Баруун аймгуудтай танилцах 4000 км АЯЛЛЫН МАРШРУТ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол хүний заавал үзэх ёстой 21 аймгийн 7 гайхамшгийг тодруулсан байдаг. Тэгвэл Өвөрхангай аймгаас эхлээд баруун аймгуудын гайхамшиг болсон үзэсгэлэнт газруудаар аялаад ирэх нийт 4000 км аяллын маршрутыг танилцуулж байна.

Улаанбаатраас өглөө эртлэн гарч элсэн манхан, өвөрмөц бүс газар болох Элсэн тасархай руу хөдөлнө. Элсэн тасархай нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнөхан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

Хөгнөхан уул нь Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын (Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан) нэг юм. Төв засмал зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Элсэн тасархайн бүсэд Хөгнөхан уулын өвгөн, залуу хийдийн туурь, Мойлтын амны хадны сүг зураг, Хадагт хошуу, Рашаантын агуй, монгол элсний дунд орших Ширээт цагаан нуур, Өндөр гэгээн Занабазартай холбоотой дурсгал зэрэг гайхамшигт газрууд олон бий.

Түр саатаж зураг хөргөө авахуулсаны дараа Элсэн тасархайн дэргэдэх Тахилт нуур очно. Уг нуур хэдий жижиг боловч байгалийн өвөрмөц эко системийн хувьд гайхамшигтай бөгөөд зэгс нилээд өндөр ургана. Хөгнөхан хэмээх үзэсгэлэнт уул хойд талдаа, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Зундаа усны олон төрлийн шувууд нүүдэллэн ирдэг энэ нуур нь Элсэн тасархайн тарамцаг тогтоцын яг хажууд байрлах ба төв замаас 6 км зайтай. 

Элсэн тасархайгаас Өвөрхангайн аймгийн төв болох Арвайхээр хотод очино. Монгол түмний морины их шүтээн аймгийн төвөөс 15 км-т алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор дээр саатна. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар. 1709 онд ламын гэгээнийг 5 настай II дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлж мөнхөрсөн ажээ.

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3м өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан бөгөөд 96 суварга нь 2.6 м өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 м өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын 8 морийг 2 хоёроор нь 4 талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь 8 тахилыг товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын 8 морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.

Арвайн талаас Өлзийт сум руу засмал замаар явсаар Түйн гол дээр эхний шөнөө хононо. Сумаас 30км баруун урагш байрлах Ээжийн цагаан хөшөөн дээр (Ойрдын их Галдан бошигт, Халхын Өндөр гэгээн Занабазарын цэрэгт дийлдэгдэн ухрах замдаа Галдан бошигт ээжийгээ зүүдлэн хоносон газар) очно. Энэ цаг мөчөөс Халхын нутаг руу довтлохгүй хэмээн ээждээ тангараг өргөсөн гэсэн айлдвар Ламын гэгээний их сударыг тайлахад бичигдснээр 1996 оноос Ээжийн цагаан хөшөө хэмээн нутгийн иргэд төдийгүй монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирж мөргөдөг болжээ. Буцахдаа 4 баатрын хөшөө болон Тэмээн таваг үзчихээд халуун рашаан болох Бага Шаргалжуут руу 40 км явж хүрнэ.

Бага Шаргалжуут нь Өлзийт сумын Нарийн гол гэдэг газар аймгийн төвөөсөө 45км зайд оршдог, далайн түвшнээс дээш 2190 м өндөрлөгт оршдог бол их Шаргалжуут 1945 м өндөрт байдаг. Иймээс их Шаргалжуутын рашааныг бага Шаргалжуутаас эх авсан хэмээн үзэх нь олонтаа. Шаргалжуутын рашаан гэж дэлхийн төв дэх энергийг гадарга дээр гаргаад ирж байгаа юм шүү дээ. Энергийг хэмжих хамгийн энгийн хялбар арга нь дулаан. Тэр рашааны температур 96 хэм хүрдэг аж. Шаргалжуутын рашааныг 300 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхийг гэрчлэх ул мөр одоог хүртэл хадгалагдан байдаг ба халууны хэмийг чулуун дээр тодорхой бичсэн байдаг. 2014 онд ШУА-ын Химийн технологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд азотлог, эмчилгээний хүчин чадал сайтай, цайрын хүчил болоод исэл өндөртэй тус рашаанд 16 төрлийн анагаах увидастай рашаан буйг тогтоожээ. Рашаан дээр хоночоод Баянхонгор аймгийн төв рүү хөдөлнө.

Баянхонгор аймагт очвол хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гариг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булагийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгаль өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчир, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цав, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн манай аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгуудыг үзэх боломжтой. Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог. Монгол улсын төвд орших бөгөөд аймгийн төв нь Улаанбаатараас 630 км зайтай оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мян хав дөр км. Малын тоогоор тэмээ ба ямаагаар улсад тус бүр 2-т ордог. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум, 101 багтай.

Алтай хот нь Улаанбаатараас 1001км зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мян хав дөр км. Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд Монгол Алтайн нурууны салбар уулс болох Хантайширын нуруу, Далангийн нуруугаар хүрээлэгдэн далайн түвшнээс дээш 2167м өндөрт оршдог. Манай орны аймгуудын төв дотроос хамгийн өндөрт оршино. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Байгалийн үзэсгэлэнт газар болох Адуун чулууны гол, Зэлийн гол, Өлийн хавчиг, Богочийн даваа, Оцон цахир, Рашаантын булаг, Цахир хаалга, Цахир булаг зэрэг газрууд байдаг.

Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь чулуун нүүрс, үнэт чулуу, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Тус аймагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг. Тус аймагт Хятад руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.

Ховд аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Аймгийн нутгийн 20 хувийг говь-тал эзэлнэ. Нүүрс, гялтгануур, болор, барилгын материалын баялагтай. Булган суманд хятад улс руу гарах хилийн Ярант, Байтаг хоёр боомт бий. Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх мэт үндэстэн ястангууд амьдарч бүгд өөр өөрсдийн суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон байдаг. 200 гаруй жилийн настай өргөн улиаснууд энэ хотыг чимэглэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв юм.

Ховд аймгийн 9 гайхамшиг дундаас гадаадын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газар бол мөнх цаст Цамбагарав уул ажээ. Энэ уулын орчимд 200 орчим булаг шанд, эмчилгээний чанартай рашаанууд байдаг тул жуулчид уулын өвөрт байрлан амарч сувилдаг байна. Хар ус нуур Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд гадаадаас ирсэн жуулчид газрын диваажин хэмээн магтан биширдэг байна.

Баян-Өлгий аймаг нь хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 м өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225км хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506км үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЯЛЛЫН МАРШРУТ:

1. Хойд чиглэл: Ачит нуур - Ногоон нуурын хүн чулуу - Сүг зургууд - Сийлхэмийн нуруу - Цагаан нуур
2. Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг - Эрээн харганатын түрэг бичээс - Ховд гол - Баяннуур - Дэвэлийн арал БЦГ - Цамбагарав БЦГ
3. Өмнөд чиглэл: Алтайн их уулс - их гол нуур, казах ард түмний амьдрал - Толбо нуур - Хөх сэрхийн нуруу ДЦГ - Чигэртэйн рашаан
4. Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой - Цагаан салаагийн хадны зураг - Хар ямаатын чулуу - Цагаан гол - Чулуун хөшөөнүүд - Буган чулуу хөшөө - Бага ойгорын бичээс - Цэнгэл сум - Улаанхус сум - Сагсай сум - Таван богд уул

Улаангом хот Улаанбаатараас 1425 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мян хав дөр км. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс, барилгын материалын баялагтай.

Мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино. Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан устай. ОХУ руу гарах 2 хилийн боомт байдаг бөгөөд нэг нь Давст сумын нутагт Боршоогийн, нөгөө нь Тэс суманд Тэсийн боомт гэж бий.

Завхан аймаг нь баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мян хав дөр км. Завхан аймаг нь 24 сум 113 багтай, 1923 онд байгуулагдсан 5 аймгийн нэг юм.

Улаанбаатараас 984 км зайтай оршдог. Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай.

ЗАВХАН НУТГИЙН ХАМГИЙН, ХАМГИЙН

  • Монгол орны хамгийн хүйтэн өвөл энэ нутагт болдог. 1-р сарын дундаж температур -20-30 хэм ба Тэс сумын нутагт -40 гаруй хэм хүйтэн болдог.
  • Монгол орны хамгийн их элстэй аймаг. Нутаг дэвсгэрийнх нь баруун, баруун урд хэсгээр Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200км үргэлжилдэг.
  • Хамгийн их усны нөөцтэй газар бөгөөд 200-аад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай. Усны эрчим хүчний нөөцтэй.
  • Мал сүргээрээ улсдаа олон жил тэргүүн байр эзэлсэн. Таван хошуу малтай бөгөөд тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсгөдөг.

Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөөн дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв тусгай хамгаалалтад байдаг. Түрэгийн үеийн хөшөө дурсгал болох Мөнгөт хясааны хөшөө, Зүрийн овооны түрэг бичээс нь энэ нутагт аялагч, судлаачдын хамгийн их сонирхон үздэг түүхэн дурсгалууд бий. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daria (59.153.112.64) 2024 оны 04 сарын 24

Увсаас хөвсгөл хэдэн км бол, зам ямар бол?\n

0  |  0
Top