Уухайн түрлэг дор цэц сорьсон УРИАНХАЙ СУРААР наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өчигдөр эхэллээ. Жил бүрийн наадмын салхийг хагалдаг уламжлалтай урианхай сур харваа дөнгөж эхлэх үеэр түр зуурын устай бороо шаагьж, сур харваачдыг нэлээдгүй сандаргав. Сурын талбай дээр байсан харваачид нум, сумаа аваад асрын зүг гүйлдэцгээлээ. Талбайн хиймэл зүлэг борооны дараа замаг шиг нялбайсан байлаа.

Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн байна. Борооноос хорогдон зогсох зуураа Урианхай сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер, улсын мэргэн Х.Болдбаатартай хэсэг хором хөөрөлдлөө. Түүний хэлснээр Урианхай сур гэдэг нь зөвхөн эрэгтэй хүн харвадгаараа халх сураас ялгаатай аж. Мөн байны хэмжээ нь өөр буюу 350-450 грамм жинтэй зангидсан суран байг онодог бөгөөд халх сураас ялгагдах өөр нэг онцлог нь харвах зай нь ойрхон буюу 40 метр байдаг гэнэ. Ингээд наадамд харваж байгаа хүн бүр гурван сум тавьдаг. Тэр нь харьцангуй хүнд, том булцуутай сумаар харвадаг байна. Урианхай сур харваа нь хавчаахай нумаар харвадаг. Энэ нум нь хулсыг матаж хийсэн 1,8-2 метр урттай байдаг. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл голын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг аж. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум, сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглодог. Сонирхуулахад, энэ жил түрүү байр хүртсэн харваачид Монголын Урианхай сурын холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр өөрийн зүгээс суудлын автомашин бэлэглэхээр болжээ.

“Нэг сум татаад тавихын хооронд алдаа гардаг 75 шалтгаан байдаг” гэж эртнээс монголчууд хэлсээр иржээ. Тэгэхээр сур харваа гэдэг бол бүх хөдөлгөөнөө мэдэрснээр онож харвадаг гэсэн үг. Бас тархи бүх булчингаа удирдаж байж харвана. Ямар нэгэн илүү хөдөлгөөн хийх л юм бол сум буруу тийшээ хөдлөнө. Бас цаг агаарын байдал нөлөөлдөг байна. Тийм учраас салхины чиг, хурд, халуун нартай өдөр, хур бороотой үе тус тусдаа арга техник шаарддаг ажээ.

Урианхай сур харвааны анхны улсын тэмцээн 1992 онд болжээ. Уг тэмцээнд Монгол Улсын хошой мэргэн Нямжавын Билэгт тэргүүн байр эзэлж байсан бөгөөд мөн 1996 оны наадамд түрүүлж байжээ. Хошой мэргэн Н.Билэгтийн хэлснээр Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингис хааны үеэс улбаатай. Тэр үед ан агнуур хийж, хоолоо олж иддэг гол зэвсэг нь нум сум байж. Дайн байлдаанд ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг мөн л Урианхайчууд санаачилжээ. “Чингисийн есөн өрлөгийн баатрууд болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд маш мэргэн харвадаг хүмүүс байсан. Алтайн Урианхайчууд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн. Өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох наадмын нээлтийг Урианхай сурын харваагаар эхлүүлдэг учиртай. Эрийн гурван наадамтай цор ганц улс бол Монгол. Өвлийн улиралд болдог мөсөн харваа эргээд сэргэж эхэлж байна. Мөсөн харвааг сар шинийн баярын шинийн гуравны өдрөөс харваж эхэлдэг ёстой. Сүүлийн үед залуучууд энэхүү спортод ихээр татагдаж, сонирхож хичээллэж байгаа нь сайшаалтай” хэмээн тэрээр нэмж ярилаа.

Өдгөө Урианхай сур харваагаар 2000 гаруй хүн хичээллэж байна гэсэн тооцоо гарчээ. Монгол орны баруун хязгаар болсон Алтайн их уулсын Урианхайчуудын хамгийн анхны зэвсэг нь нум сум байдаг гэнэ. Учир нь тэд хүүхдүүдээ багаас нь эхлэн жижиг модон “хавчаахай”-аар харвуулан наадуулдаг байна. Урианхай сурын бас нэгэн онцлог бол Монголдоо хамгийн том нум хэрэглэх бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг гэдгийг харвааг зохион байгуулагчид хэлсэн юм. Сурын спортын онцлог нь нас заадаггүйдээ оршино. Нумаа татах хүч байгаад хараа нь гүйцэж л байвал  80 настай буурлаас найман настай балчир ч харваж болно. Хүн өөрийн онцлогтоо тохируулан бас хичээл зүтгэл, тууштай байдлаар хандвал суралцахад хялбар спорт юм. Сур харваа нь сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, төлөв даруу байдалд сургадаг байна. Учир нь сэтгэл  хөөрсөн үедээ харвахад онодоггүй гэнэ. Байгальд харвадаг болохоор эрүүл мэндэд ашиг тустай. Харваач хүн хэдий хөгширсөн ч нуруу нь бөгтийдөггүй гээд тоочоод байвал эртний түүх энэ спортод олон ажээ.

Урианхай сурын харвааны талбайг цагаан зураасаар зургаа хувааж, хэсэг бүрт онооны болон самбарын хоёр шүүгчийг томилжээ. Хэсэг бүрт томилогдсон шүүгч, хурц хараа, ур ухаан, цэц мэргэнээ сорьж буй харваачид хариуцлагатай, эрэмбэ дараатай оролцоно. Дор бүрнээ хичээж буй нь харваас нүднээ ил. Харваач байг онох үед цээл сайхан дуугаар уухайлан түрэх нь энэхүү спортыг сайн мэдэхгүй ч хэн бүхний сэтгэл сэргээн омогшуулна. Энэхүү уухайн түрлэгт омогших нь гагц Монгол хүнд л заяасан төрөлх өгөгдөл байж мэднэ. Харваач бүр нь цэцтэй сайхан наадаж, тэр бүрийд шуранхайлсан уухайн түрлэгтэй Урианхай сурын харваагаар Монгол наадам ийн эхэлвэй.

 

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top