Нэг зүйлийг хамгийн ихээр гайхаж билээ. Их сургуулиа төгсөөд удаагүй мэргэжлээрээ ажиллахын тулд хэд хэдэн газар ажлын анкет бөглөсөн юм. Миний санаж байгаагаар дор хаяж 10-аад газар байсан. Бүхий л газраас сонссон өгүүлбэр бол “Эргээд холбогдъё” байлаа.
Ажил олгогчдын мурих хамгийн шилдэг өгүүлбэр юм болов уу гэж хэсэгтээ гайхаж билээ. Гэхдээ сайн бодох нээ мурих гэхээс илүүтэй бүдүүлэг үйлдэл гэж бодсон. Учир нь анкетыг минь авснаа ажлын ярилцлагад оруулахгүй бол ядаж “Уучлаарай. Та манайд тэнцсэнгүй” хэмээн хариу өгч болно шүү дээ. Бүр ажлын ярилцлагад оруулснаа “Эргээд холбогдъё” гээд л алга болно. Усанд хаясан чулуу шиг л ул мөргүй таг болох нь хачин. Дараагийн ажлаа хайх эсэх, өөр газар анкет өгөх үү, хэзээ ажлын ярилцлагад дуудах бол, ажлын байранд тэнцсэн болов уу гээд л өч төчнөөн бодол эргэлдэж, хүлээлт үүснэ.
Удаа дараагийн хэл сураггүй энэ мэт байдлаас болж цаг хугацаа ч алдаж, сүүлдээ би үнэхээр ажилд орж чадахааргүй боловсролтой нэгэн юм болов уу гэж өөртөө эргэлзэх шиг. Гэхдээ одоогийн ажил маань эргээд холбогдсон л доо. Хэлсэн, ярьснаараа эргэж холбогдсон. Гагцхүү “Эргээд холбогдъё” хэмээн хэлсэн газруудаас хагас жилийн дараа холбогдсоноо “Та ажилд орсон уу. Манайд анкет бөглөсөн байна. Ирж уулзах боломжтой юу” хэмээн залгаж билээ. Хагас жил холбогдохыг нь хүлээгээд суух хүний нөөц манай улсад хэд байгаа бол. Ажил олгогчид заримдаа энэ мэт увайгүй, хачин ч гэмээр үйлдлээ засах хэрэгтэй. Одоо ч хэчнээн хүний нөөцдөө “Эргээд холбогдъё” хэмээн хэлж байгаа бол доо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )