Хөрөнгө зарцуулах журмыг баталлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Засгийн газрын хуралдаанаар мөн “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”, “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталлаа.

Малаа эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах, ноосоо бэлтгэлийн стандартын дагуу ангилахаас гадна сумынхаа мал эмнэлгийн тасагт малын гарал үүсэл, чанар, тоо хэмжээтэй холбоотой мэдээллийг өгч бүртгүүлсэн байх шаардлагыг “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д тусгажээ.

Урамшууллын мөнгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, боловсруулах үйлдвэр, “Мал хамгаалах сан”-гийн тодорхойлолтыг үндэслэн гарах сайдын шийдвэрийн дагуу сум, дүүргийн Төрийн сангаар дамжуулан малчин, мал бүхий иргэдэд олгоно.

Харин ноос, ноолуурын салбарт олгох зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлтгэсэн ноос, ноолуур, үйлдвэрлэсэн утсыг худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж үндэсний үйлдвэрт олгох юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан 150 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс бүрдэх зээлийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсвөөс жил бүр олгодог зээлийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах чиглэлээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг баримтлан олгоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top