Цэвдэг судлаач Н.Лонжид агсан мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Нэрт эрдэмтэн Лонжид 1922 онд Архангай аймгийн Хотонт суманд Хүрэлхүү болон Намгар нарын хүү болон мэндэлжээ. Аав Хүрэлхүү нь лам байсан бөгөөд 5 настай байхад нь өөд болсон тул ээж Намгараар овоглох болжээ. Н.Лонжид 1929-1939 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, Нисэхийн дунд сургууль, Намын дээд сургууль, Багшийн дээд сургууль, 1954-1958 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Геологийн факультетын Геокриологийн тэнхимийг цэвдэг судлалын мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын замнал: Н.Лонжид 1958-2002 оны хооронд Засгийн газарт соёл гэгээрлийн байцаагч, хүн эмнэлэг, авто тээврийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, Монгол Улсын Их сургуульд багш, Улсын барилгын зургийн институтэд инженер-геологийн товчооны дарга, Шинжлэх ухааны академийн Байгалийн хөргөлт судлалын эрдэм шинжилгээний төвийн захирлаар, Цэвдэг судлалын төв станцын болон группийн дарга, Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, тэргүүлэх судлаачаар тус тус ажиллаж байсан.

Эрдмийн зэрэг цол: 1968 онд “БНМАУ-ын нутаг дэвсгэрийн олон жилийн цэвдгийн газарзүйн тархалт, криогений үзэгдэл” сэдвээр Газарзүйн шинжлэх ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1996 онд Парис хотын олон улсын засгийн газар хоорондын Хөргөлтийн хүрээлэнгийн “Хүндэт гишүүн” болж байсан.

Гавьяа, шагнал: 1960-1987 онд Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад  медаль тэмдгүүд, 1988 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Төрийн Шагнал”, 1996 онд Парисын Хөргөлтийн хүрээлэнгээс “Марий Кюрийгийн дурсгалын мөнгөн медаль”, 1999 онд Их Британы нийслэл Лондон хотын Манчистерийн их сургуулийн намтар судлалын төвөөс “ХХ Зууны Тэргүүний Хүн”, 2000 онд АНУ-ын “Глобал  50” гэгдэх намтар судлалын төвөөс  “ХХ Зууны Лидер” өргөмжлөл тус тус авч байжээ.

Эрдэм судлалын ажил:  Төрийн соёрхолт, нэрт эрдэмтэн Н.Лонжид Монгол оронд цэвдэг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тулгын гурван чулууг тавилцсан гавьяатай эрдэмтэн бөгөөд цэвдэг судлалын групп, станц, салбарыг үүсгэн бий болгожээ. Монгол оронд тархсан цэвдэгтэй хөрс чулууг, хүйтний гаралтай үзэгдлийн талаар онолын судалгаа хийхээс гадна шинэ технологи нэвтрүүлж, улс орны эдийн засагт ихээхэн ашиг оруулсан байдаг. Нэрт эрдэмтэн Монгол орны цэвдэгтэй газар нутгийн шинж чанарыг судалсны үр дүнд мөсөн зоорь барих зураг, технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд 1988 он гэхэд манай орны цэвдэгтэй газар нутгуудад  200, 300, 500, 1000 тонны багтаамжтай зоорь 27 цул мөсөн зоорь баригдсан ба одоогийн үнэлгээгээр улсад 1.8 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг оруулсан тоо баримт бий. Мөн тэрээр манай орны цэвдэгтэй газарт баригдсан олон сумын төвийг цэвдэггүй, ул хөрсний суулт үүсэж барилга байгууламжид ан цав өгдөггүй газарт нүүлгэн шилжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээрээ патент-1, шинэ бүтээл-1, оновчтой санал 3, нэгэн сэдэвт бүтээл 10, эрдэм шинжилгээний болон хялбарчилсан өгүүлэл 100 гаруйг бичиж гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байна. Эдгээр бүтээлүүд нь одоог хүртэл Монгол улсын цэвдэг судлалын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top