АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хүрээлэн буй орчны бохирдлын улмаас арьсны хорт хавдраар өвчилж байснаа, бага насаа өнгөрүүлсэн Делавэр мужид нь хүрээлэн буй орчны бохирдол их байсан тухай, тус хот хорт хавдрын өвчлөлөөр улсдаа тэргүүлж байсан талаар ярьсныг манайхан орчуулан мэдээлжээ. Түүний дор уншигчид янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Энд бичимгүй эвгүй үг хэллэг ч харагдана.
Энэ бол манайд сошиал хүчтэй хөгжсөний, дээр нь монголчууд өөрсдийн толгой дээрх тэмээтэй хачааг харахгүй байж, бусдын толгой дээрх өлөн өвсийг өөлж шүүмжилдэгтэй холбоотой байх. Зүй нь бид алсын Америк руу санаа чилээж байхаар өөрсдийн дотоод байдалд үнэлэлт, дүгнэлт өгмөөр. Өндөр хөгжил бүхий том гүрэнд тийм зүйл тохиолдож байсан тухай тэрбээр олон жилийн өмнөхийг дурсчээ.
Тэгвэл манайд хүрээлэн буй орчны бохирдол байх ёстой хэмжээнээс хэд дахин давсан. Дэлхийд хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдэж, элэгний хорт хавдрын өвчлөлийн нас баралтаар тэргүүлж буй. Хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлж байв.
Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч үнэндээ бол Монгол Улс хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн үнэлгээгээр дэлхийн улс орнуудын тэргүүн эгнээнд орно уу гэхээс сүүл барихгүй. Гэсэн атал Үндсэн хуульдаа “Монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” хэмээн хуурай тунхаглачихсан. Бодит байдалд иргэндээ ээлгүй, алхам тутамд амь насанд заналхийлж байдаг хамгийн эрсдэлтэй орон. Дотооддоо аюулгшүй байдлаа бэхлээгүй атал аялал жуулчлал хөгжүүлнэ хэмээн хэн хүнгүй хээв нэг сурталчилж суугаа нь эмгэнэлтэй.
Монгол Улсын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2021 онд орчны бохирдлын судалгааг хийлгэсэн байдаг. Улаанбаатар хотын хөрсниий бохирдол, тэр дотор нян, хүнд элементийн бохирдол хэр байгааг судлахад нийслэлийн хэмжээнд 144.992 нүхэн жорлонтой. Түүний нянгийн бохирдол гүндээ 3-8 метр буюу маш их бохирдолтой гэж гарчээ. Энэ бохирдол нь бороо хур, түүний дүнд бий болсон хөрсний усаар дамжин голын усанд нийлснээр хөрсний бохирдлын хэмжээ тэр хэрээр өснө гэсэн үг.
Тэгвэл үүнд Монгол Улсын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо анхаарч шийдвэр гаргасан байдаг.
Тэр нь Засгийн газрын 2021-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөр, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Алсны хараа-2050 баримт бичигт агаар, хөрсний бохирдлыг буруулахаар тодорхой зорилтууд тусгасан. Хөрсний бохирдол хийгээд түүнээс улбаатай усаа бохирдлоос хамгаалах, цэвэрлэх, ялангуяа Туул голын бохирдлыг буруулах ажлуудыг төлөвлөсөн нь “Эко жорлон” -г нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх байв. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрхүүдийг эко жорлонгоор хангах зорилтыг дэвшүүлсэн. Гэвч жорлонд өндөр дүнтэй мөнгө төсөвлөсөн хэмээх шүүмжлэл өрнөсөн.
Үнэндээ бол нийслэлчүүд жорлонгоо өөрчлөхгүйгээр орчны бохирдлоос ангижрахгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах аргагүй. Хорт хавдрын өвчлөлийг бууруулж чадахгүй. Эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмнэлгүүдийн ачаалал дундрахгүй. Нийтийг хамарсан амьсгалын замын өвчлөлийн нэр төрөл нэмэгдсээр байх болно. Онош нь олдохгүй элдэв өвчний үүр уурхай улам л гүн болж, хор уршиг дагуулсаар байна.
Бид хоол хүнс, хувцас эд хэрэглэл, эм тариа, гадаад хүчин зүйлдээ юу юунаас илүү санаа зовж, шүүмж хэлэлцүүлэг өрнүүлдэг. Дээр нь олон улсын нөхцөл байдал, “гадны дайсан”-тай тэмцэхээ зарлаж жагсаал, тэмцэл хийхдээ гаргуун. Яг л сошиалд тавьсан орчуулгын мэдээний дор нийтээрээ хэлэлцүүлэг өрнүүлж, элдэв үгс хэлэлцэж суудагтайгаа адилхан хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл мэндэд анхаардаг болоосой. Ядаж л жорлонгоо өөрчилдөг бол, ариутгал халдваргүйтэл хийдэг бол, муу усны нүхээ стандартын дагуу барьж байгуулдаг болчихвол өөрийгөө болоод өрөөлийн эрүүл мэндийг хамгаалах сан.
Орчныг бохирдуулдаг бас нэг хүчин зүйл бол хог хаягдал.Гэтэл монголчууд амьдарч байгаа газраа ч, аялж зугаалж яваа орчиндоо ч хог, хаягдлаа тараагаад хаячихдаг. Сая наадмын дараа гэхэд л нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачлаалал хэд дахин нэмэгдсэн бол аялал жуулчлалын бүсээс 500 орчим тонн хог хаягдал цэвэрлэсэн байна. Ядаж хогоо ангилан ялгаж сурчихвал, зориулалтын цэг дээр нь хаягдаг болчихвол цэвэрхэн орчинд амьдрахсан. Үр хүүхдүүдээ эрүүл орчинд өсгөхсөн. Өөрийгөө толинд харахгүй бол, толгой дээрээ байгаа ачаатай тэмээг харахгүй, өрөөлийн толгой дээрх өлсөн өвсөнд санаа чилээж, сошиалд байлдсаар аюулгүй байдлаа өөрсдөө сөнөөгөөд дуусах вий. Бид цөөхүүлээ шүү дээ. Энэ сэдвээр холбогдох мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
Б.ЧИНЗОРИГ: ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ЭРСДЛЭЭС ХАМГААЛНА
Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Чинзориг:
-Хөрсний бохирдол химийн болон нянгийн гэсэн хоёр замаар үүсдэг. Нянгийн бохирдол нь гэр хорооллын нүхэн жорлон, мал амьтны сэг зэмээс үүсдэг. Химийн гаралтай бохирдол нь авто засварын төвүүд, арьс нэхийний үйлдвэр, ЖДҮ-үүдийн үйлдвэрлэлийн нөхцлөөс үүсч байгаа хог хаягдлын нөлөөгөөр бий болдог. Химийн бохирдол ихэвчлэн худалдааны төв, захуудад илэрдэг. Нянгийн бохирдол бол гэр хорооллоос их илэрч байгаа. Сөрөг үр дагавар нь гэдэсний халдварт өвчүүд, цусан суулгалт, халдварт шар, балнад, малаас хүнд дамжих боом, тарваган тахал, галзуу гэх мэт өвчлөлүүд байдаг. Мөн хялгасан хорхой, цагаан хорхой, туузан хорхой гэх мэт шимэгч хорхойн өвчлөлүүдийг үүсгэдэг. Агаар дусал, амьсгалын замаар дамжих өвчнүүд мөн хөрсний бохирдлоос дамжин бий болох эрсдлүүд бий.
Бороо хур элбэг байдаг зуны улиралд айл өрхүүдийн нүхэн жорлон, муу усны нүх хальж хөрсөнд нэвчих, гадагшаа урсах явдал их гарч байна. Айл өрхүүд жорлон, муу усны нүхээ өөрчлөх, шаардлага хангасан стандартыг мөрдөж хэвшмээр байна. Мөн жорлон, муу усны нүх дүүрч халихаас урьдчилан сэргийлэх аргуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн зориулалтын халдваргүйтлийн бодисоор ариулгал хийж болно. Ингэвэл нян бактер үржих, тархах эрсдлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалж чадна.
Б.ЗОЛБОО: ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХАД ИРГЭДИЙН САНААЧИЛГА ЧУХАЛ
МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хяналтын улсын ахлах байцаагч Б.Золбоо:
-Хог хаягдлыг аюултай болон энгийн гэж ялгадаг. Аюултай хог хаягдал тусдаа хуулиар, эмнэлгийн гаралтай хог хаягдал мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар зохицуулагддаг. Ахуйн хог хаягдлыг Хог хаягдлын тухай хуулиар зохицуулж байна. Энэ хууль 2017 онд шинэчлэгдэн батлагдсан. Хуульд шинээр орж ирсэн онцлох нэг заалт нь хог хаягдлыг ангилан ялгах тухай юм.
Энэ заалтаар аж ахуй нэгж болон иргэд хог хаягдлыг үүсгэсэн газар дээрээ ангилан ялгаж, дараа нь тээвэрлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хог хаягдлаа ингэж ангилан ялгаж байгаа үүсгэл санаачилгууд нийгэмд байна. Зарим сургууль, СӨХ-үүд, иргэд хогоо ангилан ялгаж байгаа. ТББ-уудын зүгээс ч ийм санаачилгуудыг хэрэгжүүлдэг. Гялгар уутыг гэхэд л цуглуулж байгаад бохир усны кольцо хийж байна. Гэхдээ ингэж ангилж, мөн үйлдвэрүүд байгуулсан ч түүнийг жилийн дөрвөн улирал ажиллуулах хэмжээнд түүхий эдээр хангах ангилан ялгасан зүйл алга. Өөрөөр хэлбэл, тэр хүчин чадалд хүрэхгүй байна. Энэ асуудлыг БОАЖЯ бодлогоор зохицуулж явдаг.
Хог хаягдлыг ангилан ялгах, устгахтай холбоотой өргөл, гомдлыг МХЕГ хүлээж авч хяналт шалгалт явуулдаг. Гол зохицуулалтыг Нийслэлийн захирагчийн албаны Хог хаягдлын зохицуулалтын хэлтэс хариуцдаг. Хогийн цэг гэж тогтоосон газраас өөр газар хог хаях, бие засах газрыг стандартын дагуу байгуулаагүй зэрэг нь хууль зөрчсөн тул МХЕГ –аас хариуцлага ногдуулна. Иргэдээс хог хаягдлын асуудлаар хамгийн их гомдол ирүүлдэг дүүрэг бол Баянзүрх. Хог хаягдлыг нагилан ялгах шинэлэг санал, санаачилгаар тэргүүлж байгаа нь “Эко дүүрэг “ болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүрэг юм. Мөн хогоо ангилсан ч тээвэрлэлт хийж буй компани холиод ачаад явдаг асуудал байдаг. Иймд менежментийн хувьд зохицуулах үйлчилгээ чухал. Үүнийг шат шатандаа анхаармаар байна. Гол нь иргэд өөрсдөө энэ талаар санал санаачилга гаргаж, харъяа СӨХ, дүүрэгтээ шаардлага тавьдаг байвал хууль бүрэн хэрэгжинэ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )