Тов ёсоор Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 20-24-ний хооронд хуралдаж, ирэх баасан гараг гэхэд шийдвэр гаргах ёстой юм.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан тавдугаар сарын статистик мэдээллээр, үнийн өсөлтийн эрчим өмнөх дөрөвдүгээр сарынхаас нэмэгдэж, улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 15.1 хувь, өмнөх оны эцсээс 7.9 хувиар өсөөд байна. Инфляц 15.1 хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж тайлбарлаж буй.
Тодруулж авч үзвэл, инфляц энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсөхөд:
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (өмнөх оны мөн үеэс), сараар, хувиар
Монгол Улс дотооддоо үйлдвэрлэгч бус импортлогч орон учраас ковид болон ОХУ-Украины дайны улмаас дэлхий нийтэд тулгараад буй үнийн өсөлтийн нөлөөллийг өдөр тутам тогтмол хэрэглэдэг бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаараа дамжуулан мэдэрч байна.
Төлөв байдлыг аваад үзэхэд, энэ оны туршид үнийн өсөлт 14 хувиас буурахгүй байж мэдэхээр байгаа ийм нөхцөлд төсөв, мөнгөний бодлогын харьцангуй эрүүл зохицуулалтууд шаардлагатай байгаа талаар эдийн засагчид хэлж, ярьж буй юм.
Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж, эрх баригчидтай, холбогдох төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн ОУВС-гийн ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүд Монголын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн дүгнэлтдээ “Мөнгөний бодлогын байр суурийг одоогоор өөрчлөх шаардлагагүй” гэж дурдсан.
Тодруулбал, Инфляц гол төлөв Монголбанкны хяналтаас гадуур орших нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн, мөн Монголбанкны зүгээс шаардлагатай арга хэмжээг саяхан авсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт доогуур байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоохондоо нэмж өөрчлөх шаардлагагүй. Нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шийдвэр шууд хамаарна. Гэсэн хэдий ч инфляцын хүлээлт хяналтаас гарахаас сэргийлж Монголбанк байнгын ажиглалт шинжилгээ хийж байх хэрэгтэй. Монголбанк энэ зорилгынхоо хүрээнд 2020 оноос хойш засгийн газраас эдийн засгийг дэмжих үүднээс авч хэрэгжүүлсэн олон төрлийн арга хэмжээ болон тэтгэврийн доод хэмжээг огцом нэмсэн, удахгүй батлагдах цалин хөлсний доод хэмжээний өсөлтийн инфляцад үзүүлэх үр нөлөөг сайтар ажиглан шинжлэх хэрэгтэй. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажим нэмэгдэх үзэгдэл үүсвэл бодлогоо нэмж чангаруулах шаардлагатай болно. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон байгаа. Нийлүүлэлт нь хязгаарлагдсан эдийн засагт энэ мэт зорилтот бүлэгт чиглээгүй дэмжлэг нь зөвхөн инфляц, ханшийн дарамтыг өдөөж, улмаар мөнгөний хатуу бодлогын үр нөлөөг бууруулах учраас төсөвтэй адилтгах зардлыг нэн даруй зогсоох ёстой. Ингэснээр Монголбанкны үйл ажиллагааны хараат бус бие даасан байдал хангагдаж, ОУВС-гаас Монгол Улсад 2020 онд олгосон онцгой байдлын санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дөхөм болох учиртай” хэмээн зөвлөсөн юм.
Мөн нөгөө талаас дотоодын эдийн засагчдын байр суурийг анзаарч харахад, анхаарал татсан зүйлсийг ч хэлж ярьж байна. Тухайлбал, эдийн засагч Ө.Ганзориг мөнгөний бодлогоор поп улстөрчдийг гүйцэхгүй, боломжгүй гэдгийг хэлж байна. Тэрбээр бид бүгд олон жил инфляц, мөнгөний бодлого ярьж, төгрөгийн ханш сулрах нь зөв ч гэж ярьсан. Гэтэл суурь утгаараа, алсдаа энэ нь утга учиргүй зүйл гэдгийг бид хаа сайгүй харж л байна. Тухайн жилийн хувьд, улирлын хувьд төгрөгийн ханш сулрахаас өөр аргагүй нөхцөл байдал байна. Тэрийг би ойлгож л байгаа. Гэхдээ энэ бүгдийн эцэст иргэд ядуурч хоцордог. Тэрний буруутан нь төв банк ч биш, та ч биш, би ч биш. Буруутан нь популист улс төрчид, УИХ, авилга, хулгай дээрэм гэдгийг бүгд мэдэж байна... Онолын эдийн засгаар энэ улсад зарим зүйлс явагдахгүй байна. Яагаад гэвэл суурь бүтэц буруу, институц дорой, корпораци үүсээгүй, хулгай дээрэм гаарсан байна. Тийм учир бид практик шийдэл хайхаас өөр аргагүй байдалд хүрч байна хэмээн байр сууриа илэрхийлээд буй юм.
Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир ОУВС-гийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс илэрхийлсэн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Төсвийн алдагдлыг дорвитой бууруулах нь инфляцыг тогтоон барих мөнгөний бодлогын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд инфляцтай дан ганц мөнгөний бодлогоо тэмцэх нь эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй” гэсэнтэй санал нэгдэж байгаа хэдий ч “Мөнгөний бодлогын байр суурийг одоогоор өөрчлөх хэрэггүй” гэдэг нь хэт өрөөсгөл дүгнэлт юм.
Хамгийн гол нь сангийн бодлого чангарахгүй байсаар байгаа, цаашид ч дорвитой чангарахгүй бол яах вэ? гэдэг асуулт юм. Энэ тохиолдолд мөнгөний бодлогын нөлөө сулрах хэдий ч, нийлүүлэлтийн хязгаарлалт (төлбөрийн тэнцлийн өндөр дарамттай хамт) оршсоор байгаа эдийн засагт мөнгөний бодлого чангарах замаар инфляц болон төлбөрийн тэнцэл дэх үр дагаварыг арилгахад чиглэх ёстой. Энэ нь оновчтой бодлогын хослол биш боловч, сангийн бодлого ажлаа хийхгүй байна гээд мөнгөний бодлого ажил хаяж болохгүй л гэсэн үг. Магадгүй мөнгөний бодлого ажлаа илүү сайн хийх ёстой ч байж магадгүй.
Мөнгөний бодлогын “юу ч битгий хий” гэсэн стратеги нь сангийн тэлэх бодлогоготой, төсвийн шинжтэй зардлууд үргэлжилсээр байгаа, инфляцын хоёр дахь үеийн нөлөө гарч эхэлж буй өнөөгийн нөхцөлд илүү өндөр инфляц, улмаар инфляцын хүлээлтийн хяналтаас гарахад ч хүргэх эрсдэлтэй.
“Мөнгөний бодлогын төлөв нь шинээр гарч ирэх тоон мэдээллээс ихээхэн хамаарах ёстой” гэж зөвлөсөн. Тэгвэл 2022 оны 5 дугаар сарын улсын жилийн инфляц өмнөх сараас 0.7 нэгж хувиар өсөж 15.1 хувьд (Улаанбаатар хотын хувьд 1 нэгж хувиар өсөж 16.2 хувьд) хүрсэн. Түүнчлэн “цалин-үнэ гэсэн спираль” эдийн засагт өнгөрсөн оны сүүлээс хойш гарч эхлээд байна.
2021 оны 2 дугаар хагаст инфляц өссөн нь цалинг өсгөх шаардлагыг бий болгож, 2021 оны 4 дүгээр улирлаас нэрлэсэн цалин өссөн. Энэ нь инфляцын өсөлтөд эргэн хувь нэмэр оруулснаар дараагийн тэтгэвэр, цалинг (одоо цалингийн доод түвшинг) өсгөх хүсэлтийг бий болгох процесс үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, “цалин-үнийн спираль” аль хэдийнэ эхэлсэн, инфляцын хүлээлт өсөөд буй тул мөнгөний бодлогыг нэмж чангаруулах шаардлага бүрдээд байна.
Монголбанкны болон Үндэсний судалгаа зөвлөгөөний төв (NRCC)-ийн түүвэр судалгааны үр дүнгүүд нь инфляцын хүлээлт аль хэдийнэ өндөр түвшинд хүрч өсөөд байгааг харуулж байна. 2022 оны 1 дүгээр улирлын түүвэр судалгааны үр дүнгээр ирэх 12 сарын иргэдийн инфляцын хүлээлт 20.1 хувь (чанарын хариултаар), 22.4 хувь (мэдрэмжид суурилсан), 13.5 хувь (тоон хариулт)-тай байна. Энэхүү инфляцын хүлээлтийн тоон утга сүүлийн 3 улирлын турш тасралтгүй өсөж байна. Инфляцын хүлээлтийг “аргамжаанд оруулж”, хяналтаас гаргахгүй тогтворжуулахын тулд мөнгөний бодлого үргэлжлэн чангарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Түүнчлэн бодлогын бодит хүү, хадгаламжийн бодит хүү сөрөг өндөр түвшинд хүрээд буйн дээр төгрөг, ам.долларын хүүний зөрүү бага түвшинд байгааг, түүнээс эдийн засаг, санхүүгийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн талаар ганц ч өгүүлбэр тэдний дүгнэлтэд гараагүйд харамсаж байна...” гэсэн. Мөн тэрбээр АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөх шийдвэрийг энэ сард гаргасан нь сүүлийн 30 жилд анх удаа огцом өсгөсөн явдал гэдгийг тодотгосон. Энэ эрчээрээ ирэх саруудад өсгөвөл оны төгсгөлд 3.25-3.5 хувьд хүрэхээр байгаа бөгөөд ийн нөхцөлд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалахын тулд бодлогын хүүг оны эцэс хүртэл хамгийн багадаа одоогийн 9 хувь гэсэн түвшнээс 2.25-2.5 хувиар өсөх шаардлагыг ч бий болгоно. Энэ нь бодлогын хүүг 1 улиралд хамгийн багадаа 1 хувиар өсгөх шаардлагатайг илэрхийлнэ гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол банкны ерөнхийлөгчөө хамгаалаад байгаа ерөнхий сайдыг одоо огцруулах хэрэгтэй дээ...