-Хурдан морины уралдаан спорт биш, өв соёл юм -
Адуу судлаач Н.Санжаадоржтой ярилцлаа.
-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад монгол адуугаа зургаан насанд уралдуулахаар хуульчилж, сая наадмаа хийлээ. Энэ жилийн хурдан морины уралдаанууд хууль болоод хүмүүсийн хүлээлтэд нийцэв үү.Та юу гэж үзэж байна?
-Хууль тэгж батлагдсан. Гэвч Засгийн газар Үндэсний хурдан морины уралдаанаа явуулах дүрмээ, хуулиа зөрчиж баталсан.Зургаан насны монгол адуу уралдуулна гэж хуульчилсан байхад “Сэрвээ хэмжиж уралдуулна” гэсэн дүрэм гаргасан. Тэгээд сэрвээний хэмжээ заасан. Тэр нь эрлийз адуу уралдуулах нөхцөл боломжийг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, монгол адуугаа уралдуулж, эрлийз адууг хасах хууль гаргасан. Гэтэл Засгийн газар эрлийз адуу уралдуулах дүрэм гэгчийг гаргаснаар хольж уралдуулсан. Ингээд хууль биелэх ямар ч үндэсгүй болж дүрэм батлагдсан гэх нэрийн дор бүх газар өв соёлын утга алдагдлаа. Монгол адуугаа уралдуулъя гэж жагсаал, тэмцэл хийсэн хүмүүс аргаа барлаа. Монголчууд наадмаар, тэр тусмаа хурдан морин дээр хэрүүл тэмцэл хийх дургүй учир одоохондоо чимээгүй хараад сууцгааж байна.
-Өв соёлын утга алдагдлаа гэлээ. Хурдан морины уралдаан спорт уу, өв соёл уу. Үүнийг яагаад зааглаж өгдөггүй юм бол?
-Энэ бол маш том сэдэв. Үндэсний баяр наадмын тухай хуульд монгол адуугаа уралдуулна гэсний цаана өв соёлоо хамгаалж байгаа бодлого байна гэж ойлгосон.
УИХ-ын гишүүд зөвхөн монгол адуу унах ёстой. Монгол адууг хүүхэд унаж уралдаж ирсэн гэдгийг ойлгоод хуулиа тэгж баталсан байх. Гэтэл наана нь өв соёл гэдгийг огт ойлгохгүй морин уралдаан, спорт гэсэн ойлголтоор ханддаг хүмүүс байна. Тэр бүү хэл, хурдан морины уралдаан гэж ярьж, бичээд байдаг. Хурдан морины уралдаан гэхээр ямар ч хамаагүй морьд уралдах болж таарч байна.
Харин өв соёл гэдэг утгаар бол зөвхөн монгол адуугаа монгол уяач ёс заншлын дагуу уяж, түүнийг нь хүүхэд унаж уралддаг, ийм цэнгэл наадам. Тэгэхээр энэ бол цогц том соёл. Үүнийг хүмүүс спорт гэж ойлгоод амжилтын төлөөх өрсөлдөөн болгож хуульчлах нь өв соёлыг устгаж байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Соёлын яам байгуулагдсан. Тэгэхээр өв соёлын мөн чанар, утга агуулгыг алдагдуулж, сэрвээний өндөр хэмжих нэрээр эрлийз адуу уралдуулж байгаад салбарын яам анхаарах ёстой. Өв соёл, зан заншлыг алдагдуулж, устгаж байгаа явдал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү дээ. Иймд Соёлын яам дүгнэлт хийж, судалгаа гаргаж, төрийн байр сууриас хандаж шийдвэрээ гаргаасай гэж бодож байна.
-Соёл юм бол юу нь соёл байх вэ. Түүнээс юуг нь хадгалах ёстой вэ. Зөвхөн морь уралдаад байх ёстой юм уу. Энд дүгнэлтээ гаргах ёстой гэж та хэлж байна уу?
-Тийм. Зөвхөн морь уралдах нь соёл биш шүү дээ. Морь уралдуулахын тулд монгол адууг зургаан насаар уядаг, хүүхэд унадаг. Түүнийг дагасан уяачийн ёс дэг байдаг. Морь уралдуулах наадмын утга нь амжилтын төлөө биш. Төрийн сүлдэнд залсан адуугаа уралдуулах нь тусгаар тогтносон улсаараа бахархаж байгаа бэлгэдлийн уралдаан, бэлгэдлийн наадам. Монгол адуу уралдаж, төрийнхөө наадамд түрүүлж, айрагдаж, тоосоо өргөх нь монголчуудын оюун санааны дархлаатай холбоотой болохоос хэн түрүүлж амжилт гаргах вэ гэсэн бодлого биш. Өв соёл нь ийм биш, эрт цагаас уламжилсан соёл нь өөр юм. Баяр бахархалын энэ утга алдагдаж, агуулга нь өөрчлөгдөж байгаад л гол эмгэнэл нь оршиж байгаа юм.
-Одоо бүсийн наадмууд болж байна. Мөн л морины сэрвээ хэмжих дүрмээр наадмын уралдаанууд болж, эрлийз адуу уралдаж байх шиг?
-Ер нь бол эрлийз адуу уралдуулах сонирхолтой хүмүүс хөөцөлдөж байгаад бүсийн уралдаан гэч юмыг хуульд оруулсан. Бүсийн уралдаанаар амжилт, цол өгнө гээд байна. Би дээр хэлсэн, морин уралдаан спорт биш соёл гэж. Гэтэл уралдаан, амжилт, цол гэдгийн цаан том бизнес байна. Тэр нөхдүүд сүүлийн хоёр жилд мянга мянгаар нь эрлийз адуу оруулаад ирчихсэн. Эрлийз адуу оруулж ирсэн мөнгөтэй нөхдүүд адууны үржил явуулж гарсан төлийг нь жирийн малчдад зардаг, эсвэл хэдэн саяыг авч гүү гишгүүлэх гэх мэт зүйл зохион байгуулдаг. Ингэхээр төрийн наадамд эрлийз адуу л түрүүлнэ шүү. Монгол адууг урдаа гишгүүлэхгүй дээ гэсэн ашгийн төлөөх бизнес яваад байна. Тэр бизнес нь устчих гээд байгаа учраас сэрвээ хэмжих дүрэм гэгчийг хууль зөрчиж оруулж ирээд байна.
-Улс даяар ийм болчихоор монгол адуу гэж бараг л байхгүй болох нь ээ дээ?
-Ер нь бол монгол адуу байхгүй болох үндэс бий болсон. 20 хувьдаа хүрсэн байна гэдгийг мэргэжилтнүүд аль эрт тогтоочихсон. Монгол адуу өөрийн онцлогтой, байгалийн адуу. Нөгөөтэйгүүр, зөн билэгтэй. Энэ жил хоёр морь 1000 гаруй км гүйгээд төрөлх нутагтаа, ижил сүрэгтээ, эзэндээ очиж байгааг бичлэг, баримтаар нь та бүхэн харсан байх. Эрлийз адуу бол тэгж мэдэхгүй. Монгол хүний оршихуй, ахуй соёлыг нуруундаа үүрч яваа амьтан бол монгол адуу юм.Түүнийг тэжээлийн адуу болгож өөрчлөх нь эрсдэл авчирна. Нэгдүгээрт, монгол адуу устана. Хоёрдугаарт, төрийн сүлдэнд залсан монгол өв соёл, оршихуйг тээж ирсэн гавьяатай монгол адууны нэр хүнд байхгүй болно. Гуравдугаарт, монголчуудын бэлгэдэл, бахархал байхгүй болох аюултай. Бэлгэдэл, бахархал байхгүй болно гэдэг үндэстэн мөхөж байгаагийн илрэл. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бол ойлгодог, ярьдаг юм байна лээ. Харамсалтай нь доор нь байгаа хүмүүс, Засгийн газар, сайд, дарга нар нь мэддэггүй, ойлгодоггүй.
-Адууг эрлийзжүүлж байгаагаа шинэчлэл, хөгжил яриад байх юм, зарим хүн. Та үүнд тайлбар хэлээч?
-Адуу эрлийзжүүлж байгаагаа хөгжил гэж ярьж байгаа хүмүүс бол шинжлэх ухаан, генетикийн ямар ч мэдлэггүй байна. Ийм зүйл шинжлэх ухаанд байхгүйг адуу судлаач, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц тэргүүтэй манай эрдэмтэн, докторууд хэлдэг. Гэтэл шинжлэх ухаанд байхгүй ийм зүйлийг өнөөдөр З.Мэндсайхан гэдэг хүн ХХААХҮ-ийн сайдын албанд оччихоод бүхэл бүтэн яамаараа хэрэгжүүлээд зогсож байна, “Сэрвээг нь хэмж” гээд. Үүний цаана бизнес явж байна.
Энэ бол цаг хожих гэсэн, 1-2 жилийн хугацаанд оруулж ирсэн эрлийз адуугаа наймаа хийж, зарж борлуулж дуусгах гэсэн бодлого байна. Хамгийн харамсалтай нь энэ бүхний ард монголчуудын өв соёл, оюун санааны дархлааг утсгах маш том гай гамшиг нүүрлэж байна. Нэг талаар улс төрийн бодлогын, нөгөө талаас мэргэжилтний мэдлэг чадваргүйн гэх юм уу, энэ байдлаас болж бид үндэстний мөхөл рүү явж байна.
-Бид уяач, бөхчүүдийг монгол өв соёл, уламжлалыг авч яваа гэж хүндэлдэг. Бөхчүүд энэ жил жудаг гэдэг зүйлийг харуулснаар унаж явсан нэр хүндээ өргөлөө. Уяач нарт эрэмбэ, жудаг гэж байна уу?
-Бөхтэй яг адилхан. Энэ соёлын цаад утга учир, ач холбогдол нь монгол хүнийг хүмүүжүүлдэг, ёс жудагтай байлгахад оршдог юм шүү дээ. Морь унаж өссөн хүүхэд уяачийн ёс зүй, жудаг, ухааныг өвлөж монгол хүн болж төлөвшдөг, энэ бол гайхалтай том соёл юм шүү. Хэрэв тэгдэггүй байсан бол энэ соёл аль эрт байхгүй болчих байсан. Тийм учраас би хэлээд байна шүү дээ, Соёлын яам үүн дээр судалгаа хийж, дүгнэлт гаргаасай. Юу нь соёл юм бэ гэдгийг судалж тогтоогоосой.
Зургаан насны монгол адуугаа бид даага, шүдлэн, хязаалан, соёлон, их нас, азарга гэж насаар нь ангилдаг. Энэ зөвхөн монгол адуунд л байдаг нас. Эрлийз адуу ийм биш. Монгол адууны зургаан нас гэдэг унаж эдлэх, уралдуулах гээд өөр өөрийн онцлогтой, өвөрмөц ёс дэгтэй. Даагыг хүүхэд унаж сургадаг, уралддаг гэх мэт ахуй ёс жаяг нь адуутайгаа хамт явдаг. Уяач хүн бол өв соёлыг тээгч. Зарим хүн уяачийг зүгээр нэг дасгалжуулагч маягтай юм яриад байдаг. Тийм биш, өв соёл тээгч.
Хардал жанжин бээс Өвгөн ноёны нууцын сударт “Эхлээд ёс жаягт суралц. Дараа нь морь уяж сур” гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт, ёс жаяг байгаа биз. Энэ талаар жишээ хэлбэл, “Хурдан морь хүн эвдэнэ” гэсэн өвгөн ноёны сургааль бий. Тиймээс хурдан морины шинжийг хүнд хэлдэггүй, дөхүүлэн дөхүүлэн хэлсээр, ухааран ухааран ойлгож сурдаг эд. Эдгээр зарчим нь энэ бол том соёл юм шүү гэдгийг илтгэж байгаа юм. Гэтэл бид энэ соёлоо үгүй хийгээд байна. Том уяач хэн бэ гэхэд л нутагтаа хамгийн хүндтэй хүн байна. Тэр хүний хэлснээр дараагийн уяач нар мориныхоо уяа сойлгыг тааруулж байдаг. Уяаны дээр ахмад настны уяа байна гэх мэт ёс жудгууд тэнд мөрдөгддөг. Тэрийг өнөөдөр амжилтаар нь, спортын өрсөлдөөн маягаар дүгнэж, ийм байдлаар явуулбал ёс жудаг алга болно.
-Та тодорхой жишээ хэлбэл, уншигчдад илүү ойлгомжтой болох байх?
-Тухайлбал, суманд тэр гуай гээд сайн уяач бий, тэр хүнээс асуу гэлцдэг. Энэ бол тэр хүний нас, ёс жудаг,ухааныг нь хүндэлж байна шүү дээ. Гэтэл морь уядаггүй, өөрийн гэсэн адуу ч байхгүй нэг нөхөр гаднаас ирсэн хүмүүсийн эрлийз адууг нэр дээрээ уралдуулж байгаад аймгийн алдарт уяач, улмаар улсын алдарт уяач болчихож байна. Тэгэнгүүт наадмаар давхиж очоод цолныхоо эрэмбээр нутгийн нэр хүндтэй, ёс жудагтай уяач нарын дээр сууж байгаа юм. Энэ бол жудаг эвдэж байгаа, ёс зүйгүй асуудал мөн биз. Ингэж үндэстний соёл, ёс жудгийг эвдээд байна. Ер нь анхнаасаа үндэсний морин уралдааныг спорт гэж ойлгож, социализмын үеэс журам гаргасан.
Түүнийг 1990-ээд оноос цааш улам гүнзгийрүүлэн цааш хөтөлж алдар цол өгдөг гажуудал руу оруулсан. Өнөөдөр манайхан хамгийн сайн уяач бол Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон гээд ярьдаг. Эд цолтой ч, цолгүй ч сайн уяач. Хүмүүс тэднийг хүндлэх л байхгүй юу. Үүнийг жудаг гэж байгаа юм. Сайн уяач байна гээд төрөөс одон, медаль өгч болно.Түүнээс биш уяач биш атал хүний морь нэр дээрээ уралдуулж, цол аваад явах нь утгагүй. Ийм хүн олон бий. Ийм маягаар ганцхан зуны дотор Улсын алдарт уяач болсон хүн ч байна лээ.
-Допингтой бөхчүүлд хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл элдэв эм тариа, химийн найрлага бүхий тэжээл өгч уралдуулж байгаа эрлийз адуу бол допингтой морь, “галзуурсан” зэрлэг адгуус мөн биз. Тийм амьтны нуруун дээр хүний нялх үрсийг мордуулж уралдуулснаас унаж бэртэх, амь насаа алдах явдал тоогоо алдлаа. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Эрлийз адууны хурд монгол адууныхаас хамаагүй илүү. Монгол адуу 45-50 мильтэй давхидаг бол эрлийз адуу 60 мильтэй давхина. Иймээс нэгдүгээрт, унасан байхад осол аваар хүндрэлтэй гарах нь ойлгомжтой. Хоёрдугаарт, эрлийз адуу спортын чиглэлээр үржүүлдэг адуу шүү дээ. Тэгэхээр зориулалт нь хүртэл буруу байгаад байгаа юм.
Адуунд допингийн шинжилгээг хийх ёстой. Ийм хууль хүртэл гарч байсан, хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Яваандаа шийдэгдэх байх. Ямар ч байсан эхний ээлжинд цэвэр монгол адуугаа уралдуулдаг, цэвэр наадам гэдэг соёл руу нь оруулж хуульчилж, бодлогоо баримтлах ёстой. Энэ зарчим руу оруулбал, цол хэргэмийн төлөөх уралдаан, тэмцэл, эрлийз морины бизнес гээд олон асуудал шийдэгдэнэ. Энэ бүхэн нэг мөр болж цэгцэрвэл хүүхэд мориноос унах асуудал ч шийдэгдэнэ. Монголчуудын уламжлал нь эрт цагаас өөрийн хүүхдээр, эсвэл ойрын хүний хүүхдүүдээр морио унуулж уралдуулдаг байсан. Хотод байгаа том компанийн захирлууд өөрийнхөө хүүхдээр унуулахгүй байгаа шүү дээ, энэ өв соёл биш.
Өөрийн хүүхдээр унуулахгүй, өрөөлийн хүүхдийг морь унуулж уралдуулдаг өв соёл гэж байхгүй. Хэрэв моринд дуртай бол өөрийнхөө хүүхдийг багаас нь морь унуулж сургах хэрэгтэй. Өөрийн хүүхдээр морио унуулахгүй байгаа нь соёл биш, ашиг олох гэсэн хүний ажиллагаа. Мөнгөөр үнэ цохиж морь аваад, хүний хүүхдээр морь унуулна гэдэг агуулга, зарчим нь буруу байна. Мөрийтэй тоглоомын зарчмаар, ашиг хонжоо олох гэсэн байдлаар яваад байна шүү дээ. Монгол наадам бол ашиг олох бус бэлгэдлийн утгатай. Сэтгэлзүйн, оюун санааны, соёлын огт өөр дархлаа явдаг.
-Уяачид хүүхдийг бас эвдэж байна. Энэ жил шүдлэнгийн уралдаанд хүүхэд гялгар уут гаргаж ирээд ардаа яваа хүүхдийн морьдыг үргээж ойртуулахгүй байсан. Тэр бол нялх хүүхдийн ухаанаас гарахгүй зүйл дээ?
-Уяачид нь зааж өгч байгаа. Тэр бүү хэл урт ташуур хийж өгөөд хажуугаар орж ирсэн морьдын хамар дундуур ташуурдаарай гээд явуулж байсан гажуудал гарч байсан. Иймээс бид соёлоо хамгаалахгүйгээр, уралдаан гэдэг зүйл рүү яваад байж болохгүй. Үүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдэхгүй байна. Хуулийнхаа эсрэг дүрэм гаргачихаж байна. Соёлын яам нь энэ талын тайлбар, мэдээлэл хийхгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайд нь мэдэхгүй байна шүү дээ.
-Эрлийз адуу импортоор оруулж ирдэг, хууль бус наймаа хийдэг сүлжээ, морины мафи байдаг.Импортын адууг дагаж Монголд байхгүй адууны өвчин дэлгэрсэн, нуун дарагдуулсан гээд мэдээллүүд дуулддаг. Та адуу судлаач хүн, энэ талаар мэдээлэл байна уу?
-Би сонсох энүүхэнд. Наад асуудлыг чинь хавар Үндэсний спортын холбоодын хурал дээр Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц хэлж байсан. Импортын адууг дагаж, адууны бэлгийн замын долоон төрлийн өвчин, цусны өвчин орж ирлээ гэж баримтаар дурдаж байна лээ. Би ч гэсэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо импортын адууг зогсоохгүй бол аюултай байна шүү гэдгийг хэлж байсан.
Импортын адууг ямар зорилгоор оруулж ирдэг гэвэл төрийн наадамд уралдуулж бизнес хийх, үр төлийг нь малчдад зарах. Дахин хэлэхэд үүнийг цэглэхгүй бол монгол адуу байхгүй болно. Өв соёл устана.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
erliiz aduug morin toiruulgiinh ni daguu l uralduuldag boloh heregtei.
Аль аль нь байхгүй болоод удаж байна.
сайн үүлдрийн адуу оруулж ирэхийг хориглоно гэдэг тэнэг хэрэг. Харин тусд нь уралдуулдаг байх хэрэгтэй.Яагаад дэвшилттэй юмыг үгүйсгэх хэрэгтэй болов.Бүгд хэн нэгний явуулга л янз бүрийн шийдвэр гаргуулж байна
Үнэн шүү.МОНГОЛЧУУДЫН АЛЬ САЙХАН БҮХНИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙГАА БАХАРХАЛ, БЭЛЭГДЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙГ МӨХӨӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ,ГОЛЛОН ТОГЛОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН УХААНЫ ДОРОЙТОЛ ШИВШИГ ЮМДАА.Жнь: БӨХИЙН ХОЛБООНЫ МАГАЛЖАВ