-80 ортой эмнэлэгт 150 гаруй хүүхдийг эмчилж байна-
Коронавирусний халдварын хоногт илрэх тохиолдол энэ оны нэгдүгээр сард 3000-г давж байлаа. Харин одоогоор ЭМЯ-наас тус өвчний шинэ тохиолдлын талаарх тоон мэдээллийг өгөхөө завсарласан. Харин ХӨСҮТ-ийн мэдээллээр сүүлийн 24 цагт 46 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд коронавируст халдварын эрсдлийг тоохоо больж тус өвчнийг бүрэн дүүрэн ялан дийлсэн мэт олон нийтийн газар амны хаалтгүй зорчсоор байна. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар удаан хугацаанд амны хаалт зүүсэн иргэдэд амьсгал давчдах, зүрхний хэм алдах шинж тэмдэг илрэх болсон тул гадаа орчинд маскгүй явж болно хэмээсэн. Гэхдээ дотор, битүү орчинд байхдаа амны хаалтаа зүүх нь коронавирусний халдвар гэлтгүй бусад төрлийн амьсгалын замын өвчнүүдээс сэргийлэх боломжтойг сануулж байгаа. Мөн энэ цаг үед амны хаалт зүүх идэвх багассанаас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн байна. Энэ талаар сурвалжилга бэлтгэснээ хүргэе.
“Амны хаалтаа зүүгээрэй, эмнэлэгт маскгүй явж болохгүй” хэмээн үүдний хөтөч сувилагч эмнэлгийн үүдээр орж ирэх хүн бүрд анхааруулан хэлнэ. Эмнэлгээр үйлчлүүлж буй ч амны хаалтаа мартчихсан хүмүүс их байгаа тул нэг бүрчлэн хэлж, анхааруулахаас өөр аргагүйд хүрсэн нь энэ аж.
ХОНГИЛЫН ШАЛАН ДЭЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХОНОЖЭЭ
Нэг сар гаруй хугацааны дараа монгол зурхайн тооллоор нар буцна. Агаарын хэм өдөртөө 25-аас дээш хэмийн халууныг зааж байгаа хэдий ч эмнэлгүүдээр дүүрэн ханиад, томуу туссан хүүхдүүд байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлгийн Мэдээллийн технологийн албаны ажилтнуудын хэлснээр тус эмнэлэгт хүүхэд хэвтэн эмчлүүлэх 80 ор аль хэдийн дүүрсэн байна. Одоогоор тус эмнэлэгт 150 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба тэдний дийлэнхи нь амьсгалын замын өвчин тусжээ.
Тус эмнэлгийн хаалгаар гарч орох хүмүүсийг ажиглавал зузаан гудас, бүтээлэг эвхэж хуйлаад барьж яваа харагдана. Ор олдохгүй, газар хэвтэж байгаа гэдгийг эхнэр, хүүхдээ эмнэлгээс аваад гэртээ харих гэж буй аавуудын барьж буй эд зүйлсээс хялбархан харж болох аж. Эмнэлгийн гадаах сандал дээр хүүхдээ хөхүүлэнгээ ар гэрийнхнийгээ хүлээн суух нэгэн ээжтэй уулзах үед нэг ой гарантай охин нь бөх гэгч унтаж байлаа.
Чингэлтэй дүүргийн XI хорооны иргэн С “Эмнэлгийн ачаалал айхтар байгааг хүүхдээ эмчлүүлэх хугацаандаа л мэдэрлээ. Бид хоёр эмнэлэгт хэвтэх хугацаандаа хонгилын шалан дээр л хэвтсээр дууслаа. Үнэхээр л хэвтэх ор алга. Оройдоо хонгилын шалаар битүү хүн шаваад, өглөө гэхэд эмнэлгээс гарах ёстой хүүхдүүд явахаар арай сийрэг болдог. Ханиад, томуу их байгаа энэ үед эмнэлгийн дотор орчин их бохир байгааг гайхаж л байна. Эмнэлгийн ариун цэврийн өрөө их бохир байсан. Угтаа бол ийм цаг үед ариутгал, цэвэрлэгээг сайн хийж байж халдварт өвчний тархалтыг бууруулна шүү дээ. Охин бид хоёр 5-6 хоноод эмнэлгээс гарлаа. Ерөнхийдөө ачаалал их байгаа болохоор аль болох гар л гэж хэлж байна. Уушиг нь зүгээр, нэг их хүндрээгүй хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхгүй юм билээ. Гэхдээ охиноо хэвтүүлэхийн тулд бид нэг хоног л хүлээсэн. Зарим хүмүүс олон хоног хүлээж, наагуур цаагуур явж байж эмнэлэг бараадаж байгаа гэсэн” гэв.
Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт яг хаана, аль тоотод эмч хүүхдийн үзлэг хийж байгаа талаар ойлгомжтой зүйл алга. Учир нь хүүхдийн үзлэгийг Төв эмнэлэгт хийнэ хэмээн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд хэлсэн ч аль ч эмнэлэгт хүүхдийн эмч үзлэг хийхгүй байгаа аж. Харин ажлын цаг дууссаны дараагаар ирсэн хүүхдүүдийг яаралтай тусламжийн амбулаторид үзэж байгаа гэнэ. Ханиад хүрсэн хүүхдүүд эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, үзлэг хийсэн эмч нь хүнд хэмээн оношилбол 13А маягт өгч дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дарааллаа хүлээж байна.
ЭМЧ НЬ “ЭРТ ИЛРҮҮЛЭГТ” ЯВСАН ТУЛ ХҮҮХДЭЭ ЧАГНУУЛАХ БОЛОМЖ ХОМСОДЖЭЭ
Өдрийн цагаар өрхийн эрүүл мэндийн төвүүд эл хуль байх болжээ. Учир нь улс даяар хэрэгжиж буй “Эрт илрүүлэг, оношилгоо”-ны ажлыг хэрэгжүүлэхээр эмч нар сургууль, цэцэрлэгээр явж үзлэг хийж байгаа аж. Ингээд тарианы сувилагч, эмч хоёр л үлдсэн тул эмнэлгийг зорих хүн цөөрчээ. Хаа нэгтээ ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгох эмээ бичүүлэхээр ийшээ ирэх настангууд орж ирнэ. Мөн ханиадтай хүүхдээ чагнуулах гэж ирэх ганц, хоёр хүнийг эс тооцвол эмнэлэгт ирэх өвчтөн алга байв.
Тус эмнэлгийн сувилагч бүсгүйн хэлж буйгаар өглөө 09.00-12.30 цаг хүртэл буюу өдрийн цайны цаг хүртэл хүүхдийн үзлэгийн дараалал нэлээд их байдаг аж. Харин цайны цаг дууссаны дараагаас эмнэлэг хаах хүртэл маш цөөн хүүхэд ирж байгааг дуулгалаа. Өмнөх жилүүдэд арванхоёроос гуравдугаар сарыг дуустал томуугийн вирус хүн амын дунд дэгдэж байсан аж. Харин сүүлийн хоёр жил хүүхдүүд хичээл сургуульдаа явалгүй гэртээ байсан нь томуугийн дэгдэлт харьцангуй бага байх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоног гэхэд амьсгалын замын өвчний тархалт буурч, намар хүртэл ханиад алга болдог гэдгийг онцолж байв. Гэвч энэ жил тавдугаар сар дуусах дөхөж байхад ч томуугийн дэгдэлт буурсангүй.
Эмч нарын зөвлөж буйгаар амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандах ёстой байна. Түүнчлэн цахим орчин дахь фэйсбүүк бүлгэмүүдээр дүүрэн хүүхдийн ханиадыг түргэн эдгээх жор, эмчилгээ асуусан хүмүүс байх болжээ. Тухайн иргэний бичсэн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт хүүхдээ эмчилсэн хүмүүс төрөл бүрийн эмийн эмчилгээг бичиж өгч байгааг эмч, мэргэжилтнүүд тийм ч таатай хүлээж авахгүй байна. Улирлын гаралтай томуугийн хүрээний энтеровирус, реновирус идэвхжсэн энэ үед хүүхдээ эмчийн зааваргүйгээр антибиотикоор эмчлэх нь амархан хүндэрч уушгины хатгалгаа үүсэх нэг хүчин зүйл болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Бага ангиа амраагаачээ