“Өмхийрч муудсан их хэмжээний махыг агуулахад хадгалахдаа учир битүүлэг бодистой хольсон байх магадлалтай. Түүгээр ч зогсохгүй түүнийгээ мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний томоохон компанид нийлүүлдэг байж болзошгүй” гэх мэдээлэл олон нийтийн дунд түгжээ. Тэгвэл тус мэдээллийн мөрөөр асуудалд холбогдоод буй Эмээлт дэхь мах бэлтгэлийн “ЭМ ДИ СИ ПИ” компанийн байрыг зорилоо. Эргэн тойронд нь үзэгдэх хүнгүй, эл хульхан үйлдвэрийн байр байх ба үүдний харуул нь ч эзгүй байгаа бололтой.
Тэгтэл хажуугаар өнгөрч явсан дөч орчим насны эмэгтэй “Наана чинь хүн байхгүй ээ. Саяхан Мэргэжлийн хяналт ч гэнэ үү баахан хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Үйл ажиллагааг нь зогсоогооод үүд хаалгыг нь лацадчихсан байгаа” гэв.
Түүнээс энэ үйлдвэрийн эзэн болон үйл ажиллагааных нь чиглэлийг асуухад “Эмээлтэд их удаж байгаа шүү дээ. Анх босс нь арьс шир авдаг байсан. Би сайн танихгүй, манай хамаатны нэг хүн ажилладаг байсан юм” гэхээс өөр зүйлийг ярьсангүй.
В.СҮХБААТАР: ИХЭНХ КОМПАНИЙН ЭЗЭД НЬ ХЯТАДУУД БАЙДАГ
“ЭМ ДИ СИ ПИ” компанийн үйл ажиллагаа явуулж буй энэ хэсэг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд харьяалагддаг аж. Тус хороонд малын бой, мах бэлтгэл хийдэг олон аж ахуй нэгж байдаг. Төвийн болон баруун аймгуудаас орж ирж байгаа бүхий л малын түүхий эд энд л арилжаалагддаг байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг дарга В.Сүхбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Танай хорооны нутаг дэвсгэр дэх Эмээлт орчимд мах бэлтгэлийн хэчнээн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эмээлтэд одоогийн байдлаар 24 компани мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэлтэй байна.
-Хорооны Засаг даргын хувьд дээрх компаниудын эздийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Хүмүүс л хятадууд эзэд нь гээд байдаг юм. Миний мэдэхээр ажилчид нь ихэвчлэн монголчууд л бий. Гадуур, дотуур нь дандаа л монголчууд явдаг. Гэхдээ компанийн цаад эздийг нь бол сайн мэдэхгүй ээ.
-Ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай юм уу?
-Мэдээж хөрөнгө оруулагч нар нь хятадууд л байгаа шүү дээ. Дээрх мах бэлтгэлийн компаниуд бэлтгэсэн бүтээгдэхүүнээ урагшаа /Хятад/ л гаргадаг юм гэсэн. Одоохондоо бүгд махаа хилээр гаргаж чадахгүй байгаа юм билээ. Үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа. Бэлтгэсэн мах, бүтээгдэхүүнээ хэзээ гаргах нь тодорхойгүй, хүлээлтийн байдалтай байгаа бололтой.
-Хэд хоногийн өмнө “ЭМ ДИ СИ ПИ” гэх компанийн талаар ноцтой мэдээлэл гарсан. Өмхийрсөн махыг химийн бодистой хольж, хадгалдаг байсан байж болзошгүй гэх асуудлын талаар та сонссон уу?
-Сонсоогүй. Гэхдээ би тийм компани байдгийг мэднэ.
-Танай хороонд үйл ажиллагаа явуулаад хэчнээн жил болж байгаа вэ?
-Удаж байгаа. Эмээлтэд байрлах томоохон махны үйлдвэрийн нэг.
-Хорооны Засаг даргын хувьд мах бэлтгэлийн компанид хяналт тавьдаг уу?
-Хороотой бол компаниуд харилцдаггүй. Наадуулын чинь газар олголт энэ тэрийг нь Нийслэлийн газрын албаныхан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтаас олгодог байх. Одоогийн байдлаар манай хороонд нөөцийн мах бэлтгэдэг ганц, нэг мах бэлтгэлийн компани ажиллаж байгаа. Бусад компани нь бүгд зогссон. Хятад компаниудын хувьд нэг нь л гадагш экспорт хийх эрхтэй юм шиг байна лээ. Тэр эрх авсан компаниуддаа бусад нь махаа нийлүүлээд явдаг юм билээ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ: “ЭМ ДИ СИ ПИ” КОМПАНИ ХАДГАЛАЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРСЭН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙСАН НЬ ИЛЭРСЭН
Хорооны Засаг даргын ярианаас үзэхэд “ЭМ ДИ СИ ПИ” компани нь хятад эзэнтэй болох нь тодорхой ажээ.
Хэрвээ тус компани олон нийтийн сүлжээгээр мэдээлж байгаа шиг махандаа химийн бодис хольдог бол ноцтой хэрэг. Бүр цаашлаад манай томоохон хүнсний үйлдвэрлэгч компани руу махаа нийлүүлдэг байсан бол үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Тиймээс энэ талаар холбогдох албаныхан хяналт шалгалт хэр хийж буй талаар тодрууллаа.
НМХГ-аас энэ талаар лавлахад “Манай албаны шуурхай утас 7012-8012 дугаарт ирүүлсэн иргэний гомдол мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн. “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн Баруун дэнжийн 102 тоотод байрлах “ЭМ ДИ СИ ПИ” компанийн боловсруулах үйлдвэрт мах боловсруулахдаа бодис хийж байна шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирсэн.
Шалгалтын дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж, хяналт хийсэн. Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Мөн хятад шошготой, цагаан өнгийн, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа аль хэдийнэ дуусчихсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь илэрсэн” гэв.
ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН 150 ТОНН МАХ, ГУРВАН ТОНН ОРЧИМ ХОНИНЫ ГУЛУУЗ ХАДГАЛЖ БАЙНА
Энд анхаарал хандуулах нэг асуудал байгаа нь “Хүнсний нэмэлт” хэмээгдээд буй бодис юм. Хадгалалтын горимгүй, хугацаа нь дууссан гэх тэрхүү цагаан өнгийн бодис нь хүний биед ямар хор нөлөөтэй, юунд зориулагдсан болохыг мэргэжлийн лабораториуд тогтоох ёстой. Одоогийн байдлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториудад “ЭМ ДИ СИ ПИ” компанийн үйлдвэрээс авсан дээжүүдийг хүргүүлээд байгаа аж.
Шинжилгээний хариу яаж гарсан талаар НМХГ-ын лабораторийн эрхлэгчээс лавлахад “Би шууд мэдээлэл өгөх боломжгүй. Манай хэвлэлийн албаар дамжуулж мэдээлэл аваарай” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр үйлдвэрийн агуулахад нийт 150 тонн орчим дулааны аргаар боловсруулсан мах, гурван тонн орчим хонины гулууз хадгалагдаж буй гэнэ. Хэрэв тэр мах дотоодод эсвэл, гадагшаа экспортод гарсан тохиолдолд манай улсын хүнсний аюулгүй байдалд “Хар тамга” дарахаар байгаа юм.
Ийм байхад манай албаныхан “ЭМ ДИ СИ ПИ” компанитай холбоотой хяналт шалгалтын мэдээллийг шуурхай хүргэхгүй, тойм төдий мэдээлэл өгөөд сууж байгааг юу гэж ойлгох вэ. Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгсөн ч анхаарлын төвд буй химийн бодисын талаар дорвитой ярьсангүй.
Тэр талаар асуухаар “Шинжилгээ хийгдэж байгаа” гэхээс өөрийг ярихгүй байгаа нь цаанаа хардлага төрүүлж буй юм. Манай хууль хяналтын байгууллага энэ төрлийн хэрэг зөрчлийг илрүүлдэг ч, хангалттай сайн арга хэмжээ авдаггүй. Хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдийн эрхшээлд байхыг ч үгүйсгэх аргагүй санагдсаныг нуух юун.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЦЕГ-аас лавлахад “Наад асуудлаа Мэргэжлийн хяналтаас л асуу. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа гэмт хэргийн зөрчилтэй асуудал байвал цагдаа шалгана. Хэрвээ хууль бус хориотой бодис хүнсний бүтээгдэхүүнд ашигласан бол харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаад явна” гэлээ. “ЭМ ДИ СИ ПИ” компанийн асуудлын талаар гомдол мэдүүлсэн иргэн хяналтын байгууллагад хандаад багагүй удлаа. Бараг арав гаруй хоногийн өмнөөс зарим мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг өнөөдөр хянаж шалгаж дуусаад эцсийн мэдээллүүдийг өгөх ёстой баймаар. Гэтэл цаг хожиж буй мэт шалгаж байна, хянаж байна гэх жижүүрийн үг урдаа барьж байгаа нь хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлын илрэл гэлтэй.
ШӨХТГ: “ЭМ ДИ СИ ПИ”-ийн агуулахад байсан мах өөр компанийн хаяг, шошготой байсан
ШӨХТГ-ын албаны эх сурвалж “ЭМ ДИ СИ ПИ“-тай холбоотой өөр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь тус компанийн үйлдвэрийн байрнаас "Мах Импэкс" компанийн охин компани болох “ХКҮ” компаниийн шошго олдсон гэх мэдээлэл юм.
Тус мэдээлэлд ““ЭМ ДИ СИ ПИ” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тус үйлдвэрт байсан мах чанарын шаардлага хангаж байна уу, ямар нэг химийн бодис хольсон байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжилж байна. Харин тус байгууллага үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан уу, хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн хохироосон бэ гэдэгт бид анхаарч ажиллана. Биднийг шалгалт хийх явцад тус компанийнхан гадагшаа экспортлох зориулалттай хэмээн дулааны аргаар ямааны мах бэлтгэж байгаагаа танилцуулсан. Шалгаад үзэхэд, тус компани тусгай зөвшөөрөлгүй байгаа юм. Тиймээс холбогдох шалгалтуудыг явуулж байна. Түүнчлэн “ЭМ ДИ СИ ПИ” компанийн агуулахад байсан мах өөр компанийн хаяг, шошготой байсан. “ХКҮ” компанийн шошготой энэ махан бүтээгдэхүүн дотоодын хэрэглээнд нэвтэрсэн байна уу гэдгийг мөн тогтоохоор ажиллаж байна” гэсэн байдаг.
Тэгвэл энэ асуудлаар "Мах Импэкс" компани албан ёсны тайлбар өгсөн бөгөөд “Манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийхгүйгээр хаяг шошго хуурамчаар үйлдэж ашигласан байна. Иймд тус компанийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Манайх өөрсдийн үйлдвэртээ өөрийн гэсэн стандартаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг” хэмээн мэдэгджээ.
“ЭМ ДИ СИ ПИ” КОМПАНИЙН ЭЗЭД НЬ ДУН ШИАО ЖУН, ЧЕН БИН НАР
“ЭМ ДИ СИ ПИ” гэх компанийг судлаад үзэхэд ганц энэ удаад ч асуудал тарьсангүй. Бидэнд олдсон мэдээллээр өмнө нь буюу 2017, 2019 онд ч гэсэн НМХГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтад бүдэрч байжээ.
Тухайлбал, мал, амьтныг малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй, ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн болон дарагдаж үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй гэх зэрэг зөрчлүүдийг гаргаж байжээ.
Тухайн үед зөрчлийн хэрэг нээж, шалгасан гэх боловч ямар хариуцлага ногдуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ мэтчилэн Эмээлтэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах боловсруулж байгаа маш олон үйлдвэр байгаа ч тэдний үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг нь бүрхэг. Энэ удаагийн дуулианы эзэн болоод буй “ЭМ ДИ СИ ПИ” компани нь 2006 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулагдсан аж.
Тус компанийн эздийн талаар мэдээллийн эх сурвалжид дурдсанаар бол Дун Шиао Жун, Чен Бин гэх БНХАУ-ын хоёр иргэн буй гэнэ. Анх байгуулагдахдаа ноос, ноолуур угаах, гадаад худалдаа хийх зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн бол 2018 оны есдүгээр сараас Мах боловсруулах үйлдвэр байгуулж, энэ чиглэлээр бизнес хийж эхэлсэн гэх.
Бид дараагийн дугаартаа Монголд дураараа дургиж буй Дун Шиао Жун, Чен Бин нарын талаар судалж мэдээлэл хүргэх болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Яахаараа юм юмны ард нь дандаа хятадууд байдаг юм бээ.хөрөнгө оруулалт нэртэй хэдэн төгрөг өөрсдөд нь хахуулдаж өгөөд л монголд дураараа авирлах эрхтэй болчихдог юм биш үү.дандаа л хаана л бол хятад, хятад эзэнтэй юмс.арай дэндүү биш үү.монголчууд юм хийх гэвэл аягүй бол эрх өгөхгүй ,гар хараад,элдвээр хавчаад яаж новшрох бол оо
миний дүү энэ үйлдвэрт 4 жил ажилласан Өнөөдөр зурагтаар үзүүлж байгаа энэ байдал урьд жилүүдэд ийм л байсан гэнэ манай цэвэрлэгч учраас бүх л газраар нь ордог учир бүгдийг хардаг байсан гэнэ.Байнга хар машинтай шагалтынхан гээд голдуу хүүхнүүд ирээд дарга мастеруудтай уулзаад хайрцагтай юм тор дүүрэн юм аваад баяртай баярлалаа гээд жигтэйхэн дотно салцгаадаг байсан одоо ч хэвээр гэв. тэгвэл одоо хэн ирж байсныг тодруулах боломж байна. Хяналтынхны зураг харуулахад бүх ажилчид танина манай дүү ажлаас гараад удсан ч гэсэн танина гэнэ.
ХЯТАДУУДЫГ ТЭЖЭЭЖ АРД ТҮМНЭЭ ХОРДУУЛАХАА БОЛЬ
ЭНЭ ЭРҮҮЛ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЛАХ ЭРХИЙГ ХУРААЖ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН БОДИС БОЛОН ҮЙЛДВЭРИЙГ БҮГДИЙГ УСТГАЛД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ НЬ БОЛОХЫГ НУУЦЛАЖ ХЭЛЭХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛЧУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДЭЭР НЬ ХОРДУУЛЖ ХОХИРООХ ГЭЖ БАЙНА ЭЗДИЙГ НЬ ХУУЛИЙН ДАГУУ ХОРЬЖ ШИЙТГЭХ НЬ ЗӨВ...