Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд байдаг. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган хүүхэд байгаа юм. Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрөөс (2022.08.10) "E-Mongolia" aппликейшн ашиглан хийнэ. Энэ талаар иргэд ямар мэдээлэлтэй байгаа болон дүүргүүдийн хамран сургах тойргийн хүүхдүүдийг 100 хувь хамруулах ажил ямар гүйцэтгэлтэй байгааг сурвалжиллаа.
ӨНГӨРСӨН ЖИЛ 34 МЯНГАН ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ
Өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний тооцооллоор 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байжээ. Тэдний олонх нь хоёр настай хүүхдүүд.
Харин тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн талаар салбар яамнаас мэдээлж буй. Энэ асуудлыг 9-11 дүгээр сарын хооронд үе шаттайгаар шийдвэрлэж энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах аж. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Одоогоор 679 цэцэрлэгт (төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400) 102 мянган хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж буй 34 мянган хүүхдийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа юм. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290 хүүхэд, нэмэлт элсэлтээр 8775 хүүхэд, цомцог цэцэрлэгт 1300 хүүхэд, “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 22 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.
Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм. “АПУ”, “Говь”, “Өгөөж” компани болон Монгол-Японы эмнэлэгээс дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлжээ. Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээ, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх аж. БШУЯ-наас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх ажилд тулгамдаж буй асуудлыг мэдээлсэн юм. Үүнд, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудад цэцэрлэг, сургууль төлөвлөөгүй, төлөвлөсөн ч барьдаггүй байдал нь ачаалал үүсгэсэн байна. Мөн хэт ойр, зэрэгцсэн олон том хороолол, хотхоны төвлөрөл нь хүртээмжийг бууруулж байгаа аж. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд үндсэн болон түр оршин суугчдын бүртгэл хийлгээгүй, хот доторх шилжилт хөдөлгөөнөө иргэд баталгаажуулаагүй байна. Төрийн системд байгаа иргэний мэдээлэл зөрөх, таарахгүй байх тохиолдол түгээмэл гарч буй нь асуудал үүсгээд байгаа аж.
“E-MONGOLIA” СИСТЕМИЙГ АШИГЛАЖ МЭДЭХГҮЙ ГЭВ
“E-Mongolia” цахим системээр цэцэрлэгийн бүртгэл хийхэд түр оршин суугаа болон хаягийн бүртгэлгүй иргэдийг бүртгэх боломжгүй гэжээ. Мөн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг эхчүүд тоон гарын үсэг хороон дээр очиж авна гэсэн мэдээлэл иргэдийг будилуулж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Даваасүрэн “Манайх цэцэрлэгийн насны хоёр болон таван насны хүүхэдтэй. Би эмээ нь. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй учраас би өглөө оройдоо зөөдөг. Хорооны цэцэрлэгт бүртгүүлсэн ч залгахгүй байна. Цахимаар бүртгүүлнэ гэж мэдээгүй. Тэр ч худлаа болох биз. Өмнөх жил бүртгүүлэх гэж хөөцөлдөөд, бүртгэлд нь орж чадаагүй. Энэ жил 154 дүгээр цэцэрлэгийн багш удирдлагуудаас хүүхдүүдийг маань бүртгээд өгөөч гээд гуйсан байгаа. Цагаа тулахаар бүтэх юм болов уу даа” гэсэн юм. “E-Mongolia” системийг ашиглаж мэддэггүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа иргэд бүртгэлээс хоцрох асуудал тулгарч буй.
Мөн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Наранжаргал “Хүү маань энэ жил нэгдүгээр ангид, бага охин маань цэцэрлэгт орно. “E-Mongolia” системд өглөө ороход цэцэрлэгийн бүртгэлийн мэдээлэл ороогүй байсан. Хүүхдээ 10-нд бүртгүүлнэ гээд хүлээгээд л байж байна. Эмээг нь гуйж хүүхдүүдээ цэцэрлэгт нь зөөлгөдөг. Тэгэхгүй бол ажлын цагтай давхцаад хэцүү байдаг” гэлээ. Хаягийн бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсэж байгаа талаар салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Иргэн Ч.Мягмарсүрэн “Манайх гурван настай хүүтэй. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байгаагүй. Би хөдөө, орон нутгийн харьяалалтай. Хотод түр оршин суугчаар амьдраад хоёр жил болж байна. Шилжилт хийхэд өмнөх хороо, аймаг руу явж чирэгдэл үүсгэх шаардлагагүй амар болсон байна. Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг болон банканд 6500 төгрөг тушаасан.
E-Mongolia системээр хүүхдээ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ заавар
УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГҮҮД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТЫГ 100 ХУВЬД ХҮРГЭНЭ
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ш.Оюунсүрэнгээс дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Манай дүүрэг цэцэрлэгийн насны 13.231 хүүхэдтэй бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 8410 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Үүнийг 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүрэн хамруулахаар ажиллаж байгаа юм. Шинээр гурван цэцэрлэг ашиглалтад орохоор 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Тэнгис кино театрын “Орэнж плаза”-гийн зүүн талд баригдаж буй цэцэрлэг арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно. Энэ жил 2020 онд төрсөн хоёр настнууд цэцэрлэгт хамрагдана. 2020 оны 9-12 дугаар сард төрсөн хүүхдүүд цэцэрлэгт элсэх боломжтой. Түр оршин суугчдын тоог нарийвчлан гаргахаар ажиллаж байна” гэв. Цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажил хангаж буй эсэхийг асуухаар бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг рүү очлоо. Тус цэцэрлэгийн жижүүр эгч “Багш нар ажилдаа ороогүй байгаа. Наймдугаар сарын 20-д гаргаад ажилдаа орцгоох байх” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 31788 хүүхэдтэйгээс 25 мянган хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагддаг. 2022-2023 оны хичээлийн жилд 10, 24, 31 дүгээр хороонд нийт 550 хүүхдийн шинэ цэцэрлэг, 16, 19 дүгээр хороонд 350 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн байрыг худалдан авах, гурван байршилд түрээслэхээр болсон байна. Тухайн түрээсийн барилгын тохижилтын ажлыг бүрэн шийдэх, бусад цомцог цэцэрлэг, түрээсийн байр, содон хороолол доторх 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг худалдан авч хамрагдалтыг 100 хувь болгох шийдвэрт хүрчээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 65 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагддаг. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм. Тус дүүрэг нь хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500 мкв обьектыг бүхлээр нь түрээсэлж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар болсон байна. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа юм. Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар болсон байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа аж.
Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 35 мянган хүүхэдтэйгээс 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа 10 орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байгаа аж. Тус дүүргийн тухайд Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсэж байгаа аж. Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгт хамруулах зарчим баримтлан ажиллах юм.
Баянгол дүүргийн хэмжээнд 102 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 21200 хүүхэдтэйгээс 17500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 6000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байна. Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудын эзэдтэй уулзжээ. Ингэснээр долоон барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдэлд хүрсэн тухай БШУЯ-наас мэдээллээ. Тус дүүргийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцоолжээ. Тиймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр хайж байгаа ажээ.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 126 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 18 мянга орчим хүүхэдтэйгээс 13 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Энэ дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240мкв талбай бүхий түрээсийн байрыг гурван бүлэг, 90 хүүхдийг хүлээн авахаар тооцож засвар үйлчилгээг хийж байгаа юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )