыма, нэр Хуй, өргөсөн нэр Дөнцао, Енчуаньгийн хүн болой. Бумбын цол “Шуйзин ноёнтон” хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Чиний багш хэн хүн лүгээ нөхөрлөн явмуй?”. Бага хөвгүүн өгүүлрүүн: “Сян Янгийн Пан Дөгүн, Пантун лугаа нөхөрлөмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Пан Дөгүн хэмээгч Пантунгийн ямар хүн болой?”. Хөвгүүн өгүүлрүүн: “Авга, ач болой. Пан Дөгүнгийн өргөсөн нэр Шаньминь, миний багшаас арван нас ах, Пантунгийн өргөсөн нэр Ши Юань, миний багшаас таван нас бага. Нэгэн өдөр миний багш модон дээрээс ялам түүж байхад хараахан Пантун сурвалжилахаар иржээ. Тийнхүү модны дор сууж хоёул харилцан шүүмжлэн хэлэлцэж өдөр дуусган хашрах үгүй. Миний багш Пантунг маш хайрлах тул дүү хэмээн дуудах бөлгөө”. Сюаньдө асууруун: “Чиний багш эдүгээ ямар газар сууж баймуй?”. Үхэрчин хөвгүүн хурууг өргөн зааж хэлрүүн: “Өмнө биеийн шугуй доторх тосгон хүрээ даруй мөн бөлгөө”. Сюаньдө
Өгүүлрүүн: “Би төв хэмээн Лю Сюаньдө мөн. Чи намайг дагуулан багшдаа учруултугай!” хэмээв. Тэр хөвгүүн даруй Сюаньдөг дагуулан хоёр газар илүү явж тосгон хүрээний өмнө хүрсэнд Сюаньдө мориноос буун дундад үүдэнд хүрч ирвээс гэнэт ятгын дуу асар сайхан сонсогдмуй. Сюаньдө хөвгүүнийг дуудан: “Дотогш орж мэдүүлэхийг түр байз!” хэмээгээд чихийг тавин сонсоход ятгын дуу гэнэт зогсож няслахгүй болоод нэгэн хүн инээсээр гарч ирэн өгүүлрүүн: “Ятгын аялгуу тунгалаг сэлүүн болж дууны дотор гэнэтхэн өндөр дэгдэж мөчөөрхөх байдалтай болсон тул лав аруухан баатар байж хулган сонсмуй за” хэмээтэл хөвгүүн зааж Сюаньдөгийн зүг хэлрүүн: “Энэ мөн миний багш Шуйзин ноёнтон болой”. Сюаньдө тэр хүмүүнийг үзвээс нарсны дүрс, тогоруун ястай бөгөөд байдал янз өтөл ард бус тул Сюаньдө санд мэнд урагш давшиж ёс хийсэнд дээлийн хормой бас ч норсоор байв. Шуйзин Өгүүлрүүн: “Гүн энэ өдөр завшаанаар их зовлонгоос хэлтрэв”. Сюаньдө энэ үгийг сонсоод хиртхийж зогсохгүйд бага хөвгүүн өгүүлрүүн: “Энэ Лю Сюаньдө болой”. Шуйзин өвсөн танхимд залж оруулан зочин, гэрийн эзний ёсоор суулцсан хойно Сюаньдө нүд өргөж үзвээс тавиур дээр бичиг харыг дүүртэл овоолж цонхны гадна нарс, хулсыг ихэд зогсоон, чулуун ширээний дээр ятгыг хөндөлдөн тавиад амьсгал уур тунгалаг ертөнцөөс гарчээ. Шуйзин асууруун: “Гэгээн гүн хаанаас ирэв?”. Сюаньдө өгүүлрүүн: “Санамсаргүй явсаар гэнэт энэ газраар өнгөрөхөд бага хөвгүүн зааж өгсөн тул эрхмийн нүүрийг үзэж, бараадан чадсан нь тэсгэлгүй цэнгэл хишиг болой”. Шуйзин инээн өгүүлрүүн: “Гүн битгий даран нуугтун!. Гүн эдүгээ лав зовлонгоос дутаан энд ирсэн буй за?”. Сюаньдө даруй Сян Янгийн нэгэн хэргийг хэлж өгөв. Шуйзин өгүүлрүүн: “Би гүнгийн амьсгал царайг үзмэгц мэдсэн бөлгөө” хэмээгээд Сюаньдөгөөс асууруун: “Би гэгээн гүнгийн их алдрыг сонсож удав. Юуны тул эдүгээ болтол бас ч ийнхүү цагийг олоогүй буй. Сюаньдө өгүүлрүүн: “Заяа улирлын зам олонтоо хаагдсан тул тийнхүү үүнд хүрэв”. Шуйзин өгүүлрүүн: “Тийм бус. Жанжны зүүн баруунд лав зохих хүнийг олсонгүйгээс болжээ”. Сюаньдө өгүүлрүүн: Любэй би хэдий эрдэм үгүй боловч бичгийн эрдэмд Сүньцянь, Мижу, Зянь Юньгийн зэрэг ард баймуй.
Цэргийн эрдэмд Гуань, Жан, Жао Юнь зэргийн хүмүүс байж шударгыг дуусган туслах тул түүний хүчинд маш итгэмүй”. Шуйзин өгүүлрүүн: “Гуань, Жан, Жао Юнь цөм түмэн хүнийг тэнцэх чадалтай. Хайрхан гагц сайнаар хэрэглэн чадах хүнгүй ажгуу. Хэрвээ Сүньцянь, Мижугийн зэрэг ардыг хэлбээс даруй цагаан царайт бичгийн оюутан буй за. Эелэх, эвлэх ертөнцийг тэнхрүүлэх эрдэмтэн бус болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би бас үргэлжид биеийг ариутган уулын завд нуугдан суусан эрдэмтнийг эрэхэд тэр мэт хүнийг олсонгүйг хэрхсүү!” . Шуйзин өгүүлрүүн: “Күнзийн өгүүлсэн нь “Арван гэрийн гацаан дотор эрхгүй шударга бат эрдэмтэн буй” хэмээснийг сонссонгүй юу? Юунд хүнгүй хэмээмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би тэнэг мунхаг тул танин олохгүй, заан сургахыг хүсэн гуймуй!”. Шуйзин өгүүлрүүн: “Гүнтэн Зинсянгийн олон хошууны бага хөвгүүдийн дууны үгийг сонссон буюу?”. Тэр дууны үг нь:
“Найм есөн жилийн хооронд сая буурсугай хэмээмүй
Арван гурван онд хүрвээс онц үлдэх нь үгүй
Туйлд хүрэхэд тэнгэрийн бошго хүртэх газар буй аж
Шавар дотор хэвтсэн луу тэнгэрийн зүг нисэн очмуй” хэмээжээ.
Энэ дууны үг амгалан байгуулагчийн анхдугаар оноос эхлэв. Амгалан байгуулагчийн наймдугаар онд Лю Зиншэн анхны эмээ алдаж гэрийн самуун үүссэн нь үүнийг “Сая буурсутай!” хэмээн өгүүлжээ. “Онц үлдэх нь үгүй” хэмээгч Зиншэн үхэхэд шахаж бичиг цэргийн түшмэд сарниж үлдэхгүйг өгүүлсэн болой. “Тэнгэрийн бошго хүртэх газар буй” “Луу тэнгэрийн зүт нисэн очмуй” хэмээх нь лав жанжин чиний биед тохиолджээ”. Сюаньдө үүнийг сонсоод цочин талхийж өгүүлрүүн: “Любэй би ямар аюул үгүй үүнийг хүлээн чадмуй”. Шуйзин өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахины гайхамшигтай эрдэмтэн бүрнээ энэ газар байх тул гүн гуйн эрэхээр очвоос зохимуй”. Сюаньдө яаран асууруун: “Гайхамшигтай эрдэмтэн ямар газар байх бөгөөд үнэхээр ямар хүн аж?”. Шуйзин өгүүлрүүн: “Фүлун, Фөнчу энэ хоёр хүнээс нэгийг олбоос дэлхий дахиныг амуулж болмуй”. Сюаньдө асууруун: “Фүлун, Фөнчу ямар хүн болой?” хэмээсэнд Шуйзин алга ташин ихэд инээж өгүүлрүүн: “Сайн! Сайн!” хэмээжээ. Сюаньдө дахин асуухад Шуйзин өгүүлрүүн: “Тэнгэр нэгэнтээ орой болов. Жанжин манай энд түр нэгэн шөнө амарч хоновоос маргааш өдөр сая хэлж өгье” хэмээгээд даруй хөвгүүнийг дуудан архи зууш бэлтгүүлж, зочны ёсоор хүндлээд морийг хойд хүрээнд хөтлөн оруулж идүүлэн тэжээв. Түүнээс Сюаньдө архи будаа идэж бараад даруй өвсөн танхимын хажууд хэвтэв. Шөнөдөө Шуйзингийн хэлсэн үгийг бодож хэвтэвч амар унтан чадахгүй, шөнийн гүнд гэнэт сонсвоос нэгэн хүн үүдийг тогшин орж ирэв. Шуйзин асууруун: “Юаньжи хаанаас ирэв?” гэсэнд Сюаньдө хэвтсэн орноос гүйн босож чих тавин чагнахад тэр хүн өчрүүн: “Лю Зиншэн сайныг нь сайшаан, мууг нь муушаамуй хэмээн сонсож удсан тул тусгайлан уулзахаар одсон бөлгөө.
Жич тэнд хүрч уулзаж хэлэлцэн үзвэл ая талаар хоосон нэр баймуй. Лав сайныг сайшаавч хэрэглэн чадахгүй, мууг жигшивч тэвчин чадахгүй хүн болой. Тиймийн тулд бичиг үлдээгээд гарч ирэн энд хүрч ирэв”. Шуйзин өгүүлрүүн: “Гүн ванд туслах эрдмийг өвөрлөсөн бөгөөтөл хүнийг сонгон үйлчилбээс зохимуй за. Юунд биеийг хөнгөтгөн Зиншэнтэй уулзахаар очмуй? Тэрч байтугай аруухан баатар хэтийдсэн ард нүдний өмнө буй атал гүн өөрөө танихгүй болой”. Тэр хүн өгүүлрүүн: “Ноёнтны үг мөн болой”. Сюаньдө үүнийг сонсоод ихэд баярлаж дотроо сэтгэрүүн “Энэ хүн лав Фүлун, Фөнчу хоёрын нэг мөн буй за” хэмээгээд даруй гарч учирсугай хэмээхүл бас түргэн түүхий болуузай хэмээгээд хүлээв.
Тэндээс тэнгэр гэгээрсэн хойно Сюаньдө Шуйзинд золгож гуйн асууруун: “Өчигдөр шөнийн ирсэн нь хэн болой?”. Шуйзин өгүүлрүүн: “Тэр миний нөхөр болой”. Сюаньдө гуйн золгосугай хэмээхэд Шуйзин өгүүлрүүн: “Тэр хүн гэгээн эзнийг эрэн одмуй хэмээн нэгэнтээ бус тийш очив”. Сюаньдө түүний овог нэрийг лавлан асууваас Шуйзин инээгээд “Сайн! Сайн!” хэмээв. Сюаньдө дахин “Фүлун, Фөнчу үнэхээр ямар хүн болой?” хэмээн асуухад Шуйзин мөн инээн гагц “Сайн! Сайн!” хэмээн өгүүлжээ. Сюаньдө Шуйзинг ёслон залж уулнаас гарч хүч тусалж “Хань улсыг тэтгэнэ үү!” хэмээн гуйваас Шуйзин өгүүлрүүн: “Уул хээрийн сул тархмал хүн хүндэтгэн хэрэглэхийг эс дагамуй. Эрх биш надаас арван хувь илүү хүн байж гүнд туслахаар ирмүй. Гүн сурвалжлахаар одвоос зохимуй” хэмээн хараахан хэлэлцэн шүүмжилж байтал гэнэт хүн үймэлдэн, морь янцгаах дуу сонсогдмуй. Бага хөвгүүн ирж мэдүүлрүүн: “Нэгэн жанжин хэдэн зуун хүнийг дагуулан айлд хүрч ирэв”. Сюаньдө ихэд цочиж яаран гарч үзвээс харин Жао Юнь ажгуу. Сюаньдө ихэд баярлан атал Жао Юнь мориноос буугаад орж золгон өгүүлрүүн: “Жао Юнь би өчигдөр хошууны яаманд буцаад эзэн гүнийг эрж олсонгүй гул шөнө дөл зам барьж асуусаар энд хүрч ирэв. Эзэн гүн даруй түргэнээ хошуу яамандаа эгнэ үү! Хүн манай хошууны газрыг байлдахаар ирэхээс болгоомжилмуй” хэмээсэнд Сюаньдө Шуйзинд тал өгөн салж Жао Юнь лугаа моринд мордож Синь Егийн зүг ирэв. Хэдэн газар явсангүй нэгэн баг хүн морь хүрч ирэв. Үзвээс харин Юньчан Идө хоёул бөлгөө. Бүгдээр учраад ихэд баярлаж Сюаньдө даруй морины Таньси голыг харайсан хэргийг нэгэн зэрэг хэлсэнд бүгдээр цөм хиртхийн гайхалдав.
Түүнээс хошуунд хүрч ирээд Сүньцянь нар лугаа зөвдөхөд Сүньцянь өгүүлрүүн: “Урьдаар Зиншэнд бичиг илгээж энэ хэргийг мэдүүлбээс зохимуй” хэмээсэнд Сюаньдө үгийг дагаж даруй Сүнъцянийг томилон бичиг бариулж Зинжоуд илгээсэнд Любяо дуудан оруулж асууруун: “Би Сюаньдөг залж Сян Янгийн хуримд ор болгон илгээсэн атал юунд хуримын ширээнээс оргон одов?”. Сүньцянь бариулсан бичгийг өргөсөнд Цаймао арга үүсгэн хэрхин хорлоё хэмээсэн ба морь Таньси голыг харайн гарсанд эрдэж олж хэлтрэн гарсан учрыг бүрнээ өгүүлжээ. Любяо ихэд хилэгнэж даруй Цаймаог дуудан авчирч хараан өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй миний дүүг хорлоё хэмээмүй? Үүнийг түлхэн гаргаж ал!” хэмээсэнд Цай хатан гарч ирээд уйлан “Үхэхийг нь хэлтрүүлнэ үү!” хэмээн гуйхад Любяо бас ч хилэн нь тайтгарахгүйд Сүньцянь хэлрүүн: “Хэрвээ Цаймаог албаас хааны авга энд амар сууж үл чадмуй” хэмээсэнд Любяо түүнийг сайтар донгодон тавьж илгээгээд ахмад хөвгүүн Люциг зарж Сүньцянь лүгээ хамт Сюаньдөгийн тэнд ял хүлээлгэхээр илгээв. Люци эцгийн захиаг хүлээн Синь Ед хүрсэнд Сюаньдө угтан авч хуримын ширээ бэлтгэн хүндлээд архинд халмагшсан хойно Люци гэнэт нулимсыг унагамуй. Сюаньдө учрыг асууваас Люци өгүүлрүүн: “Дараа эх цай захирагч үргэлжид намайг хорлоё хэмээх сэтгэл өвөрлөх тул ач хөвгүүн би зовлонгоос хэлтрэх арга олохгүй авга эцэг та заан сургаж өгвөөс завшаан болой” хэмээхэд Сюаньдө: “Хичээнгүй сэтгэлээр элбэрлийг гүйцэтгэвээс өөрөө зовлонгүй болмуй” хэмээн ятгасанд дэд өдөр Люци уйлан салж одов. Сюаньдө моринд мордож Люциг үдэн хотоос гарч морийг заан Люцигийн зүг өгүүлрүүн: “Хэрвээ энэ мориноос бус болбоос би нэгэнтээ булгийн доорхи хүн болмуй!”. Люци өгүүлрүүн: “Энэ морины хүч бус даруй авга эцэг таны их буянд болой” хэмээн хэлж бараад салах ёс хийж нулимсыг унагаасаар одов. Сюаньдө морийг буцуулан хотод ороод гэнэт үзвэл зээл дээр нэгэн хүн бумбын малгай, бөс дээл, бараан бүс, хар шаахай өмсөж уртад дуу дуулсаар ирмүй. Тэр дууны үг нъ:
“Тэнгэр газар хөрвөн урваж гал унтармаар234 болжээ
Тагт харш унах шахмагц нэгэн модоор тулахуйяа бэрх
Даваа завд эрдэмтэн байж гэгээн эзнийг дагасугай хэмээмүй
Төдий гэгээн эзэн эрдэмтнийг эрэвч харин ч намайг мэдэхгүй” хэмээжээ.
234 Эрт цагт таван махбодийн ээлжлэх ёсоор улс төрийн мандах мөхөх ёсыг тайлбарладаг байжээ. Энд галаар Хань улсыг төлөөлүүлэн Хань улсын мөхөх гэж байгааг гал унтармаар болжээ гэж өгүүлсэн байнам.
Сюаньдө дууг сонсоод дотроо сэтгэрүүн “Энэ хүн эсвээс Шуйзингийн өгүүлсэн Фүлун, Фөнчу болов уу?” хэмээгээд даруй мориноос бууж нүүр золгон хошууны яамандаа залж оруулаад түүний овог нэрийг асууваас өчрүүн: “Би даруй Еншан газрын хүн болой. Овог Шань, нэр Фү, хошууны захирагч таны мэргэдийг хурааж эрдэмтнийг элсмүй хэмээснийг сонсож удав, Эрэн дагахаар ирье хэмээсэн боловч аймшиггүй түргэн түүхий болсонгүй. Тийнхүү зээлд дуу дуулан эрхэм сонорыг хөдөлгөв”. Сюаньдө ихэд баярлан дээд зочин болгон хүндэлжээ. Шаньфу өгүүлрүүн: “Өнөө мужийн захирагч таны хөлөглөсөн морийг дахин нэг удаа үзүүлмүй!” . Сюаньдө даруй эмээлийг авуулан хөтөлж танхимын дор авчирсанд Шаньфу өгүүлрүүн: “Энэ морь дилү морь бус уу? Хэдийгээр мянган газар явах морь боловч харин ч эзнээ хазмуй!. Унаж болохгүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Нэгэнтээ тохиолджээ” хэмээгээд даруй Таньси голыг харайсан учрыг бүрэн хэлсэнд Шаньфу өгүүлрүүн: “Энэ болбоос эзнээ тусласнаас эзнээ хазсан нь бус болой. Эцэстээ эрхгүй нэгэн эзнийг хазмуй! Надад нэгэн зайлуулах арга баймуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Зайлуулах аргыг сонсохыг хүсмүй!”. Шаньфу өгүүлрүүн: “Гүн таны сэтгэлд өшөө хорсолтой хүн байваас энэ морийг түүнд хүргэж өгөөд, хүлээж тэр хүнийг хорлон хазсаны хойно сая авчран унаваас өөрөө хэрэггүй болмуй”. Сюаньдө үүнийг сонсоод царай хувьсаж хэлрүүн: “Гүн сая манай энд ирмэгц намайг төв замаар сургахгүй даруй биедээ ашигтай, хүнд хор хүргэх хэргийг сургамуй уу? Любэй би аюумшиггүй таны сургаалыг сонсож чадахгүй” хэмээсэнд Шаньфу инээн ял хүлээж өгүүлрүүн: “Анхнаас мужийн захирагчийг эрдэм өршөөлтэй хэмээн сонсож аймшиггүй итгэсэнгүй. Тиймхүү энэ үгээр тэнсэж үзсэн бөлгөө”. Сюаньдө мөн царайг тохууруулан босож тал өгөөд өгүүлрүүн: “Любэй надад ямар өршөөл эрдэм байж хүнд гүйцэн чадмуй. Гагцхүү ноёнтны заан сургахыг хүсмүй!”. Шаньфу өгүүлрүүн: “Би Еншангийн газраас энд хүрч ирээд сонсвол Синь Егийн хүний дуулсан дууны үг нь:
“Синь Егийн мэдэгч Лю овогт хааны авга
Энд хүрч ирснээс хүн ард элбэг дэлбэг болов” хэмээжээ.
Үүнээс үзэхүл мужийн захирагч таны өршөөл хүрснийг мэдвээс болмуй”. Сюаньдө, Шаньфуг цэргийн багш болгон өргөмжлөөд өөрийн харьяат хүн морийг боловсруулан сургав.
Тэндээс Цаоцао Зижоугийн газраас Сюйдү хотод буцаж ирснээс үүрд Зинжоуг авах санаа байж тусгайлан Цаорэнь, Лидянь жич дагасан жанжин Люйкуан, Люйсян нарыг зарж гурван түмэн цэрэг өгч Фаньчэн хотод суулган “Зинсяны газрыг хялайн харж дашрамд түүний үнэн худлыг туршин үз!” хэмээн илгээв. Тэр үест Люйкуан, Люйсян Цаорэньд мэдүүлэн өгүүлрүүн: “Эдүгээ Любэй Синь Ед цэрэг суугаад цэрэг элсэн морь худалдан авч, өвс цуглуулан амуу хураан ахууг үзвэл түүний санаа багагүй бөгөөд эртнээс бодохгүй болбоос эс болмуй. Бид хоёул Чансанд дагаснаас хойш ямхын төдий гавьяа байгуулаагүй тул шилсэн цэрэг таван мянгыг гуйж Любэйгийн толгойг огтлон Чансанд өргөхийг хүсмүй” хэмээхэд Цаорэнь ихэд баярлан хоёр Люйд таван мянган цэрэг өгч Синь Ег байлдуулахаар илгээв. Харуулын хүн Сюаньдөд нисэх мэт ирж мэдүүлсэнд Сюаньдө, Шаньфуг залж зөвдвөөс Шаньфу өгүүлрүүн: “Дайсны цэрэг ирсэний тулд түүнийг хязгаарт оруулж болохгүй. Даруй Гуань гүнд нэгэн салааны цэрэг өгч зүүнээр гарган ирсэн цэргийн дундад замыг байлдуултутай. Жанфэйд нэгэн салааны цэрэг өгч баруунаар гарган ирсэн цэргийн хойд замыг байлдуул! Эзэн гүн өерийн бие Жао Юнийг дагуулан өмнөд замаар цэрэг гарч угтан байлдваас дайсныг эвдэж болмуй”. Сюаньдө түүний үгийг дагаж даруй Гуань, Жангийн хоёр хүнийг зарж явуулаад хойно Шаньфу, Жао Юнь нар лугаа хоёр мянган хүн морийг авч боомтоос гараад хэдэн газар явсангүй гэнэт үзвээс уулын хойд талд тоос шороо ихэд дэгдэж Люйкуан, Люйсян хоёр цэрэг аван хүрч ирэв. Хоёр этгээдээс тус тусад жагсаалын харван зогсоогоод Сюаньдө морийг унан тугийн дор зогсож ихэд бархиран өгүүлрүүн: “Ирсэн нь ямар хүн, аймшиггүй миний хязгаарт халдахаар ирэв?”. Люйкуан морилон гарч ирэн өгүүлрүүн: “Би болбоос их жанжин Люйкуан болой. Чансангийн захиаг хүлээн тусгайлан чамайг барихаар ирэв”. Сюаньдө ихэд хилэгнэн Жао Юнийг гарч байлд хэмээв. Хоёр жанжин харилцан байлдан үүсгэж хэдэн удаа зөрөлдсөнгүй Жао Юнъ нэгэнтээ жадалж Люйкуанийг мориноос унагав. Сюаньдө цэргийг даллан даран алахад Люйсян тулж тэсэхгүйдээ цэргээ авч даруй буруулав. Хараахан дутаан явж