Зам тээврийн ослоор 10 жилийн хугацаанд 4788 хүн энджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор иргэдийн аялах, зугаалах, агаар салхинд гарах нь ихэсдэг. Тэр дундаа цар тахлын дараа үе буюу хөл хорио суларсантай холбоотойгоор гадаадын хийгээд дотоодын аялал жуулчлал нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл энэ үеэр хамгийн санаа зовоосон асуудлуудын нэг бол зам тээврийн осол, гэмтэл юм. Зам тээврийн осол, гэмтэл нь төрөл бүрийн шалтгаантай байдаг боловч, нийт бүртгэсэн ослын 90 хувийг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээх дүгнэлт гардаг байна. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаараа зам тээврийн ослын талаар бэлтгэлээ.


 

ОН ГАРСНААР 195 ИРГЭН АМЬ НАСААРАА ХОХИРЧЭЭ

 

Жолооны ард сууж, үнэмлэх авсан хүн бүрийг жолооч хэмээн хэлэхэд хэцүү. Үүний тод жишээ бол сүүлийн 10 жилийн байдлаар нийт 4593 иргэн амь насаараа хохирсон хийгээд 42.489 хүн гэмтэж, бэртжээ.

Харин он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 195 иргэн амь насаараа хохирч, 1087 иргэн гэмтсэн байна. Ингэхдээ зам тээврийн осол гарч буй гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг нөхцөлөөс үүсэлтэй аж.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд зам тээврийн ослын улмаас бэртэл гэмтлээр ирдэг хүмүүс дийлэнхдээ тархи, цээж, хэвлийн гэмтэл, хавирганы хугарал, олон яс хугарсан, хавсарсан хүнд гэмтэлтэй зэрэг оноштой байдаг ажээ.

Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 11.2-11.8 мянган хүн бэртэл, гэмтэлтэйгээр ирдэг. Үүнээс 300-500 хүн авто тээврийн шалтгаантай буюу авто ослоос үүсэлтэй бэртэж, гэмтсэн байдаг юм. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо. Аялал зугаалгын сар эхэлсэнтэй холбоотойгоор хурдаа тохируулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаагүй, 12-оос доош насны хүүхдүүдийг зориулалтын суудалд суулгаагүй, суудлын даруулгаа зүүгээгүй гэх мэт шалтгаанаас үүсэлтэй” гэлээ. Мөн тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлдэг иргэд амь насанд халтай бэртэлтэйгээр очдог гэдгийг ч дурдлаа. Ингээд харвал Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтэлтэй ирдэг хүмүүсийн 23-37 хувь нь авто тээврийн ослын улмаас гэмтсэн өвчтөнүүд эзэлж байгаа юм.

 

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

 

Зам тээврийн ослыг улирлын байдлаар авч үзвэл дийлэнх тохиолдол нь зуны улиралд тохиолддог ажээ. Харин гарагаар авч үзвэл баасан гарагаас илүүтэй даваа гарагт зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс түлхүү бүртгэгддэг хэмээх судалгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Судалгаа, тандалтын албанаас гаргасан байна. Зам тээврийн осол зуны улиралтай шууд хамааралтай байхыг ч үгүйсгэхгүй юм. Учир нь Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аяныг 2019, 2020 онд хоёр удаагийн үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ үеэр зам тээврийн осол 31.8 хувь буурсан гэх тоон мэдээлэл бий. Тиймдээ ч нөлөөллийн аяны давуу тал нь жил ирэх тусам зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтэж, амь хохирсон иргэдийн тоо буурч байгаа үзүүлэлт хэмээн тодорхойлж болох юм. Тухайлбал, 2019 онд 561 иргэн амь насаа алдаж байсан бол 2021 онд 383 болж буурсан үзүүлэлтийг дурдаж болно.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн бэртэж гэмтсэний зургаа нь орон нутагт байгаа аж. Ингэхдээ онхолдох хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, таван хүн гэмтсэн байна. Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдсэнээс үүдэж нэг хүүхэд амь насаараа хохиржээ.

Мөн мотоциклтой нэг осол бүртгэгдэж, нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. Цаашдаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа учраас Цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Арга хэмжээний нээлтийг Улаанбаатар хотоос гарах хэсэгт зохион байгуулсан юм. Ингэхдээ улаан болон шар өнгийн шаар бүхий 11 эгнээг үүсгэсэн байлаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат “Цар тахлын дараа үе учраас хот хоорондын зам дээр 250-600 иргэн амь насаараа хохирох эрсдэлтэй байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь хүний амь нас эрсдэхээс сэргийлж, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадлыг өөрчлөх, зөв үйлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэх ач холбогдолтой хэмээн харж байгаа” гэсэн юм.

Энэхүү аяныг зохион байгуулснаар хот хоорондын замд гарч буй зам тээврийн осол 20-30 хувиар буурна хэмээн үзэж байгаа. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг есдүгээр сарын 15 хүртэл зохион байгуулах ажээ. Ингэхдээ 21 аймгаар нэгэн зэрэг аяныг өрнүүлэх юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамир хот хоорондын замын хөдөлгөөнд оролцож буй машины 85 хувийг суудлын автомашин эзэлдэг талаар онцолсон юм. Тэрбээр “Хэн ч осолд оръё гэж боддоггүй. Гэвч иргэд орон нутгийн замд гарахдаа зорьсон газартаа эртхэн очъё гэх бодолтой байдгаас үүдэж хот хоорондын зам дээр гарах ослын тоо нэмэгдэж байна. Зам тээврийн ослын улмаас он гарснаас хойш нийт 25 хүүхдийн амь нас хохирсон.

Эдгээр хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзбэл 17 нь зорчигч хэлбэрээр байгаа. Насны байдлаар авч үзвэл хамгийн бага нь гурван сартай нярай юм. Эдгээр 17 хүүхдийн 80-90 хувь нь гурван сартайгаас долоо хүртэлх насны хүүхдүүд байна. Энэ нь юуг харуулж байгаа гэвэл хүүхдийг өвөр дээрээ авч явах, бүс зүүлгэхгүй тээвэрлэх, мөргөлдсөний улмаас цонхоор шидэгдэх гэх мэт хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийн горим алдагдсанаас үүсэлтэй. Тиймээс иргэдийг хот хооронд зорчихдоо анхаарал, болгоомжтой, хурдаа тааруулж зорчихыг зөвлөж байна” хэмээв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top