Нийслэлчүүд жил бүр жуулчдыг татна хэмээн “Даншиг наадам-Хүрээ цам” наадам хийдэг. Яг хэдэн жуулчин ирж, улсын төсөвт хэчнээн ам.доллар төвлөрүүлдэг нь тодорхойгүй. Улсын баяр наадмаа 100, 101 жилийн ой гэж өргөн хийсэн атал дахиад наадах ямар хэрэгтэйг бүү мэд. Лам нарыг өргөнөөр оролцуулдгаараа онцгойрдоггүй юм бол нэг зүйлийг дахин давтах ямар хэрэгтэй вэ?
Нэг ийм баяр гэхэд биш, наадам гэхэд утга авцалдаа муутай, зохион байгуулалт гэж “жогорхой” шиг зүйлийг нийслэлчүүд 2015 оноос хийж ирлээ. Өв соёлоо шинэ цагт сэргээн мандуулж, жуулчдыг татах мэргэн арга олсон гэж зохион байгуулагчид нь тайлбарладаг. Бодит байдалд өв соёлоо хөсөрдүүлж байгааг хараад дуугүй өнгөрч чадсангүй.
Түүхэндээ бол анхны даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс тэмдэглэх болсон. Хамгийн сүүлд 1924 онд VIII Богд Жавзандамба хутагтыг таалал төгссөнөөр тэмдэглэхээ больсон юм билээ. Үүнийг дурдахын учир энэ жилийн “Даншиг наадам-2022” гэх цэнгэл баяр тийм ч утга учиртай сайхан болоогүйнх.
Өмнөх “Даншиг”-ууд ч өөдтэй болсон удаа бараг л үгүй. Монгол хүн амны бэлгээр гэдэг ёсыг бодож “Дэлгэр наадлаа” гэхээс биш сэтгэл дундуур үлддэг. Саяын хэд хоног ч гэсэн олны доог тохуу болоод өнгөрлөө. Учир юу гэвээс, даншиг наадмын үеэр “Хар сүлд” цэнгүүлэх ёслол болдог. Монголчууд дайн тулааны талбарт ч туг, сүлдээ бөхийлгөж үзээгүй ард түмэн. Гэтэл энэ жил “Бороо орлоо” гээд тугч нар нь хар сүлдээ хөсөр хаяад майхан руугаа гүйлдчихсэн нь харамсалтай. Ер нь бол эрт цагт шашны хутагт, хувилгаадууд тэнгэртэй харилцаж, тарни уншин үүл задалж, бороо хариулж, хүссэн цагтаа оруулж эрдэм чадлаа гайхуулж байсан түүх домог зөндөө.
Хожим ч гэсэн баг бригад, айл хотлоороо нийлэн эсгий хийхэд хурмасттай харилцаж, тухайн үйлийг дуустал алба барих арга чаргатай нэгэн захаас авам, тэднийг энд тэндгүй урьж залдаг байсан гэлцдэг. Тиймээс энэ цагийн шашны мяндагтан, хамба, гавж нар дотор ном, эрдмийн чадлыг үзүүлэх хүн байдаггүй юм уу. Бороо орлоо гээд хар сүлдээ хөсөр хаяад гүйцгээдэг ямар учир байна гэж асуух, эгдүүцэх, доог тохуу хийх хүн цөөнгүй байлаа.
Энэ удаагийн цамын бүжиг бас л учир дутагдалтай. Наадмын талбайн голд багт наадмынхан баахан тоос манаргахаас хальсангүй. Хүй мандлын ногоон дэнж дээрх тэр том талбайг нар зөв тойроод цам эргэхэд уг нь боломжтой л харагдсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Эсвэл үзэгчид тээр холоос дурандах ёстой юм сан уу. Суудлаасаа хий өндөлзсөөр юу болоод өнгөрснийг бүрэн мэдэрч чадсангүй. Бүрэн ойлголт аваагүй хүн өв соёлоороо бахархах нь юу л бол. Дэлгэц байрлуулсан ч болж байгаа үйл явдлыг бүрэн харуулж чадаагүй. Ядаж даншиг наадмынхаа түүх сурвалж, утга учрыг Хүй долоон худгийн наадамчдад тайлбарлан хүргэсэн бол хүмүүс ойлгох байлаа. Харин телевизүүд бол шууд дамжуулалтыг өөрсдийн тайлбартай хүргэсэн нь гэртээ суугаад үзэж буй хүмүүст даншиг наадам аятайхан боллоо гэсэн сэтгэгдэл төрүүлсэн байх.
Дээр нь жуулчдыг татах эвент юм бол даншиг наадмын бүхий л үйл ажиллагааг англи хэлээр шууд орчуулгатай явуулмаар. Гэтэл тэгсэнгүй. Жуулчид тэндээс ямар ойлголт аваад, Монголын өв соёлын яг юугаар нь бахархаад байгаа нь бүрхэг. Зохион байгуулагчид өөрсдөө л жуулчид даншиг наадам үзээд Монголын өв соёлыг бахархлаа гэцгээгээд байгаагаас бус үнэхээр сонирхолтой байж чадсан нь юу л бол.
Даншиг наадмаар Богд хаан жороо морины цуваа явуулж сонирхуулж байсан нь түүхэнд тэмдэглэдэн үлдсэн. Тэгвэл энэ цагийн даншигийн жороо морины уралдаан гэгчид ямар ч асуудалгүй жороолж байгаа өөрөөр хэлбэл жороо сайвар, хатир явдалтай морь харагдаагүй гэхэд болно. Ямар сайндаа наадамчдын зарим нь малчин айлын хонины бор морь даншигт уралдаад байгаа жороо хүлгүүдээс хавьгүй илүү юм байна гэлцэх вэ.
Бөхчүүдэд цол олгож байгаа нь мөн л утгагүй. Даншиг наадмаар уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзүүлэн барилдаж авсан цолыг улсын наадмаар барилдахад тооцохгүй. Улсын наадмаар аварга, арслан цол хүртсэн эрхмүүд даншгаас цол аваагүй л бол Даншгийн начингаас доогуур эрэмбэлэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ даншгийн аварга, арслан цолыг зөвхөн даншиг наадмын бөхийн барилдаанд л харгалзаж үзнэ. Ингээд үзэхээр лам нарын дунд зохион байгуулдаг ном хаялцах, цам харайх, Соёмбот туг залах, шашны ховор нандин үзмэрүүдийн үзэсгэлэн зэрэг нь өв соёлын чухал арга хэмжээ нь бололтой.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц даншиг наадмын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Их хүрээний 15 дугаар хамба Номун хаан, Дээрхийн гэгээн дөрөвдүгээр Богдын үүтгэсэн Их хүрээ цамын биет болон биет бус соёлыг хамгаалах, сүсэгтэн олны эгээрэл хүслийг хангах, улс орныхоо шашин соёлыг бэхжүүлэх, дэлхий дахинд нандин өв уламжлалаа танилцуулах эрхэм зорилго бүхий наадам юм” хэмээн тодотгосон. Гэтэл зөвхөн шашны зан үйлийг түгээн дэлгэрүүлж, гадаадын жуулчдад сурталчлахыг эрхэм болгоод дээр хэлсэнчлэн бусдыг нь хэлбэр төдий “халтуурдах” нь өв соёлоо гутаан доромжилж буйгаас ялгаа юун.
Монгол Улс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх” зарчмыг хуульчилсан орон. Даншиг наадам хийх нь тэрхүү төр нь шашнаа хүндэтгэх хэлбэр үү. Төр, шашин хамтраад биет бус соёлын өвийг олон улсад сурталчлан таниулж байгаа хэрэг үү. Эсвэл эдийн засгийн хүндхэн нөхцөлд улсынхаа төсвийг бүрдүүлэх, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буйн илрэл үү. Аялал жуулчлалаар өнгөлөн далдлалт хийж, лам нарыг “дэмжих”, цаашлаад Гандантэгчэнлинг хөгжүүлэх төлөвлөгөө юм уу. Монголчуудыг эрхшээсэн Очирваань бурханыг тахих зан үйл бүхий даншиг гэлцдэг ч хэн нэгний тусын тулд явуулж буй Д.Чойжамц хамбын хөшигний ар дахь улс төр үү. Үүнд хариулт хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол Улс ч бай, нийслэлийн ЗДТГ нь ч бай ер хэн ч байсан даншиг наадмыг зохион байгуулахдаа зөвхөн лам нарыг “дэмжих” бус жуулчдыг татахад зориулж, улсын төсөв рүү урсах валютын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө санал санаачилга гаргадаг байгаасай.
Баяр цэнгэлийг хойш тавьсан цар тахлын хоёр жилийг нөхөх гэж байгаа юм шиг монголчууд наадмаас наадмын хооронд энэ мэт эрвээхэйчилсээр байна. Наадмын дараа намар гэдгийг ч зарим нь мартчихаад “дэвж” явна. “Наймдугаар сар харин ч жинхнээсээ найрын сар” хэмээн мугуйдлах хүн ч цөөнгүй. Улсын баяр, наадам нийслэлд болж, залгуулаад аймаг, сумд ойн баяраа хийсэн. Дараа нь зүүн, баруун, төвийн бүсийн наадам гээчийг зохион байгуулсан. Улс, аймгийн цол авсан бөхчүүдийн мялаалгад аймаг, сумын нь наадмын сүр дарагдаж байх жишээтэй. Одоо үргэлжлүүлээд энд тэндгүй соёлын наадам хийж байна. Томоохон нь даншиг наадам байлаа. Ингэж оромдохын оронд жуулчдыг татах өөр арга сэдэж олоосой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )