Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний улиралд 3.8 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг. Гурван аргаар тооцохын давуу тал нь илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг өгдөг гэж тайлбарладаг.
Тэгвэл үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 368.5 тэрбум төгрөг буюу 4 хувиар өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар буурчээ.
Харин улирлын нөлөөллийг арилган тооцсон, Дотоодын нийт бүтээгдэхүүн (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд өмнөх улирлаас 0.5 хувиар өссөн байна.
Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг оны эхний улиралд 242.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.7 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар өссөн нь Дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд 0.5 нэгж хувиар нөлөө үзүүлжээ. Энэ өсөлтөд бойжуулсан төл 8.3 сая болж, өмнөх оноос 2.5 сая буюу 42.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
ДНБ-ИЙ ХЭМЖЭЭ, жил бүрийн 1 дүгээр улиралд, их наяд төгрөгөөр
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний улиралд 561.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 331.3 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар буурчээ.
Энэ бууралтад нүүрс олборлолт 59.0 хувиар, газрын тосны олборлолт өмнөх оноос 97.6 хувиар, зэсийн баяжмал 20.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Тодотгоход, хил боомтын саатал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулсан.
Сүүлийн байдлаар ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм. Энэ сарын эхээр манай улсад ажиллаад буцсан Ажлын хэсгийн гишүүд манай эдийн засгийн төлөв байдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ:
Өндөр хүлээлттэй байсан цар тахлын дараах сэргэлт хойшлогдож байна. Цаашдын төлөвт стагфляц харагдаж байна. 2021 оны 11 дүгээр сард хийсэн төсөөллөөр эдийн засаг 2022 онд 7 хувийн өсөлттэй гарахаар байсан бол одоо тун бага буюу 1 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. БНХАУ-ын хилийн хаалт цаашид илүү урт хугацаанд үргэлжилвэл экспорт болон дотоод эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдах бөгөөд бодит цалин хөлс багасч, улмаар дотоодын хэрэглээнд сөргөөр нөлөөлнө. ОХУ, БНХАУ-аас ирэх импорт тасалдаж, эдийн засгийн идэвхжил мөн суларч магадгүй. Инфляц 2022 онд дунджаар 14 хувьд хүрч өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь дэлхийн хэмжээний үнийн өсөлтийн шууд илрэл юм.
Монгол Улс дэлхийн хэмжээний шок, хилийн хязгаарлалт гэсэн давхар хүндрэлд ороод байна. Экспортын үнийн өндөр өсөлт явагдаж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засагт стагфляци үүсч, төлөв байдал илүү муудах эрсдэл нэмэгдэж байна. Мөнгөний бодлогын хүрээнд холбогдох арга хэмжээг саяхан авсан, мөн инфляцын үндсэн шалтгаан нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн доголдол байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоогоор өөрчлөх шаардлагагүй байна. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажмаар өсөх үзэгдэл шинээр гарч ирсэн нөхцөлд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах шаардлага үүсч магадгүй. Гэсэн хэдий ч төсвийн бодлого болоод төсвийн шинжтэй зардлыг танаж, валютын ханшийг илүү уян хатан болгож байж мөнгөний бодлогын шийдвэрийг дэмжин, улмаар гадаад, дотоод үнийн тогтвортой байдлыг хангаж чадна” гэсэн зөвлөмжийг өгч буй юм.
Манай тухайд Төв банк хийгээд эрх баригчид энэ онд ДНБ-ий өсөлтийг 5 хувь давна гэж өөдрөгөөр төсөөлж байсан бол төсвийн тодотголыг дагуулан өргөн барьсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2.6 хувь болгож хоёр дахин бууруулсан хэмжээг тусгасан.
Олон улсын бусад байгууллагуудын тухайд ч манай эдийн засгийн нөхцөл байдлыг энэ онд эрсдэл, сорилтуудтай тулгарсан хэвээрээ байна гэж үзэж байгаа.
Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байна.
Харин Дэлхийн банкны эдийн засагчид 2.5 хувиар өснө гэсэн төсөөллийг танилцуулсан. Гэхдээ хил боомтын доголдол арилсан тохиолдолд энэ оны сүүл рүү нүүрсний экспорт сэргэх боломжтойг Дэлхийн банкны эдийн засагчид хэлж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )