Энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх гадаад худалдааны статистикийг харахад манай улс нийт экспортын 82 хувийг БНХАУ руу гаргаж, нийт импортын 31 хувийг БНХАУ-аас авсан байна. Ерөнхийдөө энэ хоёр тоог харахад л, Монголын эдийн засгийн БНХАУ-аас хамаарах хамаарал ямар өндөр болох нь тодорхой. Өмнөх жилүүдэд ч ийм байсаар ирсэн, дараа дараагийн жилүүдэд ч манай түүхий эдийн экспорт урд хөршийн эрэлтээс хамаарах нь ойлгомжтой асуудал. Түүнчлэн БНХАУ “ТЭГ- КОВИД” бодлогодоо өндөр ач холбогдол өгсөн хэвээрээ байгаагийн сөрөг үр дагаврыг манай улс бодитоор мэдэрч буй.
Тэгэхдээ дэлхийд эдийн засгийн багтаамж, хэмжээгээрээ 2 дугаарт эрэмбэлэгддэг учраас тус улсын эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд хийгээд эрэлтийн бууралт нь глобал эдийн засагт тулгараад буй үндсэн асуудлуудын эхэнд жагсаж байна. ОХУ, Украины асуудал ужиграх төлөвтэй байгаа энэ үед БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралт хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь гол асуудлуудын нэг болоод буй. Үүний сацуу энэ оны сүүлээр болох БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлаар Ши Жиньпиний алдаатай бодлогыг засаж залруулах шинэ удирдагчийг сонгох уу гэсэн агуулга бүхий мэдээллүүд барууны хэвлэлүүдээр цөөнгүй гарч байгаа билээ. Мөн нөгөө талаас Ши Жиньпиний бодлогод алдаанууд бий ч, түүний явах цаг болоогүй хэмээн өгүүлсэн нийтлэл, бичвэрүүд ч гарч байна.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын хамгийн чинээлэг иргэдийн баяжсан угшил нь дандаа улсын өмч давамгайлсан үл хөдлөх хөрөнгө, барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудтай холбогддог. Тэд хамгийн сайн газар, зах зээлийн түвшнээс доогуур хүүтэй зээлийн санхүүжилт, хямд хөрөнгө зэрэгт тулгуурлан баяжсан байдаг. Бүр зарим нь иргэдээс хууль бусаар хураан авч, төрийн нэр дээр бүртгэгдсэн зүйлс дээр тулгуурлан хөрөнгөжсөн байдаг. Гол нь тэгж баяжсан хүмүүс бараг бүгдээрээ коммунист намын албан тушаалтан эсвэл гишүүд байдгийг барууны хэвлэлүүд өнгөрсөн жилүүдэд бичсээр ирсэн.
Түүнчлэн тус улсын Төрийн өмчит бизнесийн шинэ үеийн түүхэн дэх хаана ч байгаагүй их өсөлт зогссон тэр үед л бусад зуу зуун сая иргэд, хувийн бизнесүүд эдийн засгийн болон бизнесийн тэгш эрхтэй боломжид хүрнэ. Гэхдээ Коммунист нам эдийн засгийн эрх мэдлээ тавихыг хүсэхгүй байхад энэ нь хэрэгжихгүй л болов уу. Коммунист намын хүч чадал, эрх мэдэл нь материаллаг бааз, боловсон хүчнийг хянаж байгаад оршиж буй юм. Цөөн баячуудын хувьд энэ нь сайн байж болох ч, нийгмийн шатлалд хөлөө олох гэж ядаж байгаа тэрбумаар тоологдох бусад иргэдийн хувьд сайн зүйл биш гэхчлэн судлаач, шинжээчид дүгнэж өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл барууны хэвлэлүүдэд гарсан сүүлийн бичвэрүүдээс 5 дугаар сарын 26-ны өдөр The Economist сэтгүүлд нийтлэгдсэн Ши Жиньпин Хятадын эдийн засагт хэрхэн хор хөнөөл учруулж буй талаар өгүүлсэн How Xi Jinping is damaging China’s economy? гэсэн гарчигтай нийтлэлийг эдийн засагч Д.Ган-Очирын орчуулснаар хүргэе.
“Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том бөгөөд найдвартай эх үүсвэр байсаар ирсэн. Тус хугацаанд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн ¼-ийг дангаар бүрдүүлж, 80 улирлын 79 улиралд нь өсөлттэй байжээ. Маог нас барж, Хятад улс нээлттэй болсноос хойших ихэнх хугацаанд Хятадын Коммунист нам зах зээлийн шинэчлэлийг төрийн хяналттай хослуулах замаар улс орноо илүү чинээлэг болгох практик арга барилыг баримталж ирсэн. Харин одоо Хятадын эдийн засаг аюулд ороод байна. Эн тэргүүний асуудал бол "Тэг-КОВИД" бодлого бөгөөд энэ нь эдийн засгийг уналтад хүргэж зогсоох эхлэлийг тавьсан гэж буруутгагдаж магадгүй юм. Цаашлаад илүү том асуудалд хүргэж болзошгүй. Ерөнхийлөгч Ши Жиньпиний төрийн капитализм (төр нь бизнесийн, арилжааны эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг, үйлдвэрлэлийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлдэг эдийн засгийн тогтолцоо)-ыг сэргээх үзэл санаа байж болзошгүй. Хэрэв энэ замаар явбал Хятад улс илүү удаан хөгжиж, урьдчилан таамаглах боломжгүй болж, Хятадын болон дэлхийн эдийн засагт томоохон сөрөг үр дагавартай байх болно.
