Б.Гомбо-Очир: Дуурийн театраа нураалгамааргүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очирт энэ жилийн Үндэсний их баяр наадмыг угтаж Урлагийн гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ. Түүнийг Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ Х.Уртнасан “Б.Гомбо-Очир дуулалт, жүжигчний байдал, тенор хоолойнд өөрийнхөө хичээл зүтгэлийг зуун хувь гаргаж байгаа дуучин” гэж дүгнэсэн бол Төрийн хошой шагналт, МУАЖ,  хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дуучин Б.Гомбо-Очирын хоолой хүчтэй, хоолойгоо жолоодох ухаан сайтай, хоолойгоо хүнд илэрхийлэх сэтгэлийн илэрхийлэл сайтай" хэмээн дуу алдаж байжээ. Б.Гомбо-Очир Ж.Вердийн “Аида” дуурийн Радамес, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Тамино,  Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур" дуурийн Эдгардо,  Ж.Пуччинигийн “Богем” дуурийн Рудольф, Ж.Пуччинигийн “Чио Чио сан” дуурийн Пинкертон гээд олон сонгодог гол дүрийг амжилттай бүтээсэн авьяаслаг, чадварлаг уран бүтээлч юм.


-Юуны өмнө Монгол Улсын урлагийн гавьяат жүжигчин цол хүртэх мөчид төрсөн сэтгэгдлээ манай сонины уншигчдад хуваалцана уу. Энэ үед хамгийн түрүүнд юу бодогдож байв даа?

-Найз нартайгаа амраад байж байтал "Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна, гавьяат цол хүртсэн танд баяр хүргэе" гэж утсаар хэлсэн. Тэгэхэд нь итгэдэггүй юм байна лээ. Энэ том цолыг яаж дааж явна даа гэсэн бодол орж ирсэн. Ерөнхийлөгчийг гавьяатын цол тэмдэг зүүж байхад дотроос огшоод л ирсэн.

Төрийн тэргүүн "Сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг чинь төр үнэлж байна шүү, Монголынхоо нэрийг өндөрт мандуулж яваарай" гэж хэлсэн. Энэ шагналын ард маш олон хүний хөдөлмөр, зүтгэл, авьяас, хөлс хүч орсон юм шүү дээ. Залуу надад маш их итгэл найдвар хүлээлгэсэн  ташуур болсон шагнал. Цаашид сонгодог урлагийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулж явна даа л гэж бодож байна.

Намайг урлагт хөтлөн оруулж хүний дайтай өсгөж, гавьяатын зэрэгтэй болгосон аавдаа маш их баярлалаа. Сонгодог урлаг руу эргэлт буцалтгүй оруулсан хоёр багшдаа болон ДБЭТ-ийн нийт уран бүтээлч хамт олондоо, уран бүтээлчдэдээ, солист ангийнхандаа баярлалаа. Та бүхэндээ солист ангийнхаа 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн сонгодог урлагийг дэмждэг "Серж Меценац"  сангийн тэргүүн Я.Баярцэцэг эгчдээ гүнээ талархаж байна. Сонгодог урлагийг таашаан сонсдог, шимтэн сонирхдог нийт Монголынхоо ард түмэн та бүхэндээ мэхийн ёсолж байна.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Чухам хэзээ урлагийн хүн болох  сэрэл мэдрэмж төрсөн бэ?

-Миний бага нас сүрлэг сайхан уулсын дунд, Ховд аймгийн Жаргалант суманд тунгалаг Буянтынхаа усанд сэлж, шумбаж, тоглож наадаж өслөө. Аав минь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Т.Бямбажав гэж хүн байдаг, ээж минь Эрдэнэбүрэн сумын С.Дархижав гэж хүн байсан. Аав маань дуу хөгжмийн багш мэргэжилтэй.

Намайг бага байхад аав минь Ховд аймгийн 123 дугаар ангид хөгжмийн салааны удирдаач, Соёлын төвийн эрхлэгч хийдэг байлаа. Цэргийн ангийн сүрт жагсаал, үлээвэр хөгжмийн цоглог хэмнэлд аавыгаа дагаад явдаг байлаа. Үлээвэр хөгжмийн увдис намайг урлаг руу хөтөлсөн байх. Аав маань улмаар аймгийн хоёрдугаар 10 жилд дуу хөгжмийн багшаар ажилласан. Сургуульдаа хүүхдийн анхны үлээвэр хөгжмийн хамтлагийг байгуулж тэрхүү хамтлагт орж  би гэдэг хүн нэгдүгээр трубаг үлээж, нот гэдгийг анхлан сурч байсан минь тодхон санагдаж байна. Багадаа би дуулдаггүй  харин морин хуур, баян хуур, ямаха хөгжим, үлээвэр хөгжим тоглож энд тэнд хүлээн авалтанд уригддаг хүүхэд байлаа. 10 жилийн сургуулиа төгсөх жилд сургуульдаа тайлан тоглолт хийхдээ анх удаа дуулдаг юм байна. Хөгжимт драмын театрт хийсэн тайлан тоглолтдоо "Ус мөрөн олон чиг" дууг анх дуулж байлаа.

Миний дуулахыг театрын уран бүтээлчид сонсоод "Чи дуулвал болмоор хүүхэд байна" гэж дуучин болох хүсэл мөрөөдөл асаасан даа. Аймгийн таван сургуулийн дунд болсон "Яргуй" наадамд бүх л хөгжмөө тоглоод л, сүүлдээ дуулаад л алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулаад л урам зориг авч урлагт гүн гүнзгий татагдаж байсан. Улаанбаатар хотод "Дуулахуй" хэмээх улсын уралдаан зарлаж миний бие аймгаа төлөөлөн оролцож дэд байранд эзэлсэн нь дуулах замыг минь бүр гэрэлтүүлж өгсөн.

-Оюутан болсон он жилүүд хийгээд төгсөөд жил амьдралын гараанд хэрхэн орж байв. Таны хамгийн анхны тоглосон ямар дүр байв?

-Төгсөхийн өмнөх жил СУИС-ийн багш нар Ховд аймагт ирж дээд ангийн хүүхдүүдийг шалгаж байсан болохоор дараа жил намайг бас шалгах болов уу гэж битүүхэн хүлээтэл ирээгүй. 10 жилээ төгсөөд хуваарь сонгох болтол СУИС-ийн менежментийн анги гэж ганцхан анги байсан. Шууд л сонгоод очоод сурч байтал ангиа сольж болох байлгүй гэж бодлоо. Оюутан болоод эхний семистр хичээллэхэд урлагийн талаар нэг ч зүйл ороогүй, дандаа л эдийн засгийн онол, урлаг судлал ороод байлаа.

Тэгээд сургуулиа орхиж яваад дараа жил шалгуулж оръё гээд нутаг буцав аа. Нутагтаа ирээд байж байтал Монгол орон даяар болдог "Нутгийн салхи" гэж дууны уралдаан болов оо. Тэр уралдааны шүүгчээр МУГЖ С.Жавхлан, СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, МУУГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, "Донж" төвийн Б.Төгөлдөр гээд урлаг соёлын томчуул ирдэг байгаа. Би "Нутгийн салхи" уралдааны тэргүүн байрыг эзэлж СУИС-даа шалгалтаа өгч тэнцээд дууны урлаг руу эргэлт буцалтгүйгээр орж байсан түүхтэй. СУИС -д 2006 онд МУГЖ дуурийн дуучин Д.Банди багшийн удирдлага дор анхлан орж дуурийн урлаг, сонгодог урлагийн талаар хоёр жил хичээл заалгасан. Багшийгаа бурхан болсны дараа Ардын багш О.Ичинхорлоогийн удирдлагад дуурийн мэргэжлийг эзэмшсэн.

Анхлан нийтийн дуу дуулна гэж бодож байсан бол намайг дуурийн урлагт таниулан хөтөлсөн маш том шалтгаан бол хоёр багш маань юм даа. 2011 онд СУИС-ийн төгсөх ангид сурч байхад ДБЭТ-т "Аида" дуурийг анхлан тавихаар болж улмаар би сонгон шалгаруулалтанд нь тэнцэж Радамесийн дүрд тоглохоор боллоо. Улсынхаа шалгалтыг энэ дүрээрээ өгч, дипломын ажлаа энэ дүрээрээ бүтээж байсан минь хэзээ ч мартагдашгүй үйл явдал, аз завшаан юм. Тэр цагаас хойш шууд л ДБЭТ хэмээх сонгодог урлагийн алтан тайзан дээр гоцлол дуучнаар ажиллах тушаал гарч өдгөө хүртэл ажиллаж байна даа.

-Хамгийн анх олон улсын чанартай ямар уралдаан тэмцээнд орж байв. Тэндээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ. Ер нь гадаад улс орнууд манай сайн дуучдыг өндөр үнэлж, өөрийн театртаа уриад авчихдаг шүү дээ.           Энэ талаар таны бодол?

-ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит уралдаанд оюутан байхдаа оролцож тэргүүн байрыг эзэлж байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл гоцлол дуучин О.Хүрэлбаатар ах байсан, ах маань Гран При шагналыг нь хүртэж байлаа. Олон улсын уралдаан гэдэг утгаараа Оросоос, Буриадаас олон дуучид ирж оролцсон, тэр олон дуучдаас цойлоод нэгдүгээр байрыг эзэлж байсандаа маш их бэлгэшээж байдаг.

Монголын дуучид гадаад оронд маш сайн үнэлэгдэж, дуу хоолойны өнгө нь гайхагдан магтагдаж байдаг. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал зэрэг дуучдын баритон хоолой дэлхийд ноёлж байна. Бидний идэж буй хоол хүнс, цаг агаар, байгаль орчин нь дуу хоолойны цараад нөлөөдөг юм болов уу гэж боддог. Энэ ч утгаараа дэлхийд үнэлэгдэж, нэрээ дуурьсгаж яваад нь бахархаж явдаг.

-Урлагийн хүмүүсийн  нийгмийн хангамж, цалин мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Урлагийн хүн болно гэдэг маш их тэвчээр, хөдөлмөр, сэтгэл шаарддаг мэргэжил. Ялангуяа дуурийн урлаг. Бүх л цаг зав, авьяас чадвараа бүгдийг нь шавхаж байж урлагт тэнцдэг. ДБЭТ бол Төрийн үйлчилгээний байгууллагад харьяалагддаг, үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа хамгийн бага цалинг авдаг. Энд ажиллаж байгаа 300 гаруй хүн сонгодог урлагтаа хайртай, дуртай учраас цалин мөнгөнөөс хамаарахгүйгээр сэтгэл зүрхээрээ ажилладаг. Олон улсад сонгодог урлагт маш их анхаарч, улс орныхоо нүүр царай болгодог шүү дээ. Уран бүтээлчид бид дотоод сэтгэлдээ эрч хүчтэй, халуун сэтгэлтэй, асаж дүрэлзсэн гэрэлтэй хүмүүс байдаг. Тиймдээ ч ахмадуудын маань түүчээлж авчирсан сонгодог урлагийг өдий зэрэгтэй авч яваа гэж боддог доо.

-Тенор өнгөөр дуулдаг дуучид хэр олон байдаг вэ?

-Тенор хоолойгоор дуулдаг дуучид олон байдаг. Ардын жүжигчин Г.Хайдав, А.Энхтайван, МУГЖ У.Далантай, миний багш Гавяьат жүжигчин Д.Банди тэргүүтэй цээл хоолойтой олон сайхан дуучдаас эхлээд тэднийг түүчээлж, үргэлжлэл болж явна. Тенор хоолой нь драматик, лирический,  контор гэж ангилагддаг бол миний хоолой лирический буюу цээл гэж үздэг. Нас яваад ирэхээр драматик тенор болж хувирах байх.

Тенор хоолой бол жаргалтай төрлийн дүрд тохирдог. Дандаа л ханхүү, хайртай сүйт залуугийн дүрд тохирдог учраас энэ хоолойндоо би хайртай. Хоолой тааруу үед өнгө хүчлэх шаардлага гардаг. Хоолойгоо сайхан байлгахын тулд маш их дэглэм, зарчимч байдлыг шаарддаг. Сургуулилтыг өдөр бүр хийх шаардлагатай. Байнга дасгал хийж, нийллэгтээ орж дуулж байж, фитнесээр ярих юм бол байнга л булчин шөрмөсийг нь ажиллуулж байж дуурийн ард гардаг.

-Таны бүтээхийг хүсдэг ямар дүр байдаг вэ. Үе үеийн дуучдаас хэнтэй хамтарч дуулж байснаараа бахаддаг вэ. Одоогийн алтан партнёр тань хэн бэ?

-Би их азтай хүн. Дөнгөж төгсөх жилээ л тэр том "Аида" дуурийн Радамесийн дүрийг бүтээсэндээ маш их баярлаж бахдаж явдаг. Д.Банди багш шигээ бүх л дүрийг төгс бүтээхийг хүсэж зорьж, мөрөөдөж яваа. Үе үеийн дуучдаас МУГЖ М.Болд, Дамдинсүрэн, Р.Доржхорлоо, Ө.Уянга, Ардын жүжигчин Э.Амартүвшин болон Ц.Баттөр, Ц.Доржсүрэн, Түмэндэмбэрэл зэрэг олон сайхан дуучдын залгамж болж орж ирээд тэдэнтэй хамтран уран бүтээл туурвиж, тэднээсээ суралцаж байсан минь сайхан санагддаг. Миний алтан партнёр бол МУГЖ Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг, Б.Энхнаран, Б.Эрдэнэтуяа зэрэг бүх л гоцлол дуучидтайгаа хамтран дуулдаг. Бүгд л өөр өөрийн уран чадвар, арга барилтай сайн дуучид шүү дээ. Тэр бүрээс нь суралцаад, хамтран уран бүтээл хийж явна даа.

-Хамгийн сүүлд ямар уралдаан тэмцээнд оролцов?

-Хамгийн сүүлд айхтар цар тахлын үед Алтан Москвад Муслим Магомаевийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн тэмцээнд ороод дуурийн дуучин Б.Монголхүү бид хоёр шилдэг дуучны "Дипломант" болж ирсэн дээ.

-Дуурийн театрын шинэ барилгатай болох яриа дэгдээд байгаа энэ үед таны бодол сэтгэгдлийг сонсвол. Манай орны сонгодог урлагийн хөгжлийн талаар яриагаа өндөрлөе?

-Сонгодог урлаг дэлхий дахинд олон зуун жилийн түүхтэй. Манай улсад энэ урлаг нэгэн жарныг элээж байна. Алтан үеийнхэн маань үндэс суурийг нь сайн тавьсан учраас одоогийн залуус маань хурдан хөгжиж, тэсэрч дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа нь сонгодог урлагийн хөгжлийн илэрхийлэл байх гэж бодож байна. Дуурийн театрын боловсон хүчин сайтай. Арын ажлыг маш сайн нугалдаг маш олон ажилчид бий. Биднийг чиглүүлж манлайлах найруулагч, удирдаач хомсдолтой байна. Дуурийн театрыг нурааж шинэ барилгатай болоход нэлээн жилийн хугацаа шаардах байх. Энэ хугацаанд залуу уран бүтээлчид бид хаана юу хийх вэ, уран бүтээлээ хийхгүй, дуулахгүй байна гэдэг бидэнд маш их хохиролтой.

Цар тахлын үед хоёр жил тайзан дээр гарахгүй байна гэдэг, жүжигт дуулахгүй гэдэг хоолой эвдэрнэ, авьяас зэвэрнэ гэдгийг маш сайн мэдэрсэн. Хүн ам ихтэй өндөр хөгжилтэй орнууд маш том нүсэр театрууд барьдаг л даа. Манай улсын хүн амын тоо хэд билээ. Тийм учраас одоо байгаа театраа байгаагаар нь өнгөлж, зүлгэж тордоод дулаахан, тохитой болгох талаас нь засаж сайжруулбал зүгээр санагдаж байна. 2011 онд ДБЭТ-т орж байхад "Best of classic- Open air"  тоглолтыг задгай талбайд тоглодог байсан. Энэ тоглолт ард түмнээ соён гэгээрүүлэхэд асар их үүрэгтэй учраас цаашид тасалдуудалгүй үргэлжлүүлж явах хэрэгтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.205.46.250) 2022 оны 07 сарын 23

Saixan duuldag saixan zaluu shuu uran buteeliin ulam ix amjiltiig xusie

0  |  0
Зочин.(202.9.46.4) 2022 оны 07 сарын 23

Зурагтаар харахад сайхан дуулдаг дүүдээ баяр хүргэе. Аав ээжид баяр хүргэж сайхан хоолойтой хүү төрүүлсэнд нь баярлаж байна. Амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

0  |  0
Bujin(94.239.109.128) 2022 оны 07 сарын 23

Gomboodoo bayrhurgie

0  |  0
Top