-Үндэсний статистикийн хороо танилцуулсанаар 10 хувиар өссөн гэж байгаа ч бодит байдал дээр 30 хувиар өссөн байна-
Үнийн өсөлтөд өртөөгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үлдсэнгүйг иргэд ам уралдан ярьсаар удлаа. Энэ шуурганд орон сууцын үнэ, түрээсийн төлбөр өртсөн бөгөөд сарын цалингаараа түрээс болон байрны зээлээ төлөх хүндхэн даваа болоод байна. Мөн өнгөрсөн жилээс эхлэн барилгын гол материал болох цементийн үнэ ихээхэн өссөн нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч компанийн орон сууцынхаа үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл рүү түлхсэн.
“Хотын төвд, баянбүрдийн тойргын чанх ард байрлах нэг өрөө байрыг сарын 750 мянган төгрөгөөр түрээслэнэ” гэсэн зарын дагуу холбогдох утас руу нь залгав. Сарын түрээсийн үнэ болон байршил нь боломжийн хэдий ч төлбөрөө жилээр нь авна гэсэн хариу сонслоо. Тэгэхээр тус байрыг түрээслэхийн тулд шууд есөн сая төгрөг өгөх болно. Их дээд сургуульд суралцах, биеэ дааж амьдрах, хамтын амьдралаа эхлүүлж гал голомтоо бадраах зорилгоор залуус орон сууц түрээсэлж амьдрах шаардлагатай болдог. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан тооцоогоор орон сууцанд амьдрах хэрэгцээтэй байгаа хүмүүсийн 42 хувь нь түрээсийн орон сууцад хамрагдахаар байгаа аж.
БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭ БҮТЭН ЖИЛЭЭР ТӨЛӨХИЙН ТУЛД БАНК БУСААС ЗЭЭЛ АВАХАД ХҮРДЭГ
“Байр түрээслэх гэхээр түрээс нь хэтэрхий өндөр байна. Айлын хажуу өрөөнд амьдрах гэхээр зарим тохиолдолд нэг өрөө байртай адил түрээстэй ч байх юм. Арга ядаад байрны подвольд амьдарч үзэх гэсэн жоом, бясаа гэх мэт хортон шавж дүүрчихсэн байдаг” хэмээн өгүүлэх яриаг энэ хотод амьдрах олон мянган залуусийн амнаас сонсож болно. Их дээд сургуульд суралцах, биеэ дааж амьдрах, хамтын амьдралаа эхлүүлж гал голомтоо бадраах зорилгоор залуус орон сууц түрээсэлж амьдрах шаардлагатай болдог. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан тооцоогоор орон сууц хэрэгцээтэй байгаа хүмүүсийн 42 хувь нь түрээсийн орон сууцанд хамрагдахаар байгаа аж. Ингээд бодохоор шуудхан худалдаж авах, зургаан хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой хүн цөөн байна.
Иргэн О.Бат-Эрдэнэ өдгөө 24 настай бөгөөд их сургуулиа төгсөөд удаагүй учир авсан цалин нь байрны түрээсэнд явчихдаг гэнэ. Тэрбээр “Хотын төвд байрлах хямдхан үнэтэй байрнууд нь заваан, засвар хийгээгүй удсан, тухгүй байдаг. Мөн хажуу өрөө түрээслэхэд сарын 300 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ бол хамгийн хямдхан нь шүү дээ. Тэгээд дээшлээд 400 мянган төгрөг ч болчихдог. Хажуу өрөө түрээслэх нь нэг өрөө байрыг бодвол цалингийн ядаж тал нь явж байгаа ч тухайн айлтай таарч тохирч дүрэм журамд нь баригдаж амьдрах хэрэгтэй болно. Байрны түрээсийн мөнгө хэт өндөр байгаа нь миний хувьд залуусдаа чиглэсэн төрийн арга хэмжээ дутагдаж байгаагаас болж буй гэж хардаг. Ажил, сургуультай ойрхон түрээсийн байр хайхаар хотын төвд л байх хэрэгтэй болно.
Тэгээд тэр зарыг нь сонирхохоор бусад байршлаасаа илүү үнэтэй болж байна. Миний судалснаар нэг өрөө байрны сарын түрээс дундаж нь 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байсан. Хотын зах руу ботаник, таван шард 550 мянган төгрөг хавьцаа болж байна лээ. Тэгээд тийм байршлаас ажилдаа явахаар хол учраас маш эрт босож ажилдаа явсан ч замын түгжрэлд таг гацчихна. Ээлжийн ажилтай хүнд орой нийтийн унаа зогссоны дараа харих шаардлага үүснэ. Ийм үед унааны зардал нь бараг 100-200 мянган төгрөг болж нэмэгдсэнээр буцаад ялгаагүй 700-800 мянган төгрөг болчихно” гэв.
Байр түрээслэгчид ихэвчлэн төлбөрөө олон сараар нь авах шаардлага тавидаг байна. Түүнийг нь төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнаас мөнгө авдаг аж. Гэхдээ зээлийн аппликейшнаас мөнгө авбал хүү нь явж өгдөг гэнэ. Улмаар байр түрээслэх олон сарын гэрээ нь дуусгавар болох үед ч зээлээ төлж дуусаагүй байх тул хадгаламжиндаа мөнгө хийх тэдний хувьд мөрөөдөл болсон гэв.
Мөн түүний хэлж буйгаар “Ядаж л хятад шиг шинээр гэр бүл зохиож байгаа залууст чиглэсэн түрээсийн байрны хөтөлбөр зарлах хэрэгтэй. Ингэвэл ядаж л өсөөд байгаа байрнуудын үнэ зах зээлийнхаа журмаар буурна. Төр ийм зохицуулалт хийх ёстой болхоос хүчээр үнэ барих мэтийн түр зуурын ажил хийх ёсгүй” гэлээ.
ШИНЭ ОРОН СУУЦЫН ҮНЭ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БАЙГАА БОЛ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЭСРЭГЭЭРЭЭ БАЙНА
Бидэнтэй таарсан залуугийн хэлснээр хотын төвд нэг өрөө байрны түрээс 800 мянган төгрөг өлхөн давж байлаа. Тухайлбал, хотын төв цэг болох Чингэлтэй дүүрэгт нэр өрөө байрны сарын түрээс 950 мянган төгрөгийн ханштай байна. Үүний хойноос мөн л өртөг өндөртэй, байршил сайтай гэдгээрээ онцлог Сүхбаатар дүүрэгт нэг өрөө байрны сарын түрээс дунджаар 748 мянган төгрөг байв.
Харин Баянзүрх дүүрэгт нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 820 мянган төгрөгт хүрчээ. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хувьд бусад дүүргээсээ харьцангуй хямд үнэ ханштай байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрөө байрны сарын дундаж түрээс 630 мянган төгрөг байгаа бол Баянгол дүүрэгт 700 мянган төгрөгт хүрсэн аж.
Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 897.4 мянган өрх байгаагаас 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8 хувь нь нийслэлд амьдарч байгаа. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцад амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9 хувь нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байна.
Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар Хан-Уул дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 3.33 сая төгрөг байв. Харин энэ жилийн гуравдугаар сарын байдлаар тус дүүрэгт шинээр ашиглалтад орж буй орон сууцын дундаж үнэ 4.58 сая төгрөг болж өсчээ. Монгол Улсын нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцад, орон сууцанд амьдардаг нь 29.4 хувийг эзэлж байгаа аж. Мөн 342 мянга 409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, тэдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна.
Шинээр орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд тулгарч буй хамгийн эхний асуудал нь байрны нэг ам.дөрвөлжин талбайн үнэ байдаг. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцын нэг ам.дөрвөлжин талбайн үнэ дунджаар 4.585 сая төгрөгийн ханштай байна. Тэгвэл Баянзүрх дүүрэгт 3.57 сая, Баянгол дүүрэгт 2.804 сая төгрөг байгаа аж.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын 1-2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар 570 мянган төгрөг байна хэмээсэн. Гэвч бодит байдал дээр нэг өрөө орон сууцын сарын түрээсийн үнэ 700 мянган төгрөгөөс эхэлж байна.
Нэг болон хоёр өрөө байрны үнэ хоёр жилийн өмнөх гуравдугаар сартай харьцуулахад нэлээд өссөн дүнтэй байна. Тухайлбал, нэг өрөө байрны түрээсийн үнэ 2020 оны гуравдугаар сарынхтай харьцуулахад 10 орчим хувиар өсчээ. Түүнчлэн 2018 онд нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 440 орчим мянга байжээ. Үндэсний статистикийн хороо танилцуулсанаар 10 хувиар өссөн гэж байгаа ч бодит байдал дээр 30 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )