''Монгол-ус'' үйлдвэрийн газар барилга байгууламжийнхаа үнийг 717.6 сая төгрөгөөр бууруулж бүртгэжээ

2022 оны 05 сарын 20

Үндэсний аудитын газраас Төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, тайланг холбогдох албан тушаалтнуудад гардуулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлжээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон Үндэсний аудитын газрын зарим удирдлага  зарим байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч, аудитын дүгнэлт, тайланг гардуулсан байна. Уулзалтын үеэр нийтлэг гарч буй алдаа, зөрчил болон цаашид анхаарах асуудлууд, ирэх жилийн санхүүгийн тайлангийн аудитаар баримтлах бодлого, чиглэлийн талаар шалгагдагч байгууллагуудад Үндэсний аудитын газраас танилцуулга хийж, харилцан санал солилцсон аж. Бид Үндэсний аудитын газраас хийсэн 2021 оны аудитын тайланг цувралаар хүргэх болно.


Энэ удаад бид Монгол-Ус төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2021 онд хийсэн аудитын тайланг хураангуйлан хүргэж байна. Мэдээллийн эх сурвалж нь Үндэсний аудитын газрын цахим хуудас болно. Монгол-Ус төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ТӨААТҮГ) нь БОАЖЯ-нд харьяалагдана. Төсөв нь сайдын багцад багтана.

“Монгол-Ус” ТӨҮГ нь Монгол Улсын Байгаль орчны тухай багц хуулиуд тэдгээрээс голчлон Усны тухай хуульд нийцүүлэн “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх усны нөөцийн менежмент хийх төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж түүний дотор толгойн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Унгарын хөнгөлөлттэй зээлээр тус улсын Мечекерц ТӨХК-тай хамтран усны нөөцийн аудит хийх, Усны газартай хамтарч бохир усны зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх, усны эрэл хайгуул хийх, ашиглалтын цооногийн өрөмдлөгийн болон шавхалт туршилтын ажил хэрэгжээгүй улмаас төлөвлөсөн орлого хоёр тэрбум төгрөгөөр тасарчээ.

Монгол-Ус ТӨААТҮГ-ын тайлант онд нийт 2.2 шахам тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, хоёр тэрбум төгрөгийн зардал гарган, 135.6 сая төгрөгийн ашигтай байхаар төлөвлөсөн аж. Гэхдээ гүйцэтгэлээр 127.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,250.8 сая төгрөгийн зардал гаргаж, 1,123.0 сая төгрөгийн татварын өмнөх алдагдалтай ажиллажээ. Мөн Цэвэр агаар сангийн санхүүжилтээр 2011-2013 онуудад Сэлбэ голын урсацыг байгалийн аясаар нөхөн сэргээх, нэмэгдүүлэх төслийн хүрээнд баригдсан 947.0 сая төгрөгийн худгийн байгууламжийг тайлант оны эцэст хийсэн дахин үнэлгээгээр уг байгууламж нь 105.8 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэнэ.

Уг хөрөнгийг анх төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийн дагуу төрийн өмчийн дансыг нэмэгдүүлж хүлээн зөвшөөрч бүртгэсэн бөгөөд 717.6 сая төгрөгийн үнэ цэнийн бууралтыг эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тайланд тусгасан бас нэг мэдээлэл бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас байгууллагын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй гэнэ.

Учир нь, дотоод аудитын чиг үүрэг гүйцэтгэх:

 

  • Касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэлд цалингийн зөрүү тушааснаас орсон 0.6 сая төгрөгийн үлдэгдэл байна.
  • Банк дахь харилцах дансны нийт 282.1 сая төгрөгийн үлдэгдлийн байршуулснаас 277.7 сая төгрөг нь төгрөгийн үлдэгдэл, 4.4 сая төгрөг нь ам.долларын үлдэгдэл байна.
  • Бараа материалын дансны үлдэгдэл 67.9 сая төгрөг болж, 45.8 сая төгрөгөөр өссөн нь тайлант онд Түмэн Оньс ХХК-иас 49.9 сая төгрөгийн ган хоолой худалдан авснаас шалтгаалжээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 онд Монгол-Ус ТӨААТҮГ-ын 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан байна. Тайлант оны нийт орлогыг 2.1 тэрбум төгрөгөөр, нийт зардлыг хоёр гаруй тэрбум төгрөгөөр баталж 135.6 сая төгрөгийн ашигтай байхаар тогтоож, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд 46 сая төгрөгийг төлөвлөж өгчээ. Гэтэл гүйцэтгэлээр 127 сая төгрөгийн орлого бүрдүүлж, 1.2 тэрбум төгрөгийн зардал гарган, 1.1 тэрбум төгрөгийн төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Төлөвлөлт хэрэгжилтийн тэнгэр газар шиг энэ зөрүүг нь цар тахлын нөхцөл байдлын улмаас тайлант онд хэрэгжих Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Унгарын хөнгөлөлттэй зээлээр тус улсын Мечекерц ТӨХК- тай хамтран усны нөөцийн аудит хийх, Усны агентлагтай хамтарч бохир усны зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх, усны эрэл хайгуул хийх, ашиглалтын цооногийн өрөмдлөгийн болон шавхалт туршилтын ажил хэрэгжээгүйтэй холбоотой гэж аудит үзжээ. Тайлант хугацаанд их хэмжээний алдагдалтай ажилласан ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороондоо төлөвлөсөн 21.1 сая төгрөг өгсөн байх юм.

Монгол-Ус ТӨҮГ нь тайлант онд нийт 211.0 сая төгрөгийн 18 мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст ил тод байршуулахаас 5.6 сая төгрөгийн нэг мэдээллийг ил тод байршуулаагүй байна.

Тайланд зөрчлүүдийг тусгаж цаашид авах арга хэмжээг ч заадаг юм байна. Үүнд, -Санхүүгийн программд санхүүгийн тайлан, бараа материалын товчоо тайлан зөрүүтэй бэлтгэгдэг алдааг программ хийсэн компанидаа хандан засуулаагүй, өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй.

 

  • Санхүү, бүртгэлийн программын бараа материалын модуль нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т "холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах" гэж заасантай нийцээгүй
  • Аудитаар илэрсэн алдаа, зөрчил, түүнийг арилгахаар өгсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй
  • Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид ашиглах боломжтой 109.3 сая төгрөгийн анхны өртөгтэй хөрөнгийг дахин үнэлүүлээгүй, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй. Улмаар аудитын тайланд тухайн байгууллагад өгсөн албан шаардлагаа мэдээлсэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-гийн Үндсэн хөрөнгийн 31-д "Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа, бодит үнэ цэнийг нь найдвартай хэмжиж чадах үндсэн хөрөнгийн зүйлийг түүний дахин үнэлсэн дүнгээр бүртгэж тусгана. Тайлангийн үеийн эцэс дэх бодит үнэ цэнийг ашигласнаар тодорхойлсон дүнгээс дансны үнэ нь материаллаг зөрүүгүй гэдгийг ханган магадлахын тулд дахин үнэлгээг хангалттай тогтмол хийдэг байвал зохино.", 34-т "Дахин үнэлгээ хийх давтамж нь уг дахин үнэлж буй үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс хамаардаг. Дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс материаллагаар өөр болсон тохиолдолд дараагийн дахин үнэлгээг хийх шаардлагатай. Үнэ цэнэд нь ялимгүй бага өөрчлөлт ордог үндсэн хөрөнгийн зүйлсийн хувьд... гурав буюу таван жил тутам дахин үнэлэх шаардлагатай байж болно. "Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.1-д "Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана. Үүнд: ...4.2.1.10 аудитаар илэрсэн алдаа, зөрчил, түүнийг арилгахаар өгсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол" гэж тус тус заасантай нийцээгүй, үнэлгээ ба хуваарилалт батламж мэдэгдлийг хангахгүй байна гэж аудит үзжээ. Улмаар тус байгууллагад дараах шаардлагуудыг тавьжээ.

 

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8 дахь заалтын дагуу гүйцэтгэсэн Монгол-Ус ТӨААТҮГ-ын 2021 оны сан­хүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ.

Үүнд:

Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид ашиглах боломжтой 109,281,765.29 төгрөгийн анхны өртөгтэй хөрөнгийн үнийг шинэчлэн тогтоох, санхүүгийн программд санхүүгийн тайлан, бараа материалын товчоо тайлангаас 11.363.63 төгрөгөөр зөрүүтэй бэлтгэгдсэн алдааг программ хийсэн компанидаа хандан засуулаагүй, санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-гийн Үндсэн хөрөнгийн 31-д "Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа, бодит үнэ цэнийг нь найдвартай хэмжиж чадах үндсэн хөрөнгийн зүйлийг түүний дахин үнэлсэн дүнгээр бүртгэж, тусгана. Тайлангийн үеийн бодит үнэ цэнийг ашигласнаар тодорхойлсон дүнгээс дансны үнэ нь материалын зөрүүгүй гэдгийг ханган магадлахын тулд дахин үнэлгээг хангалттай тогтмол хийдэг байвал зохино” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн "Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох" журмыг үндэслэн ШААРДАХ нь:

 

  • Элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид ашиглах боломжтой хөрөнгийн үнийг шинэчлэн тогтоох, Санхүүгийн программын алдааг арилгаж, биелэлтийг 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх;
  • Цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг

 

Мөн зөрчил арилгах тухай дараах мэдэгдлийг гаргажээ.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8 дахь заалтын дагуу гүйцэтгэсэн Монгол-Ус ТӨААТҮГ-ын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд, Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилт түвшний төлөвлөгөөнд туссан нийт орлогын гүйцэтгэл 2,070,267,710.28 төгрөг буюу 94.2 хувиар тасарсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар “Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагад батлуулан биелэлтийг хангах” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох" журамд заасныг үндэслэн,

ШААРДАХ НЬ:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилт түвшиний төлөвлөгөөг хэрэгжүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж зөрчлийг арилган биелэлтийг 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх;

Цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Монгол-Ус ТӨААТҮГ-ын захирал Г.Билэгсайхан, Ерөнхий нягтлан бодогч В.Сэлэнгэ нарт даалгажээ.

Х.БАТТӨГС

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top