Охин үрээ хайрладаг шигээ хөвгүүдээ ч бас ХАЙРЛА

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

-ЗАЛУУ МАЛЧДЫН 69.8 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 30.2 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ  БАЙНА-

 

Аймгийнхаа ганц бие залуусын дунд эрүүл мэндийн үзлэг, танилцах уулзалт зохион байгуулсан Говь-Алтайн Засаг даргыг монголчууд хэдэн өдөр нийтээрээ шоолж, шүүж, доромжилж байна. Яг үнэндээ бол түүний санаачилгыг бусад аймаг, 330 сумын удирдлагууд  хэрэгжүүлээсэй билээ.

Өнөөдөр хөдөө орон нутагт амьдрал ямар байгааг, малчин залуус хэрхэн ажил амьдралаа авч явааг  Говь-Алтайн жишээг элдвээр хэлж, бичиж буй их мэдэгчид өөрсдийн биеэр туулсан, очиж судалсан уу. Ядаж л ХЭҮК-ийн тайлан, статистикийн газраас  гаргадаг  судалгаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагдуудын  тайланг сөхөөд харчихдаг  болоосой.

Уг нь Монголын нийгэм  ой санамжаа алдчихаагүй бол ХЭҮК-ийн 2020 оны тайланд “Монгол Улсад Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль мөрдөгдөж эхлээд есөн жил болсон ч хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн нь бий. Тус онд 285.482 малчин бүртгэгдсэний 166.368 нь буюу 53.3 хувь нь эрэгтэй. 119.114 нь  буюу 41.7 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас үзэхэд хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байгаа юм.

Энэ дотроос  залуу малчдын 69.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь нь эмэгтэй бөгөөд тэдний дунд гэр бүл салалт өндөр  байна. Мөн залуу болон дунд үеийн малчдын тоо буурах хандлагатай. Малчдын залгамж халаа буурах эрсдэлтэй болохыг дурджээ.

Төр, засаг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, “Төрийн хар хайрцагны бодлого”-доо тусгахгүй  явж ирснээс  бус малчдын зүгээс энэ асуудалд олон жилийн өмнөөс санаа зовниж, үг саналаа дайж ирсэн байдаг.

Тухайлбал, МАХН-ынхан Дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулж, 2010 оноос 21 аймаг, есөн дүүрэг, 180 сумаар нийтдээ  гурван удаа тойрч хэлэлцүүлэхэд “Залуу малчид  хүүхдээ сургуульд сургах шалтгаанаар хоёр тусдаа амьдарснаас болж гэр бүл салдаг. Эрэгтэй нь малаа харж, эмэгтэй нь хүүхдээ сургуульд сургахаар сумын төв рүү орж өрх тусгаарлан хоёр тусдаа амьдарснаас салалт нэмэгдэж байна. Малаа хараад үлдсэн эрчүүд  халуун хоол цай, хайр халамж дутагдаж, хүйтэн гэрт даарч хөрч, архи дарс амсаж эрүүл мэндээр доройтдог, элдэв асуудалд ордог. Мөн хүүхдээ сумын төвд айлд юм уу, дотуур байранд суулгахад хүчирхийлэлд өртөх эрсдэл их байдаг.  Иймд малчин өрхийн хүүхдийг найман наснаас сургуульд хамруулдаг болох, 6-7 насанд хүүхэддээ гэрээр бичиг үсэг заасан малчин ээжийг “Ээж багш” цалинтай  хөтөлбөрөөр дэмжих боломжийг Үндсэн хуульд тусгаж өгөх саналыг малчид хэлж байв.

 

СТАТИСТИК: СУРГУУЛЬ ЗАВСАРДСАН ХҮҮХДИЙН 60 ХУВЬ НЬ ХӨВГҮҮД 

 

Жендэрийн Үндэсний хорооноос  өнгөрсөн хавар эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуйд  дүн шинжилгээ хийснээ танилцуулсан. Судалгаанд оролцогчдын олох нь “Тавдугаар ангиа төгсөөд мал дээр гарсан, цаашид сурах хүсэлгүй байсан”. “Гуравдугаар ангид байхад аав, ээж хоёр салсан тул сурах боломжгүй болсон. Өрх толгойлсон ээж эсвэл аавдаа туслаж, дүү нараа өсгөх гээд мал малласан”. “Айлын том хүү болохоор аравдугаар ангиа төгсөөд үргэлжлүүлж сурах хүсэлтэй байсан ч орхиод малчин болсон. Дүү нарынхаа сургалтын төлбөрийг олох, өрх гэрийнхээ амьжиргаанд туслахаас аргагүй байсан” гэсэн хариултуудыг өгсөн байдаг.

Мөн судалгаанд хамрагдсан хөдөө орон нутгийн мал аж ахуйн  салбарынхны хариултаас  “Эцэг эхчүүдийн зүгээс хүүгээ удам залгасан малчин  болгож,  эцэг эхдээ тус дэм болохыг, харин охидоо  боловсрол эзэмших ёстой гэсэн  жендэрийн хэвшмэл үзлийн улмаас залуу малчдын хүйсийн тэнцвэр алдагдсэн. Үүнээс үүдэн  гэрлээгүй, эсвэл гэр бүл салсан,  ганц бие эрэгтэй малчин залуус олшроход хүргэжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Дээр нь малчид хатуу хэлбэл хүүгээ “мөнгө” гэж хардаг, амьжиргаандаа нэмэр болгох,  эдийн засгийн хөшүүрэг хийдэг явдал газар авчээ. Нөгөө талаар хөвгүүдийн алдарт уяач, аварга малчин болох хобби ч бас жин дардаг  болох. Мөн “Ирээдүйд  хүүхдээ малчин болгох, эсэх тухай”  залуу малчдын дунд явуулсан  судалгаанд 50  хувь нь "Одоохондоо  хэлж мэдэхгүй" гэсэн бол 22.7 хувь нь хүүгээ, 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ. Бас нэг харамсалтай мэдээлэл бол сургууль завсардсан хүүхдийн 60 хувийг ядуу, малчин өрхийн  хөвгүүд эзэлж байгаа гэсэн  статистик гарчээ.

Малчдын боловсролын түвшинг авч үзэхэд 23.2 хувь нь бага, 39.9 хувь нь суурь, 23.4 хувь нь бүрэн дунд, 6.4 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 3.7 хувь нь дээд боловсролтой, 3.7 хувь нь боловсролгүй байна. Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн зарим нь эдийн засгийн эрх чөлөөгүй, 70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг.  Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд асуудалтай  гэсэн байна. 

 

ТЭД ЭЦЭГ ЭХИЙН МУЙХАР БОДОЛ, МУХАР СҮСГИЙН ЗОЛИОС БИШ

 

Монголчууд хэзээнээсээ охин хүүхдээ л сургууль сургая, боловсролтой болгоё. Хожим айлын тогоо тавина, цаашдаа  яаж ч яваа юм билээ гэлцэн байгаагаа тэмтэрч, болохоос болохгүй хүртэл охин үрийнхээ төлөө зүтгэдэг. Тэгсэн атал хөвгүүд бол яах вэ, эр хүн  юм чинь учраа олно. Малаа маллана биз. Аргаа барахад газар шорооны ажил хийгээд ч болов  амь зууна гэхчлэн боловсролд нь анхаарахгүй, ирээдүй хойчийг нь бодохгүй,  хувь заяаг нь хөсөрдүүлж сургуулиас нь  завсардуулах, дөнгөж тавдугаар анги төгсөв үү үгүй юу эцэг эхдээ нэмэр болж мал малла гээд гаргачихдаг байдал давтагдаж  ирсэн.

Бас болоогүй хүүгээ өвдлөө, зовлоо гэхэд “Эр юм байж өвчин тоочлоо”, ядарч сульдсан байвал эр хүн иймхэн юманд ингэхдээ яах вэ гэнэ.Тэрийгээ хатуужуулж байна гэх. Ихэнх нь эрэгтэй хүүхдийг хатуу гараар өсгөх ёстой гэсэн муйхар бодол, мухар сүсэгтэй. Тэрэндээ  хэдэн үеэрээ  үнэнч явж ирсэн нь одоо ч уламжлагдсаар. Зарим нь  хөвгүүдээ хүчирхийлж, хатуу гараар барьж ирснээ ид хав болгон ярьж, гайхуулах. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” хэмээн өөрсдийгөө бас  өмөөрцгөөх.

Яс юман дээр хөвгүүд нь боловсрол тааруу, эрүүл мэндийн хувьд суурь өвчтэй, хэл яриа, харилцаа хандлагын хувьд тийм ч нээлттэй биш, зожигдуу болж өсдөг нь  харамсалтай. Ялангуяа хөдөө орон нутагт  ийм байдал газар авсан. Нийслэлийн захын хорооллуудаар яваад үзэхэд ч энэ байдал анзаарагддаг. Бодит байдалд жендерийн сэдвийг хөндөхөөр   эмэгтэй хүний эрхийг хамгаалах тухай ойлголт бол өрөөсгөл байдлаар яригддаг.

Манай улс гэр бүлийн тухай хууль байхгүй, гэр бүлийн төрөлжсөн шүүх байдаггүйгээс гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт  аливаа маргаан, зөрчлийг шууд эмэгтэй хүний талд шийддэг. Цаана нь эрэгтэй хүний  эцэг байх эрх, үр хүүхэдтэйгээ ойр байх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрх болон орон байр, өмч хөрөнгийн асуудлууд хөндөгддөг ч бүх бурууг түүн рүү чихээд асуудлыг  орхичихдог нь нууц биш.

Эцэст нь хэлэхэд, малчин залуусынхаа  боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаанд хамруулах, эрүүл мэндэд нь санаа тавьж,  яриа таниулга хийх, танилцах уулзалтыг зорилтот хэлбэрээр зохион байгуулах юу нь буруу гэж. Төрийн хараа, эцэг эхийнх нь ухаан хүрээгүй асуудлыг харин ч олж харсан юм биш үү. Цаашилбал,  дээр өгүүлсэн бүхэн  монголчууд охин үрээ хайрладаг шигээ хөвгүүдээ ч бас хайрладаг болсон цагт л   өөр болно. Хүү чинь  жинхэнэ эр хүн болно, цаашлаад өрхийн тэргүүн болж ачаа үүрнэ. Өрх бүтэн байж  улс гэр бүтэн байх бус уу.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.17) 2022 оны 08 сарын 08

Үнэхээр л тийм ш дээ. Муусайн хөвгүүдийг, залуусыг заримдаа өрөвдмөөр шүү. Зарим шулам эмсэд бүрэн дээрэлхүүлчихсэн харагддаг. Жендерийн эрхээр тэмцэгчид аль аль талыг нь барьж ажиллаасай. Эмэгтэйчүшд маань ер жаахан бүдүүлэг дээрэлхүү талдаа л болоод байх шиг настай эмэгтэй надад санагддаг даа

0  |  0
Top