ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.15 /зохион байгууллаа.
ШУА-ийн Философийн хүрээлэн нь дэргэдээ Ёс зүй сэтгэл судлалын судалгааны салбарыг энэ онд шинээр байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монголын сэтгэл судлал, ёс зүйн сургалт судалгаа явуулдаг их дээд сургууль, судалгааны хүрээлэн, ТББ-ын төлөөлөгчдийг хамарсан энэхүү хэлэлцүүлгийг ФХ-ийн 50 жилийн ойг угтан хийж байгаа юм.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглэл бол манай нийгмийн тулгамдсан чухал сэдвийг сонгожээ. Манай эрдэмтдийн санаа сэтгэлийг байнга эмзэглүүлж байгаа зүйл бол монголын нийгэмд үлэмжхэн дутагдаад байгаа ёс зүй, сэтгэл зүйн зохистой төлөвшил юм. Үүнийг хувь хүний үйл ажиллагаа руу чиглүүлэхээр хүмүүжил зан үйл гэдэг юмтай холбогдоно. Ингээд ирэхээр монголын нийгэмд нэн тэргүүний хэрэгцээ болсон энэ асуудлыг манай улс төрчид төрийн бодлогын хувьд арагш тавьсаар байгаа.
Амин чухал асуудлыг онолын үүднээс, практикийн үүднээс судалгаа шинжилгээний зорилго зорилтын хүрээнд судалж цуглуулах, төрийнхөө бодлого руу, сургалт руу, нийгмийн практик, гэр бүлийн хүмүүжлийн систем рүү хүртэл оруулах тулгамдсан хэрэгцээ бидэнд үүсчхээд байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэс болгоод Философийн хүрээлэн санаачлаад өөрийнхөө бүтцэд Ёс зүй, сэтгэл судлал гэдэг бие даасан салбарыг байгуулаад монголдоо байгаа цөөхөн энэ чиглэлийн судлаачдынхаа хүчийг нэгтгэн судалгааных нь суурийг тавьж байгаа нь нэг том алхам боллоо. Салбараас энэ мэт тодорхой ажлууд зохион байгуулж байгааг бид дэмжин ажиллана. Дээрх асуудалд сэтгэл оюунаа зориулж байгаа нийт судлаач, эрдэмтдийг оролцуулж, санаа бодлыг солилцож байгаа учраас асуудлаа онож ойлголцох, хамтаараа зохион байгуулах ажлын чиглэлийг тодорхойлох, салбараа бэхжүүлэх, салбарынхаа судалгааны тэргүүлэгч чиглэлүүдийг оновчтой болгох гэх мэт олон талаар энэ хэлэлцүүлэг ач холбогдолтой болж байна” гэлээ.
Мөн энэ үеэр доктор Ш.Батсүх “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд”, доктор М.Золзаяа “1990 оноос хойш ёс зүйн асуудлаар хийгдсэн зарим судалгааны тойм”, доктор Р.Дарьхүү “Монгол улс дахь ёс зүйн судалгааны цаашдын чиг хандлагад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )