Агаарын бохирдлыг бууруулах хэлэлцүүлэг өрнүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Улсын Их Хурлын тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хурал боллоо.

Хурлаар “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэг, үр дүн, сорилт, цаашдын чиглэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

 

 

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол, Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”зөвлөлдөх уулзалтаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн 3 үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагч, оролцогчдод хандан илтгэл танилцуулсан.

 

 

Мөн тэрээр агаар, орчны бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бөгөөд үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болсон.

Иймд урт хугацаанд агаарын бохирдлоос бүрэн ангижрах үр дүнтэй ажлуудыг хийх, төслүүдийг төлөвлөх шаардлагатайг онцлоод, цаашид агаарын бохирдлыг бууруулахад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дараах ажлуудыг үе шаттайгаар төлөвлөөд байна.

 

 

Үүнд:

 

  • Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтыг  хийж шахмал түлшний чанарыг сайжруулах, гэр хорооллын айл өрхийн энгийн зуухыг бүрэн шаталттай стандарт зуухаар бүрэн солих, зуухны янданд угаарын хийг ионжуулан шүүх төхөөрөмж суурьлуулах зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх;

 

  • Улаанбаатар хотын салхины дээр оршин сууж буй айл өрхийн нягтрал, шижилт хөдөлгөөнд тулгуурлан хэсэгчилэн цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх;

 

  • Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах (Ингэснээр тусгай зөвшөөрлөөр түүхий нүүрс түлдэг 182 зуухны 130,000 тонн түүхий нүүрсний хэрэглээ болон 68,000 тонн мидлингийн хэрэглээ эх үүсвэрээ солино);

 

  • Авто бензин, дизель түлшний Онцгой албан татварыг экологийн ангилалтай уялдуулан ялгавартай тогтоох, эрх зүйн орчин бүрдүүлэх;  

 

  • Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, сайжруулах;

 

  • Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсанаар 7620 гэр хорооллын айл өрхийг 23-25 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангах,  угаарын хий мэдрэгч, дамжуулагч төхөөрөмжийн хамт суурьлуулах;

 

  • Хот төлөвлөлт, дэд бүтцийн оновчтой бодлого хэрэгжүүлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нарийвчлан сайжруулахаар Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албатай хамтран ажиллаж байна.

Дээрх ажлууд хэрэгжвэл 2024 он хүртэл агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.238) 2022 оны 05 сарын 25

Зүгээр л ярьдаг тэхээр утаа буураху яг олж ажилаа хийдэггүй гаж газар бол эднийх

0  |  0
Top