Хоёр сарын дараа Шанхай хотод хөл хорио суларч байгаа ч Бээжин, Тяньжин хотод вирусын шинэ дэгдэлт гарч, Хятад улс Ковидоос салахад хол байна. 200 гаруй сая хүн хязгаарлалтын дор амьдарч, эдийн засаг хямарч байна. 4 дүгээр сард жижиглэн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11%-иар буурч, KFC, автомашин болон Cartier брэндийн худалдан авалт муудлаа. Зарим ажилчид үйлдвэрийн шалан дээр амьдарч байгаа ч аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, экспортын хэмжээ буурсан байна. Хятад улс 1990 оноос хойш анх удаагаа Америкаас өндөр өсөлттэй байхын төлөө бүтэн жилийн турш тэмцэж магадгүй юм. Ноён Ши-гийн хувьд цаг хугацаа үнэхээр аймшигтай. 2022 оны сүүлээр болох Комунист намын 20-р их хурлын дараа тэрбээр 3 дахь удаагаа ерөнхийлөгчөөр батламжлагдах бодолтой байгаа нь өмнөх удирдагчид 2 удаа л сонгоддог байсан жишгийг эвдэхээр байна.
Харин эдийн засагт учирж буй 2 том цохилтын хариуцлагыг ноён Ши өөрөө үүрнэ. Эхнийх нь, түүний 28 сарын турш хэрэгжүүлж буй "Тэг КОВИД" бодлого юм. Нээлттэй, чөлөөтэй байх нь олон сая хүний амь насанд хүргэж болзошгүй вирусын давалгаанд хүргэнэ гэж тус нам эмээж байна. Энэ нь үнэн байж магадгүй, гэхдээ үнэтэй цаг хугацааг дэмий үрсэн.
60-аас дээш насны 100 сая хүн гурван тун вакцинд хамрагджээ. Барууны илүү үр дүнтэй MRNA вакциныг импортлохоос татгалзсан. Үүний оронд ирэх жил ч “Тэг-КОВИД” бодлогоо үргэлжлүүлэх төлөвлөгөө баримталж байж магадгүй юм. Хятад улс 2023 оны 6 дугаар сард болох хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээнийг зохион байгуулахаас татгалзлаа. Байнгын тест авах цэгүүд болон хамрын арчдас авах арми байгуулах тухай яригдаж байна. Омикрон хувилбар нь маш амархан халдварладаг тул илүү олон дэгдэлт, хөл хорио байх нь гарцаагүй. “Тэг-КОВИД” бодлогыг ноён Ши тодорхойлсон тул тус бодлогыг шүүмжлэх нь хорлон сүйтгэх ажиллагаанд тооцогдож байна.
Хоёр дахь цохилтын ард мөн л үзэл суртал бий. Энэ нь Хятад-Америкийн зөрчилдөөн зэрэг “100 жилд гараагүй их өөрчлөлт"-ийг шийдвэрлэх зорилготой ноён Ши-гийн "хөгжлийн шинэ үзэл баримтлал", түүний эдийн засгийн цуврал санаачилгууд юм. Энэ үзэл баримтлалын зорилтууд нь үндэслэлтэй: тэгш бус байдал, монополь, өр зээлтэй тэмцэх, Хятад улс шинэ технологид ноёрхож, барууны хориг арга хэмжээний эсрэг дархлаатай байх явдал юм. Гэхдээ ноён Ши бүх зүйл дээр нам нь манлайлах ёстой гэж үзэж байгаа бөгөөд эдгээр санаачлагын хэрэгжилт нь шийтгэлтэй хосолсон, эмх замбараагүй байсан. Торгууль, шинэ зохицуулалт, цэвэрлэгээний “цасан шуурга” нь ДНБ-ий 8 хувийг бүрдүүлдэг динамик технологийн салбарыг зогсонги байдалд оруулав. Мөн ДНБ-ий 20-иос илүү хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарт хийсэн “зэрлэг бүдүүлэг” боловч бүрэн бус дарангуйлал нь санхүүжилтийн хямралд хүргэж, 2022 оны 4 дүгээр сард орон сууцны борлуулалт өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурахад хүргэсэн хүчин зүйлсийн нэг юм.
Засгийн газрын дэжлэгийн багц хөтөлбөр нь 2022 оны 5.5 хувийн өсөлтийн албан ёсны зорилтыг биелүүлэхэд тусална найдаж байна. Энэ оны 5-р сарын 19-нд Ерөнхий сайд Ли Кэцян өсөлтийг сэргээхийн тулд "шийдвэртэй алхам хийх"-ийг албаныханд уриалж, Төв банк ипотекийн зээлийн хүүг буурууллаа. Социалист нам ч айдаст автсан технологийн салбарын магнатуудыг тайвшруулахыг оролдсон. Өөр нэг томоохон эерэг алхам бол бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн Засгийн газрын дэд бүтцийн томоохон хөтөлбөр юм.
Гэхдээ илүү их өр үүсгэх, бетон цутгах нь хатуу хөл хорионы хэрэгцээг арилгах эсвэл ноён Ши-гийн эдийн засгийн шинэ загвараас үүсэх эрсдэлийг бууруулахгүй. Энэ нь бүтээмж багатай Засгийн газрын оролцоо, хамрах хүрээг л тэлэх юм. Хятадын аж үйлдвэрийн бодлого асар их амжилтанд хүрсэн, тухайлбал, дэвшилтэт батерейгаар дэлхийд давамгайлах байр суурьтай болсон. Технологи, бас төрийн хөрөнгө оруулалтын сангуудын шинэ бүлэг нь шийдвэр гаргах үйл явцыг илүү шуурхай болгоно гэж ноён Ши найдаж байна. Гэхдээ зэвтэй туузан үйлдвэрлэлээс эхлээд микрочип хүртэлх бүх бүтэлгүйтлүүдийг мартаж болохгүй.
Үүний зэрэгцээ эдийн засгийн хамгийн бүтээмжтэй хэсэг болох хувийн хэвшлийн хийж бүтээх инсентив буураад байна. Үүнийг санхүүгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө гадагшилж буй урсгалаас харж болно. Капитал хөрөнгийн зардал өссөн: Хятадын хувьцаа Америкийнхаас 45%-ийн хямдралтай арилжаалагдаж байгаа нь түүхэн дэх хамгийн их зөрүү юм. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн тооцоо өөрчлөгдөж байна. Бүх бизнесүүдийн хувьд санхүүгийн үзүүлэлт сайн гарвал намын хардлага, сэрдлэгэд орох вий гэсэн айдастай боллоо. Компанид хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн санаанд биш, харин хамгийн их татаас авах дээр “бооцоо тавих”-д шилжээд байна. Сүүлийн 40 жилд анх удаа эдийн засгийн томоохон салбаруудад либералчлах шинэчлэл хийгдэхгүй өнжлөө. Энэ шинэчлэлгүйгээр эдийн засгийн өсөлт буурах болно.
Ноён Ши-гийн үзэл суртлын эдийн засгийн бодлого дэлхий дахинд асар хүчтэй нөлөө үзүүлдэг. Төрийн дэмжлэг нь эрэлтийг нэмэгдүүлж болох ч илүү их хөл хориотой байх нь дэлхийн эдийн засгийг уналт руу хөтөлж болзошгүй. Бизнесийн салбарын хувьд Хятадын хэмжээ, боловсруулалтын түвшин нь нөлөө ихтэй тул үндэстэн дамнасан компаниудын санааг мөн зовоож байна. Гэхдээ Apple Хятадаас хол байгаа нийлүүлэлтийн сүлжээг сэргээхээр ажиллахаа мэдэгдээд байна. Хятадын том үйлдвэрүүд 2030-аад он хүртэл зарим үйлдвэрлэлд ноёрхож, барууны орнууд Хятадын бараа бүтээгдэхүүнийг импортлогч болох төлөвтэй байна. Гэхдээ дипломат салбарт амбиц багатай, сул бие даасан байдалтай хувийн хэвшилтэй байгаа нь Хятад улсын хилийн чанад дахь оролцоо, байр суурь нь төрийн бодлого, улс төрийн шинж чанартай байхыг илтгэж байна. Энэ байдал нь илүү хор хөнөөлтэй, үр дүн багатай байж магадгүй юм (Хятад, Африкийн тухай The Economist сэтгүүлийн тусгай тайланд тайлбарласан).
Нэг хүний засаглалаас үүдэх аюул занал- Илүү тусгаарлагдсан Хятад улс дахь амьдрал хэрхэх вэ? Хүмүүс хөл хорио, ажлын байраа алдсан талаараа онлайнаар ярьж байгаа ч энэ нь суртал ухуулга, намын зорилгыг магтан дуулагчдын ачаар нийгмийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал болж хувирах магадлал багатай юм. Зарим технократууд (элит бүлгийн төлөөлөллүүд) улс орон зүүн чигийн үзэл баримтлал руу шилжиж буйтай санал нийлэхгүй байгаа ч үүнийг эсэргүүцэх хүч, зориг дутагдаж байна. Энэ үүсээд буй эдийн засгийн асуудал элит улс төрийн хар хайрцагны бодлогын гадна үлдэхийн хэрээр 68 настай ноён Ши-тэй өрсөлдөх хүн байхгүй. Гэхдээ түүнийг 2027 он хүртэл Хятадын засгийн эрхийг дахин барихыг баталгаажуулах намын их хурал болохын өмнөхөн Дэлхийн № 2 том эдийн засаг дах нэг хүний засаглалын сул талууд ил харагдаж эхэллээ.”
Сэтгэгдэл ( 0 )