Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгчийг хүлээн авч, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал солилцсон.
Энэ үеэр Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид Ерөнхийлөгчид хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зөв гэдэгт санал нэгдсэн. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан зургаан хүн улс орныхоо аюулгүй байдал, үндэсний бодлогын төлөө албан ёсоор нэгдсэнийг судлаачид болон улс төрийн хүрээнд талархалтай хүлээн авч байна. Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүнд, олон улсын хэмжээнд нөхцөл байдал таагүй байгаа. Нөгөө талаар Орос, Украины дайны нөхцөл байдал, хөрш орнуудын хил гаалийн асуудал чанга байхын хэрээр Монгол Улсад хүндхэн сорилт тулгарч буй. Үүнээс гадна дотоодын улс төрийн нөхцөл, популист улстөрчдийн харалган мэдэгдлээс үүдэж гадаад харилцаанд сөрөг нөлөөлөх, геополетикын асуудал гээд олон зүйл бий.
Тэгэхээр таван Ерөнхийлөгчийн урьд өмнө явуулж байсан, одоогийн Ерөнхийлөгчийн баримталж байгаа хар хайрцагны бодлого гэдэг юу юунаас үнэтэйгээс гадна тухайн онцлог шинжийг агуулж байгаа. Тэдний хувьд зарим нэг нь хэрэгжүүлж байсан бодлогынхоо үр дүнг хараагүй, зарим нь дутуу дулимаг орхисон, эсвэл бодож төлөвлөж байсан гээд маш олон зүйл байж таарна. Тэгэхээр энэ хүмүүсийн хар хайрцагны бодлого, өөрсдөд нь байгаа онцлог, билиг ухаан нь нэгдмэл санаанд хүрэх нь юу юунаас чухал. Тэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөр өөрийн арга барил, авьяас чадварын үндсэн дээр стратегиа зангидаж байсан нь ойлгомжтой. Энд л үндэсний аюулгүй байдал бий.
Тодотговол, анхны Ерөнхийлөгч П.Очирбат Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд зарлан мэдэгдсэнийг 1993 онд баталгаажуулсан. Тиймээс энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон гэж үздэг. Харин Н.Багабандийн хувьд зах зээлийн нийгмийн шилжилтийн ид үед буюу 1997-2001 онд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа шинэ тутам бууриа засаад байсан нийгмийн олон ургальч үзэл бодлыг төлөвшүүлэх, түүнийг үндэсний аюулгүй байдал талаас нь харсан бодлого барьсан. Үүгээрээ шинэ тутам үүссэн нийгмийг төлөвшихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Тэгвэл Н.Энхбаярын хувьд үндэсний соёлыг дэлгэрүүлэх, утга зохиол, урлаг соёлын салбарт үндэсний хэмжээний бодлого барин ажилласан. Үүгээрээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг утга зохиол, урлаг соёлоор дамжин бэхжүүлэх замаар ажилласан гэхэд болно. Энэ хэрээр утга, соёлын салбарт гарсан ахиц дэвшил байгааг ч дурдахгүй өнгөрч болохгүй.
Н.Энхбаярын халааг авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Монгол Улсад ардчилсан нийгмийг үүсгэн байгуулахад оролцсон 13 нөхрийн нэг учраас aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг боловсруулахад залуусын зүгээс тэргүүлж байв. Энэ утгаараа Ерөнхийлөгчөөр ажиллах найман жилийн хугацаанд хүний эрх, ардчилал, эрх чөлөөний төлөө ажилласан гэж үздэг. Үүнээс гадна түүнийг Монгол Улсын гадаад бодлогод анхаарал хандуулж ирсэн Ерөнхийлөгч хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Ази Европын чуулга уулзалт буюу АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулсан нь Монгол Улсын нэрийг гадаад ертөнцөд өргөх томоохон алхам болсон гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг байна. Мөнхүү үндэстний эв найрамдал, дотоодын аюулгүй байдлыг хангах тал дээр оновчтой бодлого явуулж байсан гэж үздэг. Тэгвэл саяхан Ерөнхийлөгчийн суудлаас буусан Х.Баттулгын хувьд одоо ч “Монгол ялна” гэсэн уриа лоозонгоо татан буулгаагүй намируулж явна. Энэ утгаараа тэр үндэсний үзлийг бий болгох, төлөвшүүлэх, уламжлалт арга барилыг хадгалах тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Ингэхдээ нийгэм, ард түмний амьдралд илүү ойр байх, түүнд оролцохыг хичээж ирсэн нь хэтэрхий аж ахуйн тал руугаа хандсан гэх мэтээр шүүмжлэлд өртдөг байв. Түүний хувьд гуравдагчдын орон зайд ямар нэгэн байдлаар оролцохыг хүсээгүй байж болох ч хойд, өмнөд хоёр хөрштэйгөө адил тэнцүү бодлого барьж ажиллахыг эрмэлзэж иржээ. Өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод анхаарч ажиллахаа тунхаглаж байсан дагуу юуны өмнө хойд өмнөд хөршийнхөө харилцааг шинэ шатанд гаргахын төлөө явж байгааг хаа хаанаа мэдэж буй. Үүнээс гадна тэр Ерөнхийлөгч болсон даруйд НҮБ-ын индэр дээрээс 2030 он хүртэл нэг тэрбум мод тарина гэдгээ тунхаглан зарласан дагуу өдгөө энэ ажил төлөвлөгөө ёсоор эхэлсэн. Хүн төрөлхтөн ногоон хөгжлийн төлөө явж байгаа энэ үед үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлэхээр олон улсын индэр дээр амлалт өгсөн хэрэг. Хамгийн гол нь үүгээрээ Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгаагаа тунхагласан явдал болсон. Тэгэхээр анхны Ерөнхийлөгчөөс эхлээд өдгөө ажиллаж байгаа зургаан Ерөнхийлөгчийн хар хайрцагны бодлого, ажлын арга барил, оюун бодол гээд олон зүйл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд нэгэн чухал стратеги болон хэрэгжих нь лавтай. Цаг цагтаа улсын хар хайрцагны бодлого барьж ирсэн үе үеийн Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнүүд нэгэн эв санаан дор нэгдэн, улс орныхоо төлөө бодлогоо зангидах болж байгаа нь сайны дохио биз ээ.
ЕРӨНХИЙ САЙДУУД ЕРӨНХИЙ САЙДАД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Өнгөрөгч 2021 оны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болж байв. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байхаар болж байсан юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн. Эдгээр Ерөнхий сайдууд ч бүгд Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан бөгөөд хар хайцагны бодлогод оролцох, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, аюулгүй байдлаас гадна өдөр тутмын гүйцэтгэх ажлыг тусгай бодлогоор ханган ажиллаж ирсэн хүмүүс. Эдгээр Ерөнхий сайдууд ч өөр өөрийн арга барил, авьяас чадвараар бодлого барьж ажилласан хүмүүс. Тухайлбал, шинэ тутам нийгэмд хөл тавьж ахуй цагт Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж ардчилсан нийгмийг тайван замаар цогцлоон бүтээхэд гар бие оролцож, шинэ бүтцээр ажиллах болсон Засгийн газарт нэгэн эд эс болж байсны хувьд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт чухал чухал бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүнийгээ өдгөө ч хэрэгжүүлж гүйцэтгэж яваа хүн.
Тэгвэл М.Энхсайхан банкны салбарт шинэчлэл хийх, улмаар эдийн засгийг зах зээлийн нийгэмд уялдуулах хэд хэдэн оновчтой шийдвэр гаргаж, түүнийг хөрсөн дээр амжилттай хэрэгжүүлсэн бол С.Баяр нийгэм, улс төрийн эгзэгтэй цагт “Стандарт бус” хэмээн нэрлэн, Засгийн газраа байгуулсан. Үүнээс улбаалан, улс төрийн гацаанд олон жил байсан Оюутолгой, Тавантолгой болон бусад уул уурхайн чиглэлийн олон гэрээ зурагдаж, амжилттай хэрэгжиж байна. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Оюутолгой, Тавантолгой гэх хоёр том орд газар төсвийн орлогын гол нурууг түшиж байгааг дуулгах хэрэгтэй. Энэ үйл хэргийг С.Батболд амжилттай хэрэгжүүлж байсан түүхтэй. Өдгөө нэр муутай байгаа ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулсан даруй шинэчлэлийн бодлого боловсруулж, улмаар олон улсын зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, олон аймгийг хатуу хучилттай замаар холбосон хүн. Улмаар нүүрсний экспорт хангалтгүйгээр гадна уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ бүхэлдээ унасан учраас эдийн засаг уруудаж, дөнгөж хоёр хувьд шүргэж байв. Энэ үед Ж.Эрдэнэбат хүндхэн Засгийн газар хүлээн авч, төрөл бүрийн арга хэрэглэсний нэг нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг оруулж ирснээр төсвийн сахилга батыг сайжруулах зэргээр ажиллаж байсан гээд үе үеийн Ерөнхий сайдуудад өөрийн арга туршлага, стратеги төлөвлөгөө бий учраас энэ зөвлөл ч цаг үеэ олсон зүйл гэдэгтэй хэн маргах билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Ter saihan montsgor balin hamariig ui bolgood hayachih ni ene ve. Ee mun tomoogui hunee ene oogii euugii.
ҮХСЭН АЦНЫХ НЬ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ. ЖОНХУУ ХОР НАЙРУУЛЖ ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ. ЗА ДАА БУСАД НЬ Ч ДЭЭРДЭЭД БАЙХ АМЬТАН АЛГА ДАА
Товчхондоо бол ажлаа хийж барахгүй болоодл хүч нэмжээ.