Сүүлийн хэдэн хоногт Улаанбаатар хотод намрын урь орсон мэт л сэрүүхэн агаад жиндүүхэн.
Өчигдөр гэхэд л багахан хугацаанд усархаг бороо орсон нь хотыг жинхэнэ Венец мэт л болгосон. Яагаад ч юм энэ үед завьтай байсан бол гутлаа норгохоос илүүтэй завь сэлүүрдээд явж байсан бол хэмээн ч бодох шиг. Энэ бодлыг гэнэт устгаж банштай цай л бодогдох нь тэр. Бороо ордог өдөр хамгийн түрүүнд бодогдох хоол бол банштай цай. Яагаад ч юм бороотой өдөр банштай цай л уухгүй бол болохгүй мэт санагддаг.
Багын дурсамжуудтай холбоотой байдаг ч байж мэдэх юм. Банштай цайнд дуртай хүмүүсийн дийлэнх нь өвөө эмээ дээрээ бага насаа өнгөрөөсөн хүмүүс байдаг. Судалгаа биш ч гэлээ баттай шүү. Өвөө эмээ нар хүйтэн өдөр хамгийн түрүүнд банштай цайг л хийж өгнө. Баруун аймагт бол өвөө эмээгээ хөгшин аав, хөгшин ээж гэж дуудна. Хөгшин ээж бороотой өдөр банштай цай хийх бол хөгшин аав хуучны яриагаа ярих нь хамгийн гоё дурсамж байжээ.
“Намайг залуу байхад манай улс...” гэж ирээд л цаанаа нэг үлгэр мэт л ярина. Өөрийн амьдарч үзээгүй өмнөх үеийг төсөөлнө. Бороо орох бүрд халуун дотно яриа өрнүүлэхдээ банштай цай иддэг байсан болохоор бороотой өдрийн банштай цай бол хамгийн гоё зүйл юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )