Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Бусад боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болсон байна.
Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах, автобензин, дизель түлшийг “Роснефть” компаниас хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир ОХУ-ын бусад компани, БНХАУ-аас авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм.
Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. “Роснефть” компани энэ сард зөвхөн 10 мянган тонныг өгөхөөр байгаа нь нийлүүлэлт багасахад нөлөөлж байгаа юм. Иймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тус компанитай яриа, хэлцээ хийж байгаа бөгөөд бусад эх үүсвэрээс ч шатахуун авч эхлээд байна.
“Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 7 дугаар сард тонн тутамдаа А-80 автобензин 119, АИ-92 автобензин 201, дизелийн түлш 4 ам.доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )