Морин тойруулгатай болж, наадмаа тусад нь хийе

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Олон  түүхт ой давхацсан, ойрын хэдэн жилдээ ийм онцлог бүрдэхгүй  тул энэ жилийн наадмыг  монгол түмний баяр цэнгэлийн оргил гэж болохоор. Гэхдээ хүн болгон өөр өөрийнхөөрөө дүгнэх биз. Энд хурдан морины уралдааны тухай асуудал хөндөж  буй тул  ахмад  уяачид юу хэлснийг онцолъё. Ахмад уяачид “Энэ жилийн наадмыг харвал бөхийн хийморь дээшээ, төрийн сүлд болсон морины хийморь доошоо байна даа” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна.

Үүнээс өмнө буюу одоогоос жилийн өмнө адуу судлаач Н.Санжаадорж “Монгол адуу, монгол уяач, монгол хүүхэдтэй цогцоороо дэлхийд данслагдсан өв соёл” хэмээх нийтлэл бичиж, түүндээ “...Монгол адуу бидний түүх, үндэстнийг илэрхийлдэг өв соёлын нэг тулгуур багана байсаар ирсэнтэй маргах хүн үгүй. Монгол адуугаа бэлгэдэн дээдлэн төрийн сүлдэндээ залсан монголчууд дотор монгол адуугүй наадам хийдэг болгох гэсэн маргаан дээд цэгтээ тулаад байна.

Бүр монгол адуун өв соёлын уг үндсийг нь таслах эцсийн цэг дээр ирчихээд “Сэлмээ“ билүүдэж байна. Энэ аймшигт сэлэм нь “Сэрвээний хууль” байлаа. Ямартаа ч Хэнтийн эрхэм гишүүд энэ “Сэлмийг” нэг удаа зогсоож чадлаа.

Хэрэв “Сэрвээний хууль” гарах юм бол бидний адуун соёл, цаашлаад монгол адуу устаж алга болох аюул уруу шууд хөтлөн оруулна. Өөрөөр хэлбэл эрдэмтдийн хэлдэг “Улсыг устгая гэвэл хүнийг нь устга. Хүнийг нь устгая гэвэл соёлыг нь устга...” гэсэн зарчим шууд хэргэжинэ гэсэн үг” хэмээн анхааруулж байв. 

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндэсний спортын анхдугаар чуулган болоход  “Наадмаар зөвхөн  монгол адуугаа уралдуулах санал гаргаж, түүнийг хуулийн төсөл боловсруулахдаа  үндэслэл болгоно” гэсэн.  УИХ наадмын өмнө Баяр, наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа  “Монгол үүлдэр омгийн адуу”-ны MNS 4099 стандартыг баримтална” гэсэн. Гэвч үүгээр асуудал эцэслэгдсэнгүй. Уяачдын маргаан ч нэг мөр болсонгүй. Хамгийн гол нь хүүхэд унаж бэртэх эрсдэлд шийдэл олсонгүй. Засгийн газраас  хурдан морины уралдааны дүрмийг баталж, сэрвээний өндрийг хэмжиж уралдуулах болсноор зургаа насны морь гарааны зурхай руу эргэхэд зөвхөн нэг наснаас л гэхэд  80-110 морь хасагдаж, уяач уруу царайлж, уралдаанч хүүхдүүд уйлсаар буцаж байсан юм.

Нэг ёсондоо мориныхоо  хийморийг сэрвээний хуулиар “сэлэмдсэн”  наадам болсон нь ийм учиртай. Сэрвээ хэмжих болсон нь эсрэгээрээ хэрэгжиж, харин ч эрлийз адуугаа оруулж уралдуулах наймаачид, найраачдын гарц болсон нь харамсалтай. Үүнийг энэ  жилийн хурдан морины уралдаанд монгол адуу маш цөөн уралдсан нь батлах байх. Бас нэг нотолгоо нь “Төрийн наадамд тоосоо өргөх гэж ирлээ” гээд  цагаан өвсний морио уяж сойгоод ирсэн жирийн уяачид  харагдаагүй.

Ганц би бус олон хүн үүнийг хэлж байгаа юм. Уралдаж буйг нь  харахад нэг л өөр давхил, танил бус хөдөлгөөний хэмнэл анзаарагдаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол  уламжлалт адуугаа уралдуулахаа больж, шинэ монгол адуу, эрлийз адууг  “монгол адуу” хэмээн  эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй бүлэглэлүүд хуйвалдаж  уралдуулдаг, наймаалцдаг явдал газар авсны тод жишээ юм.

Түүнийг дагаад уралдаанч хүүхдүүд мориноос унах, амь насаа алдах, гэмтэж бэртэх  явдал эрс нэмэгдсэн. Амь эрсэдсэн явдлыг хаа хаанаа нууцалж,уяач нэртнүүд  хэдэн төгрөгөөр аргалаад өнгөрдөг бол наадмаар жилийн жилд 25 орчим хүүхэд мориноос унадаг нь жишиг болсон. Түүнээс хэд нь гэмтэж, бэртэж эмчлүүлдэг нь бас л тодорхой бус. Хөнгөн гэмтсэн эмчлүүлсэн, эмнэлэгт хүргэсэн гээд өнгөрүүлдэг. Холбогдох албаныхан ч хүүхэд унах нь ёс юм шиг, байдаг л зүйл мэт “Наадмаар 25 хүүхэд мориноос унадаг юм. Өнгөрсөн жил 25 байсан. Энэ жил 27-хон хүүхэд уналаа, долоо нь хөнгөн гэмтсэн. Тоо бол  хэмжээгээ л барилаа” гэсэн утгатай зүйл яриад зогсч байх жишээтэй.

Наадмын дараа “23 хүүхэд мориноос унаж нас барсан” гэх мэдээлэл сошиалд цацагдаж, ташаа мэдээ гэсэн залруулгууд хийгдээд өнгөрсөн. Ер нь бол нялх балчир  үрсийнхээ амиар наадчихаад “Наадам сайхан боллоо. Сайхан наадлаа” гэх нь  эмгэнэлтэй. 

Уяачид  бол уралдаанд сайн давхисан морьдоо наймаалцаж,  бооцоо тавьж,  ашиг хүртээд явчихдаг. Хурдан морины уралдаан бизнес болж, хүүхдийн амь нас үнэгүйдсэн хаашаа ч нийгэмд бид амьдрад байна вэ гэж халаглам. Учир иймээс хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлч бид асуудал  хөнддөг, санал дэвшүүлдэг, хэлэлцүүлэг өрнүүлдэг.

Үүнийг бичигчийн зүгээс 2011 онд “Морин тойруулгатай  болъё” хэмээн бичиж байв. Эрлийз адуугаа тэнд уралдуул гэсэн санаа л даа.

 “Мэргэжлийн жоккейчидтой болъё” гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг 2019 онд бичиж байв. Харамсалтай нь бага насны хүүхдээр хурдан морь унуулж томчууд найр наадам хийх нь  зэрлэг зугаа цэнгэл гэхээр  нэг хэсэг нь уламжлалт соёл гээд дайрчихдаг, нөгөө хэсэг нь “энэ хүүхэд  л морь унаж ар гэрээ тэжээдэг юм” гэж тэс хөндлөн зүтгэчихдэг. Эцэст нь өнөөх хэлэлцүүлэг нь  унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай болж 360 градус эргээд, ард нь  унаач хүүхдийг бүртгэх, хамгаалалтын хувцас, даатгал гэхчлэн  салбар “бизнес”-үүд үржчихдэг.

Хүүхэд хамгаалах уриа дэвшүүлсэн төрийн болон ТББ олон ч цагаа тулахаар цөөхөн нь л энэ чиглэлд чин сэтгэлээсээ ажилладаг. Хүүхдээр хурдан морь унуулахгүй байх эцсийн шийдвэр гаргуулах хүртэл тэмцэхэд тэдний эрх мэдэл хүрдэггүй. Дуу хоолой нь ч хүрдэггүй. Яагаад гэвэл  шийдвэр гаргах түвшинд ажилладаг УИХ-ын гишүүн, сайд нарын  олонх нь алдарт уяач байдаг гээд асуудал олон бий. Иймд өөр нэг гарц байгааг сануулж, “Мэргэжлийн жоккейчидтой болъё” хэмээн асуудал дэвшүүлсэн хэрэг.Монголоос бусад улс оронд  хурдан морины бооцоот уралдаан, тэмцээнийг  мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Хурдан морь унаачдыг  мэргэжлийн болгож хөгжүүлсэн нь жоккейчид  юм билээ.

Аль ч орны морин тойруулгын газраар ороход хэн дуртай нь бус зөвхөн жоккейчид л хурдан морийг унаж уралдуулна. Цалин нь ч өндөр. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг жоккейчдын зорьж очдог газар нь тойруулга байдаг. Монгол Улс бага насны хүүхдээр морь унуулж, эрэмдэг зэрэмдэг болгож зэрлэг зугаа цэнгэл хийж байхаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд болохгүй юм  байхгүй. Морин тойруулгатай байсан туршлага ч байдаг. 1956 онд МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх газрын харьяанд Морин тойруулга байгуулах  шийдвэр гарч одоогийн Их тэнгэрийн хойно Туул голын харалдаа бий болгож, 1962 он хүртэл улсын чанартай уралдаануудыг амралтын өдрүүдэд зохион байгуулж байсан түүхтэй.

 Хэдийгээр хурдан морины уралдаан   Монгол үндэстний дэлхийд бахархах нандин  өв соёл гэлээ ч  унаач хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох  нь  түгээмэл  байгаатай бид  эвлэрэх ёсгүй юм.

Монгол хүн морио унаснаар   хийморь нь бадарч байдаг. Харин цусыг нь сайжруулж байна гэж адуугаа  эрлийзжүүлснээр түвшин нь өндөр болж  хүүхэд унах  явдал их гарч  байгаа.  Энэ бол эрлийз адуу монгол хүний ген, байгаль, зан чанарт тохирохгүй болчихоод байгаагийн илрэл. Түүнээс монгол адуу  эзэндээ ээлтэй, хаана ч явсан явгалахгүй, амь сүнс нэгтэй болчихдог. Тэгвэл  эрлийз адуугаа монгол адуу гэж  уралдуулаад, түүнийх нь нуруун дээр хүүхэд байтугай салхи ч тогтохгүй осол гарч байгаад л гол учир байна.

Бид “Допингтой бөх” гээд ярьдаг, хариуцлага тооцдог.Гадаадаас үнэтэй тэжээл авчирч тэжээдэг, эм тариа хэрэглэсэн эрлийз морь бол  “допингтой”  бараг л “хагас галзуу” амьтан. Балчир хүүхэд яаж амыг нь дийлж, залж удирдаж уралдуулах билээ. Үүнд уяачид л буруутай, тэд хариуцлага хүлээдэггүй. Иймд “Морин тойруулгатай больё, тэнд эрлийз морьдоо уралдуул. Харин наадмын зургаан насны хурдан морины уралдаандаа  монгол адуугаа  уралдуулж байя. Эрийн гурван наадмын хурдан морины уралдаанаа ядаж эрлийзээс тусад нь уралдуулъя” гэсэн асуудлыг дахин дэвшүүлье, улс даяар хэлэлцүүлэг өрнүүлье.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
см(103.26.194.222) 2022 оны 07 сарын 19

зөв зөв

0  |  0
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 19

Бүх юм нь болохоо байчихсан бүрэн эрхт Монгол улс.

0  |  0
зочин(66.181.187.75) 2022 оны 07 сарын 19

Эхлээд бооцоот уралдааныхаа хуулийг батлуулчихвал морин тойруулга барих, уралдах энэ тэр нь аяндаа болчихно. Наадам болохоор хэрүүл болохоо болино

0  |  0
Top