Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх талаар хэлэлцэж байна

2022 оны 06 сарын 16

Жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр дэлхийн ган, цөлжилтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил  “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” уриан дор тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна мэдлэг хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг уламжлалттай. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, цөлжилт, газрын доройтлыг тэглэх технологийн тухай нийтэд хүргэж, сайн туршлагуудыг танилцуулах болон цаашид Монгол Улсад ямар боломж, шийдэл байгаа талаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Уг уулзалт, хэлэлцүүлгийг БОАЖ-ын дэд сайд Л.Түвдэндорж нээж үг хэллээ. “Монгол орны гангийн нөхцөл байдал, цаашдын хандлага” сэдэвт илтгэл УЦУОШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв, “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенциос гангийн талаар гарсан шийдвэрүүд” сэдэвт илтгэл БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа, “Гангийн бодлого олон улсад хандлага, туршлага, сургамж” сэдэвт илтгэл ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөх,  доктор Н.Мандах, “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр ба ган, зудтай холбоотой зорилтууд” сэдэвт илтгэл Уур амьсгалын өөрчлөлт, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн үндэсний зохицуулагч М.Сүхрагчаа, Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн үр дүн, иргэдийн оролцоо, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж сэдэвт илтгэл Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн зөвлөх Н.Баянхишиг нар тус тус илтгэл тавьж байна.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн зорилтоо тодорхойлсон. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэн эхлээд байна.

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд нэгдэн орсон бөгөөд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг 2005 онд, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012 онд тус тус баталж хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцон Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулахаа зарласан бөгөөд ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах төдийгүй хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг ногоон хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг орон даяар өрнүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд бусад улс орон, олон улсын байгууллагууд хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 9-21-ний өдрүүдэд Коте Д’Ивуар Улсын Абижан хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 15 дугаар бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улс орон сайшаан дэмжсэн бөгөөд 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Мөн 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэй Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн 23.1 сая ам.доллар санхүүжилтийн төслийг Ховд, Дорнод, Завхан, Сүхбаатар аймагт, Монгол орны зүүн бүсийн хуурай хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг сааруулах зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн цөлжилт ихтэй зарим сумуудад НҮБ-ын Даян Дэлхийн байгаль орчны сангийн 5.3 сая ам.долларын санхүүжилтийн төслийг тус тус 2021 онд эхлүүлсэн. 2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

2022 онд  'Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах, элсний нүүлтийг сааруулах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top