Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийг 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн тодорхой заасан байдаг. Мөн Есдүгээр зүйлд “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан. Харин үүнд яг аль шашныг хүндэтгэх вэ гэдгээ тодорхой зааж өгөөгүй байна.
Тэгвэл Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан нь төр засаг нь иргэдийнхээ шашин шүтэх эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мэт. Учир нь Үндэсний статистикийн хорооноос явуулсан 2020 оны судалгаагаар шашин шүтдэг хүмүүсийн 87.1 хувь нь буддын шашин шүтдэг гэж гарчээ. Хэдийгээр өндөр тоо мэт боловч цаана нь ислам, христ, бөө мөргөл гээд олон төрлийн шашны урсгал шүтдэг хүмүүс бий.
Тэгэхээр эдгээр үлдсэн хүмүүсийн шашин шүтэх эрхэд хуулийн аргаар халдаж байна гэж үзэж болохоор байгаа юм. Учир нь иргэдийнхээ шашин шүтэх эрх нь чөлөөтэй гэж заасан хэрнээ зөвхөн буддын шашин шүтдэг хүмүүстээ зориулж бүх нийтийн амралтын өдөр бий болгосон нь өөрөө өрөөсгөл.
Хэрэв ингэж шашнаар нь ялгаж амралтын өдөр болгох бол бусад шашны ч хүндэтгэл, гол өдрүүдийг амралтын өдөр болгох хэрэгтэй. Үгүй бол бүх шашин, нийт иргэдийнхээ шүтэх эрхэд хүндэтгэлтэй хандаж аль нэг шашны тэмдэглэлт өдрөөр амардаггүй байх ёстой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )