Ирэх өвөл эдийн засгийн хүндрэл, эрчим хүч дулааны хязгаарлалт нүүрлэх аюулын дохио хэдийн ассан талаар салбарын мэргэжилтнүүд сануулсаар байна. Манай улсын эрчим хүчний салбар ОХУ-аас хараат, алдагдалтай байгаа гэх мэт шалтгааны улмаас гал алдах нөхцөл байдалд тулжээ. Дэлхий сөнөнө хэмээн шуурч байсан тэртээ 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийг угтаж ард олноороо лаа, чүдэнз нөөцөлж байсан нь эргээд харахад түүх болон үлдэж. Гэвч энэ түүх давтагдах эрсдэл энэ жил нүүрлээд байгаа аж. Учир нь, эрчим хүч, дулаанаар хангах цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн насжилт хөгширч хүнээр бол тэтгэвэртээ гарах нөхцөл байдалтай болжээ. Тиймээс бид энэ талаарх албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Б.БАЯРЖАРГАЛ: МЭРГЭЖИЛТНҮҮД АМАРСАН УЧИР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байгаа болон өвөл үүсэж болох эрсдэлийн талаар тодруулахаар үд дундын үед очсон боловч мэдээлэл өгөх хүн байхгүй гэв.
Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргал “Мэдээлэл өгөх боломжгүй. Ихэнх мэргэжилтэн амралтаа аваад амарчихсан байгаа. Би ч бас амарч байгаа болохоор холбож өгөх боломжгүй” гэв. Эрчим хүчний яаманд очиход Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Ариунзул мөн мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Тэрбээр “Манайхаас мэдээлэл авахын тулд эхлээд албан бичиг илгээж, хариу авах хэрэгтэй. Мөн мэдээлэл авах мэргэжилтнээсээ цаг авах ёстой. Одоогоор манай удирдлагууд Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авах нээлтийн ажиллагаанд оролцохоор томилолтоор явсан байгаа” гэлээ. Эрчим хүчний хөгжлийн төвөөс мэдээлэл авах гэсэн боловч тус байгууллагын ажилтан “Бид нар мэдээлэл өгөх эрхгүй. Мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн ажилтан дээр арга хэмжээ авна” гэсэн юм. Харин Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК “Манай хэвлэлийн төлөөлөгч амарчихсан байгаа” гэв. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн бичиг хэргийн ажилтан “Хэвлэл мэдээллийн ажилтан гэж манайд байхгүй. Үүдэнд бичиг хэрэг хөтөлдөг ажилтнаас асуучих” гэсэн юм. Үүдний бичиг хэрэг хөтөлдөг хүн 13 цаг 40 минутын үед ажил дээрээ байхгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй байлаа.
Л.ГАНЖУУР: АЙМГУУДАД ЗОЧИН УГТАХ ХААЛГА ХЭРЭГТЭЙ ЮМ УУ, ЦАХИЛГААН ДУЛААНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур: “Манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Мөн 1983 оноос хойш шинээр том цахилгаан станц ашиглалтад оруулсангүй. Тавдугаар цахилгаан станцыг хотод барих ёстой байсан ч энэ ажлыг хойшлуулсаар хүнд байдалд хүрлээ. Ирэх өвөл цахилгаан станцад осол гэмтэл гарвал шууд хүнд байдалд орохоор нөхцөл үүссэн. Мөн Н.Тавинбэх сайдын хэлснээр манай улсын тоног төхөөрөмжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байгаа. Ашиглалтын хугацаа нь дуусчихсан байхад бид тоног төхөөрөмжөө ажиллуулсаар байгаа нь аюултай. Бас нэгэн асуудал нь ОХУ-аас эрчим хүч худалдан авдаг явдлыг найдвартай хэмээн бодох юм. Гэтэл ОХУ-аас авч буй эрчим хүч найдваргүй байдалд орчихжээ. Саяхан бидний цахилгаанаа авдаг Галуут нуур цахилгаан станцад осол гарч манай улсад өгдөг эрчим хүчээ зогсоосон. Энэ хойгуур манай эрчим хүчний салбар бие дааж ажилласан ч энэ нь асар хүнд горимд оруулдаг юм. Усан цахилгаан станц байхгүй гэх мэт асуудал үүнийг дагаад гарч ирнэ.
Мөн өнгөрсөн онд Улаан-Үдэ хотын ТЭЦ II-т мөн гэмтэл гарсан. Тиймээс ОХУ-ын Буриадаас авч буй хэрэглэж буй эрчим хүч найдваргүй байдалд орчихжээ гэдгийг бүгд санах хэрэгтэй. Тэгэхээр эрчим хүчний хязгаарлалтын горимд шилжих тун ойрхон байна. Салбарын сайд энэ асуудлыг маш тодорхой ярьж байгаа ч олон нийт үүнийг төдийлөн хүлээж авахгүй нь.
Энэ өвөл эрчим хүч доголдож хот хөлдөх аюул нүүрлэж магадгүй байна. Лаа чүдэнз, газан плиткаа нөөцөлж, бэлдэх хэрэгтэй гэдэг нь оргүй хоосон үг биш. Зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгож сүрдүүлэг байна гэж байгаа. Бид бэлдэх л ёстой. Европод айл өрхүүд нь дээрх зүйлийг өвлөөс өмнө бэлдэж нөөцөлж байна. Өвөл болохоор ОХУ-аас шугам хоолойгоор ирэх хий нь тасалдах, ирэхгүй байх өндөр магадлалтай байгаа учир тэд ингэж байгаа юм.
Тиймээс тэд баллонаар ажилладаг газан плитка, лаа чүдэнзээ бэлтгэж байна. Эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд 22 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Үүнд 15 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан. Энэ мөнгийг Сангийн яам гаргаж өгөхгүй, УИХ-ын гишүүд нь тоож авч хэлэлцэхгүйгээр өөр жижиг асуудалд мөнгө зарах хууль баталж байна. Аймгуудад угтах хаалгыг барина л гэх юм. Амгалангийн цахилгаан станцад нэг зуух нэмж барихад 63 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгвэл аймаг бүрийн угтах хаалга шинэчлэхэд тус бүрд нь 300 сая төгрөг хэрэг болно. Үүнийг 21 аймагт үржүүлбэл 63 тэрбум төгрөг хүрч байгаа. Аймгуудад зочин угтаж авах хаалга хэрэгтэй юм уу, цахилгаан дулааны хангамжийг сайжруулах хэрэгтэй юм уу. Үүнийг би ахмад инженер хүний хувьд л санаа зовж хэлж байна” гэв.
МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДАЛД АНУ-ЫН ИРГЭН САНАА ЗОВНИЖ БАЙНА
АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшигч Ричард Буанган эрчим хүчний асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр, “Монгол улс эрчим хүчний шилжилтийн нэн чухал үе шатанд байна. Нүүрсний арвин их нөөцтэй ч эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд уул уурхайн салбараас хамааралтай байна. Нөгөө талаар Монгол Улсад усан цахилгаан станц, нар, салхины гээд цэвэр эрчим хүчний нөөц боломж бий. Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байна” гэв.
Хамгийн ойрын хугацаанд хүлээгдэж буй төсөл арга хэмжээ бол Эрдэнэбүрэн УЦС юм. Энэ нь баруун таван аймгийг нийтэд нь эрчим хүчээр хангах стратегийн чухал төсөл. Эгийн голын УЦС Засгийн газрын тэргүүлэх мега төсөлд орсон байдаг. Төвийн бүсийн Амгалангийн ДЦС, Багануурын ДЦС хүлээгдэж байгаа төсөл юм. Амгалангийн ДЦС-ын 85 хувийн өргөтгөлийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Наймдугаар сарын 5-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Багануурын ДЦС, Чойбалсан ДЦС, Эрдэнбүрэн УЦС-ын санхүүжилт, бүтээн байгуулалтын ажлыг хэлэлцэж, шийдвэрлэх аж. Тавантолгой ДЦС ашиглалтад орсноор эрчим хүчээ дотоодоосоо 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ. 2024 он гэхэд Тавантолгой ДЦС-ын эхний блок ашиглалтад орох юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Хоёр эх үүсвэрийг Хятад Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулагч нартай хамтарч хийхээр болсон. Багануурын ДЦС-ыг ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Эхний ээлжид 400 МВт хүчин чадалтай, хоёр блок барихаар болсон байгаа. Гэрээ, хэлэлцээрээ байгуулаад баригдахад бэлэн болчихсон байгаа” гэсэн юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн зохицуулагч Ч.Гантулга, “БНХАУ-ын Экзим зээлийн тусгайлсан хэлэлцээрийн нөхцөлөө тохирч байна. Бидний зүгээс шалтгаалах зүйл маш бага болж байгаа. Хоёр улсын Засгийн газар гэрээ хэлэлцээрээ тохирчихсон, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэчихсэн. Одоо Хятад Улсад эрсдэлийн үнэлгээ хийгдээд явж байна. Энэ ажил дуусмагц барилгын зураг төсөл болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлнэ” хэмээж байв. БНХАУ-аас 20 жилийн хугацаатай 288 сая ам.долларын зээл авсан байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор зээлийг 19.5 жилийн хугацаанд төлж барагдуулах боломжтой гэж судлаачид үзжээ.
Түүнчлэн Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн дөрөв дэх хурлыг өнгөрсөн сарын 18-ны өдөр хийжээ. Хурлын үеэр салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 50.3 хувьтай явагдаж байгааг дурдсан байна. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад дөрвөн хувиар бага байгаа аж.
М.САРАНЦЭЦЭГ Л.ХОНГОРЗУЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Эрчим хүчний салбарыг битгий оролдоод бай, муу шуналын ан-ынхан! Америкчууд Монголыг цахилгаангүй болго гэж хахууль өгсөн үү?
Хөшөө наадам хоёр л хэрэгтэй юм шиг байналээ. Архинд живсэн улс орныг хөшөөнүүд нь төлөөлөөд үлдэх юм байгаа биз дээ
найрлаад, наадаад л байж байхад аандаа болно доо\n