Хятадтай 10 тэрбум ам.долларын худалдаа хийх ЗОРИЛТ ковидын үед хэрэгжсэнийг өнгөрсөн нэгдүгээр сард тодотгон мэдээлж байсан билээ.
Тэгвэл өчигдөр /2022.06.21/ зохион байгуулагдсан “Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр оролцогчид хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, 2021 оны эцсийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.1 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар болсныг онцоллоо.
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын хамтын зорилтын талаар албаныхан өмнө нь удаа дараа байр сууриа илэрхийлж байсан юм.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээллээр, Монгол Улс 2021 онд БНХАУ-тай 10.1 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлсэн үзүүлэлт.
Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээс өмнө буюу 2019 онд Монгол Улс БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийж байсан. Харин ковидын улмаас хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал давамгайлсан 2021 онд ийнхүү манай улс тус улстай 10 тэрбум ам.доллар давсан худалдааг хийсэн юм.
Энэ оны тавдугаар сар хүртэлх гадаад худалдааны статистикийг харахад, Монгол Улс 4.1 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэх экспорт хийсний 82%-ийг Хятад руу, 3.1 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн авсны 31%-ийг Хятадаас аваад байна.
Дашрамд, БНХАУ-ын гадаад худалдааны нөхцөл байдлын мэдээллээс хүргэхэд:
• БНХАУ зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, ДНБ нь 30 гаруй жилийн турш хоёр оронтой тоогоор өсөж, 2009 онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг, 2010 онд дэлхийн хамгийн том экспортлогч болсон. 2021 онд тус улсын ДНБ 16.8 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлжээ.
• Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд Хятад улсын эзлэх байр суурь эрс өссөн нь нэг талаас нөөц баялгийн хишиг, даяаршлын үр нөлөөг хүртсэнийх бол, нөгөө талаас тус улсын засгийн газраас явуулсан тогтолцооны шинэтгэлийн үр дүн гэж судлаачид тайлбарлаж байна.
• Тус улсын ДНБ-ий 35 орчим хувийг гадаад худалдаанаас бүрдүүлж буй (2020) бөгөөд тус салбарыг эдийн засгийг шинэчлэх чухал хэрэгсэл хэмээн үзэж, улам бүр нээлттэй болгохыг зорьж буй.
• Нийт экспорт, импортод үйлчилгээний худалдаа харьцангуй бага буюу 10 орчим хувийг эзэлж байна.
БНХАУ-ын гадаад худалдааны хөгжлөөс харахад, ерөнхийдөө гурван голлох бодлогын хувьсал явагдаж байна.
• Нэг, экспортын баримжаатай стратегиас импорт, экспортод адил ач холбогдол өгөх,
үйлдвэрлэлийн салбарын нээлттэй байдлаас үйлчилгээний салбарын нээлттэй байдалд хүрэх, зарим үйлдвэрлэлийг хамгаалах бодлогоос аажмаар бүх үйлдвэрлэлийг нээлттэй болгох;
• Хоёр, зүүн бүсээ эхэлж хөгжүүлэх бодлогоос бүс нутгийн зохицуулалттай хөгжилд, далайн эргийн бүсүүдийн нээлттэй байдлаас төвийн бүсийн өсөлтөд, цаашлаад “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт, бүс нутгийн нээлттэй хэлбэрт шилжих;
• Гурав, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг хангах бодлогоос манлайлал үзүүлэх, хамгийн өндөр стандартуудыг хангахад чиглэж байна гэж судлаачид үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )