Банкууд ашигтай ажилласан ч иргэд байрны зээлд хамрагдаж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Иргэдийн зүгээс арилжааны банкуудаас олон төрлийн зээл, тэр дундаа орон сууцны зээл болон ипотекийн, зарим урт хугацааны зээлийг авах хүсэлтэй байдаг билээ. Тэгвэл зарим банкууд тавдугаар сарын 23-наас эхлэн зээлийг хүсэлтийг бүрэн зогсоогоод байсан юм. Тухайн үед зээлийн хүсэлтийг наадмын дараагаас хэвийн болгохоо мэдээлж байсан билээ. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс зээл олгохгүй, тэр дундаа ипотекийн зээлийн эргэн тойронд хамгийн их асуудал үүсээд байгааг дурдсан юм. Энэ удаагийн сурвалжилгаараа банкуудын зээл, тэр дундаа ипотекийн зээлийн талаар сурвалжлан хүргэж байна.


 

БАНКУУДЫН ЗҮГЭЭС ЗЭЭЛ ГАРГАЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭВ

 

Зээл авах хүсэлтэй иргэд нэг үеэ бодвол нэмэгдсэн байна. Тиймээс банкуудад урт дараалал үүсэж, улмаар иргэдийн зүгээс зээл гарахгүй байгаа гэх гомдлууд удаа дараа гарсаар. Иргэдийн гомдлын дагуу банкуудаас энэ талаар тодруулсан юм. Банкуудын хувьд уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид зээл олгохгүй байгаа аж. Харин бусад зээл болох хадгаламж барьцаалсан, цалин, тэтгэвэр, ногоон болон ипотекийн зээл хэвийн гарч байгааг дурдсан юм.

ХасБанкны харилцагчийн зөвлөх Н.Энхзулаас зээлтэй холбоотой  мэдээллийг тодруулахад “Бүх төрлийн зээл гарч байгаа. Бизнесийн зээл гаргахад багахан бэрхшээл бий. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа” гэсэн юм. Тэгвэл бусад банкны зүгээс ч ижил тайлбар өглөө. Ингэхдээ ипотекийн зээл хэвийн үргэлжилж гэдгийг бүгд онцлон хэлсэн юм. Цалингийн зээлийн хувьд Худалдаа хөгжлийн банк 15 хүртэлх сая төгрөгийн цалингийн зээл гаргаж байгаа бол ХасБанк нэг сарын 1.5 сая төгрөгөөр бодож цалингийн зээл олгож байгаа ажээ.

Хаан банк бизнесийн ногоон зээлийг хэвийн олгож байгааг онцлон дурдсан юм. Тус банкнаас өгч буй албан бус мэдээллээр “Найм болон есдүгээр сард зээл авах иргэдийн дараалал нэмэгддэг учраас ямар нэгэн зээлийг авахад хугацаа их шаарддаг. Тиймээс иргэдийн зүгээс зээл гарахгүй байна хэмээх буруу ойлголттой явах тохиолдлууд бий” хэмээн мэдээллээ.

 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД ӨГЧЭЭ

 

Банк тойрсон зээлийн асуудлуудын нэг бол ипотекийн зээл юм. Гэр хорооллыг багасгах, айл өрхийг орон сууцжуулж, тохилог орчинд амьдруулах хүрээнд хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь ипотекийн зээл. Гэвч өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийг олгохгүй байгаа хэмээн шүүмжлэх иргэд олон байна.

Иргэн Г.Анхзаяа “Ипотекийн зээл гарахгүй байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас гарна хэмээн хэлж байна лээ. Манайх шинэ байранд орсон учраас энэ зээлийн талаар судалсан юм” гэлээ. Иргэн Д.Бат-Эрдэнэ “Банкны зээл зорьсон иргэддээ хүрч чадахгүй байгаа. Зээлийн үйлчилгээ ер нь зогссон байх. Банкнаас зээлийг цөөн хүнд олгож байгаа гэх мэдээлэлтэй л байна даа” гэсэн юм.

Харин иргэн Б.Энхтайван “Банкууд санхүүжилт байхгүй хэмээн ипотекийн зээл өгөхгүй байна. Монголбанк орон сууцны зээлийг 2017 оноос хойш зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа хэмээн Монголын Ипотекийн Корпорациас хэлсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаасан учраас дараагийн хүмүүс нь энэхүү зээлд хамрагдахад санхүүжилт дутаж, цөөн хүнд өгч байгаа юм байна хэмээн бодож байгаа” гэсэн юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас лавлахад “Ипотекийн зээлийн санхүүжилтийг ямар нэгэн бэрхшээл, асуудалгүйгээр арилжааны банкуудад өгсөн. Зээл олголтыг тухайн арилжааны банкууд шийднэ” хэмээн мэдээллээ.

 

ИРГЭД БАЙРНЫ ҮНЭТЭЙ УЯЛДУУЛЖ, ЗЭЭЛИЙГ ХЭМЖЭЭГ ТОГТООХЫГ ХҮСЭЖ БАЙГАА АЖ

 

Ипотекийн зээл нь бусад зээлийг бодоход урт хугацаанд олгодгоороо онцлог. Тиймээс арилжааны банкууд дангаараа өөрийн эх үүсвэрээр олгоход олон бэрхшээл, эрсдэлтэй нүүр тулдаг байна. Зээл олголтын гацалтыг хэрхэн шийдэх талаар Монгол Улсын үе үеийн Засгийн газар хэлэлцсэний эцэст Монголбанкнаас 60 хувийг нь санхүүжүүлэхээр болсон. Харин үлдсэн 40 хувийг нь арилжааны банк гаргаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын 28-ны байдлаар 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Үүнээс 274.9 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын 2851 иргэнд олгожээ. Харин орон нутгийн 990 иргэнд 62.9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Зээлийн эх үүсвэрийн тухайд Монголбанк 183.7 тэрбум төгрөгийг, арилжааны банкууд 154.1 тэрбум төгрөгийг гаргажээ. Мөн энэ оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан. Тэгвэл өнгөрсөн сарын 27-ны байдлаар 20 хувьтай байгаа ажээ. Энэ нь арилжааны банкууд болон орон сууцын ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн.

2013-2020 онд ипотекийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэний зээлийн эргэн төлөлтийг төр царцааж, зээл авсан иргэдэд боломж олгосон ч, зээл авахаар хүсэлт гаргасан иргэд хүлээлттэй байна. Ипотекийн зээлд тавигдах шалгуур нь 360 хүртэлх сард жилийн зургаан хувийн хүүтэйгээр 30 хувиас доошгүй урьдчилгаа төлбөр хийж, 100 сая төгрөгөөс хэтрэхгүй зээлийг олгодог. Ингэхдээ өр, орлогын харьцаа 45 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй юм. Иргэдийн зүгээс энэхүү мөнгөн дүнг цаг үетэйгээ уялдуулан нэмэх хэрэгтэй гэх байр суурьтай байлаа.

Иргэн Ц.Энхтайван “Банкууд ипотекийн санхүүжилт байхгүй учраас зээл зогссон, зээл өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Хэзээнээс өгч эхлэхийг нь мэдэхгүй байна. Ипотекийн зээлд хамрагдах гэж их удлаа. Мөн инфляц өсөж, байрны үнэ нэмэгдсэн. Тэгэхээр 100 сая төгрөгөнд хэтрэхгүй зээл олгож буйгаа эргэж харах хэрэгтэй байх. Учир нь нэг өрөө байрыг дөнгөн данган худалдаж авахаар болоод байна” хэмээн хэлсэн юм. Иргэн Б.Өнөрцэцэг “100 сая төгрөг хэмээх хэмжээг тогтоосноос хойш манай улсын инфляц хэдэн хувиар өссөн бэ. Ядаж инфляцын түвшинтэй уялдуулан өөрчилж болохгүй хэрэг үү. Байрны үнэ цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өсчихсөн байна шүү дээ” гэлээ. Энэхүү шалгуур үзүүлэлтийг нь Засгийн газар болон Монголбанкнаас тогтоодог юм байна.

 

СИСТЕМИЙН ТАВАН ТОМ БАНКНЫ ЦЭВЭР АШИГ 48-225 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА

 

Банкуудын хамгийн чухал бизнес бол зээл олгох юм. Банкуудын хувьд их зээл олгож чадсан нь орлого сайтай байдаг. Тиймээс банкууд зээлдэгчдээ нарийн судалж, тэднийг өрийн дарамтад орохоос сэргийлж, тохирсон хэмжээгээр нь зээл олгодог байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкууд 2.75 их наяд төгрөгийн зээл олгосон нь тавдугаар сартай харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлт аж. Эдийн засаг судлаачдын зүгээс эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа нь зээл олголтод нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээж байгаа юм. Гэсэн ч системийн таван том банкны хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар 48-225 тэрбум хүртэлх төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

ХасБанкны хувьд энэ оны эхний хагас жилд 48.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Зээлийн өсөлт, хүүгийн зардлын бууралт, хүүгийн орлогын өсөлтийн үр дүнд ийнхүү цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Тус банкны цэвэр зээлийн хэмжээ 1.97 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 30 хувь өссөн үзүүлэлт ажээ. Чанаргүй зээлийн хэмжээ 3.9 хувьтай байгаа аж.

Харин чанаргүй зээлийн хэмжээгээрээ системийн таван банк дундаа хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг нь Худалдаа хөгжлийн банк юм. Тэдний чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн улиралд 676.8 тэрбум төгрөгт хүрч, 13.8 хувьтай байгаа ажээ. Тэгсэн ч тус банкны цэвэр ашиг жилийн хугацаанд 149 тэрбум төгрөгт хүрч, 138.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Чанаргүй зээлийн хэмжээ өссөн ч ашигтай ажилласан гол шалтгаан нь долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж, хүүгийн бус орлого 133.8 хувиар өссөнтэй холбоотой юм. Тэгвэл Төрийн банкны хувьд өнгөрсөн оны эхний хагаст 31 тэрбум төгрөг байсан цэвэр ашиг энэ онд 69.8 тэрбум төгрөгт хүрснээр 125.2 хувиар өссөн байна. Төрийн банкны нийт зээлийн 70 орчим хувь нь иргэдийн зээл байдаг. Учир нь хүүхдийн мөнгөний 90 хувь, тэтгэврийн 55 хувь, халамжийн 80 хувийг тус банкаар дамжуулан олгодогтой холбоотой ажээ. Тус банкны чанаргүй зээл өнгөрсөн оны эхний хагаст 10 хувь давсан байсан ч энэ онд 10 хувиас доош орсон байна. Голомт банк энэ оны эхний хагаст өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 57 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тэгвэл хамгийн том банк болох Хаан банк энэ оны эхний хагас жилийн байдлаар 70.7 хувиар өсөж, 224.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Ашгийн өсөлтөд хүүгийн орлогоос гадна хүүгийн бус орлого 72 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.105) 2022 оны 08 сарын 05

луйварын газар аргагүй өөрсөдөд нь ашиг гарсан юм байна л даа новшнууд

0  |  0
нарангэрэл(66.181.160.105) 2022 оны 08 сарын 05

банк гэж луйварын газар мөнгө угаахдаа маш сайн ажилладаг ард иргэдэд бол зээл битгий мөнгө гаргаж өгөхдөө маш дургүй заавал өндөр хүү барьцаа нэхдэг хогийн газар шүү гадны банкуудыг оруулж хэрэгтэй шүү ард иргэд ээ үгүй бол наад хэдэн банк чинь даварч гүйцлээ

0  |  0
Top