Төрт ёсны баяр монголчуудын ҮНЭТ ЗҮЙЛ гэдгээ батлан харуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Монголын төр, Монголын ард түмнийг уламжлалт баяр наадамгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг өнгөрөгч баярын өдрүүд дахин батлан харуулав.

Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өргөн дэлгэр наадаж чадаагүй түмэн олон наадмаа тэсэн ядан хүлээсэн нь юу юунаас анзаарагдана. Өнө эртний түүхтэй эрийн гурван наадам нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, үндэстэн үндэстнээрээ оршихын нэгэн том дархлаа байдаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа илүү шинжлэх ухаанчаар хөгжиж байгааг ч харуулав. Үүний зэрэгцээ шагайн харвааны төрлийг баяр наадмын төрөлд зүй ёсоор оруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар цол чимэг олгох болсон нь ч бас нэгэн давхар баяр болов.

Үүнээс өмнө баяр наадмаар уухайн дуу хадааж, шагай харваж цол чимгээ олгож ирсэн ч албан ёсоор хөтөлбөрт ороогүй байсан. Харин өнгөрөгч зургаадугаар сард хэлэлцэн баталсан Баяр наадмын тухай хуульд шагайн харвааны төрлийг Төрийн баяр наадмын албан ёсны нэг төрөл болгон оруулсан юм. Монголчууд эртнээсээ баяр наадмаа өргөн дэлгэр, хэрүүл тэмцэлгүй хийвэл, төр түмэн амар амгалан аж төрдөг хэмээн бэлгэдэж ирсэн нь учиртай. Энэ жилийн наадмын хувьд элдэв маргаан гарсангүй. Хурдан морины хувьд эрлийз хурлийздаа тулж байж сэрвээний өндрөөр хэмжин уралдуулах болсон. Нэг насны морьдоос гэхэд 100 орчим морь хасагдаж байсан нь харамсалтай ч нэгэнт төрөөс хууль гаргаад дагалдах журмаар тодорхой заагаад өгчихсөн хойно маргах үндэслэл байсангүй.

Үндэсний бөхийн барилдаанаас ч “барьц сонгох”-ыг дүрмээс хассан гэх мэт шинэлэг зүйл олон байлаа. Дүрмээс “барьц сонгох”-ыг хассан даруй бөхчүүд барьц сонгохыг хүлээж, мэхээр бус биеийн жингээр барилддаг байдал алга болж, уран гоё болж байгаа нь ч харагдана лээ. Тийм ч учраас 1024 бөх барилдсан 10 даваатай наадмын үзүүр түрүүнд ерээд онд төрсөн хоёр хүчтэн түрүү үзүүр булаалдсан. Энэ нь үндэсний бөхийн нэгэн үе гарч ирж байгааг харуулсан төдийгүй, үндэсний бөх илүү шинжлэх ухаанч, спорт тал руугаа хөгжиж байгааг харуулсан явдал.

Үүнээс гадна туурга нэгт Тува, Буриад, Халимаг, Өвөрмонголоос бөхчүүд ирж хүч үзсэн нь зүлэг ногоон дэвжээний нэгэн содон зүйл байв. Магадгүй монгол туургатан улсуудаас олон бөх ирж барилдаж байгаа нь үндэсний бөхийн хөгжилд тус нэмэр болоод зогсохгүй монгол ахан дүүс хил хязгаараар бус сэтгэл зүрхээрээ эвлэлдэн нэгдэж байгааг харуулсан болов уу. Хүчит бөхийн барилдааны тавын давааны өмнө домогт бөх Х.Баянмөнх зодог тайлах ёслол үйлдэж, 60 шахам жил зодоглосон зүлэг ногоон дэвжээгээ орхиж байгаагаа дуулгав. Энэ нь үндэсний бөхийн түүхэнд урьд өмнө байгаагүй ёслол байсан бөгөөд дараа дараагийн бөхчүүддээ үлгэр жишээ зүйл болсон.

Даяаршлын давлагаа дэлхийг нөмөрч байгаа энэ үед бидний цөөн монголчуудын тэсэж үлдэх ганцхан шалтгаан бол төрт ёсны их баяр цэнгэл. Үүн дундаа үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваа гэдэгтэй маргах аргагүй.

Монгол наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үеэс үүсэлтэй хэмээн судлаачид үздэг. Мөн баяр наадмыг Монголын төрт ёсны их бэлгэдэл, эв нэгдлийн илэрхийлэл гэж үздэг. Хүннүчүүд тарж бутарсан овог аймгаа нэгтгэн, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан түүхтэй. Эртний баатруудын тулаан дундаас монгол бөхийн мэх үүсч хөгжсөн гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Манай эриний өмнөх 2000 жилээс XX зууны дунд үе хүртэлх оюуны болон түүх соёлын үнэт өвийг хадгалан орших Дэл уулын элгэн хаднаа бөхийн барилдааныг харуулсан зураг байдгийг ч тайлбарласан нь бий. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын бичээс бол хүрлийн үеийн дурсгалд хамаарах соёлын хосгүй нандин өв. Тэгэхээр монгол наадмын цэнгэл баяр, бөхийн барилдаан наадаан эртний түүхийн улбаатай гэдгийг эрдэмтэн судлаачид олон талаас нь баталсан байдаг.

Өнгөрөгч баяр наадмаар ч туурга тусгаар улсын хувьд цэргийнхээ сүр хүчийг өндөрт өргөж, орчин цагийн зэвсэгт хүчний сүр хүчийг орон даяар харуулсан. Энэ нь дотооддоо “бид эр цэрэгтэй, зэр зэвсэгтэй” гэдгээ харуулаад зогсохгүй олон улсад ч давхар сануулж буй нэгэн томоохон үйл явдал гэхэд болно. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож байгаа нь ч Монгол Улсын сүр сүлдийг өргөж яваа хэрэг. Үүнээс гадна зэвсэгт хүчний зэр зэвсэг, тэрэг техникийг өнгөрөгч онд шинэчилсэн гэдгээ Батлан хамгаалахын сайд нэгэн ярилцлагадаа дурдсан байдгийг баяр наадмын өдрөөр бүрэн харууллаа. Аливаа улсын сүр сүлд цэрэг эрс, армийн сүр хүчиндээ оршиж байдаг даа.

Сур харвааны хувьд ч эртний баатруудын эдэлж хэрэглэж, гол зэвсгээ болгож байсан зүйл гэдгийг олон талын эх сурвалжид дурдсан нь бий. Тэгвэл монголчууд адууг 5000-6000 жилийн тэртээ анх гаршуулан унаж хэрэглэсэн гэж үздэг бөгөөд энэ үеэс мориороо уралдаж эхэлжээ. Олон мянган жилийн тэртээгээс унаж эдэлж, уралдуулж ирсэн хурдан морь өнөөдөр удам угшил, гарвал үүсэл гээд бүр нарийн шинжлэх ухаан шаардах болсон. Найман настай балчраас наян настай буурал ч унаж эдэлж хэрэглэж ирсэн монгол адууны гайхамшгийг дэлхий даяар магтан сайшаадаг. Тэр тусмаа Дэлхийн II дайнд монгол адууны эрмэг чанар, хурд хүч, мохошгүй шандастай нь нэгэнт тодорсон гэдгийг эрдэмтэн мэргэд бүхий л сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Бүр эртнээс ярихад эзэн Чингис хаан монгол морины хүчээр дэлхийн талыг хураасан гээд яриад байвал монгол морины онцлог шинж чанарын тухайд дуусахгүй яриа болно.

Өдгөө үндэсний баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор залраад буй шагайн харваа нь ч өнө эртний түүхтэй. Судлаачдын үзэж байгаагаар бол хүннүчүүдийн булшнаас тамгатай шагай олдсон, түүнийг засаж янзалснаас харахад Хүннүгийн үеэс шагай харваж байжээ гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Харин эзэн Чингис хааны үед бол шагайн харваа ихэд хөгжсөн тухай дурдсан нь байдаг.

Тухайлбал, Их Монгол Улсын цэрэг эрс аян дайнаас ирээд агт морьд, атгахан биеэ амраах зуур сэлэм жад, нум сумаар тоглож нэгнээ гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байсан учраас Чингис хаан зарлигдан, бодын далны ясыг засан хашлага болгож, богийн шагайг засан сум болгон цэргүүдээ өрсөлдүүлж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Үүнийг дурдахын шалтгаан гэвэл монгол үндэсний гэх уламжлалт эдгээр төрөл нь олон мянган жилийн түүхтэй хийгээд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягийг агуулж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл эрийн гурван наадам хэмээн нэрийдэн төрт ёсныхоо баяр наадмыг тэмдэглэж, сүүлд нь шагайн харвааны төрлийг албан ёсоор оруулж ирж байгаа нь Монгол Улсын төр оршиж байна, төрт ёсны их ухаан мөнхөд оршиж ирснийг л харуулсан явдал.

Монгол Улс дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдсэнээс хойш таван өвийг бүртгүүлж, 12 өвийг урьдчилсан жагсаалтад оруулсан байдаг. Үүний нэг нь “Эрийн гурван наадам” юм. Шагайн харвааг эрийн гурван наадмаас ангид нь бүртгүүлсэн гэхээр Монгол үндэсний их баяр наадам дэлхийн соёлын өвд албан ёсны бүртгэлтэй өөр хэн ч хөндөх эрхгүйгээр баталгаажсан нь бидний бас нэгэн дархлаа, бахархал юм.

Өнө эртнээс үүсэж хөгжиж ирсэн бөх, хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваанаас гадна үндэсний хувцасаа өмсөж цэнгэдэг нь уламжлалт заншил юм. Монгол үндэсний дээл хувцас бусад ястны өвөрмөц өмсгөл бол монголчуудын оршин тогтнох бас нэгэн дархлаа. Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэх, залах ёслол гэх мэт уламжлалт баяр наадмаар бүхий л зүйлийг ёс журмаар нь гүйцэтгэхийг зорьсон.

Аливаа зүйл нь сүүдэр гэрэлтэй байдаг. Тиймдээ ч олон нийтийн дундаас шүүмжлэл гарч байгаа ч энэ нь өчүүхэн төдий зүйл юм. Тэгэхээр энэ бүхнээ хадгалж өргөн дэлгэр тэмдэглэж байна гэдэг монгол монголоороо оршихын баталгаа биз ээ. Ямартай ч төрт ёсны их баяр цэнгэл нь монголчуудын үнэт зүйл байгааг батлан харуулсан наадам болж өнгөрлөө.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.96) 2024 оны 08 сарын 18

морь уралдах. сур харвахад эмэгтэйчүүд адилхан оролцдог болсон тул эрийн 3 наадам гэдэг ойлголт тойм төдий болжээ.Гэхлээ яахав, уламжлалт нэршил юм даа. Халгалаад явж баыйхад болохгүй нь юу байна?

0  |  0
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 19

Эрийн 4 н наадам ккк

0  |  0
Top