Монголыг сэрээсэн АРДЧИЛЛЫН САЛХИ С.Зориг

2022 оны 05 сарын 18

Япон улсын зохиолч Кудо Миёкогийн 1990 онд бичсэн энэхүү ном нь тухайн үеийн ардчилсан хувьсгалын үеийн Монгол Улсын талаарх түүхэн баримт болж чадахуйц бодит байдлыг сурвалжлан бичсэн баримтат зохиол юм. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 2020 онд монгол хэлнээ орчуулагдаж, уншигчдын гарт хүржээ.

Зохиолч Кудо Миёко нь 1950 онд Токио хотод төрж, Чехословакт их сургуульд сурж, улмаар 1973 онд Канад улсад шилжин амьдарсан баримтат зохиолч юм. "Хуурамч хотын хуурамч эмс", "Фүтаяама бол ээжийн хүү", "Эмэгтэй харах нүдтэй болои үеэр", "Канадын зугаа цэнгэлийн оройд орсон цас" зэрэг бүтээл туурвисан.

Уг бүтээл нь ихээхэн шинэлэг болоод уйдаамгүй. Учир нь зохиолч өөрийн өнцгөөс бүхий л зүйлсийг бичсэн нь хэн нэгний нууц эсвэл бодол руу гулган орж буй мэт. Номыг унших бүхий л явцад япон сэтгүүлч болон хувирч, өнгөрсөн үе рүү цаг хугацаагаар аялах шиг санагдана. Ардчиллыг авч ирсэн С.Зориг гуайг бүгд мэдэх хэдий ч ямаршуу хүн байсныг төдийлөн төсөөлдөггүй байв. Хэрэв би тэр үед байсан бол, ардчиллын хөдөлгөөнд оролцох байсан болов уу. Өнөөдрийн энэ их боломжийг тэр үед мөрөөдөх байсан болов уу. Би хариулж мэдэхгүй.

Гэхдээ тэр үеийн нийгэм, эсвэл үйл явдлаас илүүтэйгээр арван жилийн түүхийн хичээл үзсэн надад С.Зориг яг ямар хүн бэ гэж бодогддог байсан. Тэр асуултын хариултыг би багахан ч атугай авах шиг. Түүний зурагнаас боловсролтой, даруу төлөв, буурь суурьтай мэт харагддаг. Гэхдээ үүнээс илүү мэдрэмжийг төрүүлж байгаагүй. Уг номны эхлэл хэсгээс л сониуч сэтгүүлч хүртэл "С.Зориг гэж хэн бэ" хэмээн бодон аяллаа эхлүүлсэн нь нэн таатай. Хариултаа олохын тулд шимтэн уншиж, уусаж, бараг л "Ардчиллын аян"-д оролцчихов уу даа.

Зохиолч, сэтгүүлч Миёкогоос дутахааргүй би хүртэл С.Зориг гуайтай уулзах хүслэн болж байлаа. Үлгэрийн эсвэл бодит юм шиг мэдрэмж төрүүлэхүйц. Мэдрэмж, бодол, баримт. Бүгдийг шингээсэн нь дурлан уншиж, "Нэг амьсгал"-аар дуусгаж орхилоо. Хөнгөн агаад богинохон. Гэхдээ дэндүү их үйл явдал. Нуршилгүй, сонирхолтойгоор хүүрнэсэн. Өөрийн дотоод хүнтэйгээ ярьж буй мэт. Мөн гэрэл зурагчин Үсами Хироюкигийн архивнаас оруулсан 1990 оны Монгол Улсын ховор зургууд, түүхэн мөчит дурсамжийг хавсаргажээ.

Ардчилал бол хамгийн муу засаглал ч хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй гэдэг. Гэсэн ч өнөөрийн сайхан амьдрал, эрх чөлөө, үзэл бодлын чөлөөт илэрхийлэл, шударга өрсөлдөх орчин, хүний эрх гэх мэт амьдарч болох хамгийн сайхан шинжийг агуулсан ардчилал гээчийг бидэнтэй танилцуулжээ. Дагаад соёлд суралцав. Улмаар илүү ихийг хүсэж, сурч боловсорч, ажиллаж, шинэ зүйлстэй танилцаж, дэлхийтэй зэрэгцэн алхахыг хүсэх болжээ. Монгол хүн бүрийн зүрхэнд, сэтгэлд өөр төрлийн, шинэлэг, содон, төрөл бүрийн хүслийг төрүүлсэн гэлтэй. Бүр санаанд чинь багтвал бүтээж болмоор.

Би одоо л С.Зориг гэж ямар төрлийн хүн байж болох талаарх таамаглалыг жоохон ч атугай хэлж чадахаар боллоо. Тэр зөвхөн хувьсгалын удирдагч биш байжээ. Тэр дэндүү гайхалтай мөрөөдөгч юм. Хэний ч төсөөлөмгүй томыг, бодож ч зүрхэлхээргүй алсыг мөрөөдсөн нэгэн байж. Чимээгүй хэрнээ хөдөлмөрлөсөөр байсан түүхийн шинэчлэгч аж. Даруухан агаад итгэлийг төрүүлсэн хүн төрөлхтний оршихуй юм. Уушги дүүрэн амьсгалан, ихийг бүтээх урам өгөгч салхи байж. Монгол түмнийг сэрээсэн ардчиллын салхи.

Тэр улсынхаа иргэн бүрд төдийгүй хойч үеийнхэндээ ч итгэсэн болохоор түүний ардчиллын салхи Монгол Улс даяар салхилжээ. Түүний итгэлд жигүүрлэсэн Монгол Улс ардчилал руу алхан орсон юм.

Н.АНУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top