Засгийн газраас “Хэмнэлтийн тухай” хуулийг УИХ-д өргөн барьсны дагуу хэлэлцэн баталлаа.
Ерөнхийдөө ард түмэн бүсээ чангалахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэх язгуур санаатай энэ хуульд бас нүдээ олсон хэд хэдэн заалт зүйл бий. Үнэн хэрэгтээ хэмнэх гэж “Их далайн усны дэргэд худаг ухах”-тай адил зүйл болсон. Гэхдээ бүгдийг харлуулах гээд яахав. Тухайлбал, төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрх нь Засгийн газарт үүсэх юм байна.
Мөн төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох санхүүжилт нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тусгажээ. Эдгээр зүйл заалт нь эргээд хувийн хэвшилд тодорхой үр дүн үзүүлэх юм гэдгийг харж болно.
Түүнчлэн Засгийн газраас чиг үүргийн давхардалтай эсвэл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэж болох юм байна. Өнөөдрийн байдлаар чиг үүргийн давхардалтай, чиг үүрэг нь ойролцоо төрийн байгууллагууд цөөнгүй байгааг ийнхүү Засгийн газраас татан буулгаж, эсвэл нэгтгэж болох юм байна. Үүний нэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэх газар.
Энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа хойш хэрэглэгчийн төлөө шударгаар ажилласан гэхэд хэн ч итгэхгүй. Ямар ч хэрэггүй төсөвт дарамт болж оршдог байгууллага гэхэд болно. Өдгөө 20-иод жилийн тэртээ байгуулагдсан цагаас хойш бараг ийм байгууллага байгаа эсэхийг ч иргэд мэддэггүй. Харин 2012 онд О.Магнай ажиллаж, чухам ийм байгууллага байсан гэдгийг иргэдэд мэдрүүлсэн байх. Ийнхүү хоромхон зуурт олны танил болсон байгууллага эргэж унтаад өнөөдрийг хүртэл сэрээгүй байна.
Анх 1993 онд УИХ-аас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан юм билээ. Иймээс Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлагийн статустайгаар нийт 33 орон тоотой байгуулсан. Улмаар 2005 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол 2008 онд Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болж өргөжсөн бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн байдаг.
Тус байгууллагыг байгуулагдсан цагаас хойш нийгэмд шударга бус өрсөлдөөн ямар их үүрлэж, иргэдийн эрх ашиг ямар ихээр хөндөгдөв. Бараг л жил бүр, өдөр тутам томоохон асуудал, дагалдах нөхцөлтэйгөөр өрнөж, хэрэглэгчдийн эрх ашиг байнга хөндөгдөж ирсэн. Тэр болгонд тушаал авсан мэт дуугүй сууж ирсэн газар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өнөөдөр гэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дураар өөрчлөгдөн нэмэгдэж байна. Шатахуун түлшний үнэ ч дураараа өөрчлөгдөж, Засгийн газраас зохицуулна гэсэн амлалтай ажиллаж байгаа. Цар тахал, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал гээд зовлон бэрхшээл байгаа ч дотооддоо үйлдвэрлэдэг, үнэ нэмэгдэх шаардлагагүй өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ тэнгэрт тулчихсан байхад тус газрынхан чимээгүй л сууна.
Уг нь энэ бүгдийг Ерөнхий сайд нь ярьж суух биш, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ярьж, зохицуулж байх учиртай. Тэдэнд эрх үүрэг нь бий. Төрөөс баталж баглаад өгчихсөн хууль дүрэм нь бий. Өөрөөр хэлбэл, тус байгууллагын чиг үүргийг хуульчлаад бүрэн эрхийг нь өгчихсөн гэсэн үг. Гэтэл тэд ямар ч чимээ аниргүй сууж байна.
Анх 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль баталж байсан бол 2000 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн 2009 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталж өгсөн. Тус байгууллагын эрх үүргийг л тодотгож өгсөн хууль тогтоомжийг хийж өгч байна гэсэн үг шүү дээ.
Үүгээр ч тогтохгүй 2010 оны зургаадугаар сард Өрсөлдөөний тухай хууль батлагдсан бол 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдэж, энэ айлын эдлэх эрх үүрэг хүрээгээ томсгож, ачаа нэмэгдсэн ч ямар ч ажил яваагүй. Энэ цагаас хойш Ерөнхийлөгчийн сонгууль гурван удаа явахад улс төрийн намууд, сонгогчдын дунд шударга бус зүйл олон болсон ч энэ айл огт оролцоогүй гэхэд болно. Түүнчлэн 2015 оны гуравдугаар сард “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-г шинэчлэн баталж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 2016 оны тавдугаар сард Засгийн газрын 2006 оны 233 дугаар тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр” батлагдаж байв.
Ийм олон хууль, тогтоол баталж, ямар ч шийдвэр гаргаад ч энэ байгууллага байгаа эсэх нь мэдэгдэхгүй болохоор 2016 оны нэгдүгээр сард Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, 2016 оны арванхоёрдугаар сард “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийг байгуулсан. Аанай л хэвээрээ. Үүний дараа жил буюу 2017 онд яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах орон тооны бус салбар зөвлөл байгуулагдаж, үндэсний хэмжээний бүтэц бий болох эхлэл тавигдсан байдаг. Энэ байгууллага хэнд хэрэгтэй юм бэ гэх асуулт байнга дагаж ирсэн. Хариу нь хэнд ч хэрэггүй. Татан буулгахаас өөр арга байхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Зөв
Шинэ даргатай болоод 1 сар болов. Усанд хаясан чулуу мэт….