Монголчууд бодлогоггүй шийдвэр, арчаагүй үйлдэл, чадваргүй байдал, дорой чанараа даван туулахын оронд өөрт тулгамдаж буй асуудлаа аль болох арын хаалга, танил талаа ашиглан шийдэхийг илүүд үздэг. Ингэсээр асуудалтай нүүр тулгарсан үедээ танил тал руугаа утас цохиж эхэлдэг муу зантай болчихсон.
Асуудал тулгарах бүрд цахим хаягтаа "Энд, тэнд ийм, тийм таньдаг хүн байна уу" гэх нь элбэгшиж үүнээсээ ичиж зовохоо ч больжээ. Үүнийгээ авилга, хүнд сурталтай холбон биеэ өмөөрнө. Өдөржин хүлээж, тавхайгаа эргэтэл яваад шийдүүлж чадаагүй асуудлыг нь өмнүүр нь хэн нэгэн ороод хялбархан шийдүүлж буйг хараад арын хаалгагүйдээ атаархал, хорсол нь төрсөн хүмүүс дараагийн удаа хүлээхээс залхаж танил талын эрэлд гарна.
Эцэстээ авилга, танил тал, арын хаалга гэх гинжин хэлхээсээр явсаар хахуулиар бүх асуудлаа шийдэх гэж оролддог болсон нь олон жишээнээс харагдсаар байгаа билээ. Гэхдээ энэ гинжин хэлхээг таслахгүй бол авилга улам хүрээгээ тэлсээр л байх болно гэдгийг хэн ч ухаардаггүй. Боловсролын салбарт энэ байдал хэдийнээ газар авсан. Хэрвээ хүүхэд сугалаанд азгүйтвэл дахиад л танил талын эрэлд гарна. Одоо л болихгүй бол гинжин хэлхээ цаашид ч үргэлжилсээр авилгачдыг улам өөхшүүлсээр байх бөгөөд миний ажил бүтэж байвал гэсэн хандлага энэ байдлыг хамгийн их дэвэргэдэг. Гэвч хэн нэгнээр аргалуулсаар байгаад эцэстээ хэн ч биш болох вий.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Асуудлыг авилгаар шийдэх гэж үздэг этгээдүүд бүгд хэн ч биш болчихсон явж байгаа ш дээ нуух юм байхгүй.