“Бямбад орсон бороо бямбадаа” гэсэн үгийг хүүхэд байхад хүмүүс их хэлдэг байжээ. Энэ бол бямба гарагт орсон бороо долоо хоног зүсэрч, дараагийн бямба гарагтаа тэнгэр онгойдог гэсэн утгатай үг. Үнэхээр ч бага байхад бороо их ордог байж. Хангай нутагт зүсэрч орох нь элбэг. Зүс борооны эхний өдөр баахан нүцгэн нөхдүүд шалбааг туучин гүйлддэгсэн. Маргаашнаас нь эхлээд гэрийн унь бүрээс шахуу нойтон хувцас өлгөөстэй, томчуудын дээлийг хоёр ханцуйгаар нь унь хийж өлгөсөн нь бороотой өдрүүдэд улам ч харанхуй нэмнэ. Говь, тал газрыг бодвол манай хангайд түлшээр нэг их тасраад сүйд болохгүй.
Мушгиж болдог бол усыг нь шавхарч болмоор норсон хар модны гишүүг сүхээр хуга цохин оруулж ирээд зуух тойруулан хэсэгхэн тавихад л хатчихна. Гэсэн хэдий ч үргэлжийн бороо шавшиж байгаа болохоор цаанаа л нэг зутруу. Хэдэн хонио осгоочихгүй, адуу малаа алдчихгүйн тулд бас ч шаггүй ажил болно. Дээрээс нь хуурай хувцасгүй болсон хүмүүс ямар л олиг байв гэж. Бага балчир насанд олон хоногийн зүс бороонд уйдаж л байснаас ямархан их ажил болдогийг мэддэггүй юм билээ.
Харин арван хэдэн нас хүрээд агсал морины ам дийлэхтэй болоод ирэхээр адуу манах гэж сайхан ажилтай болно. Гэвч яг л ийм олон хоногийн зүс бороонд адуу манахын хэцүүг яалтай. Хөвөнтэй дээлэн дээр өмссөн орос ногоон цув хүртэл дотогшоо чийг цохиж, эмээл дээрээ ёстой л нөгөө цутгуулсан зурам болж орхино. Ядаж байхад ширүүн борооноор адуу уруудчих гээд сандаргах, өөрөө мориноосоо уначих гээд ёстой л уйлмаар санагдана. Тэгэвч ийм л зүс борооны дараа цуваа ганзагалаж, нойтон дээлтэй ч дөрөөн дээрээ өндийсхийн адуугаа бүрэн бүтнээр нь туун харихад эр насанд хүрсэн шиг бахдал төрдөг юм. Нойтон дээлээ тайлж өлгөөд ээжийн барьсан цай, гишүүний халуун илчинд нозоорон өөрийн эрхгүй нойрмоглоно.
...Зүгээ алдаж төөрмөөр зүс бороо орох нь байхгүй болж дэлхийн араншин өөрчлөгдсөн ч гэлээ сэтгэлийн гүн дэх энэ мэтийн дурсамжууд зөөлөн борооноор урган өндийж ирдэг нь хэвээрээ билээ л.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Huurai huvcas omsoh shg jargaliig tee.olon honogiin boroond zutardag boroonii daraa l nar garaad moritoigoo davhij yavah saihan bdag blaa gazar bombordood l Mgl ahuigaa ch ih sanaj bn shuu.