“Сүх далайтал үхэр амар”, “Тэнэгийн дотор уужуу” гэх зэрэг хэлц үг байдаг даа. Ажиггүй, хэнэггүй байх гэсэн санааг илэрхийлэх энэ үг эрчим хүчний салбарынханд тохирох мэт. Мэдээж ээлжинд гарч, эрхэлсэн ажлаа хариуцлагатай хийж яваа нэгнийг энд хэлээгүй юм шүү. Болсон үйл явдал дээр үндэслээд болохгүй байгаа нөхдөд л хэдэн үг “чулуудах” гэсэн юм.
Хэд хоногийн өмнө мэдээллийн нэгэн сайт дээр Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал ямар хүнд байгааг өгүүлсэн ярилцлага гарчээ. Салбарын томоохон мэргэжилтний сануулж хэлж буйгаар бол энэ өвөл эрчим хүч, дулааны асуудал хэцүүднэ. Иргэд газын плитка, шүдэнз лаагаа бэлдчихэд ч илүүдэхгүй тухай өгүүлжээ.
Тус ярилцлагад “Дэлхийн эрчим хүчний хөгжлөөс 40 жилээр хоцрогдолтой явж байгаа манай улсын хувьд хамгийн том буюу дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд баригдсан. Үүнээс хойш дөрөвдүгээр цахилгаан станцтай чадлаараа дүйх нэг ч станц баригдсангүй. Тиймээс дөрөвдүгээр цахилгаан станц 40 жилийн өмнөх технологиор ажиллаж байна. Машинаар яривал “69” гэдэг машин 40 жилийн өмнө моданд орж байсан бол одоо хоцрогдчихсон. Яг үүний адил дэлхийн эрчим хүчний техник, технологи хөгжөөд, Монголд ашиглаж байгаа техник, технологи хоцрогдсон байх нь.
Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг.
Энэ нь өнөөдрийн Монголын эрчим хүчний чадал хэрэглээгээ хангаж хүрэхгүй байгааг харуулаад байгаа юм. Нөгөө талдаа иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн” гэх зэрэг асуудлыг хөндөн ярьжээ. Мөн Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хамгийн багадаа 100 Гкал/цаг чадлаар нэмэгдүүлэх ёстой гэж Н.Тавинбэх сайд тооцооллоо өгсөн. Үүнд 63 тэрбум төгрөг хэрэгтэй.
Мөн Улаанбаатар хотод хийгээр ажилладаг дунд чадлын дөрвөн дулааны станц байгуулах хэрэгтэй гэдэг саналаа ч өгсөн. Үүнд нь 150 тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ. Энэ хоёр бол бидний нэн тэргүүнд тулгамдаад байгаа дулаан хангамжийн асуудал мөн хэмээжээ.
Тавьсан асуудал, ярьсан өнцөг нь маргахын аргагүй л үнэнийг өчжээ. Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулчихсан байгаа үед салбар яам, холбогдох харъяа газрууд яажшуухан анхаарч байгаа, ямар бодит ажил хийгдэж буй талаар тодруулахаар Эрчим хүчний яам тэргүүтэй хэд, хэдэн газрын “хаалгыг тогшлоо”. Харамсалтай нь ихэнх хаалга хаалттай. Юун бодлого ярьж, бодит ажил өгүүлэх. Мэдээлэл өгөх хүн ч олдохгүй. Ихэнх мэргэжилтнүүд нь амарчихсан байгаагаа учирлаж буй хэвлэлийн ажилтан нь өөрөө ч мөн амралтаа авснаа мэдэгдэж, уцаарлах нь энүүхэнд.
Хэвлэл мэдээллийн хэлтэс нь нэгэнт амарчихсан юм бол яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнээс өөрт байгаа мэдээллээсээ хуваалцахыг хүссэн ч өөдөөс “Манайхаас мэдээлэл авахын тулд эхлээд албан бичиг явуулж хариу авах хэрэгтэй. Тэгээд ч манай удирдлагууд эзгүй байгаа” хэмээх.
Харин Эрчим хүчний хөгжлийн төвөөс мэдээлэл авахыг хүсэхэд “Бид мэдээлэл өгөх эрхгүй. Мэдээлэл өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг” утгатай юм ярих. Цаашлаад Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэвлэлийн ажилтан нь амарчихсан, УБЦТС хувьцаат компанийн хариуцсан ажилтан нь эзгүй байх. Ер нь эрчим хүч, дулаан, цахилгааны салбарынхан эл хуль. Өвөлжилтийн бэлтгэл ажил хаяанд ирсэн, ирэх сараас дулаанаа түгээж эхлэх ийм цаг үед салбарынхных нь байж байгаа царай энэ.
САЛБАРЫН САЙДЫН САНУУЛГЫГ САНГИЙН ЯАМ НЬ АНХААРДАГ УУ
Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд олон жил дуншсан ч одоо ч ашиглалтад ороогүй цаасан дээрх төслүүд байсаар байна. Эрчим хүчний салбарт сэхээ оруулах шинэ станцууд зайлшгүй хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.
Салбарын сайд Н.Тавинбэх мэдээлэл хийхдээ ч дулааны асуудал хэцүү байна гэдгээ хөндөж, хамгийн тулгамдсан асуудлыг яриад байдаг. Харин салбарын сайдын хэлж байгаа үгийг Сангийн сайд ойлгож, санхүүжилт энэ тэр дээр анхаардаг эсэх нь эргэлзээтэй. Салбар дундын уялдаа холбоо муу, үе, үеийн сайд нар тулгамдсан асуудлыг туулж давахаас урьтаж, тойрч өнгөрсөөр өдийг хүрсэн нь үнэн. Үүнийг бичигч би биш Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт өгүүлж байна.
“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” асуудлаар аудитынхны энэ оны эхээр хийсэн нэгэн дүгнэлтээс дурдъя. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр бодлого боловсруулан ажиллаж байна гэж төр засгаас мэдэгддэг хэдий ч бодит байдал дээр гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалт ховор, үр дүн гарахгүй байгааг дараах тоо илэрхийлж байгаа юм.
Энэ салбарын хөгжлийн зүг чиг болох учиртай бодлогын хэрэгжилт хангалтгүй, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан. Гэтэл 2015 онд бодлого батлагдсанаас хойш 2016-2020 онд 80 орчим хувийг дотоодын эх үүсвэрээс хангасан хэвээр буюу ахиц дэвшил гараагүй, импортын эрчим хүчний хамааралтай хэвээр байна.
Мөн нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг 20 хувьд хүргэхээр заасан ч энэ оны гуравдугаар улирлын байдлаар 17.8 хувьтай байгаа аж. Эгийн голын УЦС, Улаанбаатарын тавдугаар ДЦС, Тавантолгойн, Багануурын ДЦС зэрэг шинэ эх үүсвэрүүд, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж байгуулах талаар үе үеийн Засгийн газар байнга ярьсаар ирсэн. Гэвч бодлого тодорхойлогчдын яриа бодит ажил болоогүй, Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдээгүй, хүрэх үр дүнгийн биелэлт хангагдаагүй байна гэсэн агуулгыг аудитын дүгнэлтээс харж болно.
Одоогийн байдлаар Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 90.9 хувийг нүүрснээс гарган авч байна. Харин 7.9 хувийг нар, салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станцаас авч байна. Байсхийгээд л хурал хийж, сэргээгдэх эрчим хүч, шинэ эх үүсвэр хэмээн цээжээ дэлддэг ч бодит байдал дээр ийм байна. Ер нь л энэ салбарт болж бүтэж байгаа зүйл ховор шив дээ.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Дээрхийг бичигч ердөө л худал, үнэ чалчих гэж хэл нь загатнаж явдаг хүмүүсийн нэг бололтой. Засвар үйлчилгээ, найдвартай ажиилгааг хангах аливаа ажлыг эрчим хүчний үйлдвэрүүдийн ажилчид хийж явдаг юм. Үүнд яам тамгын бүтэн, хагас түшмэдийн оролцоо хувь нэмэр түй ч байхгүй. Нагаа талаас ”Эрчим хүчний хөгжлийн төв” гэх байгууллага ашиглалт, засвар, барьж байгуулах ажлыг хариуцахгүй, мэдэх ч гүй. Угаасаа улсын хөгжлийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарыг хөгжүүлэхгүй байх бодлогыг хатуу барьж энэ салбарыг элгээр нь хэвтүүлсэн. Үүний тулд бүр салбарын яамыг байхгүй болгож байлаа .....
Хэдэн хэвлэлийн ажилтанаар салбарыг дүгнэж болохгүй байх шүү. Өчнөөн мянган хүн нойр хоолгүй энэ салбарт чинь ажиллаж байж та бүхийг цахилгаанаар хангадаг юм шүү дээ. Харин ч зун амрах хуулиараа амрахдаа ч утсаа ч салгах эрх байдаггүй хагас цэрэгжилтийн байдалд байдаг хүмүүс. Урмыг нь хугалахаар ууцы нь хугал гэдэг дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг үйлдвэрлэх түгээх хангах бүх шатандаа хангаад төлөвлөөд ажиллаж байгаа. Мэдээлэл авч чадаагүй болхоороо салбарыг тэр чигээр нь харлуулж байдаг яасан ч муухай юм
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг 10 хувийн Даваасүрэн сайд байхдаа булшилсан. Хариуцлага тооцохгүй юм уу
100 жилийн ойгоо тэмдэглэх гээд юун өвөл. Хэмнэлтийн хуулиар нэрийн дор нэг ТББ-ын дансанд яамны дарга нараараа дамжуулж ойн баярын мөнгийг хувийн хэвшлээс татуулж байгаа.