Д.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кейт Миддлтон, Меган Маркл нар урласан хувцсыг маань амилуулсан

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо өмссөн даашинзыг урласан Д.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийн томоохон хэмжээний А зэрэглэлийн алдартнуудтай хамтарч ажиллаж байсан юм. Түүнийг энэ удаагийн “Бидний нэг” буландаа онцлон ярилцлаа.


-“Stella McCartney” брэндэд ажиллах хүртэлх таны замнал ямар байв. Уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би Английн Лондон хотод 1998 онд хэлний сургалтад сурахаар ирж байлаа. Суралцаж байх хугацаандаа өөрийн дуртай мэргэжлээ сонгон ажиллах хэрэгтэй юм байна хэмээн бодсон. Өмнө нь оёдлын технологиор ОХУ-д гурван жил сурч байлаа. Тиймээс Лондонгийн их сургуульд загвар зохион бүтээгчээр гурван жил сурсан юм. Манай сургууль зуны амралтаар дадлагаа хийх ёстой. Гэтэл Япон, Солонгос зэрэг улстай харьцуулахад манай улс харьцангуй буурай орон шүү дээ.

Тиймээс дадлага хийх хугацаандаа дадлагаа хийхгүйгээр цагийн ажил хийж, байр, хоол, сургалтын төлбөрөө олдог байсан юм. Лондонд их сургуульд сурч төгссөний дараа тийм ч амар ажлын байртай болоогүй. Олон том агентлагуудад ажилласан. Туршлага хуримтлуулахын тулд тэр л дээ. Оёдолчноор ажилд орж, карьерээ дээшлүүлнэ хэмээн бодож байсан юм. Энэ хугацаанд Викториа Бэкхемийн брэндэд хүртэл ажиллаж явлаа. Оскарын тайзан дээр алдартнуудын өмсдөг хувцсын томоохон брэндүүдэд ч ажилласан. “Stella McCartney” брэндэд ажиллаад хэдийн найман жилийг өнгөрөөжээ.

-Баг бүрэлдэхүүнийхээ талаар танил­цуулаач. Брэндийн хувцас бүтээхэд хэч­нээн хүн, ямар оролцоотой ажилладаг вэ?

-Манай баг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Загвар зохион бүтээгч, эсгүүрчин болон оёдолчин миний бие юм. Ажлын хажуугаар хувцас загварын шоунд багаараа ажилладаг. Загвар зохион бүтээгчийн зурсан хувцас загварын зургийг эсгүүрчин эсгүүрийг нь гар­гаж, би оёно. Хувцас урлах нь дан ганц миний бүтээл биш, энэ бол багийн ажиллагаа юм. 

-Таны хувцас урлалын талаар ярил­цац­гаая. Алдартнуудын хувьд ялгарах байдлыг илүүд үздэг болохоор загвар зохион бүтээгч, оёдолчдын хувьд амаргүй байдаг болов уу гэж боддог л доо?

-Алдартнууд өвөрмөцөөс гадна биендээ тохирсон, биеийн өөг нь далдлах хувцсыг хийлгэдэг. Миний найман жилийн туршлагаас харахад илүү нэр хүндтэй ододтой ажиллахад амаргүй байдаг санагдсан. Голж, шилж, өө сэв хайж, жижиг сажиг чимэглэлд хүртэл бухимдах, түүнд төвөгшөөх гэх мэт үйлдлүүдийг ч гаргадаг. Хэмжээ авахаар биенд нь хүрэх, хувц­сыг нь янзлах үед эгц зогсохгүй гэх мэт асууд­луудыг ч гаргана. Иймэрхүү байдал нь хувцсыг нь хариуцаж буй хүмүүст төвөг учруулдаг.

-Мэдээж хэрэг бүх алдартан муухай ааштай биш байх, тийм үү?

-Тийм ээ. Бүх алдартан бидэнтэй муухай харьцахгүй. Хувцсаа хараад л шууд баярласан сэтгэгдлээ илэрхийлэх нэгэн ч бий. Энийг нь ингээд өөрчилвөл ямар бол гэх мэтээр санаагаа ч соёлтой илэрхийлдэг. Тэгэхээр тухайн алдартны харилцаанаас л шууд шалтгаалж байгаа юм.

-Хамтарч ажиллаж байсан алдартнуудаасаа дурдвал?

-Английн гүнгийн авхай Кейт Миддлтон, Ханхүү Харригийн гэргий Меган Маркл, жүжигчдээс, Оскарын шагналт Оливиа Колман, Жеорж болон Амал Клүүнэе, Амбер Херд, Оддын дайн киноны од Наоми Аки, Кара Делевинь, Деми Мүүр, Жоди Комер, Жулиа Роберт, Лора Дам, дуучин Эд Шийран болон түүний эхнэр Черри, Элли Гоулдинг, загвар өмсөгч Кейт Мосс, “Vogue” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Анна Винтур, сэтгүүлч Опра Уинфри зэргийг дурдаж болно.

-Өөрийн оёсон хувцсыг гүнгийн авхай, алдарт­нууд өмссөн байхыг, мөн Оскарын тайз­­наас харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Бүтээлийг маань өмсөөд явж буйг харахаар тухайн хүний царайнд баяр баясал тодорч буй нь намайг жаргалтай болгодог. Хэчнээн сайхан газар байсан ч тухгүй хувцас­тай нэгэн бол сэтгэл санаа, нүүрний баяслаараа ч урвагар байдаг юм. Тиймээс таалагдсан хувцсаа өмсөөд явж буй нэгэн бол өөрийгөө ч, хувцсыг урласан нэгнийг ч баярлуулж байдаг гэсэн үг.

-Хоёулаа ярилцлагаа таны мэргэжил сон­голтоор үргэлжлүүлье. Хүмүүсийн хувьд мэргэжил сонголтод нь гэр бүл, амьдарч буй орчин тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг. Таны хувьд энэ мэргэжлээ сон­гоход ямар нэгэн хүний нөлөө байв уу. Яагаад энэ мэргэжлийг сонгохоор болсон бэ?

-Мэргэжил маань миний сонголт байсан. Гэр бүлийнхэн маань миний сонголтод нөлөөлөөгүй. Социализмын үед нийгмээрээ хэцүүхэн нөхцөлд байсан. Картын бараа, боловсрол эзэмших зэрэг тодорхой хэмжээнд хязгаартай байлаа. Ээж маань надад болон дүү нарт хувцас оёж өгдөг байлаа. Тэр үед л хувцас оёх талаар ямар нэгэн сэдэл төрсөн байж дээ гэж одоо боддог юм. Их сургуульд сурах нас ирэх үед гадаад руу явах хүсэл маш их байсан. Тэр үед л ОХУ-ын сургуулийн оёдлын мэргэжлийн хуваарь ирэв. Тэнд л анх хувцас оёж үзээд, сонирхож эхэлсэн юм. Анх удаа өөртөө хувцас оёж үзэж билээ. Тэгж л хувцас загварт гүн дурлаж, мэргэжилдээ хөл тавьсан даа. Гэхдээ дундуур нь хэсэг хугацаанд загвараас хөндийрсөн.

-Яагаад?

-Аав ээж маань бизнес эхлүүлээд, би дэлгүүрт ажилласан юм. Тухайн үед зах зээлийн шилжилт, өөрчлөлт болж байлаа. Хүн бүхэн бизнес хийж, манай гэр бүл ч тэр замаар явж байсан болохоор тэр л дээ. Улмаар бизнесийн чиглэлээр сурахаар Англи руу явсан ч ямар мэргэжлээр, юу хийхээ мэдэхгүй байв. Удаан бодсоны эцэст загварт сонирхолтой учраас тэр чиглэлээрээ сургуульд сурснаар эргээд зам руугаа орсон доо. Лондон хот ч надад таалагдаж байсан учраас энэ газарт амьдрахаар шийдэж байлаа.

-Та цар тахлын үеэр өөрийн брэндийг гаргасан. Брэндээ Английн зах зээлд зориулж төлөвлөв үү, эсвэл Монголын зах зээлд нэвтрүүлэх үү?

-Өдөр тутамд өмсөх, чөлөөт загварын, дундаж үнэтэй, чанартай хувцсыг хэрэглэгч­дэд өмсүүлэхийг зорьдог нь манай брэндийн зорилго гэж хэлж болно. Биед наалдахгүй, 100 хувийн даавуу, салхи нэвтрэх боломжтой материалаар хувцсаа хийдэг. Удахгүй захиалгын гоёлын даашинз урлах төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн Монголын зах зээл гэлтгүй Английн зах зээлд ч худалдаалж болох юм байна хэмээн бодсон. Хоёр улсад хоёуланд нь өөрийн брэндээ таниулна гэж бодож байгаа. Би брэндийнхээ хувцсыг Англид үйлдвэрлэдэг. Тиймээс хувцас маань зах зээлд өндөр үнээр худалдаалагдаж буй мэт санагдаж байгаа.

Монголдоо худалдаалахын тулд эх орондоо хувцсаа үйлдвэрлэсэн нь дээр юм байна хэмээн бодсон. Яваандаа Монголдоо цех нээх бодолтой байна. Ингэснээр залуучуудад барууны брэнд хувцасны оёдлын технологийг заах боломж бүрдэх юм. Ямар технологиор оёвол тухайн хувцас үнэтэй байх талаар илүү ихийг залуу үеийнхэндээ заах төлөвлөгөө байгаа. Ойрын хугацаанд боломжгүй байж мэдэх ч урт хугацаандаа бол ийм бодолтой, төлөвлөгөөтэй байна.

-Бусад брэндийн компанид ажиллаж байгаад өөрийн гэсэн брэндтэй болоход ямар байв?

-Өөрийн бодож, сэтгэснээрээ бүтээлээ чөлөөтэй урлах боломжтой байна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд гайхалтай зүйл. Мэдрэмж нь хүртэл ондоо байдаг. Туршлагатай учраас л өөрийн гэсэн брэндтэй болоход хүндрэл, бэрхшээл гэх зүйл тулгараагүй. Харин хөрөнгө оруулалт их шаардлагатай болдог юм билээ. Эхний ээлжид зардал ихтэй. Материал, тохижуулалт гэх мэтээс л зарлага эхэлж байгаа юм. Өөрийн брэндийг олон хүнд хүргэхэд цаг хугацаа ч их зарцуулагддаг юм байна. Цахим орчин хөгжиж байгаа учраас байнгын сурталчилгаа, хүмүүст хүргэх ямар нэгэн зүйлийг хийх ёстой байдгийг мэдсэн. Мөн чөлөөт ажилчид бий. Чөлөөт ажилчид гэдэг нь мэргэжлээрээ хэдэн ч газар хүссэн хугацаагаар ажиллахыг хэлээд байгаа юм. Тэдэнтэй их хамтардаг.

-Загварын чиг хандлага таны амьдарч буй газарт болон Монголд ямар байна гэж харж байгаа вэ. Монголын хувцас загварын салбарт дутагдаж буй зүйл юу байгаа бол?

-Миний хувьд үндэсний дээлийг орчин үеийн хэв маягтай болгож буйг ихэд таашааж байгаа. Мөн хувцсыг олноор бус цөөн тоогоор үйлдвэрлэх нь оновчтой гэж боддог. Олноор үйлдвэрлэвэл чанар мууддаг. Мөн борлогдоогүй олон ширхэг нь байгальд сөрөг нөлөөтэй. Иймээс сүүлийн үеийн хувцасны чиг хандлага ч цөөн тоогоор үйлдвэрлэх байдал руу орж байгаа. Мөн Лондоны охид хуучны загварыг ихээр сонирхож байна. Ингэснээр хуучны, олон жил өмсөж байсан хувцсыг түлхүү худалдаж авах сонирхолтой байгаа юм. Манай улсын хувьд барууны загварын материалууд төдийлөн байхгүй байгаа юм болов уу гэж харагдсан. Сайн чанарын хувцасны материал дутмаг болохоор үүнийг шийдвэл залуу бүтээлчдэд маань хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(192.82.67.111) 2022 оны 07 сарын 22

Манай ард түмний дотроос хийморьтой, авхаалжтай, очсон газар бүртээ л гайхагддаг ховорхон авьяастай хүмүүс олон хүмүүс бна. Энэ бүсгүй ховорхон авьяастай ажилсаг, мундаг бүсгүй бна

0  |  0
Болд(192.82.67.111) 2022 оны 07 сарын 22

Үнэхээр мундаг сайхан монгол бүсгүй бна. Бахархаж бнаа

0  |  0
Анужин(202.55.188.116) 2022 оны 07 сарын 05

Надад маш их таалагдлаа \n

1  |  0
Уншигч (194.230.147.170) 2022 оны 07 сарын 05

Мундаг бусгуй байна. Би танаар бахархаж байна.\nТанд улам их амжилт хусье

1  |  0
Top