Монгол түмэндээ “фронт” хэмээн алдаршиж хилийн чанадад ч нэр алдар нь түгсэн эдүгээ 100 насны босгыг алхсан эгэлхэн мөртлөө амьдралын эгэлгүй түүх туулсан С.Цэгмид гуайтай ярилцав. Эдүгээ Дундговийн Сайхан-Овоо сумын Найз багийн Босго хондод суманд аж төрж буй “фронт” эмээтэй хууч хөөрч, тэртээ 80 жилийн өмнөх алтан түүхийг эргэн сөхлөө.
-“Фронт” эмээ маань ялалтын баяр гээд сэтгэл догдлоод л сууж байна уу?
-Ээ, төрийн минь сүлд гэж, сэтгэл хөдлөлгүй яахав, Зөвлөлт нөхдийн маань асар их хүчин чармайлтаар дэлхий даяар том аюулыг зайлуулж чадсан. Бид тэр сайхан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй.
-Та энэ жил нас сүүдэр хэд хүрч байна даа?
-Миний насыг янз бүрээр л бичих юм. Би чинь Ардын хувьсгалаас хоёр дүү, одоо 100 хүрлээ дээ. Би 1923 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн шүү дээ. Цэл залуухан 18-хан насандаа Зөвлөлт улсад Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явж байлаа.
-Таныг анх Зөвлөлтөд бэлэг хүргэх Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яаж сонгосон бэ?
-Х.Чойбалсан дарга л хамгийн шилдэг, тэргүүний гэсэн хүмүүсийг өөрөө цохож хүмүүс нь бас давхар үзэж шалгаж авсан гэнэ лээ.
Тэгээд 18 аймгийн 15 аймгаас нь төлөөлөгч, Төв, Сүхбаатар, Завхан аймгуудаас яваагүй юм. Би чинь хар багаасаа мал малласан анхны улсын аварга малчин, энгэртээ одон зүүчихсэн лут хүн байлаа шүү дээ. Дундговиос цохож оруулсан байх.
-Анх фронт руу явах тухай сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр үед чинь дайн гээд л дээр дооргүй шуугиад би ч учрыг нь мэдсэн юм байхгүй ээждээ явах тухай хэлсэн чинь ээж маань “ Ээ буруу хойшоо гэж тэр дайн дажинтай газар руу ийм жаахан амьтан явж яаж чаддаг юм, би хүүхнээ явуулахгүй, ерөөсөө дарга нартай уулзана” гээд хамт сум орсон. Сумын хүний их эмч Цэнд-Аюуштай таараад “Та юу ярьж байгаа юм, ганцаараа явах гэж байгаа биш олуулаа явна, ямар байлдах гэж байгаа биш харин ч хамгийн аз завшаантай, буянтай хүн байна, зүгээр л явуул Сүрэнхорлоо гуай минь” гэж Жадамбаа дарга “Бушуу хот руу яв” гэж шаардсанд ээж минь хэчнээн дургүй ч явуулж билээ.
Сумын захиргаанаас “Саадгүй хурдан явуул” гэсэн ногоон зар шийтгүүлж аваад аймаг хүртэл мориор хэдэн өртөө яваад тэндээсээ арай гэж машин олж суугаад хот орж байсан даа. Тэр үед унаа олдохгүй хаа нэг бэлгийн мах, арьс шир, бараа дүүрэн зайгүй ачсан ЗИС-5 машин л таарна. Хотод байрлаж байтал Оёдлын үйлдвэр бид нарт хурган дотортой, сэгсүүргэн дээл, савхи гээд 2-3 ээлжийн ганган хувцас оёж өгсөн юмдаг. Арваннэгдүгээр сарын 26-нд /1942 он/ Улаанбаатараас үдэж өгсөн өдрийг ердөө ч мартдаггүй. Аймгуудаас ирсэн бүх төлөөлөгчид хөх Паз автобусаар хоолтой, хоолгүй явсаар Цагаан-Овоогийн дамжлага баазаар дамжин зуур хонон Наушка өртөөнөөс галт тэргээр ес хоног явж Москвад нь хүрсэн дээ.
-Фронтод очоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Бид Москвад тав хоночихоод бэлгээ хувааж аваад дөрвөн тийшээ явсан. Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Сталинградын фронт руу, жинхэнэ ширүүн дайнтай Свердловскийн фронт руу Сүрэнжав дарга тэргүүтэй Өвөрхангайн Жадамбаа, Ховдын Занаа, майор Одсүрэн бидний долоо, найман хүн очсон. Арванхоёрдугаар сарын дундуур өвлийн ид хүйтэнд төмөр орон дээр сүрэл дэвсэж унтчихаад л долоо хоног бэлгээ тараасан. Толгой дээгүүр их бууны сум шунгинаад бас л эвгүй. Бид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийг нэг бүрчлэн гардуулсан. Дарга нар нь байлдааны завсар чөлөөгөөр нь цэргүүдийг салаа, салаагаар нь бидний нуувчинд оруулж нэхий, савхин дээл, шинель, төрөл бүрийн гутал, бээлийгээр яаруу сандруу хувцаслаад л гаргана. Тэр хүйтэнд зарим орос цэргүүд уранхай шинель, уранхай бакаалтай явсныг хараад өрөвдсөн шүү. Бэлэг авсан цэргүүд их л баярлаж байлаа.
-Та фронтод зүгээр ч нэг бэлэг тараагаагүй байлдаад амжсан гэдэг байх аа?
-Сүрэнжав дарга л “Бид зөвхөн бэлэг хүргээд буцахгүй дайнд гар бие оролцъё” гэсэн санал гаргаж, бидний нөхөд бэлгээ тараачихаад Москва буцахын урд өдөр их бууны ангид аваачсан юм. Оросууд бидэнд 32 сум гардаг дугуй ленттэй автомат буу үүрүүлээд нэгэн тосгон руу явуулж буудуулсан, германчууд эзэлсэн, одоо чөлөөлөгдлөө л гэсэн. Дараа нь Сүрэнжав даргын санаачилгаар их бууны ангид очсон. Их буу жигтэйхэн чихний хэнгэрэг хагалам дуутай. Их буугаар хэрхэн яаж буудахыг зааж өгч сумыг нь бууныхаа бөгс рүү хийгээд хүчтэй дугтрахаар сум нь гараад явчихдаг л гэлээ. Сүрэнжав дарга Монголын ард түмнээ төлөөлж би дугтарна, Одсүрэн Монгол цэргийн төлөөлөгчийн хувиар, Цэгмид эмэгтэйчүүд, эвлэлийн гишүүдээ төлөөлж дугтар л гэсэн. Их бууны сумыг хоолой руу нь түлхэж оруулчихаад “раз, два, три” гэхээр нь дугтраад л орхисон. Их бууны сум яваад л өглөө. Бид оройн долоон цагт буудсан. Өглөө нуувчныхаа үүдэнд гар нүүрээ угаагаад зогсож байтал сонин барьсан хүн хүрч ирсэн. “Монголын гурван төлөөлөгчийн буудсан их бууны сум 32 герман цэрэг, дөрвөн их буу сөнөөжээ” гээд сонинд хэвлэгдсэн. Гэмтэйг нь алсан юм уу, гэмгүйг нь алсан юм уу, бүү мэд.
-Тухайн үед байлдааны онгоцоор ниссэн гэдэг бил үү?
-Тийм шүү. Фронтод байх үеэр надтай нас чацуу 19 настай Носов / ЗХУ-ын баатар Носов Виктор Петрович. Нисгэгч,дэслэгч 1923 оны гуравдугаар сарын 26-нд ЗХУ-ын Ульяновскийн Сенгил хотод төрсөн, 1945 оны хоёрдугаар сарын 13-нд Балтийн тэнгисийн орчимд байлдааны даалгавар биелүүлж яваад онгоцтойгоо дайсны суманд оногдож галд өртөхөд онгоцоо дайсны зэвсэг тээвэрлэж явсан хөлөг дээр унаган дэлбэлж амь үрэгдсэн. П.В.Носовын сурч байсан сургуулийг нь нэрэмжит болгон хүрэл хөшөөг нь босгож 1998 онд ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ/ гэж нүдэнд дулаахан хүү шумбадаг онгоцоор германуудыг бөмбөгдөж олон дайсан устгасан гэж одон тэмдгийг олгосон юм билээ. Тэгэхэд манай дарга нар “Цэгмид 18 настайдаа Монгол Улсынхаа анхны аварга малчин болсон, 19 настай орос Носов байлдааны талбарт баатар боллоо, чацуутнууд хамтдаа зургаа авахуулж бэлэг, дурсгал солилц” гэснээр Носов надад жижигхэн хуйтай эрээн хутга бэлэглэж би хариуд нь өгөх юм олддоггүй аяганы уутаа бэлэглэж билээ. /Сэтгэл нь ихэд хөөрч эцэст нь уртаар санаа алдав/. Тэгээд бид хоёр хоёулхнаа ИЛ-12 байлдааны онгоцоор фронт дээгүүр цаг шахам ниссэн. Их л сонин сайхан санагдаж, хэл усаа мэдэхгүй дохио зангаагаар л ойлголцож байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. /инээв/ Маргааш нь тааралдах болов уу гэсэн дахиж уулзалдаагүй. Бодвол нөгөө дайндаа яваа биз.
-Носовтойгоо дахиж холбоо барьсан уу?
-Үгүй ээ. Носов гэснээс 1973 онд Оросоос төлөөлөгчид ирж надад “Гварди” медаль гардуулахад Филатов гэдэг хүн “1942 онд би 16 настай фронтод таны гараас бэлэг авч иж бүрэн хувцаслуулаад гарснаа огт мартдаггүй” гэж хэлж байсан. Би тэдний дундаас Носовыг хайж билээ. Фронтод уулзсанаас хойш Носовоос нэг ч хэл чимээ гараагүй, захиа бичих болов уу гэж их хүлээсэн. Биднийг очсоноос хойш сүрхий байлдаан болсон гэсэн тэрэнд л амь үрэгдсэн байх, хөөрхий. Амьд мэнд байдаг бол нэг уулзалдах юмсан.
Жич: С.Цэгмид эмээ Носовыг амь үрэгдсэн гэдгийг сонсоогүй бөгөөд амьд мэнд хаа нэгтэйгээс хүрээд ирэх вий гэсэн итгэл тээдэг нь Эрхүү хотод эх орны дайны 70 жилийн үйл ажиллагаанд оролцох үеэр мэдэгдэж байлаа. Носов маань надтай чацуу, энэ орос шиг л байсандаа хэмээн тэрүүгээр явах хүнийг адилтган харахад нь зүрх шимширч, сэтгэл өмөрч, хараалт хар дайн сая сая хүмүүсийг хагацалд учруулсныг харамсан бодож байлаа.
-Сталинтай хэзээ нь яаж уулзав даа?
-Монголоос очсон төлөөлөгчид гурван сар шахуу болсон. 1943 оны шинэ жилийг Москвад угтсан. Явах болоогүй ээ л гэсэн. Тэгэхнээ өнөө Сталинтайгаа уулзах гэж хүлээгээд л. 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өглөө Сүрэнжав дарга “Өнөөдөр нөхөр Сталин биднийг Кремльд хүлээж авна, нөгөө нимгэн дээл хромон гутлаа өмсөөрэй” л гэлээ. Бид нар тэр хувцсаа огт өмсөөгүй шинээр нь л хадгалж байсан. Ингээд Кремльд очтол биднийг нэг салхи шиг юмаар үлээлгээд дотогш нь оруулсан, бодвол ариутгаж цэвэрлэсэн нь тэр. Ороод зогсож байтал хэдэн хүн л ирлээ дээ, харах нь ээ Сталин бүгдтэй нь гар барьж мэндэлсэн.
Тэгээд нэг их том өрөө рүү орсонд жигтэйхэн их идээ ундаа, хоолоор ширээ засаад бидний нэрийг нэг бүрчлэн бичээд тавьчихсан байж билээ. Сталин “Ядрах цагт нөхрийн чанар танигддаг. Монголыг Япон дайраад хүнд байх үед нь бид тус болж байсан бол Германчууд итгэл эвдэн гэнэт довтолсон энэ хүнд хэцүү цагт та бүхэн холоос ирж их хэмжээний хоол хүнс, хувцас, зэр зэвсэг бүхэл бүтэн танкийн цуваагаар тусаллаа. Манай хоёр орны найрамдалт харилцаа энэ дайнд ялахад туйлын чухал шүү” гэж хэлэн хүн болгонтой хундага тулгаж хариуд нь Чойбалсан, Бумцэнд гуай нар Монголын Цусан гавъяаны одонгоор Сталин, Жуков, Калинин нарыг шагнасан. Залуу халуун насандаа дайны фронтод биеэрээ очиж бас ч үгүй дайнд оролцсон минь сэтгэлээс минь хэзээ ч мартагддаггүй. Тэр үед Монголын ард түмэн “Бүхнийг фронтод” уриатайгаар нойр хоолгүй зүтгэн аймаг, сум, бага, айлууд фронтод бүхнээ л бэлэглэж дайнд Монголоос оролцоогүй хүн гэж байхгүй ээ.
-Фронтоос ирэхэд тань хэрхэн угтаж авсан бэ?
-Өө сүртэй угтаж авсан. Фронтоос ирсний дараа хотод ч, аймаг суманд ч сүрхий хүлээн авч яриа таниулга хийлгэдэг байсан. 1943 онд фронтод агт бэлтгэх ажилд дайчлагдан хажуугаар нь өнөө л яриа таниулгаа орхиогүй. Фронтоос ирснийхээ дараа би хувиасаа 1000 төгрөг, нэг морь, таван хонь хандивласан. Чөдрийн ганцыгаа бэлэглэсэн.
-Та ч тэр үедээ одоогийнхоор бол нийгмийн идэвхтэй эмэгтэй байжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Тэр үед чинь хар залуугаараа улсын сайн малчин болчихсон, том одон тэмдэг зүүчихсэн, төр засгийн томчуудтай фронт яваад үзчихсэн, хэлэмгий доломгой, үг хэлвэл донжийг нь олоод хэлчихдэг л байлаа шүү дээ /инээв/. Цэгмид л гэнэ, Цэгмидгүй хурал цуглаан байдаггүй, сум, аймаг, улсын олон ч хурал зөвлөгөөнд, гадаад дотоодод явсаан, төрийнхөө хайр хишгийг мөн ч их хүртсээн. Би ч малаа сайн малласан. Дэлгэрхангай суманд ”Өөрийгөө хамгаалах ардын сайн дурын морьт отрядад орж, бэлтгэл сургуулилт хийн 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн морин парадад морьт отрядын шомбойсон малгай, цэгээн торгон дээл өмсөөд, япон винтов үүрч, сэлэм зүүгээд, сайхан сайвар халтар морь уначихаад 100-гаад эмэгтэй командалж явлаа шүү дээ. / Ийнхүү ярихдаа сэтгэл нь ихэд хөдөлж залуу насаа харж байх шиг санагдлаа/. Улсын сайн малчдын нэг, хоёр, гуравдугаар зөвлөгөөн, Монголын эмэгтэй¬чүүдийн дөрөв, тавдугаар их хурлуудад төлөөлөгчөөр оролцож явлаа. 17 жил тэмээ маллахдаа нэгдэлд 1000-аад ботго бойжуулж өгсөн. 1962 оны сүрхий зуднаар ихэнх айл малаа алдахад манайх 40 ботго гэртээ хийж амьд мэнд авч үлдэж байлаа.
-Фронт Цэгмид гэх алдрыг хэн хайрлав?
-Дундговийн Адаацаг сумын Зандраа¬байды, сүүлхэн Соёлын гавъяат болсон зохиолч л миний дугуй малгайтай зурагтай “Фронт Цэгмид” гэсэн лут юм бичээд төвийн сонинд тавьснаас хойш л хаа ч явсан “Фронт Цэгмид” гэх болсондоо. Ингэж дуудуулахад сайхан л байдаг юм. Олон түмний өгсөн сайхан алдар шүү дээ. Их газар явж түүхэн том үйл явдлыг нүдээрээ үзэж биеэрээ оролцож олон түмний хайр хүндэтгэл хүлээж яваагаа их хувь заяа гэж боддог доо.
Ташрамд дурдахад, С.Цэгмид эмээ 18-хан настайдаа Х.Чойбалсангийн гараас Улсын сайн малчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авч байснаасаа хойш Монгол, Оросын одон медалиудаар энгэрээ дүүргэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, 98 настай С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан билээ. ОХУ-ын төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г ОХУ-ын иргэд, мөн гадаад улс орны иргэдэд Энх тайван, найрамдал, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж гардуулдаг. Энэхүү одонг нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд тэдний дунд 13 орны (ТУХН-ийг эс тооцвол) 40 иргэн байдаг аж. Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнаж Батлан хамгаалах яамны төлөөлөл нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.
Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзэн 1942 оны нэгдүгээр сард хуралдсан. БНМАУ-ын 25 дугаар Бага Хурлаас ”Хувьсгалт Монгол Улс” нэртэй танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуримтлуулахыг Засгийн газарт даалгасан тогтоол гаргаж улмаар танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж, 1943 оны нэгдүгээр сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг хүргэн очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол Улс” хэмээн бичиж, харин дээд захаар нь “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын сэхээт¬нээс”, “Партизануудаас”, “Албан хаагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “Ардын цэргээс”, “Чекистүүдээс”, “Үйлдвэрчний эвлэ¬лээс”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүү¬дээс”, “Аж үйлдвэрийн комбина¬тын ажилчдаас”, “Уурхайчдаас”, “Ардын гэгээр¬лийн ажилтнаас”, “Эмнэлгийн ажилтнаас”, “Хилчдээс”, “Гар үйлдвэрийн хоршооллоос”, “Сайн дурын морьт отрядаас”, “Сангийн аж ахуй, өвс хадлангийн машинт станцын ажилчдаас”, “Сурагч пионеруудаас”, “Уран сайхны ажилтнуудаас”, “Бүх арван найман аймгийн ардуудаас тус бүр”, “Зөвлөлтийн харьяат нараас”, “Монголд суугаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс” гэж бичсэн байв. Танкуудыг экипаж бүрд нь нэг бүрчлэн хүлээлгэн өгөхөд төлөөлөгчдийн гишүүд бүгд байж, малчдын танкийг Монгол улсын сайн малчин С.Цэгмид биечлэн гардуулжээ.
Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд Монголын ард түмнээс нийт зургаан удаагийн тусламж цуваагаар хүргэжээ. С.Цэгмид гуайн бүрэлдэхүүнд нь багтсан 1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн гурав дахь цувааг мөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн ахалсан нам, улс олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, аж үйлдвэр, соёл шинжлэх ухааны ажилчин, ажилтан 40-өөд хүнтэй баг хүргэжээ.
Монголын ард түмний чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн нийт 236 вагон тэрхүү бэлгийн зүйлст богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011, дах 3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай) 2575 хос, эмнэлгийн шаахай 7158 хос, казах эмээл 600, мах 316 тонн, зээр 26758 ширхэг, тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, эдийн саван 50600 кг, савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын савхин гутал З00 хос, цаначны малгай 900, цагаан архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэг 127 авдар, хувийн бэлэг 22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ. Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг. Энэхүү цуваа нь дайны үед явуулсан цуваануудын дотроос томоохонд орох бөгөөд Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар толгойлуулсан дөрвөн хэсэгт хуваан Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтод гардуулан өгчээ.
Харлага овгийн ЖАНЛАВЫН МӨНХТӨР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Монголчууд хамаг байдгаа л фронтод хандивлаж байсан, даанч тэр сэтгэлийг нь одоогийн шинэ орсууд нээх юманд бододгүй тоодгүй. Ингэж ярьж сануулж баримтжуулж л байх хэрэгтэй.
Энэ ч арай худлаа байх аа
Цэгмэд гуайтай найрамдлын ажлаар олон жил\nийн өмнө танилцаж Ялалтын баярын үеэр Оросын ЭСЯ дээр уулзаж хэлж ярьсан зүйлийг нь сонсож орчуулж явлаа.Энэ хүн бол Эх орны дайны талбарт очиж бэлэг хүргэхийн зэрэгцээ байлдаанд оролцрж явсан түүхэн гавьтай хүн.100 насыг зооглож байгха гэхэд эрүүл саруул,хэл яриа цэгцтэй,олон жилийн өмнө болсон үйл явдлыг тод санаж байгаа нь гайхамшиг юм.Би Цэгмэд гуайтайгаа уулзах тоолондоо биширч явдаг юм.Цэгмэд гуайдаа ялалтын баярын мэнл хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! О дооны Орос,Украйны хооронд болж байгаа үйл явдөл Цэгмэд гуайтай огт хамаагүй
одооны зарим залуус үнэхээр боловсролгүй хүмүүжилгүй дебиль болжээ._ аливаа юманд симболические ёслолын яриа байдаг юм мэдээж төлөөлгчдийг дайсантай халз буудалцуулах гэж байхгүй дайсны зүгрүү сум тавьж ээ.энэ дор бичсэн641192679-н нөхөр үнэхээр ”хуц” л юм байна маш цэгцтэй ярьсан яриаг ойлгох чадваргүй мулгуу нөхөр юм бид тулалдсан гэсэн үг байхгүй шүү
одооны зарим залуус үнэхээр боловсролгүй хүмүүжилгүй дебиль болжээ._ аливаа юманд симболические ёслолын яриа байдаг юм мэдээж төлөөлгчдийг дайсантай халз буудалцуулах гэж байхгүй дайсны зүгрүү сум тавьж ээ.энэ дор бичсэн641192679-н нөхөр үнэхээр ”хуц” л юм байна маш цэгцтэй ярьсан яриаг ойлгох чадваргүй мулгуу нөхөр юм бид тулалдсан гэсэн үг байхгүй шүү
Хамт байлдаж, чин сэтгэлээсээ бүхнийг фронтод зориулж явжээ, даанч туслуулж байсан орос чинь 21 дүгээр зуунд фашист орос болчихсоон, хамтдаа дайны хүнд бэрх зовлонг туулсан язгуур үндэс нэгтэй хөрш орон луугаа дайн хийж алж устгаж байдаг, түүхийн тохуурхал гэж энэ юм даа.
хаха ёооё
Эмээ одоо бүр фронтод тулалдаж байсан гэцэн тууж явна. Ха ха ха