Манай улсын эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаарх олон улсын байгууллагуудын таамаглалыг харахад, стагфляцын эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай талаар зөвлөж буй.
Тодотгоход, Стагфляц гэдэг нь эдийн засагт ажилгүйдэл, үнэ хоёр зэрэг өсөх үзэгдлийг хэлдэг.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар хэлэхдээ “Эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляц ихээр өссөн байгаа сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрийн нэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэлтэй асуудал. Нөгөө нь Украин дахь Оросын Холбооны Улс халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд юм. Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлсэн.
Мөн энэ сарын эхээр манай улсад ажиллаад буцсан ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд дүгнэлтдээ “Монгол Улс дэлхийн хэмжээний шок, хилийн хязгаарлалт гэсэн давхар хүндрэлд ороод байна. Экспортын үнийн өндөр өсөлт явагдаж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засагт стагфляц үүсэж, төлөв байдал илүү муудах эрсдэл нэмэгдэж байна.
Өндөр хүлээлттэй байсан цар тахлын дараах сэргэлт хойшлогдож байна. Цаашдын төлөвт стагфляц харагдаж байна. 2021 оны 11 дүгээр сард хийсэн төсөөллөөр эдийн засаг 2022 онд 7 хувийн өсөлттэй гарахаар байсан бол одоо тун бага буюу 1 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. БНХАУ-ын хилийн хаалт цаашид илүү урт хугацаанд үргэлжилвэл экспорт болон дотоод эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдах бөгөөд бодит цалин хөлс багасч, улмаар дотоодын хэрэглээнд сөргөөр нөлөөлнө. ОХУ, БНХАУ-аас ирэх импорт тасалдаж, эдийн засгийн идэвхжил мөн суларч магадгүй. Инфляц 2022 онд дунджаар 14 хувьд хүрч өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь дэлхийн хэмжээний үнийн өсөлтийн шууд илрэл” гэж үзсэн.
Тэгвэл дэлхий нийтийн хувьд анхаарал татсан асуудал болоод буй стагфляцын эрсдэлийг бууруулахын тулд Төв банкууд юу хийж чадах вэ? гэдэгт манай улсын Төв банкны ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлж байна.
“Инфляц бүх улс орнуудад нийтлэг өссөн байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс стагфляц хэр ноцтой сорилт вэ гэдэг нь хамаарна. Мөн шалтгаан юу вэ гэдгээс төв банкуудын хийх ёстой зүйл тодорхойлогдоно.
Дэлхийн эдийн засагт стагфляцын дарамт нэлээд эртнээс хойш байсан ч цар тахал, геополитикийн эрсдэл дунд илүү тодоор илэрч байна. Тухайлбал, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш ялангуяа хөгжсөн эдийн засгуудад бүтээмж зогсонги байдалд орж, өсөлт удаашрах хандлага ажиглагдаж байсан. Мөн улс орнуудад протекционист бодлого нэмэгдэж глобалчлал, дэлхийн худалдаа саарах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт зэрэг томоохон трендээс үүдэлтэй үнэ тэр дундаа эрчим хүчний үнэ өсөх дарамт ч нэмэгдсэн байв. Энэ эмзэг байдал дээр пандемикийн үеийн тээвэр ложистикийн асуудал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй үнийн шокууд нэмэгдэхэд стагфляц эдийн засагт биеллээ олж байна. Үүний суурь шийдэл нь эдийн засагт бүтээмжийг дээшлүүлэх бүтцийн бодлого, төсөв болон мөнгөний тогтворжуулах бодлогын зохистой хослол, сайн засаглалын тогтолцоо байдаг гэдэг нь 1970-аад онд стагфляцтай нүүр тулсан улс орнуудын туршлагаас харагдсан.
Төв банкуудын хувьд инфляц мэдээж анхаарах асуудал нь мөн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ гэдэг ч юм уу, төв банкнаас хамаарахгүй шалтгаанууд хүчтэй нөлөөлснөөр инфляцын хүлээлт эвдэгдсэн нь 1970-аад оны стагфляцыг даамжруулсан, бодлогын том сургамж байсан. Иймд хэдийгээр инфляцад тээвэр ложистик, нефтийн үнийн шок гээд мөнгөний бодлогоор засах бололцоогүй олон зүйл нөлөөлж байгаа ч шалтгаанаас үл хамаараад Төв банкууд хариу үйлдэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Гэхдээ эдийн засаг пандемикийн уналтаасаа бүрэн сэргээгүй, өсөлт сул байхад мөнгөний бодлогын төлөвийг хатууруулахаас өөр аргагүйд хүрч байгаа нь хүнд сонголт юм. Олон улсад төв банкууд “өндөр инфляц уу, эсвэл эдийн засгийн агшилт уу” гэдэг 2 муу сонголтын дунд явна. Өөрөөр хэлбэл, инфляцтай тэмцэхэд зайлшгүй гашуун эм ууж, эдийн засагт өвдөлт мэдрэгдэнэ гэсэн үг юм. Харин энэ үеийг даван туулахын тулд төв банк бодлогын хэрэгслийн сонголтоо бие даан хийхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх нь чухал бөгөөд ингэж чадаагүйгээс болж стагфляц даамжрах эрсдэлтэйг өмнөх түүх харуулсан байдаг” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )