СУДЛААЧ: Дөрөв дэх тун үр дүнгүй байж магадгүй

2022 оны 05 сарын 04

Дэлхийн улс орнууд КОВИД-19-ийн  вакцины дөрөв дэх тунг эмзэг бүлгийн хүмүүстээ санал болгож эхлээд байгаа  билээ. Харин холбогдох мэргэжилтнүүд дөрөвдүгээр тун үнэхээр тустай эсэхийг хэлж мэдэхгүй байна. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа одоогоор зөвхөн 50 болон түүнээс дээш насныхан, мөн дархлаа султай хүмүүст дөрөв дэх тунг хийлгэхийг санал болгож байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх  дөрөв дэх тун хэрэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа мөн мэдэгдээд байгаа юм. Учир нь, дөрөв дэх тун хэр сайн хамгаалдаг тухай өргөн хүрээг хамарсан судалгаа  байхгүй аж.

Хэдийгээр Израилийн Эрүүл мэндийн яам дотоодын хэд хэдэн томоохон их сургууль болон “Sheba” эрүүл мэндийн төвтэй хамтран энэ талаар судалгаа хийсэн ч дөрөв дэх тунд хамрагдсан иргэдийн дархлааны түвшин гурван тунд хамрагдсан хүмүүсээс өндөр байсан ч Омикрон хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй гэж гарсан юм.

ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан  “ДЭМБ-аас дөрөв дэх тунгийн талаар албан ёсны зөвлөмж өгөөгүй. Учир нь, дөрөв дэх тун халдвараас хэр хамгаалах, ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар тодорхой судалгаа, баримт алга” хэмээжээ. Мөн тэрбээр  "Дархлаа судлалын зүгээс бидний тогтоож мэдсэн нэг зүйл бол дөрөв дэх тунг хийлгэснээр  саармагжуулах эсрэг бие түр зуур нэмэгдэх болно. Гэхдээ эдгээр саармагжуулагч эсрэг биетүүд маш хурдан алга болно"  хэмээн CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Алабамагийн их сургуулийн Анагаах ухааны профессор Пол Гоепферт "Дөрөв дэх тун тийм ч хэрэгтэй бус” гэдгийг мөн тодотгосон байна.

Дьюк-ийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Эшли Сент Жон "Вакцинд хамрагдсан хүмүүсийн  халдвараас болон халдвар авсны дараа хүндээр өвдөхийг бууруулах  хамгаалалт сулраагүй.  Энэ нь бидний хүрэхийг зорьж буй вакцинжуулалтын хамгийн чухал үр дүн юм" гэжээ.

КОВИД-19-ийн илүү олон хувилбар гарч ирсээр байгаа энэ үед  тухайн шинэ омогт зориулсан зорилтот вакцин шаардлагатай болж  болзошгүй байгаа билээ. Үүнтэй  холбоотойгоор  нэмэлт тун үр дүнтэй  эсэх талаар олон асуулт урган гарсаар байгаа юм.

Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи  өнгөрсөн нэгдүгээр  сард “NBC News”-т өгсөн ярилцлагадаа  “Хүмүүс жил бүр, эсвэл жилдээ  хоёр удаа нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай байж магадгүй. Тэгэхээр нэмэлт тунгууд цаашид хэрэггүй. Харин  өндөр эрсдэлтэй бүлэг, тухайлбал өндөр настангууд жил бүр вакцин хийлгэх шаардлагатай байж магадгүй.  Одоо хэрэглэж байгаа вакцинууд нь КОВИД-19-ийн шинэ хувилбаруудын эсрэг үйлчлэхгүй байж магадгүй гэдгийг анхаарах нь чухал. Хэрэв вирус цаашид хувьсан өөрчлөгдсөөр  вакцины найрлагыг нь өөрчлөх шаардлагатай тулгарвал  дахин нэмэлт тун хийх шаардлагагүй" гэжээ.

Гоепферт “Хүн төрөлхтөн хэр удаан нэмэлт тариа тун хийлгэх хэрэгтэйг цаг хугацаа л харуулах болно.  Гэхдээ хамгийн найдвартай арга яг томуугийн вакцинтай адил жил бүр дархлаажуулах юм” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн долоо хоногт КОВИД-19-ийн улмаас нас барж буй хүмүүсийн тоо 2020 оны гуравдугаар сараас хойш буурч эхэлсэн тухай мэдээлсэн. Гэхдээ Омикроны дэд хувилбар болох BA.2 хамгийн түгээмэл буюу давамгайлж байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн мэдээлснээр нийт халдварын 68.1 хувийг BA.2 омог эзэлж байгаа аж. Хэдийгээр судлаачид BA.2 омгийг Омикроны анхны хувилбартай харьцуулахад аюул багатай хэмээсэн ч  “Санаа зовоохуйц” гэх ангилалд оруулсан. Эшли Сент Жон "Халдвар үргэлжлэх болно гэж би бодож байна. Учир нь, цар тахал дэлхий даяар тархсан. Вакцинжуулалтад хангалттай хамрагдсан улс орны иргэд цар тахлаар  халдварласан тохиолдолд хөнгөн өвдөх бөгөөд  ингэснээр мэндийн тогтолцооны ачааллыг бууруулна” гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top