байтал замын хажуудаас нэгэн салааны цэрэг гэнэт гарч ирэв. Тэргүүлсэн нь их жанжин Гуань Юньчан бөлгөө. Нэгэн зэрэг хөшиж алахад Люйсян цэргээ их хагасыг авдаж зам булаан мултран гараад арван газар явсангүй бас нэгэн салааны цэрэг гарч ирэн одох замыг хөндөлдөн тосов, Тэргүүлсэн их жанжин нь могойт жадыг барин өндөр дуугаар: “Жан Идө би энд баймуй” хэмээгээд шууд Люйсянийг байлдан орсонд Люйсян гар хөдлөн завдсангүй Жанфэйд нэгэнтээ жадлагдаж мориноос тонгорцоглон унаж үхэв. Үлдсэн цэрэг дөрвөн зүгт сарнин дутааж явтал Сюаньдө цэргийг хамтатган нэхсэнд хагас илүү нь цөм баригджээ. Сюаньдө цэргээ эгүүлж Сян газартаа буцаж ирээд Шаньфуд хүндэд талархан, олон цэрэгт хурим түгээж шагнав. Тэндээс дутаан гарсан цэргийн ард эгж Цаорэньд хоёр Люй алагдаж цэрэг олонтоо амьдаар баригдсанд хүртэл мэдүүлсэнд Цаорэнь ихэд цочин Лидянь лүгээ зөвлөхөд Лидянь өгүүлрүүн: “Хоёр жанжин дайсныг дарсны тул мөхөв. Эдүгээ зүй нь цэргийг аван сууж хөдлөхгүйгээр Чансанд уламжлан мэдүүлж их цэрэг хөдөлгөн дайлахаар ирүүлбээс харин дээд арга болой”. Цаорэнь өгүүлрүүн: “Тийм бус. Эдүгээ хоёр жанжин дайнд мөхөөд бас хэдий чинээ цэрэг морь хохирчээ. Энэ өшөөг хурдан авахгүй болбоос үл болмуй. Лав Синь Егийн нэгэн сум өндөг мэт газарт юу хэмээн Чансангийн их цэргийг зүдээмүй?”. Лидянь өгүүлрүүн: “Любэй хүмүүний доторх аруухан тул хөнгөнөөр үзэж болохгүй. Цаорэнь өгүүлрүүн: “Гүн юунд ийн зүрхшээмүй?”. Лидянь өгүүлрүүн: “Цэргийн бичигт өгүүлсэн нь “Өөрийг мэдэх бөгөөд түүнийг ч мэдвзэс зуунтаа байлдахад зуунтаа дийлмүй” хэмээжээ. Би дайнаас зүрхшээх нь бус. Гагцхүү лав дийлэн эс чадахаас болгоомжлох буй за. Цаорэнь уур төрж өгүүлрүүн: “Гүн хоёр сэтгэл өвөрлөсөн буй уу? Би эрхгүй Любэйг амьдаар барьсугай” хэмээмүй. Лидянь өгүүлрүүн: “Жанжин үнэхээр очвоос би Фаньчэн хотыг сахисугай”. Цаорэнь өгүүлрүүн: “Чи хэрвээ цугаар эс очвоос үнэхээр хоёр сэтгэлийг өвөрлөв” хэмээхэд Лидянь аргагүйдээ сая Цаорэньгийн хамт хоёр түм таван мянган цэрэг морийг сонгон аваад голыг гэтлэн Синь Егийн зүг зүглэн ирэв. Энэ чухамхүү:
“Жигүүрийн жанжин үхдэлээ эгүүлсэн ичгүүр байсны тулд
Гол жанжин нь дахин ичгүүрийг цагаатгах цэрэг байгуулав”
Эгнэгт дийлэх дийлэгдэх нь хэрхэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )