Ц.Батнасан: Монголын ард түмний итгэж найдсан бөх наадамд заавал түрүүлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүргэж буй энэ дугаарт зориулж Монгол Улсын тэргүүн бөх тайлбарлагч Ц.Батнасантай монгол бөхийн талаар ярилцлаа.


-Та бөх тайлбарлахдаа барилдаж буй бөхчүүдийн нэр, намтар түүхийг нь нэгд нэгэнгүй тоочиж чаддаг. Ингэхдээ урьдчилж бүх бөхийн намтрыг цаасан дээр бичсэнээ харж уншдаг уу. Эсвэл шууд эфирийн үеэр дүрс шилжих тоолонд цээжээрээ уншчихдаг юм болов уу?

-Урьдчилаад бэлдэнэ гэсэн ойлголт огт байхгүй. Тухайн цаг үед дэлгэц дээр гарч ирэх дүрсийг зураглаач, найруулагч хоёр л мэднэ шүү дээ. Зураглаач дүрсээ авч, найруулагч хамгийн идэвхтэй, эгзэгтэй дүрсийг өгнө. Би тухайн үедээ нэг бөхийн талаар ярьж байтал хэдэн хормын дараа хэний ч дүрс гарч ирж болно. Тэгэхээр тэр бүхэнд бэлэн байх л хэрэгтэй. Бөхчүүдийн мэдээллийг цаасан дээр бичиж цээжлээд бэлдэнэ гэж байхгүй. Энэ бүхнийг цээжээрээ мэддэг болчихсон байдаг.

-Эргээд харахад та хэдэн жил үндэсний бөх тайлбарласан байна вэ?

-Би 1995 оноос хөдөө орон нутагт бөх тайлбарлаж эхэлсэн. Ингээд 2005 он хүртэл хөдөө орон нутаг, аймаг сумдын, бүсийн даншиг наадам болон самбо, жүдо бөхийн барилдаан зэргийг тайлбарласан. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж амьдарч байхдаа Биеийн тамир спортын хорооны арга зүйч хийж байлаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис ч хүртэл тайлбарладаг байсан. Үүнийгээ ярихаар зарим хүмүүс итгэдэггүй юм. Бор-Өндөр суманд 1997 онд зохион байгуулагдсан ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлаж байсан бичлэг нь одоо хүртэл надад бий. Том, жижиг гэлтгүй баяр наадам тайлбарлах нь өөрийгөө хөгжүүлж, микрофонтой харьцах зэргийг сургажээ. Хөдөө газар бүх юм жин тан байхгүй учраас заримдаа дуу нь паржигнана, учиргүй чанга цуурайтай ч дуугарна гээд асуудал байдаг. Тэр бүгдийг яаж зохицуулах, ойлгомжтой байлгах тал дээр нэлээд туршлага суусан. Ингээд би 2005 онд Бор-Өндөр сумаас Улаанбаатар хотод ирснээр TV9 телевизээр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг тайлбарлаж эхэлсэн. Одоо тооцоод үзвэл 18 жил тасралтгүй телевизээр бөх тайлбарлажээ. Дээхэн үед том барилдаануудыг Үндэсний олон нийтийн телевизээр л дамжуулдаг байлаа. Ингэхдээ барилдаан бүрийг дамжуулахгүйгээр тоймтойгоор наадам, цагаан сар, Улс тунхагласны баяр, цэргийн баяр болон Үндсэн хуулийн өдрийн гэх зэрэг 10 дотор багтсан барилдаан дамжуулдаг байсан. Одоо бол манай телевиз жилд болж буй 60 гаруй барилдааныг хүргэж байна.

-Тэгэхээр та анхнаасаа спортод их элэгтэй хүн байж ээ?

- Багаасаа л үндэсний бөхөд их сонирхолтой хүүхэд байлаа. Бичиг үсэг тайлагдаагүй байхдаа буюу 1984 онд найман настай байхаасаа л бөх сонирхож эхэлсэн. Сургуульд орж бичиг үсэгтэй болсноосоо хойш ном, сонин, бөхийн тухай намтар унших болсон. Би малчин айлын хүүхэд учраас малын бэлчээрт радиогоор бөхийн тайлбар их сонсдог байлаа. Сонссон зүйлээ тодорхой хэмжээнд тэмдэглэнэ. Тайлбарлагчийн үгийг сонсоод дотроо төсөөлж их бодно. Тонгорлоо, сугадаж тонгорлоо зайлуулна гээд сонсонгоо ингэж л зайлуулсан, хавирсан болов уу гээд л төсөөлж боддог байсан. Ер нь багаасаа үндэсний бөх, хурдан морины уралдааныг ихэд сонирхож ирсэн дээ.

-Бөх тайлбарлаж эхэлснээс хойш хамгийн гоё наадмын дурсамж, эсвэл сэтгэлд хоногшсон барилдааны түүхээс хуваалцаач?

-Монгол Улсын начин /тухайн үедээ/  Д.Ганхуяг 2008 оны улсын наадамд их сайхан барилдаж түрүүлж байсан. Тэр жилийн наадам их сайхан сонирхолтой болж өнгөрсөн. Улсын харцага цолтой Г.Ганбаатар, улсын начин Д.Ганхуяг хоёр үзүүр түрүүнд үлдэж Д.Ганхуяг түрүүлж байсан юм. Би өөрөө 1976 онд төрсөн хүн.  Он ондоо хайртай, унага шаргачиндаа хайртай гэдэг шиг өөртэйгөө чацуу, үе тэнгийн бөхчүүдээ сайн барилдахад дотроо их баярладаг байлаа. Жишээлбэл надтай нас чацуугаас Д.Ганхуяг арслан, 2010 оны наадмаар Б.Ганбат арслан мөн түрүүлсэн. 2012 оны наадмаар Д.Рагчаа гарьд үзүүрлэж байсан гээд өөрийнхөө үеийн бөхчүүдийг сайн барилдахаар сэтгэл их хөөрдөг. Тэднээрээ их бахархаж, омогшдог.

-Та одоогоор шавьтай болсон уу?

-Бөх тайлбарлах хүсэл сонирхолтой гэсэн залуус их ирэх юм аа. Тайлбарлагч болох хүн хамгийн эхний ээлжинд өнгөрсөн 100 жилийн хугацаанд төрийн наадамд түрүүлсэн бөхчүүдийг цээжээрээ мэддэг байх хэрэгтэй. Улсын алдар цолтой бөхчүүдийг түүх, намтар, амжилт бүтээлийг сайн таньдаг байх ёстой. Улсын заан Хишигдорж гэж бөх барилдлаа гэж бодоход хэдэн онд заан цолтой болсон, 1989 онд улсын начин болсон гээд нэг бүрчлэн мэдэж байх ёстой л доо. Яг ингэж бүхлээр нь мэддэг залуу үеийн төлөөлөл ховор байна.  Гэхдээ бөх тайлбарлах хүсэлтэй хэсэг нь асар олон байна. Миний хувьд бөхөд сэтгэлтэй, чин үнэнч хүн байвал дэмжихэд, зааж зөвлөхөд бэлэн байгаа. Одоогоор миний дэргэд 2-3 залуу дагалдаж суралцаад явж л байна. Би тэдэнд “Ном сайн унш, бөхийн түүхээ сайн судал” гэж л хэлдэг. Хүний дуу хоолойн өнгө сайн байх бол тайлбарлагчид байх ерөнхий шаардлага мөн. Үүн дээр нэмээд мэдрэмж, бөхчүүдийн намтарыг цээжлэх ой тогтоолт байх хэрэгтэй.

-TV9 телевизээр дамжуулж буй бөхийн барилдааныг олон хүн үзэх дуртай байдаг шалтгаан нь таны дуу хоолойн өнгө байх гэж боддог. Энэ талаар хүмүүс юм хэлдэг үү?

-Миний дуу хоолойн өнгөнөөс 100 хувь шалтгаална гэж юу байхав. Манай телевизийг олон л хүн үздэг байх. Телевизүүдийн нэвтрүүлгийн судалгаа явуулахад нэг жил нь манай телевизийн сар шинийн барилдааныг олон хүн үзжээ гэсэн дүн гарсан байсан. Тэгэхээр телевизийн нэвтрүүлгийн гол онцлог нь хамтын бүтээл байдаг. Надтай хамтарч ажилласан найруулагч, инженер техникийн ажилтан, зураглаач, дууны болон ассент найруулагч гээд олон хүний хүч хөдөлмөр нийлж байж нэвтрүүлэг бүтнэ. Тайлбарлагч хүн аль сайнаараа л тайлбараа хийхийг хичээдэг. Гэхдээ хааяа санаанд хүрэхгүй байх, өөрийгөө голж чамлах тохиолдол бий. Хөдөө явах, нойр дутуу хонох, санд мэнд явж ирээд бөх тайлбарлах гэх мэт үед бага зэрэг тааруухан тайлбар хийсэн мэт санагддаг.

-МҮБХ сүүлийн хэдэн жил нэлээд маргаан, талцал хуваагдал үүсгэж хүндхэн байдалтай байлаа. Энэ тал дээр та бөхийн спортод ойрхон байдгийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

- МҮБХ талцал хуваагдалтай нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Сүүлийн жилүүдэд Ц.Магалжав тэргүүн болсноор энэ талцал хуваагдлыг нэг талд нь багтааж эв эетэй болж ажлаа хийгээд л явж байна. Би өөрөө 2018 онд МҮБХ-ны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж өнгөрсөн жил ажлаа хүлээлгэж өгсөн. Намайг ажиллаж байх хугацаанд хүнд хэцүү, ээдрээтэй зүйл их болж байсан. Манай Ц.Магалжав заан тухайн цаг үед халуунтай нь халж, хүйтэнтэй нь хөрж ажилласан. Яваандаа юмыг аажмаар ойлгож, ойлголцолд хүрч талцал хуваагдлын асуудал эцэслэгдсэн. Монгол бөх бол цэвэр жудаг, ёс заншил дээр тогтдог спорт юм. Сүүлийн үед Баяр наадмын тухай хууль батлах гээд байгаа болохоос биш  төр үндэсний спортод хэтэрхий их оролцоод байх хэрэггүй санагддаг. Хууль батлах гэж хэлэлцэж байх явцыг телевиз болон цахим сүлжээгээр дамжуулан харлаа. Эрийн гурван наадмын талаар ямар ч ойлголтгүй мөртлөө их мэдэгчийн дүртэй хүмүүс ямар ч олон болчихсон юм бэ. Хүн ер нь мэддэг юм аа л ярих хэрэгтэй. Харин мэдэхгүй зүйл дээрээ хошуугаа дүрэх нь дэмий. Дээхэн үед хуульгүй хэрнээ наадам болдогоороо болж л байсан нь ёс уламжлалаа яс мөрдсөнтэй холбоотой.

-Орчин цагийн, нэн шинэ үеийн гэж хэлж болохуйц залуу бөхчүүдэд байгаа давуу тал, мөн дутагдалтай шинжийг дурдвал?

- Бөхчүүдийн үйлдэл олны нүдэнд ил харагддаг учир зарим үйлдэлд нь ард иргэд эмзэглэдэг байх. Зөвхөн бөхийн спорт гэлтгүй манай нийгмийн бүхий л зүйл гажуудчихсан байна. Бид бүхэн энэ цаг үедээ амьдраад өнгөрдөг байж гэж бодоход үр хүүхэд, ач зээ нар маань яаж амьдрах вэ гэдэгт зовнихгүй хүн алга. Зохисгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд МҮБХ дүрэм журмынхаа дагуу зохих ёстой хариуцлага, арга хэмжээг авдаг. Нэлээд бөхөд арга хэмжээ авсан нь үнэн. Харин энэ алдаа дутагдлаа дахиж гаргаагүй. Би энэ салбарын тогоонд байгаа хүний хувьд мэдээж бөхчүүдээ өмөөрнө. Монгол бөх  бол өв соёлоо хадгалж үлддэг хүн. Адаглаад л дээл хувцасаа иж бүрэн, зөв өмсөж буй хүмүүс нь бөх байдаг. Бөхийн талаар ойлголтгүй хэрнээ зүгээр л онцгүй гэсэн хийсвэр сэтгэхүйгээр ханддаг хүмүүс байгаад л байгаа юм уу даа. Одоо үеийн бөхчүүдийн бэлтгэл хийх орчин нөхцөл үнэхээр сайжирсан. 1990-ээд оны зах зээлийн шуурганы үеэр юун бэлтгэл хийх газар, ивээн тэтгэгч олдох вэ дээ. Харин одоо сумын заан цолтой бөх гэхэд л хоёр компанийн нэр дээр барилдаж байна. Цалин авдаг, ивээн тэтгүүлдэг, бэлтгэл хийх танхим бэлэн зэрэг олон давуу тал тэдэнд байгаа. Наадмын бэлтгэлд гарахад Нутгийн зөвлөл нь хоол унд бусад зардлыг нь даадаг. Тэгэхээр одооны бөхчүүдэд амжилт гаргах боломж нөхцөл нь бэлэн байна. Сайн барилдаад улсын алдар цол хүртэх юм бол нутгийн ард иргэд нь эрвийх дэрвийхээрээ туслаж тэр бөхөд машин, орон сууц авч өгөөд мал хуйгаар шагнаж байна шүү дээ. Мөн бөх нэг талаараа хагас тулааны, хүнд төрлийн спортын төрөл юм. Тиймээс бэртэл гэмтэл авах нь тэдний хувьд хамгийн хэцүү зүйл байдаг. Хөгжих, амжилт гаргах нөхцөл хангалттай байгаа учраас хөгжих боломжтой байна. Алдаа мадагтай зүйл багахан байгаа. Үүнийгээ үтэр түргэн засаад явбал болно. Цолны маргаан, эрэмбэний асуудал, допингтой холбоотой асуудал ч байна. Энэ бүгдийгээ засаж залруулаад зүтгээд байхад монгол бөхийн ирээдүй гэрэлтэй байна гэж төсөөлж хардаг.

-Энэ жилийн бөхчүүдийн өнгө ямар байх шинжтэй байна вэ?

- Наадам юу юугүй дөхчихсөн үед хүний нэр шууд цохоод хэлэх нь зохимжгүй болов уу. Дээхэн үед нэр цолыг нь хэлчихээр бөхчүүд их урам авдаг байсан. Харин одоо цагт шууд хэлчихвэл тухайн хүний сэтгэл санаанд хий зүйл орчихож мэднэ. Энэ жилийн төрийн их наадмын түрүү бөх Архангай, Ховд, Увс аймгаас тодрох болов уу гэсэн хувь хүний таамаг байна. Мөн О.Хангай харцагыг энэ жил түрүүлчих болов уу гэж харж байгаа. Бөхөө дээдэлдэг монгол түмэн минь хэн нэг бөхийг хэзээ нэгэн цагт төрийн наадамд түрүүлнэ дээ хэмээн итгэж найдсаар суудаг. Тэр бөх нь хэзээ нэгэн цагт түрүүлдэг. Жишээлбэл, Монгол Улсын арслан Б.Ганбатыг монголын ард түмэн “Улсын наадамд түрүүлэх л бөх дөө” хэмээн ярьдаг байсан. Тэгээд л түрүүлсэн байх жишээ бий. Ер нь монголын ард түмэн их зөн совинтой байдаг.

- Баяр наадам ч дөхчихлөө. Та уншигч олондоо зориулаад сайхан мэндчилгээ дэвшүүлээч?

-Өнөө жилийн баяр наадам их сайхан болох нь ээ. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож буй баяр наадамд бөхөө дээдэлдэг монголын ард түмэн бол хэний морь түрүүлэх бол, хэн гэдэг бөх түрүүлж улсын өндөр цолонд хүрэх бол хэмээн сэтгэл дотроо таавар ургуулан догдолж суугаа. Бөхчүүд маань ч аймаг, нутаг орон, хамт олон болон найз нөхдөөрөө бэлтгэл сургуулилтаа сайн базааж, байгалийн сайханд биеэ шарж, бүтэн жилийнхээ юмыг нөөгөөд байж байгаа энэ торгон мөчид бид ярилцаж байна. Ардын хувьсгалын тэгш ойгоор өндөр ач холбогдолтой баяр наадам болдог. Жишээлбэл, Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1024 бөх барилдаж байсан байна. 1946 онд улс хувьсгалын 25 жилийн ойгоор Маршал Х.Чойбалсан гуай алдарт долоон хошууны даншиг наадам зохиож Их монгол хэмээх Шаравжамц аваргыг баяр наадамд урьж зодоглуулсан байх жишээтэй. Тэгш ойн баяр наадамд түрүүлсэн бөх хоёр наадамд түрүүлсэнтэй тэнцсэнтэй адил хэмээн ахмадууд сургасаар ирсэн.  Нийслэл хот гэлтгүй эх орны маань өнцөг булан бүрд энэ зун бороо хур сайхан орлоо. Хаа газрын наадам гэдэг зун зуншлага сайтай байж өнгө жавхаатай байдаг. Тиймдээ ч манай ард түмэн хүн, малын зоо тэнүүн сайхан наадлаа гэж ярьдаг. Тэгэхээр тийм л сайхан наадам болох байх аа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор хүн малын зоо, сэтгэл тэнүүн сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 11

Хангай түрүүлбэл аварга болох магадлалтай юм байна. Учир нь 10 давна.

0  |  0
Top