Нохой уруулыг нь сэтэртэл хазсан хүүхдийн зураг хэд хоногийн өмнө сошиалд тавигдав. Харваас нүд хальтирам тэрхүү зургийг үзсэн хүн бүр хазсан нохойг харааж, зүхэх. Бүр зарим нь энэ юу ч биш нохойд бариулаад амь насаараа хохирсон тохиолдол бишгүй гардаг тухай ч ярих. Тэдний нэг “Гэмтлийн эмнэлэг дээр хоёр сарын өмнө очиход хэдэн хүн бөөгнөрөөд хэцүү сууцгааж байсан. Яриагаар нь бол настай эмээг нь хажуу хашааных нь нохойнууд бариад бараг найдваргүй болгосон юм шиг байна билээ. Өнөө шөнөө давах болов уу гэж байсан.
Зургийг нь харуулаад энэнээс энэ хүртэл ханз татаад, эндээс нь зуугаад тэр хүртэл чирсэн байна гээд харуулж байсан. Харахад нүд хальтрам. Нүүр гэх юм үлдээгүй байсан. Нохойных нь эзэн гэх хүн нь манай ноход эрх амьтад өөр нохой дайрсан байх гэж эхэндээ мэлзэж хэлсэн юм шиг байна билээ. Гэтэл ойр хавийн дэлгүүрийн камер шүүтэл яалт ч үгүй тэр айлын нохойнууд эмээг зуугаад чирээд явчихсан нь бичигдэж. Харин дараа нь эзэн нь нохойнуудаа хооллоогүй удсан юмаа гэж хэргээ хүлээсэн юм билээ. Буудлагынхан ирээд нохойнуудыг нь буудсан бололтой” гэх зэргээр нохойтой холбоотой асуудлууд цааш хөврөх.
Та бүхэн санаж л байгаа байх. Одоогоос зургаан жилийн өмнө дөрөвхэн настай хүүг “Дундад Ази” үүлдрийн нохой хазаж, хүнд гэмтээсэн хэрэг гарч байсан даа. Хүү хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгээрээ нохойд хазуулсны улмаас шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтчилэн эзэнтэй болон эзэнгүй нохойд хазуулах тохиолдол цөөнгүй. Та бод доо, 2020 онд 3855 хүн нохойд хазуулсан. Үүний 37 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна. Аюул биш гэж үү.
М.ЧИНСАНАА: НОХОЙД ХҮҮХЭД, ХӨГШИД ИХЭЭР ХАЗУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа нохой устгалын талаар дараах мэдээллийг өгсөн юм.
-Нийслэлд нохой устгах ажил ямар тохиолдолд хийгддэг вэ?
-Нийслэлийн Захирагчийн ажлын алба энэ асуудлыг хариуцаад явдаг. Нийслэлийн хэмжээнд дүүрэг, хороодод золбин нохой, муурны тоо их. Үүний хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг. Ихэнх өртөж байгаа хүмүүс нь биеэ хамгаалах чадваргүй буюу хүүхэд, хөгшид байдаг. Тэд нохойд хазуулах нь элбэг. Иймээс “Нохой устгал” гэж яриад байгаа зүйлийг хийхээс өөр аргагүйд хүрдэг. Зайлшгүй шаардлагын улмаас ч гэж ойлгож болно. Түүнээс бус аль болох амьтны эрхийг хамгаалах, тэднийг устгана гэхээс илүүтэй зүй зрхистой харьцах, нэгдсэн бүртгэл системд оруулах нь чухал гэдгийг онцлох хэрэгтэй.
-Тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хуулийн төсөл яригдаж байгаа. Энэ тал дээр танай хэлтсээс ямар оролцоотой байна вэ?
-Гэрийн тэжээвэр амьтдын эрх болон эздэд нь холбогдох үүргийг дээрх хуулиар тодорхой зохицуулж өгч байгаа. Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын санаачилгаар энэ хуулийг өргөн мэдүүлээд хууль тогтоох байгууллагын түвшинд яригдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал. Манай хэлтсийн зүгээс тодорхой журам дээр санал хүсэлтээ оруулах, хамтран ажиллаад явж байна.
-Нохой устгахад зарцуулагддаг төсөв мөнгөний талаар тодруулахгүй юу?
-Төсөв мөнгөний хувьд урсгалаараа л явдаг. Хүндрэлтэй тал нь төсөв мөнгө нь хүрэхээ байсан, аж ахуй нэгж нь ч орохоо больсон. Ер нь энэ ажил их ярвигтай гэсэн юм.
Нохой устгалын асуудал тухайн дүүрэг хороодод харилцан адилгүй гэнэ. Тухайлбал, хотын захын алслагдмал хороодын гудамж талбайд тэнэмэл нохой, муур явах нь элбэг аж. Баянзүрх дүүргийн хэмжээнд л гэхэд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байна. Харин энэ жил эзэнгүй нохой, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.
НОХОЙД ХАЗУУЛАХАД ДУНДЖААР 284 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРЧ БАЙНА
Золбин нохой, муурны асуудал нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгааг хэлэхэд илүүц биз. Хэдхэн сарын өмнө золбин муур өлгийтэй хүүхдийн хамрыг идсэн гэх харамсалтай мэдээ гарсан. Энэ мэтчилэн иргэдийн дунд нохойнд хазуулах, мууранд маажуулах асуудал ихээр гарч байгаа нь үнэн.
Иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хэр авдаг талаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Өрхийн эмнэлгээс тодруулахад “Нохойд хазуулсан иргэд хааяа ирдэг. Тэд тариа яаралтай хийгээд өг гэдэг. Иргэдэд сонордуулахад, тэр тариаг өрхийн эмнэлгүүд дээр бус дүүргийн гэмтлийн тасгуудаар хийдэг. Тиймээс хүмүүс өрх рүү ирж цаг алдалгүйгээр дүүргийнхээ эмнэлэгт шууд хандах нь зүйтэй” гэсэн юм. Нохойд хазуулсан хүн нэг удаа тарилга хийлгэхэд 17-19 мянган төгрөгийн зардал гардаг аж. Гэхдээ энэ бол зөвхөн нэг удаагийн тарилгын үнэ. Харин эрүүл мэндийн зардал нь нэг хүнд дунджаар 284 мянган төгрөг болдог гэх судаогаа гарчээ. Энд нэг зүйлийг онцлоход хүний эрүүл мэнд хэзээ ч, юугаар ч нөхөж баршгүй зүйл. Гэтэл нохой, мууранд хазуулж, уруулаад насан туршийн эмгэгтэй, цаашлаад амь насаараа хохирч байна гэдэг байж боломгүй асуудал. Гэтэл өдгөө манай улсад ганцхан жилийн дотор 3800 гаруй хүн нохойд хазуулж байна.
АНХААР: ЭЗЭНГҮЙ МУУР, НОХОЙН ТОО 320 МЯНГАД ХҮРЭЭД БАЙНА
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг гэнэ. Албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг байна. Дахин нэг баримт сөхье. Өдгөө нийт орон сууцанд амьдардаг 12 айлын нэг нь нохой, муур тэжээдэг. Харин гэр хорооллын айлын 30 гаруй хувь нь нохой, муур тэжээдэг гэх дүн мэдээ байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн 50 хувь нь нохойндоо вакцин хийлгэдэггүй бол, гэр хорооллын иргэдийн 77 хувь нь мөн л нохойндоо вакцин болон туулга хийлгэдэггүй аж. Цаашлаад нохойныхоо үржлийг иргэдийн 88 хувь нь хаалгадаггүй. Үүний үр дагавар нь Улаанбаатар хотод эзэнгүй 320 гаруй мянган нохой, муур буй болоход хүргэсэн юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар заслага, спэй хийлгээгүй эр, эм нохой таван жилийн хугацаанд 96 мянга болж өсдөг. Харин заслага, спэй хийлгээгүй эр, эм муур таван жилийн хугацаанд 420 мянга болж өсдөг гэнэ.
НОХОЙ, МУУРЫН УСТГАЛД 1.2-1.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Улсын төсвөөс нэг муурыг устгахад 12 мянган төгрөгийн төсөв төсөвлөдөг гэнэ Нохойд ч мөн ялгаагүй тэр багцааны зардал төсөвлөдөг аж. Хэдэн зуун мянгаараа тоологдох тэр их амьтдыг зэрлэг аргаар буудаж тэмцэж байгаа нь өнөө цагт хэтэрхий мунхаг үйлдэл ч гэж хэлж болох. Гэвч иргэдийн аюулгүй байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр үүнийг хийхээс өөр арга байхгүй тухай албаныхан учирлаж байна. Багцаа тоогоор нийслэлд жилдээ 1.2-1.8 тэрбум төгрөг муур, нохойн устгалд зарцуулагддаг гэх. Зөвхөн устгаад зогсохгүй сэг зэмийг нь бүрэн устгахад 130 сая төгрөг зарцуулдаг гэх тоо ч байна. Хэрвээ тэр их сэг зэмийг устгаж чадахгүй бол хөрсний бохирдлыг маш аюултай төвшинд аваачдаг аж. Зөвхөн Улаанбаатар хотод 80-100 мянган нохойг буудаж хогийн цэг дээр булдаг. Тэнд ямар ч өвчтэй нохой, буудуулсан байж болно. Тэр сэг зэм ялзарч , өмхийрч байгаа. Харин бид тэр агаараар амьсгалж байна. Энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотой. Энэ бүхнээс дүгнээд үзвэл, нохой, муурны асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлага үүссэнийг илтгэж буй юм.
Б.АЛТАНСҮХ: НОХОЙГ БАГААС НЬ ХУШУУВЧ ЗҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ
“Жонон” мал эмнэлгийн захирал малын их эмч Б.Алтансүхтэй уулзлаа. Нохой, мууртай холбоотой дээр дурдсан бүх асуудлын үндэс нь иргэдийн хариуцлаггүй, хайнга байдалтай шууд холбоотой юм. Хэрвээ иргэд тэжээвэр амьтадтайгаа зүй зохистой харьцаж, эмнэлгийн зөв тусламж авч заншвал өнөөгийнх шиг асуудал үүсэхгүй.
-Танай эмнэлэгт иргэд ихэвчлэн ямар амьтан үзүүлдэг вэ?
-Манай мал эмнэлгийн хувьд нохой, муур, адуугаар дагнан үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед гэрийн тэжээмэл усан гахай, туулай зэрэг амьтдаа үзүүлэхээр хүмүүс их ирдэг болсон.
-Амьтдын дунд ямар өвчлөл их байна вэ?
-Манайд үйлчлүүлдэг муур, нохойнд ихэвчлэн тохиолддог өвчнийг дурдвал гэдэсний халдвар, ханиад болон энгийн хордлогод орсон амьтад ирдэг. Сүүлийн үед арьсны өвчлөл их нэмэгдэж байна. Тухайн амьтны биеийн дархлаанаас болоод өвчний хүндрэлээс хамаарч эдгэрэх хугацаа болоод хүндрэх шатлал өөр, өөр байдаг. Хавар цаг ирсэнтэй холбоотой хүний дархлаа унадагтай адил мал амьтны ч гэсэн дархлаа сулардаг. Ийм учраас амьтны биеийн дархлааг ч гэсэн дэмжих хэрэгтэй. Энэ өвчнүүдээс хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах нь зөв.
-Өвдсөн амьтанд ямар шинж илэрдэг вэ?
-Хоолонд дургүй болох, шингэн ялгадас гаргах, нурмайж хэвтэх, ханиах, үс унах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мал эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Гадуур эзэнгүй муур, нохой их болсон. Танай эмнэлгийн хувьд үржлийг зогсоох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Муур, нохойнхоо эрүүл мэндийн төлөө хийх хамгийн гол шийдвэрүүдийн нэг бол яах аргагүй үржил хаах мэс засал хийлгэх юм. Манай эмнэлгийн хувьд эм муур, нохойн үржлийг зогсоохын тулд “Спэй” хийж байна. Энэ нь эм амьтны савыг мэс ажилбараар авах арга юм. Савыг авна гэдэг насан туршдаа үргүй болно гэсэн үг. Энэ ажилбарыг нохойг 3-4 сараас хойш хийнэ. Харин муурын тухайд 5-6 сартайгаас хойш хийж болдог.
-Та амьтантай хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгөөч?
-Гэрийн тэжээмэл, тэнэмэл гээд бүх амьтан нэгэн адил зүрхтэй, харилцан ойлгох чадвартай байдаг. Харин хүн ялгаварлан харилцдагаас болоод зан байдлын хувьд өөрчлөлт гардаг. Хүмүүс зөв харилцаагүй байж миний үгээр сурахгүй, цаашлаад хүн гэмтээгээд байна гэж ярих нь элбэг тохиолддог. Араатан амьтантай ч гэсэн хүмүүс хүүхэдтэйгээ харилцаж буй мэтээр хандаж чадвал зөөлөн, үгэнд ордог, хүний хэл ойлгодог зэрэг хүссэнээрээ төлөвшүүлж болно. Харин хүмүүс нохойг уячихаад хоол шидэж өгөөд тийм л байх ёстой гэх буруу бодлоор хандаад зэрлэгшүүлчихдэг. Нохой тэжээгчид аль болох багаас нь хушуувч, хөтөлгөөг зүүлгэх хэрэгтэй. Харин багаасаа сураагүй нохойд хушуувч зүүлгэвэл удаан сурдаг, уцаар их болдог учир эзэн нь залхаад хаячихдаг. Тэжээмэл нохойнд хушуувч, хөтөлгөө зүүх нь эзний үүрэг юм. Яагаад гэвэл манай оронд амьтанд зориулсан орчин гэж байдаггүй. Хүн явдаг газраар салхилуулдаг учир байнга хэрэглэх нь зүйтэй.
БУСАД УЛСААС ҮЛГЭР ЖИШЭЭ АВЪЯ
Нохой, муурны асуудал хэн нэгэн амьтанд хайртай хүний эсвэл хазуулж, уруулсан нэгний санаа зовних зүйл бус нийгмийн хэмжээний хөндөх сэдэв гэдэг нь дээр дурдсан бүхнээс харагдаж байна. Өдгөө гадуур янз, бүрийн нохой хөтөлсөн хүмүүс цөөнгүй таардаг.Тэдний нохдын зарим нь хөтөлгөөтэй яваа хэрнээ хүн рүү дайрах ч тохиолдол олон. Эхнээсаа энэ тэнд айлын хүүхэд хазаж гэмтээсэн тохиолдол ч гарсаар байна. Тэгвэл энэ асуудлыг одоо цэгцлэх цаг болжээ. Бусдад аюулгүй байдлаар салхилуулах, хушуувч хамгаалалтын хэрэгслээр нь хангах, цаашлаад амьтны эрхийг хүндэтгэх гээд маш их зохицуулалт үгүйлэгдэж байна. Өмнөд Солонгос, манай хойд хөршөөс эхлээд дэлхийн олон улс оронд энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байна.
Тэднээс үлгэр дууриал авъя. Жишээ нь, ОХУ хоёр жилийн өмнө баталсан шинэ хуулиараа замын хөдөлгөөний бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн газрууд, амралт зугаалгын газар, тоглоомын талбай болон спортын талбайд тэжээвэр амьтдыг сул чөлөөтэй, хараа хяналтгүйгээр явуулахыг хоригложээ. Мөн дээрх газруудад гэрийн тэжээвэр амьтдын үлдээсэн хог хаягдлыг эзэд нь цэвэрлэх үүрэгтэй аж. Харин хотын захиргааны эрх мэдэлтнүүд энэ хуулийн хүрээнд тусгай бүсүүдэд амьтдыг нэвтрүүлэхийг хориглох эрхтэй болсон байна.Үүний зэрэгцээ алдагдсан амьтдыг олсон тохиолдолд камерт бичиж, тэдний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг хүн бүр хүлээх болжээ.
НОХОЙ ТАНЬ БУСДЫГ УРСАН БОЛ ТА ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
Айлын нохойд хазуулж гэмтэх явдал иргэдийн дунд түгээмэл гардаг ч ихэнх тохиолдолд тухайн нохойн эзэн хохирогчид эм тариа авч өгөх, эсхүл эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгч зохицдог. Гэвч зарим нохойн эзэн манай нохой өөрийг чинь хазсан нь миний буруу биш, яах гэж нохой уурлуулсан юм, нэг их сүртэй хазаагүй байна гэх зэргээр хохирол нөхөн төлөхөөс татгалзах нь бий. Тэгвэл энэ тохиолдолд одоогийн байдлаар ямар хуулийн зохицуулалт хийж буй талаар судалж үзлээ.
Хуульчдын зөвлөж буйгаар хэрэв таны нохойд хазуулсан хүн цагдаад гомдол гаргавал та тухайн хүний хохирлыг барагдуулахаас гадна хариуцлага хүлээдэг болохыг анхааруулсан юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж. Иймийн тул хэрэв таны нохой бусдыг хазаж, гэмтээсэн бол даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
bi bol haluun dulaan uur barij ugnu
Савыг нь авна гэхээр бүр ч харгис юм даа.
МАШ ЧУХАЛ СЭДВИЙГ ХӨНДЖЭЭ.
Энэ дааж давшгүй их мөнгөөрөө хороо , дүүргээр нь нохой, муурандаа үржил хаалгах мэс засал эмд нь спей. Эрд нь заслага хийлгээд л дор үр дүнд хүрнэ ш дээ. Ёстой сонин юмаа буудахаар мөнгө цохидог л юм байх даа. Муур , гөлгийг буудахгүй тамлаж алдаг гэсэн 30000 р тамлаж байхаар унтуулчихаач дээ. Мань шиг юмнаас л дор байгаад байх юм.Австрали гэх мэт улс хуультай гудманд ядарсан амьтан үзэгддэггүй.
Хошуувч