ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2022.05.03/ Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн дэд захирал Л.М.Корытный тэргүүтэй тус хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэд ШУА-ийн ГГХүрээлэн болон Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Байгаль нуурын сав дагуух хот, суурин газруудын байгалийн нөөцийн чадавх” болон “Далайд гарцгүй ОХУ (Сибирь) болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуйн эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евразийн интеграцитай холбон судлах нь” төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ: “Өнгөрсөн 4 дүгээр сард Эрхүү хотноо зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын хүрээнд манай 2 улс хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээ тодорхойлж, илүү урт хугацааны том төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан. Уг үндсэн чиглэлийн хүрээнд хамтарсан экспедицүүд зохион байгуулах хүсэлтэй байгаа. Одоо судлах шаардлагатай чухал чиглэлүүдийн нэг нь 3 орны эдийн засгийн коридор дагуух экосистемийг судлах явдал юм. Энэ ажилд танай хүрээлэн хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Мөн 2 тал Монгол улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарч ажиллах боломжтой. Гэх мэт хамран ажиллах боломжтой маш олон салбар байгаад би их баяртай байна. Тиймээс дээрх сэдвүүдээс аль чухал вэ гэдгээ бид ярилцаж тодорхойлох чухал юм” гэлээ.
Л.М.Корытный: “Өчигдөр буюу 2022.05.02-ны өдөр хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны гэрээг бид сунгасан. Мөн Хөвсгөл нуурын цахим мониторингийн төсөлд ч манай хүрээлэн хамтран ажиллаж байгаа. Монгол улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн ажлын яриа хэлэлцээр явагдаж байгаа энэ цаг үед хэлэхэд манай хүрээлэн Хятад улс руу чиглэсэн нефтийн болон хийн дамжуулах хоолойн замын байгаль орчныг хамгаалах ажлыг хийж байсан туршлагатай. Тиймээс 3 орны эдийн засгийн коридор дагуух экосистемийг судлах ажилд манай хүрээлэн хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Мөн Монгол улсад тулгараад буй бас нэг асуудал нь усны нөөцийн асуудал бөгөөд бидэнд энэ талд дээр ч зарим санаанууд байгаа” гэлээ
Сэтгэгдэл ( 0 )