Сайхан сэтгэлийн үзүүрт “ЗАЛИЛАГЧ” нуугдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.


ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ЗАЛИЛАН ЭРС ИХЭСЧЭЭ

Сошиэл хурдацтай хөгжиж байгаа нь давуу тал болох тохиолдол байгаа ч нягталж шалгахгүй, гэнэн байдлаар хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд сул тал болсоор байна. Ойрын өдрүүдэд залилах гэмт хэргийн хохирогч болсон төрөл бүрийн кейс, мэдээлэл цацагдаж байна. Сошиэлээр монголчуудын сайхан сэтгэл дээр дөрөөлөн үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэргийн өөр нэг хэлбэр нь “хандив тусламжийн залилан” юм.

Монголчууд өнгөрсөн хугацаанд нийлж, нэгдэж, уран бүтээлчид нь тоглолт хийж олон арван хүмүүст амьдрал бэлэглэж, гадагшаа эмчилгээнд явуулсан. Гэвч хүний өвчин зовлонгийн хажуугаар худал мэдээлэл постолж, хандив цуглуулах нэрийдлээр залилан хийдэг тохиолдол, гэмт хэрэг цагдаад бүртгэгдсээр байна.

20 настай эмэгтэй 1500 удаагийн үйлдлээр хандив тусламжийн залилан хийжээ

20 настай бүсгүй “зүрхний тосгуур хоорондын цооролтой дүүгээ Солонгост эмчлүүлэх гэж байна” гэсэн постыг 3 өөр нэртэй хуурамч хаягнуудаас цахим орчинд байршуулж, 1500 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг залилжээ.

Мөн иргэн А “Миний хүү бурхан болчихлоо, сайхан сэтгэлт ард түмэн минь оршуулгын зардалд туслаач” гэсэн худал мэдээллийг цахимд оруулж 1 сарын турш 229 хохирогчоос 115 сая төгрөг залилжээ.

Хандив тусламжийн иймэрхүү залиланд иргэд өртөж байгаагаа хянаж шалгадаггүй бөгөөд мөнгөө залилуулсан ч гомдол гаргах нь төдийлөн элбэг биш. Хандив гуйж байгаа өвчтэй гэх хүнийх нь зураг мэдээлэл хуурамч, данс нь хэнийх вэ гэдгийг хэн ч шалгахгүй, сайхан сэтгэлээр гар сунгаж хамгийн багадаа л 300-500 хүн 5-50 мянган төгрөг шилжүүлдэг байна.

Хуурамч хандивын аяныг шууд шалгах боломжтой 2 арга бий

Нэгдүгээрт: Тухайн зургаар хайлт хийж үзэх хэрэгтэй. Хандив тусламжийн залилангийн хэрэг үйлдэгч нар гадны сайт дээр тавигдаж байсан монгол хүүхэдтэй аль болох төстэй харагдахаар хүүхдүүдийн эмнэлэгт байгаа зургуудыг ашигласан байдаг. Хайлт хийгээд үзэхэд хуурамч зургууд нь “Asia one” зэрэг гадны сайтууд дахь мэдээлийн зургууд байх нь элбэг.

Хоёрдугаарт: Дансны мэдээллийг шалгах хэрэгтэй. Сошиэлд давалгаалж байгаа хандивын зураг, мэдээллийг ашиглахдаа мөнгө шилжүүлж авах дансыг нь сайтар шалгах хэрэгтэй. Жишээ нь өрх толгойлсон эмэгтэй хүүхэддээ хандив гуйж байхад Аав Э... гээд данс тавиад 280 сая төгрөгийг 588 хүнээс шилжүүлэн авсан хэрэг одоогоор Цагдаад шалгагдаж байна. Сайхан сэтгэлийн үзүүрт залилагч байхыг үгүйсгэхгүй тул та хэн нэгэнд буян үйлдэж хандив шилжүүлэхдээ хүртэл нягталж байгаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цагдаа (66.181.166.134) 2022 оны 06 сарын 17

энэ мэт юмаа эртхэн шиг анхааруулга болгож бхгүй яасын бэ?

0  |  0
Top